Ойр тойронд тань дур мэдэн антибиотикоо зогсоодог хүмүүс байдаг уу? Магадгүй та өөрөө ч тэр нь байж мэднэ. Гэхдээ энэ нь эсрэгээрээ таны биед халтай гэдгийг мэдэх үү? Яагаад гэдгийг уг нийтлэлээр тайлбарлая.
Жил бүрийн 11-р сарын 18-24 өдрүүдэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага антибиотикийн зохисгүй хэрэглээний асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулдаг билээ.
Сүүлийн 20 гаруй жилийн хэд хэдэн судалгаагаар монголчууд антибиотикийг бусад улстай харьцуулахад маш өндөр түвшинд хэрэглэдэг нь тогтоогдсон. Улс орнуудын антибиотикийн хэрэглээг бусад орнуудтай харьцуулсан олон улсын тандалт судалгаагаар 2015 онд Монголчуудын антибиотикийн хэрэглээ 1000 хүн тутамд өдөрт 64.41 ӨТТ (өдрийн тооцсон тун) байсан нь дэлхийн хамгийн өндөр түвшний нэгээр бүртгэгдсэн байна. Энэ нь дэлхийн дунджаас ойролцоогоор 4-5 дахин өндөр байсан гэсэн үг. Тухайлбал тэр жилд Нидерланд улсад антибиотикийн хэрэглээ ердөө 9.78 ӨТТ байхад 2015 оны дэлхийн дундаж хэрэглээ 15.7 ӨТТ байсан байх жишээтэй.
Антибиотик вирусийг биш бактерийг устгадаг
Юун түрүүнд антибиотикийн тэвчил гэж юу вэ? Антибиотикийг бага тунгаар, удаан хугацаагаар эсвэл эмчилгээний бүрэн хугацааг дуусгалгүйгээр дутуу хэрэглэснээс антибиотикийн тэвчид үүсдэг. Энэ нь тухайн бактери антибиотикийн нөлөөнд тэсвэртэй болж, улмаар антибиотик нь тухайн нянг устгах чадваргүй болж, эмчилгээ амжилтгүй болох явдал.
Түүнчлэн бактери, вирус хоёр ямар ч текст уншсан ар араасаа бичигдчихсэн явж байдаг болохоор ч тэр үү, энэ хоёрыг нэг зүйл гэж ойлгох хүмүүс бишгүй олон. Гэвч бактери болон вирус хоорондоо бүтэц, үйл ажиллагаа, тархах замаараа ялгаатай бөгөөд тэдгээрийн хоорондох ялгаа нь эмчилгээнд мөн нөлөөлнө. Хар ухаанаар бодоход өөр өөр үйл ажиллагаа, бүтэцтэй зүйлсийг шийдэхэд өөр өөр арга зам хэрэг болдог доо? Түүнтэй адил бактери, вирус хоёрыг эмчлэх эм, эмчилгээ өөр.
Бактери болон вирусийг хоёр тоглоом гэж зүйрлэе. Бактери бол дотроо эрэг шураг, мотор, схем, зэрэг эд ангиудтай механик тоглоомтой адил. Биологиор бол бактери нь эсийн хана, рибосом, ДНХ зэрэг зайлшгүй шаардлагатай бүтэц, механизмтай амьд эс. Антибиотик нь яг л эдгээр бүтцийг онилж, эрэг шургийг нь янзалж, засаж чаддаг.
Жишээ нь пенициллин хэмээх антибиотик бактерийн эсийн ханыг задалж бактерийг устгадаг. Эритромицин гэх антибиотик эсийн уураг үйлдвэрлэдэг рибосомыг нь онилж буюу өнөөх тоглоомын жишээгээр бол моторыг нь унтраачхаж байгаа гэсэн үг. Ципрофлоксацин нь ДНХ хуулбарлах ферментүүдийг дарангуйлж буюу тоглоомын жишээгээр бол цахилгааны утсыг нь тасалж буйтай адил. Тоглоомын ийм амин чухал хэсгүүд ажиллахаа болиход тоглоом ажиллахаа больдог шиг бактерийн эсийн чухал хэсгүүд рүү антибиотик дайрахад бактери устана.

