Бид анзаардаггүй л болохоос шинжлэх ухааны салбарт цаг ямагт туйлын чухал бөгөөд сонирхолтой нээлтүүд болсоор байдаг. Тэдгээр нээлтүүд бидний ирээдүйг чиглүүлж, хэрхэн яаж амьдрахыг шийддэг. Гэхдээ бид тэр болгоныг эх хэл дээрээ түргэн шуурхай авах боломж даанч хомс. Иймд манай редакц уншигч таны алдалгүй мэдэж байх ёстой шинжлэх ухааны нээлтүүдийг цувралаар тайлбарлаж байна. Шинжлэх ухаан мандтугай.
Өгүүлэл хэвлэгдсэн огноо: 2024.07.17, “Nature” сэтгүүл
Өгүүллийн нэр: Inhibition of IL-11 signalling extends mammalian healthspan and lifespan
Түлхүүр үгс: хөгшрөлт, интерлукин 11 (IL11) уураг
Туршилтыг гүйцэтгэсэн баг: Лондоны Империал коллежийн Анагаахын шинжлэх ухааны лаборатори болон Сингапур дахь Дьюк болон Сингапурын Үндэсний их сургуулийн судалгааны баг хамт олон
Гол санааг ганцхан өгүүлбэрт: Уг судалгаа нь IL-11 хэмээх уургийн үйл ажиллагааг саатуулснаар хөхтөн амьтдын ерөнхий эрүүл мэндийг сайжруулж, амьдрах насыг уртасгах боломжтой болохыг судалжээ.
Ач холбогдол: IL-11 уургийг онилж хөгшрөлтийг удаашруулах судалгаа нь хүн төрөлхтнийг илүү удаан амьдруулах найдварыг төрүүлээд буй. Ингэхдээ үрэвсэл, аливаа эрхтний (элэг, уушги, зүрх) соривжил, мөн насжилттай холбоотой өвчинд өртөх эрсдэлийг багасгаж буй нь онцлууштай.
Ерөнхий мэдээлэл
IL11 гэж юу вэ?
Интерлеукин-11 (IL-11) нь эсийн дохиололд чухал үүрэгтэй уураг. Дархлааны хариу урвал, үрэвсэл, гематопоэз (цусны эсийн бүрдэл хэсгүүд үүсэх) зэрэг эсийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог. Нэг ёсондоо таны биеийг нэг маш завгүй хот гэж төсөөлбөл IL11 уураг нь хотын үйл ажиллагааг цэгцтэй замбараатай, хотын иргэд хоорондоо мэдээлэлтэй байхад туслах мэдээллийн ажилтан мэт ажилладаг эд байх нь.
Бидний биед ERK, STK11, AMPK, mTORC1, IGF1-инсулин модулиуд зэрэг хэд хэдэн гол замууд байдаг бөгөөд эдгээр нь хөдөлгөөн зохицуулах цагдаа мэт эсийн үйл ажиллагаа, өсөлтийг удирддаг. Харин нас ахих тусам эдгээр “зохицуулагчдын” үйл ажиллагаа доголдож эхэлдэг бөгөөд энэ нь энергийн үйлдвэрлэл буюу митохондрийн үйл ажиллагааг удаашруулж, архаг үрэвсэл, эсийн хөгшрөлт зэрэг асуудлуудыг үүсгэдэг.

