“Шар тивийн олимп” хэмээн нэрлэгддэг Азийн спортын зуны XX наадам Япон улсын Айчи муж болон Нагояа хотноо 16 хоногийн турш үргэлжилж, өчигдөр албан ёсоор өндөрлөлөө. Есдүгээр сарын 19-нд эхэлсэн тус наадамд Азийн орнуудын шилдэг тамирчид спортын ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, нийт 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Азийн наадам нь тивийн шилдэг тамирчдыг нэг дор хуран цуглуулдаг, Олимпын дараа орох томоохон спортын наадмуудын нэг билээ. Энэ удаагийн наадамд олон спортын төрөлд өрсөлдөөн ширүүсэж, шинэ аваргууд тодорсон төдийгүй өмнөх амжилтаа ахиулсан тамирчид нэлээдгүй их байв. 

Ингээд ээлжит нийтлэлээрээ “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцсон Монголын баг, тамирчдын ололт, амжилтыг 10 тоонд тоймлон хүргэж байна. 

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: АЗИЙН НААДМЫН ТУХАЙ ТОВЧХОН 


Бидний сайн мэдэх Азийн наадам нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Ази тивийн улс орнуудыг спортоор дамжуулан ойртуулж, эв нэгдэл, найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор үүсэж байжээ.

Тодруулбал, 1948 онд Лондон хотноо болсон зуны олимпын үеэр Энэтхэгийн спортын зүтгэлтэн Гуру Дутт Сондхийн дэвшүүлсэн санаачилгыг Азийн орнуудын төлөөлөгчид дэмжсэнээр тивийн хэмжээнд нэгдсэн спортын наадам зохион байгуулах эхлэл тавигджээ. Улмаар 1949 онд Азийн наадмын холбоог байгуулж, хоёр жилийн дараа буюу 1951 онд анхдугаар Азийн наадмыг Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод зохион байгуулсан түүхтэй. Тус наадамд 11 орны 500 гаруй тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж байсан гэдэг.

Түүнээс хойш Азийн наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагдаж, өдгөө 20 дахь удаагийн наадам амжилттай өндөрлөөд байна.

303 тамирчин 


Монголын Үндэсний Олимпын хороо 1956 онд байгуулагдсан бөгөөд түүнээс 18 жилийн дараа буюу 1974 онд Тегераны Азийн наадамд Монголын баг анх удаа оролцжээ. Тус баг нийт 15 медаль, үүнээс 2 алт хүртсэн бөгөөд хоёр алтан медалийг хоёуланг нь чөлөөт бөхийн тамирчид хүртсэн байна. Үүнээс хойш зохион байгуулагдсан 12 наадамд оролцохдоо 28 алт, 51 мөнгө, 104 хүрэл буюу нийт 183 медаль хүртсэн юм.

Харин энэ жил 34 спортын төрөлд 303 тамирчин оролцсоноос нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл буюу нийт 15 баг, тамирчид медаль хүртээд байна.

52 жилийн дараа 


Сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд зодоглосон Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрээр медалийн төлөөх барилдаанд Туркменистаны Аманберди Агаммамедовыг 9:5-аар буулган авч, ялалт байгуулсан бөгөөд энэ нь монголчуудын хувьд уг төрлөөр 52 жилийн дараа медаль авч буй түүхэн мөч болж байгаа гэнэ.

Учир нь Монгол Улс Азийн наадамд анх 1974 онд Тегеран хотноо оролцохдоо сонгомол бөхийн төрлөөр нэг мөнгө, дөрвөн хүрэл буюу нийт таван медаль хүртэж байжээ. Тодруулбал, 100 кг-ын жинд Хорлоогийн Баянмөнх мөнгө, 68 кг-ын жинд Ц.Нацагдорж хүрэл, 82 кг-ын жинд Д.Цэрэндаш, 90 кг-ын жинд Ж.Мөнхбат, +100 кг-ын жинд Д.Адъяатөмөр нар хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Түүнээс хойш 52 жилийн хугацаанд Монголын сонгомол бөхийн тамирчид Азийн наадмын дэвжээнээс медаль хүртэж чадаагүй юм. Харин энэ удаад Г.Ганхуяг хүрэл медаль хүртсэнээр монголчууд сонгомол бөхийн төрлөөр Азийн наадмаас зургаан медальтай болж байна.

3-р байр 


Энэ жилийн Азийн наадмаар Mobile Legends: Bang Bang (MLBB) цахим спортын төрөл анх удаа албан ёсны медалийн төрөлд багтаад буй. Өмнөх Азийн наадамд тус төрөл нь зөвхөн үзүүлэх тоглолтын хэлбэрээр зохион байгуулагдаж байсан юм.