Харин вирус бол механик тоглоом биш, түнд эрэг шураг, мотор үгүй. Вирус нь генетикийн заавар бүхий ДНХ эсвэл РНХ болон түүнийг бүрхсэн уураг эсвэл липид бүрхүүлээс бүрдэнэ. Өөрөөрөө ажиллах ямар ч механизмгүй буюу бактери шиг нэг эст организм биш учраас бие даан өсөж, үржиж чадахгүй. Харин хүний эс рүү нэвтэрч ормогцоо эсийн рибосом зэрэг бүх “төхөөрөмж”-ийг нь ашиглаж өөрийн хуулбараа үйлдвэрлэдэг. Тиймээс вирусийн халдварын үед антибиотик уулаа гээд антибиотик зөвхөн бактерийн тодорхой хэсгийг онилж эмчлэхээр зохион бүтээгдсэн тул вирусийг эмчлэх гээд ч антибиотикийн сурсан зааврын дагуу вирус бүтээгдээгүй байдаг. Иймээс ханиад, томуу, COVID-19 зэрэг вирусийн халдварын үед антибиотик уух нь өвчний шинж тэмдгийг богиносгохгүй харин ч бүр антибиотикийн тэвчлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Антибиотикийн тэвчил хүний биед биш бактери дотор үүсдэг
2015 онд Монголчуудын антибиотикийн хэрэглээ 64.41 ӨТТ байсан нь тухайн үед дэлхийн дунджаас ойролцоогоор 4-5 дахин өндөр байжээ. Тухайлбал тэр жилд Нидерланд улсад антибиотикийн хэрэглээ ердөө 9.78 ӨТТ байхад 2015 оны дэлхийн дундаж хэрэглээ 15.7 ӨТТ байсан байх жишээтэй.
Антибиотикийн тэвчил гэхээр хэтэрхий их антибиотик хэрэглэсээр байгаад өнөөх антибиотик нь биед нь нөлөөлөхөө байсан гэж ойлгодог. Начиртаа бидний бие антибиотикт дасаад байгаа биш бидний бие дэх бактери антибиотикт дассан байдаг. Хүний биеийг цэцэрлэг, харин биед оршин байдаг бактерийг тэр цэцэрлэгийн ургамлууд гэж төсөөлөөд үзье. Цэцэрлэг даяар хогийн ургамал устгагч хор цацахад хөрс, бусад эрүүл ургамал биш зөвхөн хогийн ургамлууд устдаг шүү дээ. Үүнтэй яг адил антибиотик уух үед хүний эд, эрхтэн, эсүүд өөрчлөгдөхгүй харин антибиотик зөвхөн бактерийн эсэд л нөлөөлнө.

Бактери үржих бүрд ДНХ нь дахин хуулбарлагддаг бөгөөд энэ үед жижиг мутаци үүсэж болно. Эдгээр мутаци нь антибиотикийн молекул тухайн бактерийн эс дотор очоод холбогддог хэсгийг нь өөрчилчихдөг хэрэг л дээ. Нэг ёсондоо өмнө нь очоод наалдчихдаг байсан хэсэг нь бага багаар өөр хэлбэртэй болсоор цоож, түлхүүр шиг таарахаа болчихдог гэсэн үг. Улмаар эмийн үйлчлэл сулрах нөхцөл бүрдэнэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн жишээгээр бол яг л хогийн ургамлын ишинд илүү зузаан давхарга бий болгож, цацсан шүршлэг наалдахаа больж байгаатай адил.
Антибиотикт тэсвэртэй бактери хэнд ч халдварлаж болно
ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахинд лабораторид судлагдсан бактериудын зургаан халдвар тутмын нэг нь стандарт антибиотикт мэдрэмтгий бус болсон байна.
Судалгаагаар антибиотикт тэсвэртэй грам-сөрөг бактериудын халдварын дийлэнх нь эмнэлгээс бус, олон нийтийн газраас дамждаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл антибиотик огт хэрэглэдэггүй хүн ч тэсвэртэй бактерийн халдвар авч болно, учир нь тэсвэртэй бактери асар энгийн замаар халдварладаг. Зүгээр л гар барихад эсвэл амьсгалын замаар, бохир хоол, хүнс зэргээр антибиотикт тэсвэртэй бактери биед тань нэвтрэх боломжтой.
Бактерийн тэсвэржилт хурдан тархдаг гол шалтгаан нь тэд хоорондоо генетик мэдээлэл шууд дамжуулж чаддагтай холбоотой. Бактериуд плазмид хэмээх жижиг, бие даан хуулбарлагдах чадвартай ДНХ-ийн нэг хэсгийг нэг эсээс нөгөөдөө шууд дамжуулах чадвартай байдаг.

