Удаан хүлээсэн зуны улирал айлчлан иржээ. Зун цагт биднийг аялал зугаалга, арга хэмжээ, адал явдал гээд олон сайхан зүйлс хүлээж байдаг. Энэ бүгдийг шар айраггүй төсөөлөхөд хэцүү. Уншигч та хар, шар, цайвар, лаазтай, шилтэй, задгай гээд ямар ч төрлийн шар айраг уудаг байсан эдгээр нийтлэг алдаануудыг гаргадаг юм биш биз? Өөрийгөө сориод үзээрэй.
Үйлдвэрлэсэн хугацааг харахгүй байх
Шар айраг бол угтаа шингэн хүнс. Иймээс талх, өндөг, сүү гээд бусад хүнсний адилаар дуусах хугацаатай. Муудсан өндөг идэж, гашилсан сүү уудаггүй шигээ хадгалах хугацаа нь хэтэрсэн, хаана савласан нь үл мэдэгдэх шар айргаас зайлсхийгээрэй. Учир нь шар айраг савлагаандаа удах тусам үнэр, амт, чанар нь муудаж байдаг. Виски, дарс зэрэгтэй адилтган бодож ер болохгүй. Наад зах нь шар айргийн исгэлэн бөгөөд анхилуун үнэрийг бий болгодог зөрөг цэцэг нь удах тусам таагүй амт үүсгэхийн зэрэгцээ шар айргийн өнгийг бараан болгодог.
Сайн мэдээ дуулгахад, өнгөрсөн жилүүдэд дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, арга техник үлэмж нэмэгдсэний үр дүнд бид Монголдоо үйлдвэрлэсэн шар айргууд уух боломжтой болоод буй. Дотоодод үйлдвэрлэсэн шар айраг нь хэрэглэгчдийн гарт хүрэхдээ богино замыг туулж, бага хугацаа зарцуулдаг тул хамгийн шинэ, чанартай байдаг гэсэн үг.
Хамгийн сайхан шар айргийг амталъя гэвэл хамгийн шинийг нь сонгоорой.

Буруу нөхцөлд хадгалах
Мэргэжилтнүүд ихэнх нь шар айргийг 7-13 хэмд хадгалахыг зөвлөдөг бөгөөд ямар ч тохиолдолд температурын хэлбэлзэлтэй орчин удаан хугацаанд байлгаж болохгүй. Ингэх нь амт, чанарт нэн сөргөөр нөлөөлнө. Мөн нарны шууд тусгалаас хол, аль болох харанхуй газарт босоогоор нь хадгалаарай.
Гарт таарсан аягандаа уух
Шар айргийг ямар аяганд аягалснаас хамаараад амт нь өөрчлөгддөг гэдгийг мэдэх үү? Аяганы хэлбэр юун түрүүнд шар айргийн үнэрт нөлөөлдөг. Аяганы амсар нарийн байх тусам үнэр нь илүү хүчтэй үнэртэнэ. Мөн амсрын хэлбэр нь тухайн шар айргийн хөөс хэр зузаан мөн хэр удаан тогтоход нөлөөлнө. Үүгээр ч зогсохгүй, аяганы шилний зузаан нь шар айргийн температурт нөлөөлдөг.
Аяганы төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой тул өөрийн дуртай шар айргийг төрөл бүрийн аяганаас ууж туршаад хамгийн төгсийг нь олоорой.

Буруу аягалах
Шар айраг үндсэндээ шингэн болон хөөс гэсэн хоёр хэсгээс л бүрдэнэ. Амт, үнэрийг тодосгож, уух үйлийг илүү таашаалтай болгодог учир хөөс гарцаагүй чухал хэсэгт тооцогддог. Хөөс ямар хэмжээтэй тогтох нь хэрхэн аягалснаас ихээхэн хамаардаг. Хамгийн зохимжтой аягалах дараалал бол:
1. Аягаа 45 градусын налуутай барих
2. Шар айргаа аяганы хана дагуулж, “гулсуулах” байдалтай хийх
3. Аяганы хагас нь дүүрэх үед аягаа босоо болгож, шар айргаа эгц дээрээс нь хийснээр төгс хэмжээтэй хөөс үүснэ.
Хэтрүүлж хэрэглэх
Ямар ч төрлийн согтууруулах ундааг тааруулж, таашааж хэрэглэнэ гэдэг орчин цагийн бичигдээгүй дүрэм бөгөөд соёл болжээ. Шар айраг уусан үедээ шогтоод эсвэл маргааш нь шартаад байх нь гарцаагүй том алдаа. Тиймээс хэмжээгээ тааруулж, зөв бөгөөд боловсон хэрэглэх хэрэгтэйг сануулъя.

Сэтгэгдэл бичих

