Дэлхий даяар хуванцрын хаягдал “толгойны өвчин” болж буй цаг үед “дахин боловсруулалт” уг асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх гарц, гаргалгаа яахын аргагүй мөн. Ялангуяа дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй бүх хуванцрын дундаас PET болон HDPE нь хамгийн их дахин боловсруулагддаг хүнсний зориулалттай хуванцар бөгөөд хөгжингүй орнуудад дахин боловсруулалтын түвшин нь 50-60 хувьтай байгаа юм. 

Ангилан ялгалтаар дэлхийд үлгэр жишээ болж буй Европын Холбооны улсуудад гэхэд PET савны цуглуулалтын түвшин 65 хувиас дээш байгаа төдийгүй 2029 он гэхэд энэ тоог тэд 90 хувьд хүргэх зорилго тавьж буй. 

Гэвч өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийн дунд хүнсний зориулалттай хуванцрын талаарх ташаа ойлголт, худал цуу яриа түгсээр л байна. Ялангуяа ангилан ялгах соёлыг дөнгөж хэвшүүлж эхэлж байгаа бидний хувьд амнаас ам дамжиж, энд тэндээс өвлөгдөж ирсээр үнэн мэт болчихсон цуу яриаг баталгаажуулж, баримтаар нотлох нь юу юунаас илүү чухал.

Иймээс бид энэ сэдвийн талаар хамгийн түгээмэл таван ташаа ойлголтыг залруулж, бодит хариулт өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.


хүнсний зориулалттай дахин боловсруулсан хуванцрын төрлүүд 

1. rPET (Дахин боловсруулсан полиэтилен терефталат) – Ундааны сав, хүнсний савлагаа, хальс хийхэд өргөн хэрэглэгддэг.
2. rHDPE (Дахин боловсруулсан өндөр нягтралтай полиэтилен) – Сүү, тараг, йогуртны сав, угаалгын бодисын сав хийхэд ашиглагддаг.

Эдгээр материалыг Coca-Cola, Nestlé зэрэг бидний өдөр тутамдаа бүтээгдэхүүнийг нь ашигладаг олон улсын томоохон компаниуд савлагаандаа өргөн ашигладаг.

Олон давхаргат, холимог хуванцаруудтай харьцуулахад PET-ийг тусад нь ялгах, боловсруулах нь илүү үр дүнтэй гэдгээрээ давуу талтай. PET савнууд нь хөнгөн, тунгалаг бөгөөд ихэвчлэн дахин боловсруулах кодтой байдаг тул бусад хуванцруудтай андуурахгүй, ялгаж боловсруулахад тун хялбар. Тиймээс ч хог хаягдлын хэмжээг багасгахын тулд дэлхийн улсууд PET хуванцрыг 100 хувь ангилан ялгах, дахин боловсруулах зорилт тавьсан хэрэг.



1. дахин боловсруулах нь үр дүнгүй бөгөөд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө нь ч бага

Бодит байдал: Харин ч дахин боловсруулалтыг 50 хувиар нэмэгдүүлж чадваас жил бүр дөрвөн сая тонн хуванцрыг далайд хаягдахаас сэргийлж, үр дүнд нь жилдээ нэг сая гаруй далайн амьтны амь насыг аврах боломжтой. Харамсалтай нь одоогийн байдлаар дэлхий даяар хуванцрын ердөө есөн хувийг дахин боловсруулж, үлдсэнийг нь шатаах, булах зэргээр байгаль орчноо бохирдуулсаар байна.

Түүнчлэн хуванцрын үйлдвэрлэлд ашиглагддаг гол түүхий эд бол газрын тос гэдгийг мартаж болохгүй. Дэлхий даяар газрын тосны жилийн нийт хэрэглээний 4-8 хувийг хуванцар үйлдвэрлэлд зарцуулдаг бөгөөд газрын тосны олборлолт, үйлдвэрлэл нь дэлхийн хүлэмжийн хийн 8-10 хувийг бүрдүүлж байгаа, хүрээлэн буй орчны томоохон “дайснуудын” нэг.

АНУ-д жил бүр ойролцоогоор 12 сая баррель газрын тосыг хуванцар үйлдвэрлэлд ашигладаг гэж Эрчим Хүчний Мэдээллийн Агентлаг (EIA)-аас нь тооцоолсон байдаг. Дэлхийн хэмжээнд энэ тоо хэд дахин өндөр бөгөөд эрэлт нэмэгдэхийн хэрээр улам өсөх нь мэдээжийн хэрэг. Харин 1 тонн дахин боловсруулсан PET хуванцар нь 570 литр газрын тос олборлохоос сэргийлж буй.

