Одоогоос хэдхэн жилийн өмнө бид хиймэл оюуныг зөвхөн технологийн салбарынхны хэрэглээ мэтээр төсөөлдөг байсан билээ. Гэвч өдрөөс өдөрт тус салбар өргөжин тэлсээр өдгөө банк, санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарын хөгжил, үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг болжээ.
Тийм ч учраас технологийн мэргэжилтнүүд төдийгүй хүн бүр хиймэл оюуны талаарх суурь мэдлэгтэй байх шаардлагатай болж байна. Ялангуяа ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж, хүүхэд залууст мэдлэг түгээж буй багш нар энэхүү технологийг ойлгож, сургалтын арга зүйдээ үр дүнтэй ашиглах нь чухал болоод буй. Үүний хүрээнд AI Academy Asia 2025 оноос эхлэн “Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд таван жилийн хугацаанд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулан хиймэл оюуны 2,500 багшийг бэлтгэх юм. Одоогоор 1,000 багш бэлтгээд байна.
Ингээд энэ жилийн хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг тоймлон хүргэе.
ХИЙМЭЛ ОЮУНЫ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

AI Academy Asia-гаас өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсад хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгох зорилгоор “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг эхлүүлээд буй. Тус аяны хүрээнд хүүхэд, залуус, ахмад настан, салбарын мэргэжилтнүүд, багш сурган хүмүүжүүлэгчид зэрэг нийгмийн олон бүлгийг хамарсан сургалт, хөтөлбөрүүдийг шат дараатай зохион байгуулж байгаа юм.
Энэхүү аяныхаа хүрээнд тэд Голомт банктай хамтран “Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөр”-ийг зохион байгуулав. Хөтөлбөрийн хүрээнд жил бүр орон нутаг, сум, дүүргээс 500 багшийг шалгаруулан хиймэл оюуны багшаар бэлтгэх юм гэнэ.
ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОГ

Энэ жилийн хувьд уг хөтөлбөрт нийт 3,998 багш материалаа илгээснээс 500 багшийг сонгон шалгаруулж, стратегиа хэрэгжүүлжээ. Хөтөлбөр нь 2-р сарын 28-нд нээлтээ хийж, гурван сарын турш үргэлжилсэн байна. Сургалтаар багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, цаашид хиймэл оюуныг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, AI хэрэгслийг үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулан, багшийн мэдлэг чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ. Мөн Голомт банкнаас багш нарт зориулсан санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг явуулсан аж.
Бид энэ хөтөлбөрөөр дамжуулан багш нарыг хиймэл оюуны мэдлэг, ур чадварт сургаж байгаа. Мөн санхүүгийн боловсрол эзэмших боломжийг давхар олгож байгаагаараа онцлог. Энэ санаачилгыг Боловсролын яам дэмжин хамтран ажиллаж байна.
Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг

Хөтөлбөр маань онол, практик болон бодит сургалтыг хослуулан зохион байгуулагдсан ба нийт гурван сарын хугацаанд үргэлжиллээ. Энэ бол тодорхой хэмжээний мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд хангалттай хугацаа. Хөтөлбөрөө төгсөж буй багш нар маань өөрсдийн гэсэн вэбсайт, аппыг бие даан хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн хийх хэмжээний өндөр чадварыг эзэмшсэн. Өнөөдрийн арга хэмжээнд багш нар маань өөрсдийн сурч мэдсэн зүйлээрээ апп, вебсайт хийж, бусдадаа танилцуулж байгаа.
Хөтөлбөрт маань хөдөө орон нутаг, нийслэлийн олон мянган багш нар хамрагдаж буй нь бидний улс орон даяар хиймэл оюуны мэдлэгийг хүртээмжтэй нэмэгдүүлж байгаагийн баталгаа болж байна. Ингэснээр орчин, байршлаас үл хамааран сурагч болон багш нарын мэдлэгийн зөрүүг багасгах, тэгш боломжийг бий болгох боломж бүрдэж байна.
ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
Голомт банк нь иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, түгээх чиглэлд тогтмол үйл ажиллагаа хэрэгжүүлж, төрөл бүрийн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилладаг уламжлалтай. Энэ удаад хиймэл оюуны боловсролыг илүү хүртээмжтэй болгох, ирээдүйн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх зорилгоор уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа тухай Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар онцоллоо. Тэрээр боловсролын салбарын үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд багш нарыг чадавхжуулах нь хамгийн чухал алхам гэдгийг мөн дурдсан юм.

Хөтөлбөрийг амжилттай төгссөн багш нар ирэх хичээлийн жил буюу 2026 оны есдүгээр сараас эхлэн нийслэл болон орон нутгийн 20 мянга гаруй сурагчдад сурч мэдсэн зүйлсээ зааж, хиймэл оюуны боловсролыг өөрийн орон нутаг, сум, дүүрэгт түгээнэ.
Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар
Арга хэмжээний үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж буй AI Academy Asia-гийн хамт олон болон сургалтад идэвхтэй хамрагдсан багш нарт талархал илэрхийлэв. Мөн хиймэл оюун гэдэг бидний амьдралын нэг хэсэг болсон тухай дурдаад уг хөтөлбөрт хамрагдаж, хиймэл оюуны мэдлэг эзэмшсэн багш бүр шинэ эриний илгээлтийн эзэд болж байгаа гэдгийг онцоллоо.

