2022 онд ChatGPT танилцуулагдахаас өмнө хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллийг тусгай алгоритмаар шалгуулахад хиймэл оюунаар бичсэн гэж буруу дүгнэж, цахим орчинд багагүй үймээн дэгдээж байсан нь саяхан. Дээрээс нь алдарт Франкенштейн романыг хиймэл оюуныг илрүүлэх программаар шалгахад хиймэл оюунаар бичсэн хэмээн дүгнэсэн хөгтэй тохиолдол ч гарч байсан удаатай.
Ойрын хэдэн жилдээ лав хиймэл оюуны загварууд цаг минут тутамд шинэчлэлт хийж, алгоритм хэллэгээ сольж, хиймэл оюуны загвар биднийг төөрөгдүүлсэн хэвээрээ л байх болов уу. Энэ цаг үед хиймэл оюунаар ажлаа хийлгэж байгаа, хийсэн ажлыг нь шалгаж байгаа тал нь ч тэр анзааргатай, хариуцлагатай байхаас өөр аргагүй. Тэгвэл энэ онд хийгдсэн хэд хэдэн судалгаагаар хиймэл оюунаар бичсэн бичвэрүүдэд нэгэн нийтлэг “хэлбэр” ажиглагдаж байгааг судлаачид онцолж байгааг уг нийтлэлээрээ танилцуулъя.
Бичвэр дэх сэтгэл хөдлөлийн ялгаа
Аливаа зохиолын үйл явдалд баяр баясгалан, уйтгар гуниг гэх зэрэг мэдрэмжүүд яаж илэрч байгааг математик аргаар хэмжиж болдог гэнэ. Ийм хэмжилтийн үр дүнд нь emotional arc хэмээх дүрс гарч ирдэг аж. Тэгвэл энэ аргыг ашиглан 2026 онд судлаач Жессика Витте нэгэн сонирхолтой туршилт хийжээ.
Тэрээр GPT-4o mini загвараар бичүүлсэн 11,286 богино өгүүллэгийг Reddit-ийн r/WritingPrompts бүлгийн хэрэглэгчдийн бичсэн 4,308 түүхтэй харьцуулан emotional arc-ийг нь хэмжсэн байна. Ингэхдээ үгсийн сэтгэл хөдлөлийг (хэр эерэг эсвэл сөрөг утгатайг) хэмжиж оноо өгдөг дөрвөн өөр программ ашигласан бөгөөд тэдгээрийн ялгаатай хэмжүүрийг нэгдсэн нэг стандартад оруулан харьцуулах статистикийн аргыг ашиглажээ.

Судалгааны үр дүн
Судалгааны үр дүнд хиймэл оюуны бичсэн бичвэр U хэлбэртэй байдгийг онцлов. Үүнийг задалж тайлбарлавал:
- Бичвэр ихэвчлэн эхлэл хэсэгтээ маш өөдрөг, эерэг уур амьсгалаар эхэлнэ.
- Бичвэр эхэлснээс хойших текстийн 50-70%-д сөрөг, гунигтай эсвэл зөрчилдөөнтэй мэдрэмжүүд илэрнэ.
- Төгсгөл хэсэгтээ буюу үлдсэн 30-50%-ийн хугацаанд аажмаар аз жаргалтай өрнөл рүү шилжиж сүүлийн 10%-д буюу төгсгөлдөө хэт эерэг, “сургаж заасан” байдалтай төгсдөг гэнэ. Тухайлбал нийт хиймэл оюуны бичвэрийн 52.4%-ийнх нь хамгийн эерэг сэтгэл хөдлөлтэй хэсэг буюу оргил цэг нь зөвхөн сүүлчийн 10%-даа бөөгнөрсөн хэлбэртэй байдаг аж.

Тэгвэл хүний бичсэн текст ямар байдаг вэ?
Тэгвэл хүний бичсэн текст ямар байдаг вэ?
Харин хүний бичсэн бичвэрийн сэтгэл хөдлөл нь замбараагүй байдаг. Текстийн төгсгөл хэсэг нь хиймэл оюуных шиг аажмаар эсвэл шат дараалалтай төгсдөггүй. Харин бичвэрийн төгсгөлийн 5-10 хувьд огцом, гэнэтийн байдлаар төгсдөг. Мөн 61,608 өгүүллэгийг хамарсан судалгаагаар, хиймэл оюуны хэт нуршсан өрнөлийг хүний бичгийн хэлбэртэй харьцуулан хэмжихэд, хиймэл оюуны бичвэрийг 93.2 хувийн нарийвчлалтайгаар ялган таньж чадсан байна.

Өгүүлбэрийн урт, үгийн сонголт, цогцолборын хэмжээ
Өгүүлбэрийн урт, үгийн сонголт, цогцолборын хэмжээ
2023 онд хэвлүүлсэн судалгаанд Science сэтгүүл дээрх судлаачдын хэвлүүлсэн 128 эсээг ChatGPT-ээр дахин бичүүлж, тусгай алгоритмаар харьцуулан шинжилжээ. Уг судалгаанаас харахад хүний бичсэн бичвэр нь өгүүлбэрийн уртын хувьд дээш ойсон, тэсрэлттэй хэлбэртэй байдаг. Өөрөөр хэлбэл хүн богино буюу 11-ээс их үгтэй өгүүлбэр болон урт буюу 34-өөс дээш үгтэй өгүүлбэрүүдийг хольж хэрэглэх хандлагатай.
Түүнчлэн but, however, although (англи хэл дээрх өгүүллийг харьцуулсан болно) зэрэг эргэлзсэн, няцаасан холбоос үгсийг түлхүү ашиглахын сацуу шалтгааныг заасан because, this гэх үгсийг ашигладаг. Дээрээс нь бид хаалт (), дундуур зураас, тодорхойлох цэг, асуултын тэмдэг-ийг илүү хэрэглэдэг бол хиймэл оюун хашилт, урт дундуур зураас болон давхар хашилт “” -ийг илүү их хэрэглэдэг гэнэ.

