Уншигч та бүхэн минь амар байна уу? Айл их хэсэж, алт мөнгө арвин цуглуулж явна уу?
“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн шинийн хоёрны өдөр ээлжит нэгэн нийтлэлээ уншигч таны өмнө дэлгэн тавьж буйг маань хүлээн авна уу. Бид энэ нийтлэлдээ Азийн орнууд Цагаан сарын баяраа эрт дээр үеэс хэрхэн тэмдэглэж ирсэн түүхийг сөхөхийн сацуу сонирхолтой зан заншлуудыг нь хуваалцахаар бэлдлээ. Мөн техник технологи хөгжсөн өнөө үед эл баяр хэрхэн шинэчлэгдэж байгааг ч орхигдуулсангүй.
Улс үндэстэн бүрийн баярлах хэв маяг өөр ч, шинэ оныг сайн сайхан бүхний эхлэл хэмээн бэлгэшээх сэтгэл нь ижил билээ. Ингээд Дорно дахины ард түмний хамгийн том баяр болох Цагаан сарын ертөнцөөр хоромхон аялцгаая!
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: БИД ЯАГААД ЦАГААН САРЫН БАЯР ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ?
Азийн ихэнх улс энэ баярыг "Хаврын баяр" гэж нэрлэдэг. Энэ нь ч учиртай. Хахир өвөл харьж, газрын хөрс гэсэж, ургамал амьтан сэргэх тэр л мөчийг шинэ жилийн эхлэл хэмээн үзжээ. Эртний тариаланчид шинэ ургац тарих бэлтгэлээ базааж, нүүдэлчин монголчууд өвлийг өнтэй давж, мал төллөх дөхсөн баярт мөчийг ийнхүү бэлгэшээн тэмдэглэдэг байв. Баярын гол утга учир нь хуучныг үдэж, шинийг угтах бөгөөд өнгөрсөн жилийн таагүй бүхнийг ардаа орхиж, гэр орноо цэвэрлэн сайн сайхан зүйлийг өөртөө дуудаж буй хэрэг юм. Мөн хаана тэмдэглэж байгаагаас үл хамааран элгэн садан, гэр бүлээрээ цуглаж, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататгадаг нь энэ баярын хамгийн нандин үнэ цэн билээ.
Тэгвэл яагаад заавал өдийд тэмдэглэг гэж?

Бидний хэлж заншсанаар Цагаан сар нь ердөө цаглавар солигдох мөч биш юм. Харин энэ бол хүн төрөлхтөн байгаль дэлхий, одон оронтойгоо хэрхэн зохицон амьдарч ирсний түүхэн гэрч ажээ. Өдгөө бидний өдөр тутам ашигладаг цаглавар нарны хөдөлгөөн дээр үндэслэж, 365 хоногоор тоологддог бол сарны тооллын нэг жил ердөө 354 хоног үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, сарны тоолол бидний мэддэг цаглавараас жил бүр 11 хоногоор “хоцорч” байдаг гэсэн үг. Гагцхүү энэ зөрүүг арилгаж, баярын өдрөө улиралтай нь тааруулахын тулд өвөг дээдэс маань 2-3 жил тутамд нэг удаа “Илүү сар” нэмж, одон орны нарийн тооцооллоор зохицуулж иржээ. Цагаан сарын баяр жил бүр өөр өөр өдөр тохиодгийн шалтгаан нь энэ болой.
АЗИУДЫН ЦАГААН САРЫН БАЯР ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?
ХЯТАДЫН “ХАВРЫН БАЯР”
Тэд Цагаан сарыг "Chunjie" буюу Хаврын баяр хэмээн нэрийддэг. Хятадын хувьд баярлах ёсон нь зөвхөн хэдхэн өдрийн хэрэг бус, харин бүхэл бүтэн сарын турш үргэлжлэх соёлын том зан үйл юм. Энэ жилийн тухайд хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилж байна.
Улаан өнгө: Хятадын хаана ч очсон таны нүдэнд хамгийн түрүүнд улаан өнгө тусах болно. Улаан дэнлүү, улаан цаасан хайчилбар, улаан дугтуй... Энэхүү өнгө нь муу ёрын сүнсийг хөөж, аз жаргал, эд баялаг дууддаг гэж үздэг ажээ. Түүнчлэн айл бүр үүдэн дээрээ "Fu" (Аз жаргал) гэсэн ханзыг доош нь харуулж наадаг уламжлалтай. Энэ нь "Аз жаргал бууж ирлээ" гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Баншны соёл: Магад та цөөнгүй киноноос гэр бүлээрээ цуглан банш чимхэж буй үзэгдлийг харсан биз ээ. Хятадын хойд нутгийнхан баярын ширээний гол зоог болох баншаа гэр бүлээрээ чимхэж суудаг уламжлалтай. Баншны хэлбэр нь эртний Хятадын мөнгөн гулдмайтай төстэй тул ирэх жилдээ арвин их хөрөнгө мөнгөтэй байхыг бэлгэддэг гэнэ. Зарим тохиолдолд банш дотроо цэвэрлэсэн зоос хийх бөгөөд тэрхүү баншийг идсэн хүн тухайн жилдээ хамгийн азтай байх болно гэж үздэг.