Хиймэл оюуны мэдлэгтэй болсноор багш нарын ачаалал буурч, хичээл бэлтгэх, үнэлгээ хийх, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах зэрэг олон ажлыг илүү хурдан, үр дүнтэй гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан

Хүүхдүүд багшийн юу заасныг мартаж магадгүй. Харин тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлснийг хэзээ ч мартахгүй.
МУГЖ Г.Ундармаа
ОНЦЛОХ БАГШ Э.ДУЛАМСҮРЭН

Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургуулийн Э.Дуламсүрэн багшийн хувьд өөрийн сурч мэдсэн хиймэл оюуны технологиудаа заах арга зүйтэйгээ хослуулан сурагчдынхаа сурлага, идэвхэд нь эергээр нөлөөлж чаджээ.
Хүүхдүүдийн хувьд хамгийн их толгой эргүүлдэг, ойлгоход төвөгтэй санагддаг нийгмийн ухааны хичээлийн сэдвүүд, тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн ангилал, хөдөлмөрийн эрэлт ба нийлүүлэлт зэрэг эдийн засгийн суурь ойлголтуудыг хиймэл оюун ухаан ашиглан маш ойлгомжтой, сонирхолтой зураглал болгон тайлбарласан байна.
Мөн түүхийн хичээл дээр сурагчид зузаан ном уншиж, баримт цээжлэхээс илүүтэй хиймэл оюун ашиглан түүхэн үйл явдлуудыг бодит зураг болгосон нь сурагчдын чадварт эергээр нөлөөлжээ.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН БАГШ НАРЫН СЭТГЭГДЛЭЭС

Өнөөдөр техник технологи асар хурдтай хөгжиж, хиймэл оюун бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг боллоо. Оюутан сурагчид маань үүнийг аль хэдийнээ ашигладаг болчихсон. Тиймээс багш хүний хувьд шавь нараасаа хоцрохгүйн тулд, нөгөөтээгүүр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахаар хөтөлбөртөө хамрагдсан.
Шалгарсан багш нараа санамсаргүй түүврийн байдлаар баг болгон хуваасан юм билээ. Манай баг ЕБС, СӨБ, их сургуулийн багш мэргэжлийн хувьд монгол хэл, мэдээлэл зүй, дуу хөгжим, бага ангийн багш гээд нийт 17 гишүүнтэй. Багийн маань нэлээн хэдэн хүн 3-р ангид сурдаг бага насны хүүхэдтэй. 3-р ангийн хүүхдүүдэд бишгүүр хөгжим орох хичээл байдаг юм билээ. Үүнийг нь анзаараад бид дуу хөгжмийн багш 3-р ангийн хүүхдүүдэд хэрхэн яаж амархан аргаар хичээлээ заах вэ гэдэгт анхаарч, bishguur.mn гэх сайтаа хийгээд байна. Үүнийг зөвхөн 3-р ангийн хүүхэд гэлтгүй бишгүүр хөгжим сурах сонирхолтой хэн бүхэн ашиглахад нээлттэй.
Ер нь хиймэл оюуныг сурснаар мэргэжил нэгт багш нараасаа алхмаар түрүүлж явж байгаа гэж хэлж болох болов уу. Бид урьд нь зөвхөн ChatGPT, Google Gemini зэргийг ашиглаад л өөрсдийгөө хиймэл оюун ухааныг бүрэн ашиглаж байна гэж эндүүрдэг байлаа. Гэхдээ энэ бол хиймэл оюун гэгч зүйлийн маш жижигхэн хэсэг нь юм билээ.

Хөтөлбөрт хамрагдахдаа би програмчлах ур чадвараа түлхүү сайжруулахыг зорьсон. Үүний үр дүнд сүүлийн гурван жилийн турш дотроо төлөвлөж, бодож явсан хоёр том төслөө амжилттай эхлүүлээд байна.
Манай баг багш нарын хамгийн их цаг үрдэг, гар ажиллагаа ихтэй ажлуудыг хөнгөвчлөх төсөл дээр ажилласан. Бид сурагчдын шалгалтыг автоматаар засаад, дүнг нь гаргачихдаг ухаалаг систем хийсэн юм. Энэ систем маань зөвхөн шалгалт засаад зогсохгүй, хүүхэд бүрийн гаргасан алдааг хиймэл оюунаар оношилж, “чи яг энэ хэсэг дээрээ анхаараарай” гэсэн хувийн зөвлөгөөг автоматаар бэлдэж өгдөг. Мөн энэ систем багш нарын гаргасан дүн, тайлангуудыг сургуулийн нэгдсэн ESIS систем рүү шууд хуулчихдаг учир багш нарын ажлыг маш их хөнгөвчилж, цагийг нь хэмнэж байгааг онцлууштай.
Хиймэл оюун ухаан хүний төсөөлснөөс ч хурдан, илүү хүчтэйгээр өдөр тутмын амьдралд хүч түрэн орж ирж байна. Яг л асар хүчтэй далайн давлагаа, цунами мэт. Дээр нь удахгүй квант компьютерын шинэ эрин үе эхлэхэд маш ойрхон байна. Энэ нь цаг хугацаа, тооцооллын хувьд тэсрэлт авч ирэх болно. Тэгэхээр бид энэхүү хүчийг зөв удирдан чиглүүлж, зөв залж ажиллах хүний нөөцийг одооноос бэлтгэх нь хамгийн чухал. Учир нь хиймэл оюун ухааныг буруу зүйлд буруу замаар хөтлөн чиглүүлбэл бидний төсөөлснөөс ч илүү хүндрэлтэй, төвөгтэй байдлыг үүсэх эрсдэлтэй.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОХ МӨЧҮҮД






Уг хөтөлбөр ирэх жил ч зохион байгуулагдах тул өөрийгөө шинээр сорьж, ур чадвараа ахиулахыг хүсэж буй багш нар маань заавал оролцоорой. Хиймэл оюуныг сурснаар хичээлээ илүү сонирхолтой зааж, ажлаа ч маш ихээр хөнгөвчлөх боломжтой юм шүү.
Сэтгэгдэл бичих