Эдгээр плазмид дотор blaCTX-M, mecA гэх мэт тэвчлийг үүсгэдэг ген агуулагддаг. Тэдгээр нь бактерид үндсэндээ гурван төрлийн хамгаалалт бий болгодог:
1. Антибиотикийг задалж устгах фермент үйлдвэрлэх буюу эм биед ормогц бактери түүнийг шууд устгах
2. Антибиотик холбогдох ёстой бай хэсгийн хэлбэрийг нь өөрчлөх - өөрөөр хэлбэл эм зорилтот уурагтайгаа холбогдож чадахаа болино
3. Антибиотикийг эс дотроосоо шахаж гаргах “насос” (efflux pump) бий болгох - нэг ёсондоо эм эс рүү орсон ч бактери шууд гадагш түлхэж гаргана
Нэг өгүүлбэрт бол эмийн молекул ямар ч аргаар орсон бай, бактери түүнээс өөрийгөө хамгаалах арга замтай болчихсон байна гэсэн үг. Үүний улмаас биед нэг антибиотикийн тэвчилтэй бактери байлаа гэж бодоход тэр бактери ойр байгаа бусад бактеридаа плазмидаа дамжуулж маш богино хугацаанд бүхэл бүтэн бактерийн популяци тэсвэртэй болчихдог. Хамгийн ноцтой нь энэ дамжуулалт өөр өөр төрлийн бактерийн хооронд хүртэл явагдаж чадна.
Антибиотикийг дутуу уух нь тэсвэржилт үүсгэдэг
Өвдөлт намдчихсан эсвэл одоо халуурахаа больчихсон юм чинь эмээ уухаа боль боль гэж хэн нэгэн хэлж байсан л биз дээ? Гэсэн ч эмчийнхээ үгэнд орж дуустал нь уух хэрэгтэй. Антибиотик өвдөлт намдаагч биш, бактерийг шат дараатай устгадаг эм.
Антибиотик эхлээд уухад хамгийн мэдрэмтгий бактериуд эхний өдрүүдэд устана. Тийм ч учраас таны бие хурдан сайжирч байгаа юм шиг мэдрэгддэг, халуун буурна, өвдөлт намдана, ханиалгах нь багасна гэх зэрэг. Гэхдээ энэ нь бактери бүрмөсөн устсан гэсэн үг биш. Тиймээс хэрэв та эмээ дутуу уувал илүү хүчтэй, тэсвэртэй бактериудыг биедээ үлдээж үржих боломжийг нь олгож байна гэсэн үг.
Антибиотикийг дутуу уух (эмчилгээ таслах), хэт бага тунгаар хэрэглэх, эмчилгээний хугацааг богиносгох, мөн эмчийн бичсэн тунг өөрчлөх зэрэг нь антибиотикт тэсвэржилт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж зарим судалгаанууд дүгнэж буй.

Их Британийн Clinical Practice Research Datalink-ийн 610 өрхийн эмнэлэг, 45.5 сая хүний жилийн өгөгдөлд хийсэн судалгаагаар антибиотикийн хэрэглээг хэт бууруулах нь халдварын хүндрэл нэмэгдүүлэх эрсдэлтэйг нотолжээ. 2005-2014 онд амьсгалын замын халдварт антибиотик бичих хувь 10%-иар буурахад уушгины хатгалгаа 12.8%, гүйлсэн булчирхайн буглаа 9.9%-иар өссөн байна. Дундаж 7000 хүнтэй өрхийн эмнэлэг антибиотик бичилтийг 10% багасгавал жилд дунджаар 1.1 нэмэлт хатгалгаа тохиолдож болзошгүй гэж судалгаанд тооцоолжээ. Энэ нь антибиотикийг дутуу уух, хугацааг богиносгох, буруу тунгаар хэрэглэх үед мэдрэмтгий бактериуд үлдэж, халдвар хүндрэх эрсдэлтэйг харуулж байгаа биз ээ.

Сэтгэгдэл бичих

