ChatGPT анх танилцуулагдсанаас хойш ердөө гуравхан жилийн дотор дэлхийн нийт хүн амын 53% нь хиймэл оюуныг ямар нэгэн байдлаар өдөр тутмын амьдралдаа ашиглаж эхэлсэн нь хувийн компьютер, интернет, ухаалаг утасны хэрэглээнээс ч илүү хурдтай тархсан дээд амжилт болон бүртгэгдэв. 

Оны эхэнд компаниуд илүү том, илүү олон параметр бүхий загварууд бүтээхээр уралдаж байсан бол, хоёрдугаар улиралд зах зээлийн тоглоомын дүрэм өөрчлөгдөж эхэлсэн юм. “Хэн илүү ухаантай вэ?” гэдэг асуулт “Хэн хамгийн хямд, хурдан бас бие даан сэтгэн ажиллах (agentic) чадвартай вэ?” гэдэг асуултаар солигдсон гэсэн үг. Нэг ёсондоо хиймэл оюуны моделиуд дараагийн үгийг тааж ажиллах бус, хариу өгөхөөсөө өмнө алхам алхмаар тунгаан боддог систем рүү шилжиж байна. 

Энэхүү нийтлэлээрээ бид 2026 оны хоёрдугаар улиралд хиймэл оюуны загваруудад гарсан өөрчлөлт, стратегийн эргэлтүүдийг компани тус бүрээр нь тоймлон хүргэж байна. 

OpenAI: ҮНИЙН ОГЦОМ ӨӨРЧЛӨЛТ

Зургийг: Fast Company

Энэ хаврын сүүлээс эхлэн байгууллагуудын “Хиймэл оюуны зардал хэт өндөр байна” гэх гомдол, айдас эрчимжиж эхэлсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын хямд, нээлттэй эхийн загварууд зах зээлд хүч түрэн орж ирсэн нь OpenAI-д хүнд цохилт болсон нь дамжиггүй.

Үүний хариуд 7-р сарын дундуур OpenAI компани зах зээлийг доргиосон гэнэтийн алхам хийсэн нь дараагийн үеийн GPT-5.6 Terra болон GPT-5.6 Luna хэмээх хоёр шинэ загварыг танилцуулахдаа үнээ огцом унагасан явдал байлаа.

Terra загварын үнийг өмнөх хувилбаруудаас 20%-иар, харин Luna загварын үнийг бүр 80%-иар бууруулсан юм. Энэ нь нэг талаараа Хятадын моделиудын эсрэг зарласан үнийн дайн болж буй. Үнээ ингэж огцом буулгаснаар хиймэл оюуны хэрэглээ 450%-иар өсөж, OpenAI-ийн жилийн орлого 25 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дэх хамгийн хурдан өсөлттэй компани хэвээр үлджээ.

Anthropic: КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ТЭРГҮҮЛЭГЧ 

2026 оны эхний хагас жилийн жинхэнэ од нь Anthropic компани байсан гэхэд хилсдэхгүй. Оны эхэнд тэдний Claude Opus 4.5 загвар салбартаа чадамжаараа үнэлэгдэж байсан ч, борлуулалтын хувьд OpenAI-ийн сүүдэрт явж байв. Гэтэл ердөө тавхан сарын дотор Anthropic-ийн жилийн орлого 9 тэрбум ам.доллароос 47 тэрбум ам.доллар руу цойлж, жинхэнэ утгаараа технологийн аварга болон хувирсан билээ.

АНУ-ын Хиймэл Оюуны Аюулгүй Байдлын Хүрээлэнгээс (AISI) гаргасан 2026 оны дунд үеийн тайлангаар, Anthropic-ийн Claude Mythos Preview загвар нь кибер аюулгүй байдлын бие даасан ажиллагаагаараа бүх өрсөлдөгчөө ардаа орхисныг баталжээ. AISI-ийн туршилтаар тус загвар нь нарийн төвөгтэй кибер халдлагыг сөрөх, системийн эмзэг байдлыг илрүүлэх даалгавруудыг хүний оролцоогүйгээр бие даан гүйцэтгэх чадвартай болсон байна. Сонирхолтой нь, эдгээр загваруудын кибер хамгаалалтын чадавх сайжирсаар байгаа бөгөөд тухайн салбартаа эксперт хүний 16 минут зарцуулдаг ажлыг 80%-ийн амжилттай гүйцэтгэж чадаж байгаа юм.

xAI: ШИНЭ ЧИГЛЭЛ

Зургийг: Generative AI

Элон Маскийн xAI энэ бүх өрсөлдөөн дундуур өөрийн гэсэн өвөрмөц орон зайг үүсгээд амжив. Зуны саруудад тэд Grok-4 Heavy, Grok 4.1, болон Grok-4.20 Beta загваруудаа танилцуулсан юм.

Бусад компани хиймэл оюуныг илүү “аюулгүй, ёс зүйтэй” болгоход чиглэж байхад, xAI нь хурд болон хязгаарлалтгүй, цензургүй дата анализ хийх чадварт гол анхаарлаа хандуулжээ. Тэд X платформын асар их бодит цагийн өгөгдөл дээр суурилан хэрэглэгчдэд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ямар нэгэн шүүлтүүргүйгээр боловсруулж өгдөг гэдгээрээ онцгойрч буй.

