Батгатай үзэж тарж, үсэрч наалдаж үзсэн хэн бүхэн батга ямар төвөгтэй болохыг мэдэх биз ээ. Өөрийн биеэр туулж явсан, энэ сэдэвт ч сонирхолтой хүний хувьд нүүрээ сайн угаа, ус сайн уу, третиноин түрх дайны мэдээлэл энэ нийтлэлээрээ дамжуулахгүй гэдгээ шулуухан хэлье. 

Уг нийтлэлээр та өөрт тохирсон зөвлөгөөг олохгүй байж мэднэ гэхдээ бие тань өгөөд буй тэр нэг дохиог бага ч болов ойлгоход эсвэл арай өөр талаас нь харахад жаахан ойртож мэднэ. Ингээд батгатай холбоотой 5 асуултад чадах чинээгээрээ товчхон тайлбар өгөх гэж хичээе. 

1. Арьсан дээр батга яаж үүсдэг вэ? 

Ийм уйтгартай асуултаар эхэлж байгаагаасаа халгаж байгаа ч яалт ч үгүй хамгийн эхэнд ойлгох ёстой сэдэв бол энэ. Учир нь энийг ойлгож байж бид дараа дараачийн яригдах батганы эм, эмчилгээ, хооллолт батганд яаж нөлөөлөөд байгааг ойлгож чадна.

Бидний арьсны нүх сүв бүрийн цаана тосны булчирхай бий. Шилжилтийн нас эсвэл стресстэй нөхцөлд андроген гэх дааврын нөлөөгөөр энэ “үйлдвэрийн” хяналт алдагдаж, өдөр шөнөгүй тос ялгаруулж эхэлдэг. Энэ илүүдэл тос нь гуужиж амжаагүй үхэжсэн арьсны эсүүдтэй барьцалдаж очих газаргүй нүх сүв рүүгээ буцаж орж бөглөрдөг.

Харин энэ үед овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ? гэдэг шиг ийм битүү, агааргүй орчинд бидний арьсан дотор мөрөөрөө амьдарч суудаг Cutibacterium acnes маань дуртай учраас илүүдэл тосоор нь хооллоод үржээд эхэлдэг. Ингэж нүх сүв ч бөглөрч, хэвийн хэмжээнд байх ёстой бактери маань хэмжээнээсээ хэтрээд ирэхээр бидний дархлаа өнөөх дайсныг устгах тушаал авч цусны цагаан эсүүдийг албанд нь мордуулдаг. Цусны цагаан эсүүд маань өнөөх бактерийг гаргах гээд үзэж тарч үсэрч наалдаж байх хооронд бидний арьс дайны талбар мэт улаанаар будагдаж улайж, хавддаг хэрэг.

Гэхдээ ямар ч дайн тулаан хохиролгүй дуусдаггүй шиг цагаан эсүүд болон нянгуудын аль аль нь үхэж үрэгдэн, үхэжсэн эс болон тостой холилдож овоорсоор идээт батга үүснэ. Харин тулаан зарим тохиолдолд бүр хэтэрхий ширүүсэж, арьсны гүнд сувгийнх нь ханыг цоо хатгавал асуудал хүндрэх нь тэр. Нэг ёсондоо арьсны гүн рүү үрэвсэл тархаад бүр том зангилаат батга үүсгэчхэж байгаа юм.


2. Эм уучихаж болдоггүй юм уу? 

Нүүрээ дутуу л угаагаад байна даа, эмэгтэйчүүдийн асуудалтай юм биш үү, шарсан, хуурсан юмаа л багасгамаар юм байна даа гэж насаараа сонсож байгаа батгатай хүмүүс “өнөөх” эмийг уух гэж судалж үзсэн байх. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж эмчийн хяналтад уудаг роатан буюу accutane яг батгыг зүгээр болгодог юм уу гэвэл тийм. Гэхдээ эрсдэлээ дааж чадвал шүү. 1982 онд FDA-ээс батлагдсан хамгийн “амжилттай” яваа батганы эм. Магадгүй амжилттай худалдаанд байгаагийн шалтгаан нь маш энгийн ажиллах зарчимтай нь холбоотой ч байж мэдэх юм.

