Дэлхийн архитектурын өдрийг тохиолдуулан энэ удаагийн нийтлэлээ бид H.O.W architecture-ийн залуустай хамтран бүтээж байна. Улаанбаатар хотод 335 мянга гаруй барилга байдаг бөгөөд эдгээрээс хүн төвтэй шийдэл, хүрээлэнд ээлтэй төлөвлөлт, басхүү түүхэн өв соёлын өндөр ач холбогдолтой дараах 10 барилгыг онцлон танилцуулахаар бэлтгэлээ.
Эхлэхийн өмнө
H.O.W architecture гэдэг нь Humane.Open.Wise гэх үгсийн товчлол. Ингээд хүнлэг, нээлттэй, мэргэн хамт олны үзэл санаа, үнэт зүйлдээ тулгуурлан сонгосон 10 барилгатай танилцъя.
1. хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.ӨРНӨХ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
2021 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар, Европ стандартын дагуу баригдсан уг барилгын орох хэсэг өндөр багануудад суурилсан байдаг бөгөөд энэ нь зорчих хөдөлгөөнийг өргөнөөр нээж буй шийдэл юм. Мэс заслын өрөө, халдваргүйжүүлэлтийн өрөө зэрэг нь тус тусын агааржуулалтын системд холбогдсон байдгаас гадна ус, цахилгааны улсын хангамж тасарсан тохиолдолд долоо хоногийн нөөцөө бие даан хангах чадамжтай.
Дотроо хараагүй хүмүүст зориулсан товгор замтай байдаг нь тухайн барилгын зорилго маш тодорхой бөгөөд түүнийгээ ч хэрэгжүүлж чадаж буйн илрэл. Гурван давхартаа Монголын анхны ногоон дээврийг цогцлоосон нь эмчлүүлэгчид гадагш гарч, бусадтай огтлолцолгүй, агаар амсах боломжоор хангаж буй хэрэг бөгөөд хөрс, зүлгийн тусламжтайгаар дулаан тусгаарлалтын чадамжийг нэмэгдүүлж буй магтууштай шийдэл юм.

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн
Анаграм ХХК зураг төслийг нь гаргасан. Тогтсон стандартын дагуу гэхээс илүүтэй нийгмийн бодит хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээснээрээ онцлог. Борооны усыг цөөрөм рүү шууд урсгах замаар байгалийн өгөгдмөл шинж чанарыг шийдэлдээ шингээснээс гадна өмнө байсан хүрээлэнгийн элементүүдийг хүндэтгэж, нэг мөр сүйд хийх бус шинэчлэн сэргээсэн нь ихэд оновчтой шийдэл болсон. Залуусын орчин үеийн амьдралын хэв маягтай уялдахуйц өөр нэг онцлох шийдэл бол амьтны парк.
Бидний тэр бүр анзаараад байдаггүй ч нэн чухал зүйл бол ногоон байгууламжийн үүд хэсэг буюу орох урсгал. Хүн гэдэг амьтан аливаа орон зай руу орохдоо юүлүр мэт өргөн, өнцөг булангүй нээлттэй замаар урсаж орох төрөлх араншинтай байдаг. Үүнийг сайтар харгалзан үзэж, бүх талаас орох боломжоор хангаж, нэг түвшнээс нөгөө түвшин рүү шилжих шат, довжоо гэх мэт босгогүйгээр замын аясаар дотогш орох боломжийг бүрдүүлсэн.