Google: САНХҮҮГИЙН ТЭСРЭЛТ

Google-ийн хувьд 2026 оны хагас жил бол асар их орлого олохын зэрэгцээ ирээдүйнхээ төлөө мөн ижил хэмжээний золиос гаргасан үе байлаа.

Google-ийн 2-р улирлын орлогын тайлан Wall Street-ийн бүх хүлээлтийг эвдэж, 112.11 тэрбум ам.долларт хүрсэн нь хиймэл оюуны тэсрэлттэй холбоотой байв. Гэвч зоосны нөгөө талд, Google компани түүхэндээ анх удаа бэлэн мөнгөний урсгал нь сөрөг гарсан тайлан танилцууллаа. Учир нь тэд хиймэл оюуныг сургах дата төв, эрчим хүч, санах ойн чипний дэд бүтцэд хэдэн арван тэрбум долларыг хайр гамгүй үржээ.

Gemini загваруудын хувьсал

Оны эхэнд Gemini 3 Pro зах зээлд өрсөлдөж байсан бол, Хятадын хямд загварууд болон OpenAI-ийн үнийн уналтын эсрэг Google асар хурдтай хариу үйлдэл үзүүлэв. 7-р сарын 20-нд тэд нэг дор 3 шинэ загвар зарласан нь: Gemini 3.5 Flash Cyber, Gemini 3.5 Flash-Lite болон шинэ үеийн Gemini 3.6 Flash байлаа. Эдгээр загвар нь өрсөлдөгчдөөсөө дөрөв дахин хурдан ажиллахын зэрэгцээ өртгөө эрс бууруулж чадсан юм. Google-ийн дотоод системд хиймэл оюун ямар түвшинд хүрснийг батлах хамгийн гайхалтай баримт бол өнөөдөр Google-ийн инженерүүдийн бичиж буй нийт шинэ кодын 75% нь зөвхөн хиймэл оюуны тусламжтайгаар бүтээгдэж байгаа явдал юм.

ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ЭВДЭГЧИД

Хэрэв 2026 оны хиймэл оюуны зах зээлийг нэгтгэн дүгнэвэл Хятадын сэргэн мандалтын үе гэж нэрлэж болох юм. Оны эхэнд Америкийн технологийн аваргууд Хятадын загваруудыг үл тоомсорлож байсан бол, хавар гэхэд бүх зүйл орвонгоороо эргэсэн нь үүний баталгаа.



Kimi 3 болон DeepSeek

Хятадын Moonshot AI стартап Kimi K3 хэмээх нээлттэй эхийн загвараа гаргасан нь Америкийн хамгийн шилдэг хаалттай загваруудтай хэд хэдэн салбарын үзүүлэлтээр эн тэнцүү өрсөлдөж эхлэв. Үүний араас Alibaba-ийн Qwen 3.7, мөн DeepSeek V4 зэрэг загварууд шил шилээ даран гарч ирсэн. Хамгийн сонирхолтой нь эдгээр загварууд Америкийн тэргүүлэх загваруудаас 35 дахин хямд байсан юм.

Зах зээлийн шилжилт

Энэхүү асар хямд бөгөөд хүчирхэг загварууд Цахиурын Хөндийн стартапуудын экосистемд цочроо өгсөн нь гарцаагүй. Ердөө хэдхэн сарын дотор Америкийн хиймэл оюуны стартапуудын 80% нь өртгөө хэмнэхийн тулд Хятадын нээлттэй эхийн загварууд руу шилжиж эхэлжээ. Үүнээс болж АНУ-ын хууль тогтоогчид DoorDash зэрэг дотоодын томоохон компаниуд Хятадын хиймэл оюуны загваруудыг ашиглаж буйд үндэсний аюулгүй байдлын үүднээс шалгалт оруулж эхлээд байна.

БУСАД ТОГЛОГЧИД 

Модель бүтээгчдээс гадна технологийн бусад аваргуудын хагас жилийн тайлан энэ салбарт хэр их мөнгө эргэлдэж байгааг гэрчилнэ.

Microsoft

Компанийн оны эхний хагасын орлого хүлээлтээс давснаар Wall Street-д үүсээд байсан “AI-д хэт их мөнгө үрж байна, хэзээ ашгаа өгөх вэ?” гэх айдас, эргэлзээг намжааж чадлаа. Тэд OpenAI-тай хийсэн түншлэл болон Azure үүлэн системийнхээ ачаар орлогоо тогтмол өсгөж байна.

Amazon

Өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд тэд хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа дахин 20 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, нийт зардлаа 220 тэрбум ам.долларт хүргэж салбартаа рекорд тогтоолоо.

Meta

Эхний хагас жилд AI болон Reality Labs төслүүд дээрээ 9 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн ч, Марк Зукерберг Liama цувралын нээлттэй эхийн загваруудаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна. Тэд хиймэл оюуны нийт дэд бүтцэд 2026 онд 725 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж буй технологийн аваргуудын нэг хэвээр байна.