Мөн хиймэл оюун урт үргэлжилсэн өгүүлбэрийн бүтцийг бичвэрийн турш жигд хадгалдаг бөгөөд нэг цогцолборын бүтэц нь харьцангуй энгийн байдаг гэнэ. Мөн үгийн сонголтын хувьд яг тодорхой хүний нэр, баримт дурдахын оронд others, researchers гэх мэт ерөнхий нэршил эсвэл аливаа үгсийг олон тоон дээр ашиглах нь элбэг бөгөөд энэ нь ямар нэг “буруу” мэдээлэл тараах эрсдэлээс зайлсхийх хандлагын илрэл.
Мөн сонирхуулахад худал мэдээллийг 93 хувийн өндөр нарийвчлалтайгаар илрүүлэх хүчин чадалтай алгоритм нь хиймэл оюуны зохиосон худал мэдээллийг шалгах үедээ нарийвчлал нь 75 хувь хүртэл буурсан нь хиймэл оюуны өө сэвгүй, цэгцтэй бичиглэл нь худал мэдээлэл илрүүлэх алгоритмуудыг хүртэл давхар төөрөгдүүлж чадахуйц хэмжээнд хүрснийг илтгэж буй.
“Хэт чамирхах” хандлага
Хэрэв та хиймэл оюунтай англиар харилцдаг бол delve, underscore, intricate, resonate гэх мэт үгсийг хараад л таних байх. Судалгаагаар сүүлийн жилүүдэд эдгээр үгсийн хэрэглээ текстээс гадна академик подкаст, Youtube дээрх илтгэл, лекцүүд дээр хүртэл ашиглагдах нь ихэсжээ. Ер нь хиймэл оюун яагаад ийм “албаны” үгст дуртай байдаг юм бол гэж сонирхож байсан уу?
Бичээч би өмнө нь хиймэл оюуныг сургах явцад нь ийм үгстэй олон тааралдаад л сайн сурчхаж гэж боддог байлаа. Гэтэл хариулт нь хиймэл оюуныг сургадаг RLHF (Reinforcement Learning from Human Feedback) хэмээх үйл явцтай холбоотой гэнэ. Хиймэл оюуны загварууд анх бүтээгдэхдээ яг л хүүхэд шиг “цав цагаан цаас” байдаг. Түүнд юу нь зөв, юу нь буруу хариулт болохыг зааж өгөхийн тулд технологийн компаниуд data annotators хэмээх хүмүүсийг ажилд авдаг бөгөөд тэдний ихэнх нь Кени зэрэг хөгжиж буй орнуудын иргэд байдаг.

Тэдний хийх ажил нь энгийн. Дэлгэц дээр хиймэл оюуны бичсэн хоёр өөр хариулт гарч ирэхээр уншиж үзэж байгаад "А хувилбар нь гоё байна" эсвэл "В хувилбар нь тиймхэн байна" гэж оноо өгнө. Ингэж хэдэн сая удаа давтсаны эцэст хиймэл оюун "Аан, хүмүүс иймэрхүү хариултад дуртай юм байна" гэж суралцдаг гэсэн үг.
Гэхдээ үүнийг үнэлж буй хүмүүс хоёр хариулт дундаас далд ухамсартаа ямар нэг байдлаар хамгийн албаны, эелдэг, сүртэй “сонсогдох” хувилбарыг нь илүүд үзэж, өндөр оноо өгдөг байжээ. Учир нь тэд цалин авч байгаагийн хувьд (судалгаанд оролцсон ажилчид жишээ нь цагт 15 долларын цалин авдаг гэнэ) "илүү ухаантай, албаны сонсогдож байгаа нь л зөв хариулт байж таарна" гэж бодож сонголтоо хийдэг гэнэ. Ингэсээр нэг ёсондоо хиймэл оюун хэрэглэгчтэйгээ хэзээ ч маргахгүй, “ам дагуулсан” байдалтай хариулт өгдөг болжээ.
тэгвэл яах вэ?

Тэгвэл хүмүүсийн хэл яриа ингэж ижилсэж буй цаг үед бид яах ёстой вэ? 2026 онд X (хуучнаар Twitter) платформ дээрх 19,146 ноорог пост болон 211,850 үнэлгээг шинжлэхэд хиймэл оюуны бичсэн бичвэрт хүмүүс хөндлөнгөөс оролцож, баримтыг нь засах, эх сурвалжийг нь шүүмжлэх, форматыг нь янзлах зэрэг өөрчлөлт хийхэд тухайн бичвэрийн үнэ цэн өсөж байгаа үр дүн гарав. Хиймэл оюуны бичсэн текст илүү ухаантай юм шиг эхэндээ уншигдаж болох ч яг уншаад үзэхээр “өнгөц” байдаг. Тиймээс үнэхээр хиймэл оюунаар текст бичүүлж байгаа бол хиймэл оюуны бичсэн бичвэр түүхий хувилбар гэдгийг санаж, засаж сайжруулж байхыг зөвлөе.
Сэтгэгдэл бичих