Энэ удаагийн тэмцээнд Монгол, Индонез, Филиппин, Малайз, Мьянмар зэрэг Азийн 11 улсын 63 баг, тамирчин өрсөлдсөнөөс Монголын шигшээ баг хагас шигшээд Индонезийн багтай учраа таарч, 0:2-оор ялагдал хүлээлээ. Ингэснээр манай баг хүрэл медалийн эзэд болж, Монгол Улс Азийн наадмын цахим спортын төрлөөс хоёр дахь медалиа хүртэж байна.

Өмнө нь Монголын Dota 2-ын шигшээ баг 2023 оны Ханжоугийн Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь манай улсын хувьд тус наадмын цахим спортын төрлөөс хүртсэн анхны медаль болсон билээ.

27 дахь алтан медаль 


ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд алтан медаль хүртэв. Тэрээр шигшээ шатанд “Улаанбаатар”, “Астана”-гийн “Их дуулга”-ын аварга Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай барилдаж даралтаар цэвэр ялснаар аварга болж буй нь энэ юм. Ингэснээр К.Ёолк “Айчи-Нагоя-2026” Азийн наадмын Монголын баг тамирчдын дөрөв дэх медаль, Азийн наадмын Монголын баг тамирчдын 27 дахь алтан медальтан болж байна.

42:58.02 минут


“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц хүртэв. Дугуйн спортын тус төрөлд нийт 19 тамирчин өрсөлдсөнөөс С.Жамбалжамц 42:58.02 минутаар барианд орж, хүрэл медалийн эзэн болсон юм. Харин Казахстаны дугуйчин Алексей Луценко түрүүлж, Японы Шинсүкэ Имамүра мөнгөн медаль тус тус хүртжээ.

С.Жамбалжамц Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгө, гурван хүрэл медальтай. Харин энэ удаа Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа зүүлээ. Тэрээр дөрвөн жилийн өмнө Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.

55 кг


Энэ оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Х.Билгүүнсайхан Айчи-Нагояа 2026 Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Тэрээр шөвгийн наймд Тайландын Кангпи Бохунтодыг ялсан бол хагас шигшээд Японы Рүи Ямагучитай өрсөлдөж, шүүгчдийн шийдвэрээр ялагдсанаар хүрэл медалийн эзэн болж байна.

2:0-ийн ялалт


Жюү жицүгийн эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд хүч үзсэн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Наранхишиг хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд Филиппиний Лао Андрей Лоисыг 2:0-ээр ялж Азийн ХХ наадмын хүрэл медальтан боллоо.

7 тамирчин 


“Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас манай улсын баг тамирчид жүдо бөхийн төрлөөр хамгийн их буюу нийт долоон тамирчин медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн, -70кг-д У.Анужин, -48кг-д Г.Наранцэцэг, -63кг-д Л.Энхрийлэн нар тус бүр хүрэл медалиар энгэрээ мялаав. Мөн -66 кг-ын жинд алтан медаль К.Ёолк хүртсэн билээ.

Жүдо бөхийн +100 кг-ын жинд 12 жүдоч өрсөлдөхөд Б.Гончигсүрэн хагас шигшээд Узбекистаны Муззафарбек Туробоевт ялагдсан юм. Улмаар хүрлийн төлөө Киргизийн Эмирхан Жолдошказьевыг юүкогоор ялсан бол эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрлийн төлөө Узбекистаны Умида Нигматоваг даралтаар цэвэр ялав. Манай хоёр жүдочийн хувьд хоёулаа Азийн наадмын хошой медальтан болж байна.

3 хүрэл медаль 


Харин чөлөөт бөхийн төрөлд нийт гурван тамирчид хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн 53кг-ийн жинд үндэсний шигшээ баг, зэвсэгт хүчний “Алдар” сдорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонтуяа, 62 кг-ын жинд “Загреб-2025” Дэлхийн АШТ-ий хүрэл медальт Т.Алтжин нар хүрэл медалийн эзэн болов. Т.Алтжингийн хувьд Энэтхэгийн бөх Манси Ахлаватыг 5:2-оор буулган авч, хүрэл медалийн эзэн болсон бол эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ О.Сүлдхүү Казахстаны бөх Азамат Даулетбековыг 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байна. Ингэснээр Монголын чөлөөт бөхийн баг тамирчид “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас гурван хүрэл медаль хүртлээ.

27-р байр 

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын медалийн хүснэгтэд Монгол Улс нийт медалийн тоогоороо 40 улсаас 27-р байрт эрэмбэлэгдэж байна. Харин БНХАУ 169 алт, 89 мөнгө, 83 хүрэл, нийт 341 медальтайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа бол наадмыг зохион байгуулагч Япон Улс 83 алт, 95 мөнгө, 91 хүрэл, нийт 269 медальтайгаар удаалж байна. Харин БНСУ 150, Энэтхэг 85, Казахстан 84, Узбекистан 70 медальтайгаар эхний байруудад жагсжээ.

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд хүч сорин өрсөлдсөн нийт баг тамирчдадаа баяр хүргэж, спортын замналд нь улам их амжилт хүсье.