Роатан бол А витамины уламжлал буюу тухайн эх молекулын үндсэн бүтцийг хадгалж үлдээд, зарим хэсгийг нь лабораторийн нөхцөлд зориудаар хувиргаж өөрчилсөн химийн нэгдэл гэсэн үг. Иймд байгалийн А витамин шиг арьсны өнгөн хэсэгт биш, харин шууд арьсны гүн дэх тосны булчирхайн хүлээн авагч буюу рецептортой (RAR/RXR) холбогдох онцгой чадвартай байдаг. Энэ чадварынхаа хүчинд хэт идэвхтэй ажиллаж, зогсолтгүй тос шахаад байсан тосны булчирхайг дарж авдаг. Тэгэхээр арьсны гүнээс түрээд байсан тос байхгүй болмогц нүх сүв буцаад өөрийнхөө үндсэн хэмжээндээ орж агшдаг хэрэг л дээ.

Эмийн гаж нөлөө

Тиймээс эмийг уусан эхний сараас эхлээд арьс элсэн цөл шиг хув хуурай болохоос гадна яваандаа нүд хуурайшиж цаашлаад хараа муудна, үе мөч өвдөж, яс хэврэгшинэ, үс унана гэхчлэн маш олон дагалдах сөрөг нөлөө илэрнэ. Хамгийн ноцтой нь эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэх эрсдэл. Тиймдээ ч хэрэв үнэхээр уухаар шийдсэн бол ууж байх үедээ мөн ууж дууссанаас хойших 1-2 жилдээ жирэмсэн болж болохгүй. Мөн ингэж эмчийн хяналтад ууж байгаагийн учир нь ямар нэг ноцтой сөрөг нөлөө илэрвэл эмч тань тунг нь бууруулах зэрэг арга хэмжээ авч өгнө.

Дээрээс нь энэ эм нь маш хүчтэй учраас элэг задалж гадагшлуулахын тулд маш их ачаалал өөр дээрээ авдаг учраас элгэнд илүүдэл ачаалал өгч алкохол хэрэглэх зэргийг хязгаарлах нь зүйтэй гэж зөвлөдөг.

3. Эрүү хацраар гарч байгаа батга дааврынх, духаар гарч байгаа бол ходоодтой холбоотой гэж таамаглах зөв үү?

Шуудхан хэлэхэд, батганы гарч буй байршлаар нь шалтгааныг нь тодорхойлох боломжгүй.
Хүний нүүрний хэсгүүдийг дотоод эрхтэнтэй холбож тайлбарладаг энэхүү ойлголт нь Хятадын уламжлалт анагаах ухаанаас гаралтай. Энэ онолоор хүний биеийн аль нэг хэсэг дотоод эрхтэнтэйгээ холбоотой гэж үздэг. Тухайлбал:

Дух: Элэг болон хоол боловсруулах тогтолцоотой холбоотой
Хамар: Зүрх, судасны үйл ажиллагаа, цусны даралттай холбогдоно
Хацар: Ходоодны үйл ажиллагааг илтгэнэ
Эрүү: Нөхөн үржихүйн эрхтэн эсвэл дааврын тэнцвэргүй байдалтай холбоотой гэхчлэн


Дээрх тайлбаруудаас зөвхөн эрүү болон шанаа орчмын батга нь дааврын тэнцвэргүй байдалтай холбоотой байдаг нь л шинжлэх ухааны үндэслэлтэй. Бие дэх тестостерон дааврын түвшин нэмэгдэх үед арьсны тосны булчирхай илүүдэл тос ялгаруулж, улмаар нүх бөглөрөн батга гарах нөхцөл бүрддэг. Тийм ч учраас жирэмслэлтээс хамгаалах эм нь бие дэх андроген (ялангуяа тестостерон) дааврын хэмжээг бууруулах замаар батгыг зарим хүнд багасгадаг байх жишээтэй.