2. ахлах архитектор г.НОМИНДАРЬ

Гэрлэх ёслолын ордон
Миний хувьд барилгын функц (зориулалт) нь тодорхой байх ёстой гэж үздэг бөгөөд уламжлалт хээ угалз, бэлгэдлийг функцтэй нь төгс хослуулж чадсан цөөн барилгын нэг бол “Гэрлэх ёслолын ордон”. Уг барилгыг 1976 оны үед ЗХУ-аас манай оронд өгсөн бэлэг хэмээн ойлгож болно. Орос архитекторууд ур ухаанаа шингээн зураг төслийг нь гаргасан ч үндэсний хээ угалзуудыг монгол сийлбэрчид сийлсэн байдаг. Тухайлбал, бат бөх чанар болон үнэнч, тууштай байдлыг илэрхийлэх хээ угалзууд нь гэрлэлтийн үнэт зүйл, эрхэм чанартай сайтар авцалдаж буй. Нөгөөтээгүүр, огт шашны холбогдолгүй, зөвхөн гэрлэхэд зориулсан барилга дэлхийд ховорхон байдаг нь энэхүү ордонг бүр ч үнэ цэнтэй болгодог.
Гэхдээ...
Уг нь энэхүү барилга ямар ч хаяггүй байсан ч “Гэрлэх ёслолын ордон” гэдгийг нь бид эчнээ мэднэ. Гэтэл томоохон гэрэлтдэг самбараар дахин хаягжуулсан нь тус барилгын амин сүнсийг алдагдуулж буй явдал. Аливаа түүхэн дурсгалт барилга байгууламжийн төрөлх шинж чанарыг “шинэчлэн сайжруулах” нэрийн дор шаардлагагүй, илүүц зүйлс хийгээд байдаг сул тал энэ мэтээр ажиглагдсаар л байна. Өөр нэг жишээ дурдахад, хүний амьдрал зааж өгсөн чиглэлгүй учраас залуу хосууд дуртай чигээсээ ирж, хүссэн зүг рүүгээ явах боломжтой гэдгийг бэлгэдэл болгон дөрвөн талд нь хаалга хийсэн ч одоо нэгийг нь л ашигладаг.

Степпе Арена
Зураг төслийн багт нь орж ажилласан хүний хувьд, нэлээн амбицтай, зоримог архитектур болсон гэж боддог. Мөсөн өргөөгөөр дагнасан канад архитектороос зөвлөгөө авч ажилласан тул бидэнд маш том туршлага болоод зогсохгүй зураг төсөл, гүйцэтгэл гээд бүхий л үйл явцад 100 хувь монголчуудын ур ухаан шингэснээрээ онцлог.
Урлагийн тоглолт, сагсан бөмбөгийн тэмцээн, цирк гэх мэт олон төрлийн функцээр ашиглаж болдогоороо давуу талтай. 28,000м2-ыг хамрах томоохон бүтээн байгуулалт хэрнээ газарзүйн онцлогоосоо шалтгаалан бодит хэмжээнээсээ жижиг харагддаг тул хэт нүсэр мэдрэмж төрүүлэхгүй. Аль зүгээс харахаас шалтгаалан дөрвөн давхар эсвэл бүр нэг давхар байшин шиг харагддаг.

3. хамтран үүсгэн байгуулагч, төслийн ахлах т.баттүшиг

Чингис Хаан зочид буудал
1983 онд “Сэлэнгэ” гэх нэрээр баригдаж эхэлсэн ч ардчилсан хувьсгалын дараа хувьчлагдаж, бага багаар өргөтгөсөөр одоогийн бидний мэдэх 26,000м2, 182 өрөө бүхий “Чингис Хаан” зочид буудал бий болсон түүхтэй. Үүдээр ормогц өгөөмөр том орон зай цэлийн харагдах нь сүрдэм боловч нөгөөтээгүүр энэхүү барилга зочдыг хүндэтгэх үүднээс уудам цэлгэр талбайд угтан авч буй нь энэ юм. Мөн газарзүйн онцлогоосоо шалтгаалан харилцан адилгүй хэмжээтэй харагддаг. Тухайлбал, зүүн тал буюу төв хаалгаас нь харвал, үнэхээр л Чингис хаан сэнтийдээ заларсан мэт нүсэр харагдах бол баруун талаас нь харвал, доош тэлэн шатлах сүрлэг пирамид шиг бүр ч нүсэр дүрээр харагдана. Материалын хувьд нүнжиг, чинээ мэдрүүлэх улаан чулуу ашигласан нь тун зоримог шийдэл бөгөөд хараа үл нэвтрэх хар шилэн оруулга нь зочид буудлын нууцлаг уур амьсгалыг улам тодотгох үүрэгтэй.
Ази архитектурт түгээмэл хэрэглэгддэг элемент бол гаднын муу муухай зүйлийг дотогш оруулахгүй байх бэлгэдэлтэй хоёр ихэр арслан. Манайхан үүнийг барилгадаа шингээхдээ бэлэн баримал ашиглах хандлагатай байдаг бол энэхүү барилгын үүдний дөрвөлжин хашлага дээр Монголын авъяаслаг урчууд арслангийн дүрсийг сийлж бүтээсэн байдаг.