Тэгэхээр дахин боловсруулах нь үйлдвэрлэлийг бууруулж, газрын тос, ус зэрэг нөөцийг хэмнэн, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үр дүн дүнтэй арга яахын аргагүй мөн байгаа биз?

СОНИРХОЛТОЙ ТООЦООЛОЛ

Нуур, далай тэнгист хаягдсан нийт хуванцар хог хаягдлыг нэг см зузаантайгаар дэлгэж тавивал дунджаар 15.31 тэрбум м² талбайг эзлэх бөгөөд энэ нь манай орны нийт газар нутгийн хэмжээг 10 удаа бүрхэх хэмжээний хаягдал гэсэн үг.



2. дахин боловсруулалт нь эрчим хүчний хэрэглээ өндөртэй

Бодит байдал: Энэхүү ташаа ойлголт нь хуванцар цуглуулах, ялгах, цэвэрлэх, дахин боловсруулах явцад их хэмжээний эрчим хүч шаарддаг гэсэн санаанаас үүдэлтэй. Гэвч шинэ хуванцар үйлдвэрлэхтэй харьцуулахад дахин боловсруулах нь эрчим хүчний хувьд хавь илүү хэмнэлттэй. PET болон HDPE хуванцарыг дахин боловсруулах нь шинэ хуванцар үйлдвэрлэхээс 88 хувиар бага эрчим хүч зарцуулдаг.

Дээр дурдсанчлан, шинэ хуванцар үйлдвэрлэхэд газрын тос болон байгалийн хийг олборлох, тээвэрлэх, боловсруулах зэрэг олон шат дамжлагатай бол дахин боловсруулах нь эдгээр алхмуудыг алгасч, бэлэн хуванцрыг шууд боловсруулдаг тул харьцангуй бага эрчим хүчний хэрэглээтэй.
Жишээлбэл, нэг тонн шинэ PET үйлдвэрлэхэд 80 GJ (гигажоуль) эрчим хүч шаардлагатай бол дахин боловсруулсан PET-ийн хувьд энэ тоо 14-20 GJ болж буурдаг аж.



3. дахин боловсруулсан хуванцар чанар муутай

Бодит байдал: Сайн мэдээ гэвэл сүүлийн үеийн дэвшилтэт технологиудын тусламжтайгаар хуванцрыг дахин боловсруулах явцад хүний биед сөрөг нөлөөтэй гэх Бисфенол-А (Bisphenol-A) гэх бодисын хэмжээг хянах боломжтой болсон. Ингэснээр хүнсний зориулалттай хуванцрыг хүний биед сөрөг нөлөөгүйгээр дахин боловсруулах нөхцөлийг хангаж байгаа юм.

PET (Polyethylene Terephthalate) төрлийн хатуу, тунгалаг хуванцраар хийсэн усны савыг 5 удаа, HDPE (High-density polyethylene) төрлийн зөөлөн нягтаршил өндөртэй хуванцраар хийсэн савыг 4-5 удаа дахин боловсруулж, хүнсний зориулалтаар ашиглах боломжтой.



4. дахин боловсруулсан хуванцар хүнсний сав хүний биед хортой

Бодит байдал: Бусад төрлийн хуванцраас ялгаатай нь PET, HDPE зэрэг хүнсний зориулалттай хуванцрыг дахин боловсруулж, шинэ хүнсний болон ундааны сав, баглаа боодол болгон ашиглаж болно.
Одоог хүртэл хүмүүсийн дунд дахин боловсруулсан хуванцрыг хүнсний савлагаанд ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн буруу ойлголт түгээмэл бий. Гэвч бодит байдал дээр орчин үеийн дэвшилтэт технологи, хатуу хяналт, стандартууд нь хүнсний зориулалттай дахин боловсруулсан хуванцар аюулгүй гэдгийг аль хэдийнээ баталсан билээ.

Хүнсний зориулалттай дахин боловсруулсан хуванцрын аюулгүй байдлыг хангахын тулд авдаг арга хэмжээнүүдийг дурдвал:
Хорт бодисыг арилгах – Дахин боловсруулалтын явцад хуванцрыг сайтар угааж, шүүж, бохирдуулагч бодисыг устгадаг.
Өндөр температурт боловсруулах – Дахин боловсруулалтын технологиуд нь халуун боловсруулалт ашиглаж, бүх төрлийн нян, хорт бодисыг устгадаг.
Химийн дахин боловсруулалт – Хуванцрыг анхны молекулын түвшинд нь хүртэл задалж, шинэ хуванцартай адил цэвэр материал болгодог.
Сорил, баталгаажуулалт – Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй дахин боловсруулалтын үйлдвэрүүд хүнсний зориулалттай хуванцар үйлдвэрлэх эрхтэй байдаг.