Apple

Удаан хүлээлгэсний эцэст Apple компани өөрсдийн Apple Intelligence-ийг шинэ төхөөрөмжүүддээ гүнзгий нэвтрүүлж эхэлснээ зарласан нь хэрэглэгчдийн өдөр тутмын үйлдлийг хөнгөвчилсөн Agentic системийн том жишээ болов.

ШИНЭ БОЛОМЖ 


Анагаах ухаан

Хиймэл оюуны олон агент бүхий (Multi-agent) системүүд оношилгооны хүнд хэцүү бодлогуудыг 85.5% оновчтой шийдэж, эмч нарын бичиг цаасны ажлыг 85%-иар хөнгөвчилж байна.

Шинжлэх ухаан

2026 онд анхны бүрэн хиймэл оюунаар бичигдсэн, шинэ уураг зохион бүтээхэд чиглэсэн эрдэм шинжилгээний өгүүлэл болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөв.

Ажлын бүтээмж

Хиймэл оюун нь туршлага багатай, шинэ ажилтнуудын бүтээмжийг 34%-иар өсгөж байна. Өөрөөр хэлбэл, шинэхэн ажилтан хиймэл оюуны тусламжтай олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэнтэй дүйцэхүйц хэмжээнд ажиллах боломжтой болж байгаа юм. Тухайлбал, хиймэл оюунт агентуудын ердийн компьютерын даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвар 2024 онд ердөө 12% байсан бол 2026 онд 66%-д хүрчээ.

Кибер аюулгүй байдал

Кибер халдлагын эсрэг хүн биш хиймэл оюун тэмцдэг эрин үе эхэллээ. Тодруулбал, Anthropic компанийн Claude Mythos Preview, Google-ийн Gemini 3.5 Flash Cyber зэрэг загваруудын автономит кибер хамгаалалтын чадавх ойролцоогоор 5 сар тутамд 2 дахин нэмэгдэж байна. Мөн эдгээр системүүд нь програм хангамжийн эмзэг байдлыг илрүүлээд зогсохгүй, хүний оролцоогүйгээр автоматаар patch суулгах буюу аюулгүй байдлын доголдлыг засах, эмэг байдлыг арилгах, хакерууд системд нэвтрэхээс сэргийлэх чадвартай болжээ.

СҮҮДЭРТ ТАЛ


Хиймэл оюуны сайн сайхан амжилтын цаана технологийн ертөнц маш ноцтой сорилтуудтай нүүр тулж эхэлжээ.

Санах ойн чипний хямрал 40-50%

Дата төвүүдийн өсөлтөөс үүдэн санах ойн чипний үнэ он дуустал дахин 40-50% өсөх төлөвтэй байна. Мөн хиймэл оюуны дата төвүүдийн нийт эрчим хүчний хэрэглээ Нью-Йорк хотын оргил ачаалалтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь анхаарууштай.

450%-ийн зардал

Компаниуд хиймэл оюуны нэгж өртгийг 90%-иар хямдруулсан ч, хямд болсон учраас хэрэглээ нь 450%-иар огцом өсөж, нийт зардал нь буурах бус харин ч хоёр дахин нэмэгдсэн байна.

AI Slop 40%

2026 оны дунд үе гэхэд интернэт даяар чанаргүй, хиймэл оюунаар бичүүлсэн контент буюу AI Slop-оор дүүрэв. Жишээлбэл, LinkedIn платформ дээрх нийт урт бичвэрүүдийн 40% нь бүхэлдээ хиймэл оюунаар бичигдсэн нь тогтоогдсон байна. Тиймээс LinkedIn компани хэрэглэгчид “AI Slop” гэж мэдээлэх тусгай товчлуур нэмээд буй. Сонирхолтой нь, энэхүү репорт хийх товчлуурын дата нь эргээд илүү сайн хиймэл оюун сургахад ашиглагдах гэнэ. Үүнтэй төстэйгөөр дуу хөгжмийн салбарт, томоохон рекорд компаниуд Billboard зэрэг чартуудаас хиймэл оюунаар үүсгэсэн дуунуудыг бүрмөсөн хасах шаардлагыг тавьж эхлэв.

Байгаль орчин: 72,816 тонн

Хиймэл оюуны чадавх өсөхийн хэрээр түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ч мөн нэмэгдэж байна. Тухайлбал Grok 4 загварыг сургахад ялгарсан хүлэмжийн хийн хэмжээ CO2=72,816 тоннд хүрсэн гэж тооцоолжээ. Хиймэл оюуны дата төвүүдийн эрчим хүчний хүчин чадал 29.6 ГВт-д хүрсэн нь мөн л Нью-Йорк хотын эрчим хүчний оргил хэрэглээтэй дүйцэхүйц үзүүлэлт бөгөөд зөвхөн GPT-4o загвар ашиглалтын явцад зарцуулагдах жилийн усны хэмжээ нь 1.2 сая хүний ундны усны хэрэгцээнээс ч давж болзошгүй байна.