Улсын Драмын Эрдмийн Театр
1957 онд “Хувьсгалч залуучуудын эвлэл” тухайн үеийнхээ төмөр нүүрт, коммунист Засгийн газарт хүсэлт гаргасны үндсэн дээр өөрсдийн соён гэгээрлийн зам мөрийг тэгшлэх зорилгоор хандив цуглуулж, одоогийн УДЭТ-ыг сүндэрлүүлсэн түүхтэй. Тухайн үед Зөвлөлтийн чиглүүлэггүй зүйл гэж үгүй байсан тул В.И.Сталинийн нэн таашаадаг хийцлэл болох неоклассик загвараар Б.Чимэд, А.Хишигт нар зураг төслийг нь гаргасан. Европ суурьтай уг барилгыг монгол хэв шинжтэй сүлэлдүүлэхийн тулд уламжлалт хээ угалзуудыг ихээхэн ашигласны дээр чандмань эрдэнэ, бадамлянхуа бүхий морины толгойг багануудад дүрсэлсэн байдаг нь уг барилгыг дэлхийд цорын ганц болгож буй.

4. интерьер дизайнер д.уранчимэг

Гандантэгчэнлин хийд
Барилга бол нэг талаас бүтээн байгуулалт боловч нөгөөтээгүүр түүх соёлын үнэт өв. Тэр ч утгаараа сүм, хийдийн барилгууд цаг үе бүрдээ архитектурын онцлох шийдлүүд байсаар ирсэн. Түүхээс үзэхэд, шашин бидний дээдэлбэл зохих зүйл мөн тул сүм хийдийн барилга нүсэр байх ёстой хэмээн үздэг байжээ. Энэхүү үзэл нь ч уг хийдийн Жанрайсаг бурхны дүрээр биеллээ олсон мэт санагддаг.
Хийдийн хаалгаар гарахад урд байх хоосон талбай, дотогш ормогц зулай дээрээс тусах бүдэг гэрэл, Жанрайсаг бурхны харааг гэрэлтүүлэх эгц урдаас нь харсан цонх зэрэг нь цөм бэлгэдлийн шинж чанартай бөгөөд бурхан шашны тэргүүн, дээд гэх тодорхойлолтыг илтгэж буй юм.

Выставка
Монгол дахь модернизм урсгалын анхдагч барилгуудын нэг. Тусгайлан бэлдсэн төмөр хийц дээр бетон цутгаж барьсан бөгөөд үзэсгэлэнгийн зориулалттай барилга гэдэг утгаараа бүх талын ханыг цонхоор шийдсэн.
Инженерийн шийдлийн хувьд, арк хэлбэрийн хол алгасалт дээвэр нь өөрт ирж буй даацыг хана руу зөөлнөөр буулгаж, тогтвортой байдлыг хангадаг. Дээврээс хоёр тийш саравчилж илүү гарсан хэсэг нь ердийн үзэмж юм шиг хэрнээ зуны халуун агаарыг дотогш нэвтрүүлэхгүй байх зориулалттай. Гэвч одоо энэхүү барилга худалдааны төв зориулалтаар ашиглагдаж, төрөл бүрийн хэлбэр дүрс, өнгө будаг бүхий хэвлэлүүд цонхыг нь бүрхчихсэн байгааг харахад харамсалтай.