Яагаад заавал IL-11 уураг гэж?
Хөгшрөх үйл явц нь архаг үрэвсэлтэй салшгүй холбоотой. Яг л галын дохиолол үргэлж асаатай байгаа мэт дархлааны систем байнгын идэвхтэй байдаг гэсэн үг. Байнга ийнхүү сэрэмжтэй байх нь дархлааг сулруулж бие махбодыг халдвар болон бусад өвчинтэй тэмцэх чадварыг бууруулж улмаар биед үрэвсэл үүсдэг.
IL-11-ийг хичээнгүй бүтээгч уураг гэж нэрлэе. Учир нь энэ уураг нь биед тодорхой хэмжээнд зайлшгүй шаардлагатай боловч хэт их идэвхэжвэл эд эсэд үрэвсэл, сорвижилт үүсгэдэг. Тухайлбал IL-11 нь хөгшрөлтийн үйл явцад оролцдог ERK-mTORC1, JAK-STAT3 зэрэг замуудыг идэвхжүүлдэг тул хөгшрөлттэй салшгүй холбоотой аж. Ингэхдээ яг л гэмтэлтэй утас шиг массалж, бие махбодод хэт олон үрэвслийн дохиог илгээдэг. Тиймээс судлаачид энэ хичээнгүй ажиллах уургийг тайвшруулснаар бие эрүүлжиж, урт наслахад тусалж байгаа эсэхийг судлахыг зорьсон гэсэн үг.

Туршилтыг товчоор
Эрдэмтэд хулганын IL-11-ийн дохиог блоклохын тулд генетик болон фармакологийн аргыг ашиглажээ.
75 долоо хоногтой хулгана нь хүнээр бол 55 настай нас биед хүрсэн гэсэн үг. Энэ наснаас эхлэн уг эмээр үйлчлэхэд хулгануудын амьдрах хугацааг эр хулганад 22.5 хувиар, эм хулганад 25 хувиар нэмэгдүүлжээ.

Хулгана дунджаар 1.5-2.5, ховор тохиолдолд 4-5 жил амьдардаг. Туршилтад ашигласан нэг хулганыг 120 долоо хоног буюу дунджаар 2 жил амьдарна хэмээн үзье. Туршилтаар IL11-ийг дарангуйлах эмээр үйлчлэхэд хулгана 35 долоо хоногоор удаан амьдарсан (155 долоо хоног). Хүний нэг нас хулганы амьдралын 9 өдөртэй тэнцдэг хэмээн үзвэл анти-IL11 эм нь хүний насыг ойролцоогоор 22.17 жилээр уртасгах боломжтой байж болох юм.
Гэвч хөгшрөлтөд генетик, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, хооллолт, өвчлөл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс хулгана болон хүний насыг шууд харьцуулж яг ийм гэсэн тооцоо гаргаж ирж чадахгүй ч илүү ойлгомжтой болгох үүднээс ийнхүү тооцлоо.
Онцлог, дэвшилт

Амьдрах хугацаа уртасна гэдэг нь тухайн бие организм эрүүл амьдрах баталгаа болдоггүй. Хөгшрөлт дээр хийсэн өмнөх судалгаанууд эр, эм хоёр хүйст янз янзаар үйлчлэх, хөгшрөлтийг удаашруулах боловч өөр асуудлуудыг үүсгэж байсан. Тухайлбал хоолны илчлэгээр хөгшрөлтөд нөлөөлөх судалгаанууд эрэгтэй хулганын насжилтыг илүү тогтвортойгоор уртасгаж байсан. Мөн хөгшрөлт болон теломераза энзимийн холбоог судалсан судалгаа нь үр дүнтэй боловч, уртдаа хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байсан юм.
Харин энэхүү IL-11 уурагт төвлөрсөн туршилт нь эрсдэл багатайгаар, эр эм хүйст аль алинд нь ойролцоо ахиц үзүүлсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн насыг уртасгаад зогсохгүй эрүүл мэндийн сайн сайхан байдлыг хадгалж, эрсдэл багатайгаар хөгшрөлтийг удаашруулснаараа онцлог ажээ.
Энэхүү судалгаа нь хүн төрөлхтнийг эрүүл, урт удаан амьдруулах аргыг турших олон судалгаануудын нэг бөгөөд өмнөх туршилтуудын дутууг нөхөж илүү дэвшилтэт хувилбарыг боловсруулав. Хөгшрөлтийг удаашруулахад нарийн, төвөгтэй асуудлууд, давах ёстой даваанууд олон бий. Хүн төрөлхтөн сөөм сөөмөөр илүү удаан амьдрах замнал руу ойртсоор...

Сэтгэгдэл бичих