Хэдийгээр чихэр ихтэй хоол хүнс инсулин болон дааврын түвшинд нөлөөлж, батга гарахад бага зэрэг нөлөөлж болох ч хамгийн нийтлэг шалтгаануудад удамшил, стресс, тэр ч байтугай агаарын бохирдол багтдаг. Тэгэхээр батга гардаггүй байсан газартаа шинэ батга гарч эхлэх нь дордсоны дохио гэдэг ч бас үндэслэлгүй ажээ.

4. Дааврын өөрчлөлт үнэхээр батганд нөлөөлдөг үү?

Тийм. Арьсан дээр илүүдэл тослог үүсэж батга үүсэж байгаагийн үндсэн шалтгаан дааврын асуудал байдаг бөгөөд голчлон андроген даавар батганд нөлөөлдөг. Харин яг яаж?

Догшин даавар: Бидний цусаар эргэлдэж буй тестостерон даавар арьсанд хүрч ирэхэд арьсны эсэд байдаг 5-альфа редуктаза хэмээх энзим түүнийг тосож авдаг. Энэ энзим нь энгийн тестостероныг хавьгүй илүү хүчтэй, догшин хэлбэр болох DHT (Дигидротестостерон) болгон хувиргадаг.

Гэнэтийн даалгавар: Өнөөх DHT нь тосны булчирхайн эс доторх андроген рецептор буюу хүлээж авах хэсэгтэй нь холбогддог учраас ДНХ-д мэдээлэл очиж, эсийг "яг одоо зогсолтгүй тос үйлдвэрлэ" гэсэн тушаалаар шахаж эхэлнэ. Ингээд л батга зогсолтгүй гараад эхэлнэ.

Хэт эмзэг ажилтан: Батга гарч байсан хүмүүс уг нь дааварт асуудал байж мэднэ гээд дааврын шинжилгээ өгдөг ч тестостерон нь хэвийн гардаг хэр нь батга гараад байдгийн учир нь тэдний арьсан дахь хүлээн авах хэсэг нь төрөлхийн хэт их эсвэл маш мэдрэг байдагтай нь холбоотой аж. Өөрөөр хэлбэл багахан хэмжээний даавар ирэхэд л 10 дахин ихээр хүлээж авч хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг.

5. Стрессээс болж батга гарна гэж байх уу?

Тийм. Стрессээс болж батга гарах, эсвэл батга улам сэдрэх боломжтой. Стресстэх үед цусанд стрессийн даавар болох кортизол ихээр ялгардаг. Арьсны тосны булчирхайнууд өөртөө стресс хүлээн авагчтай тул үүнд шууд хариу урвал үзүүлж, хэвийн үеийнхээс илүү их тос ялгаруулж эхэлдэг. Ингэж илүүдэл тос нь үхэжсэн эд эстэй холилдон арьсны нүх сүвийг бөглөж батга гаргадаг.

Мөн хэрэв угаас батгатай бол архаг стресст орсон тохиолдолд бие махбод “энэ биеийг эмчлэх хэрэгтэй байгаа юм байна” гээд үрэвслийн процессыг илүү эрчимжүүлдэг. Ингэж үрэвслийн молекулууд ялгарч, байсан батгыг илүү улайлгаж, гүн, хөндүүртэй батга болгож хүндрүүлдэг.

Мөн удаан хугацаанд стресстэх нь цусан дахь сахрын тэнцвэрийг нь алдагдуулж, инсулины хэмжээг мөн ихэсгэдэг. Энэ нь эргээд андроген дааврын идэвхийг нэмэгдүүлж өнөөх нь дурдсанчлан тосны ялгарлыг улам өдөөж батгыг илүү ихэсгэнэ. Мөн хангалттай нойр авч чадахгүй бол кортизол даавар мөн л нэмэгдэж батгыг сэдрээх шалтгаан болдог. Тэгэхээр стресс, нойр, хоол үнэхээр л хамаатай ажээ.