5. архитектор б.амардэмбэрэл

Соёлын төв өргөө
1987 онд Шинжлэх ухаан, техникийн соёлын ордон гэх нэртэйгээр, дөрвөн талдаа цамхгаар хүрээлэгдсэн цогцолбор барилга барихаар төлөвлөж байсан ч төрийн ордноос өндөр барилга барихыг хориглосон тул одоогийн бидний мэдэх Соёлын төв өргөөг сүндэрлүүлж байжээ. Хийцийн хувьд төрийн ордныг тойрсон неоклассик хийцтэй барилгуудыг хүндэтгэж, ижил урсгалаар бүтээсэн ч алхан хээ, толь зэрэг уламжлалт элементүүдийг шингээснээрээ онцлог.

Хүүхдийн ордон
Монголчууд хүүхдийн боловсрол, хөгжилд хэр хэмжээний анхаарал хандуулдаг байсан нь тухайн барилгаас харагддаг. Хүүхдэд зориулсан барилга гэдэг утгаараа гаднаа ч дотроо ч эрх дураараа гүйж, тоглож болохуйц том талбайтайн дээр ногоон байгууламжийг ч мөн шийдэж өгсөн. Барилгын нүүрэн талын дээд хэсэг нь газраас хөндийрсөн, яаж тогтож байгаа нь үл мэдэгдэх байрлалтай байдаг нь хүүхдийн дэггүй зан чанарыг илтгэх шиг санагддаг.
Төрөл бүрийн дугуйлан орон зайн хаалтгүйгээр нэг том зааланд явагддаг нь хүүхдийн нийгэмших, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх ашиг тустай.

бонус
Угтаа хамгийн зөв шийдэлтэй архитектур бол монгол гэр. Нүүдэлчин соёл иргэншилтэй эртний Евразын орнууд нүүдлийн сууц болох гэрийг эдэлж хэрэглэсээр ирсэн. Цаг агаарын ямар ч нөхцөлийг үл ажрах шинж чанартайн дээр хүний гар хүрэлгүй 10 жил болоход л байгальд уусаад үгүй болно, харин тордож арчилснаар олон арван жил тооноо дамжуулан хэрэглэх боломжтой. Тиймдээ ч орчин үеийн бүхий л архитектор гэр гэх сууцыг мэддэг, тэр ч байтугай төгөлдөржүүлэн бүтээхийг эрмэлздэг гэдэгт итгэлтэй байна.
- Хамтран үүсгэн байгуулагч, төслийн ахлах Т.Баттүшиг


Сэтгэгдэл бичих (5)


з зочин 202.21.126.67
энэ архитекторууд өөрсдийнхөө зүгээс таашаадаг барилгуудынхаа тухай онцолж ярисан байхад буруу, зөвийн тухай яриад байгаа хүмүүсийг гайхаж байна шүү. Хүний таашаал, сонголтыг хүртэл шүүмжилдэг гайхалтай хүмүүс юм аа.
з засаг 66.181.179.54
1966 оны үерээр тэсч үлдсэн Улсын Их дэлгүүрийн барилга, засгийн газрын ордон 2 бол бас л архитекторын өвөрмөгц шийдэлтэй эртний барилгууд. Сонголтоо зөв хийж сур.
O Orgil 66.181.182.73
Архитектур бол орон зай, хэмжээ, мэдрэмж, ур ухаан, ахитектурт үнэн зөвөөс өөр нүүр үгүй! Таны нийтлэлд ташаа мэдээлэл, танил талын product placement 2 л үнэртэж байна. Газар олголт архитектур төлөвлөлт зэрэг хийгддэг үе буюу дан хуучны архитектураараа хийсэн бол үнэн болох байлаа...
Т ТМ 93.216.108.152
Залуучууд аа, та нарын бичих сэдэл чинь зөв авч зургийн зохиогч нартай нь холбогдон тодруулга хийж бичих зүйлийнхээ агуулгыг нь сайн нягталж бж нийтэлмээр бна шүү
B BT 93.216.108.152
СХД Жишиг Эмнэлэгийн барилгын Зураг төслийг Бьюлдингс Текноложи ХХК боловсруулсан бөгөөд энд бичсэнчлэн хүчил төрөгчийн станц нь хүнд өвчтөний амьсгалыг дэмжих системийн зориулалттай болохоос агаарын бохирдолтой огт тэмцэхгүй ээ!