Ти Эм Эл үйлдвэр нь манай улсын хэмжээнд жилд ашиглаж буй бүх PET хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах бүрэн хүчин чадалтай

Үйлдвэрээс гарсан түүхий эдээр нэхмэлийн утас, гялгар хавтас, дахин боловсруулсан хуванцар гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

Энэ ташрамд, өнгөрөгч онд манай улсад rPET буюу дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтын сав баглаа боодолд хэрэглэхтэй холбоотой стандарт, түүнийг дагалдах шинжилгээний аргуудын стандартыг цогцоор нь батлагдсан сайхан мэдээг дуулгая. Уг стандартын тусламжтай дотооддоо дахин боловсруулсан PET хуванцрыг хүнсний зориулалттайгаар ашиглах эрүүл ахуйн болон чанарын үзүүлэлтийг тодорхойлжээ. Тэгэхээр энэхүү стандартыг хэрэгжүүлж байгаа үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнд бид эргэлзэх ямар ч шаардлагагүй юм.

Манай улсын тухайд Олон улсын стандартын дагуу ус, ундааны PET хуванцар сав дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэр 2021 онд ашиглалтад орсон бөгөөд М-Си-Эс Кока-Кола компани тус үйлдвэртэй хамтран 2024 онд л гэхэд нийт борлуулсан бүтээгдэхүүнийхээ 56 хувьтай тэнцэхүйц хуванцрыг эргэн цуглуулж, энэхүү үйлдвэрт түүхий эд байдлаар тушаагаад байна.

Хуванцар дахин боловсруулалтын технологийн нэг онцлог нь стандартууд нь тухайн технологитой хамт хөгжиж, баталгааждаг явдал. Харин Ти Эм Эл үйлдвэр нь АНУ-ын Хүнс, Эмийн Удирдах Газар (FDA)-ын стандартыг хангасан EREMA брэндийн төхөөрөмжийг ашигладаг бөгөөд FDA-ийн стандартыг дэлхий даяар зөвхөн цөөн хэдхэн үйлдвэрийн тоног төхөөрөмж хангасан байдгийн нэг нь EREMA юм.



5. дахин боловсруулсан хуванцар хүнсийг бохирдуулдаг 

Бодит байдал: Дээр дурдсан механик болон химийн дахин боловсруулалт зэрэг дэвшилтэт технологиуд нь бохирдуулагч бодисыг бүрэн устгаж, хүнсний зориулалтын дахин боловсруулсан хуванцрыг өндөр цэвэршилттэй, аюулгүй байдлаар үйлдвэрлэдэг. Тэгэхээр “recycled plastic” тэмдэглэгээтэй хуванцар хүнсийг маань бохирдуулж буй болов уу хэмээн санаа зовох огтхон ч шаардлагагүй ээ гэсэн үг.

Харин ч Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжихийн тулд зарим улсууд эхнээсээ хүнсний сав баглаа боодол тодорхой хэмжээний дахин боловсруулсан хуванцрыг зайлшгүй агуулсан байхыг шаардаж эхлээд буй.

Жишээлбэл, Европын Холбоо 2030 он гэхэд бүх хуванцар савлагаа 100 хувь дахин боловсруулах боломжтой байх ёстой төдийгүй 30 хувь нь дахин боловсруулсан түүхий эд байхыг шаардах бол Калифорни муж ч мөн 2030 он гэхэд хуванцар савнууд дор хаяж 50 хувийн дахин боловсруулсан хуванцар агуулсан байх ёстой хэмээх шаардлагыг үйлдвэрлэгчдэд тавьж байгаа юм.



Эцэст нь, дэлхий нийтээрээ ангилан ялгалт, дахин боловсруулалтыг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож буй энэ үед манай улс ч дэлхийн стандартад нийцсэн дахин боловсруулах үйлдвэртэй болж, стандарт, шинжилгээний дэвшилтэт аргуудыг нэвтрүүлж эхэлсэн нь тун сайшаалтай.

Одоо бидний хийх дараагийн алхам бол энэ өөрчлөлтөд нэгдэн, хотхоноороо, хамт олноороо ангилан ялгах дадлыг хэвшүүлэх явдал юм. Хариуцлагатай хандлага, хамтын оролцоо нь илүү цэвэр орчин, тогтвортой ирээдүйг бүтээх гол түлхүүр билээ.