Улаан дугтуйны уламжлал: Баярын хамгийн хайртай уламжлал бол хүүхэд багачууддаа улаан дугтуйтай мөнгө бэлэглэх ёсон юм. Үүний цаана "Суй" хэмээх чөтгөрөөс хүүхдүүдийг хамгаалж, урт удаан наслахыг ерөөсөн эртний домог оршдог. Гол утга нь доторх мөнгөндөө бус, харин тухайн улаан өнгөөр дамжуулан ирэх жилийн аз, амжилтыг "баглаж" өгч байгаа хүндэтгэл ажээ. Сонирхолтой нь, орчин үед улаан дугтуйг (Hongbao) биетээр өгөхөөс илүүтэй "WeChat" эсвэл "Alipay" ашиглан дижитал хэлбэрээр илгээх болсон гэнэ.

Орчин үе: Энэ онд Гал морь жилийг угтан Бээжин, Шанхай зэрэг томоохон хотод асар том дрон шоунууд зохион байгуулагдаж, тэнгэрт галт морь давхиж буй мэт дүрслэлийг үзүүлж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Энэ нь байгаль орчинд хортой салютаас татгалзаж, "Эко-баяр"-ыг эрхэмлэх болсонтой холбоотой хэмээн сайшаагдаж байна.

СОЛОНГОСЫН “ГЭР БҮЛИЙН БАЯР”
Солонгосын Цагаан сарыг Seollal гэж нэрлэдэг. Хятадын Хаврын баяртай харьцуулахад Солонгосчуудын баяр маш цомхон бөгөөд ёсорхог болдог аж. Тэдний хувьд энэ баяр нь өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлж, гэр бүлээрээ цуглах хамгийн чухал цаг хугацаа юм. Тийм ч учраас эдгээр өдрүүдэд уламжлалт "Ханбуг" хувцсаараа гоёж, өнгөрсөн болон ирээдүйг холбосон зан үйлийг гүйцэтгэдэг ажээ.
Sebae: Баярын өглөөний хамгийн чухал хэсэг бол Sebae юм. Энэ нь залуу үеийнхэн нь ахмад настнууддаа газар хүртэл бөхийж, хүндэтгэл үзүүлэн мэндийг нь эрэн золгохыг хэлнэ. К-драмаас олонтоо харсан дүрслэл байгаа биз? Үүний хариуд ахмадууд нь ерөөлийн үг хэлж, Sebaedon буюу баярын мөнгө өгдөг. Хятадын улаан дугтуйтай төстэй боловч Солонгост ихэвчлэн гоёмсог торгон уутанд хийж өгдгөөрөө ялгаатай.

Tteokguk: Тэд баярын өдрөөрөө Tteokguk буюу цагаан будааны боовтой шөлийг заавал иддэг. Шөлний гол орц болох урт, цагаан өнгөтэй будааны боов нь урт удаан наслах болон ариун тунгалаг байхыг бэлгэддэг. Солонгосчууд энэ шөлийг ууж байж сая нэг нас нэмлээ гэж үзэн, бие биенээсээ "Чи хэдэн аяга Tteokguk уусан бэ?" гэж хошигнон асуух нь бий.

Орчин үе: Өмнө нь эмэгтэйчүүд өвөг дээдэстээ зориулж Charye хэмээх тахилын ширээг засах гэж маш их хөдөлмөр зарцуулдаг байсан бол одоо залуу гэр бүлүүд энэ ёслолыг илүү цомхон болгож, баярын амралтаараа аялалд гарахыг илүүд үзэх болжээ. Мөн баярын ширээний хоолнуудыг гэртжж захиалж авах эсвэл ресторанд тэмдэглэх хандлага сүүлийн үед ажиглагдаж байгаа гэнэ.
ВЬЕТНАМЫН “ИДЭЭ БУДААНЫ БАЯР”
Тэд Цагаан сарын Tết Nguyên Đán гэж нэрлэдэг. Вьетнамчууд уг баярыг "тэмдэглэх" гэхээсээ илүү "идэх" (Ăn Tết) гэж ярьдаг нь энэ баярт хоол хүнс ямар их ач холбогдолтойг илэрхийлдэг байна.
12 жил: Вьетнамчууд манайхаас ялгаатай нь Туулай жилийн оронд Муурыг 12 жилдээ оруулан тоолдог аж. Харин Морь жилийн хувьд манайхтай адилхан бөгөөд тэд ч бас энэ жил Морь жилээ угтан баярлаж байна.

Bánh Chưng: Вьетнам баярын ширээний хамгийн гол зоог бол Bánh Chưng хэмээх том дөрвөлжин боов юм. Наалдамхай цагаан будаа, гахайн мах, шош зэргийг гадилны навчинд ороож 10-12 цаг чанаж болгодог энэ зоог нь "Газар дэлхий"-г бэлгэддэг гэнэ. Айл бүр энэхүү зоогийг бэлдэж, өвөг дээдсийнхээ тахилын ширээн дээр залдаг уламжлалтай.

Гэр дүүрэн цэцэг: Вьетнамчууд баяраар гэр орноо цэцгээр чимэхдээ гаргууд. Ханой орчмын Хойд нутгийнхан ягаан өнгийн Тоорны цэцэгт дуртай бол, Хо Ши Мин орчмын өмнөд нутгийнхан шар өнгийн Май цэцгээр гэрээ гоёдог. Баярын өдрүүдэд хотын гудамжууд нь тэр чигтээ "Цэцгэн далай" болон хувирдаг нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг ажээ.

СИНГАПУР БА МАЛАЙЗЫН “САЛАДНЫ БАЯР”
Сингапур, Малайз улсуудыг нэг дор багцлан авч үзэж буй нь учиртай. Хэдийгээр тусгаар улсууд боловч түүх, газар зүйн байрлал болон хүн амын бүтэц нь тун ижил төстэй. Ялангуяа Цагаан сараар зөвхөн энэ бүс нутагт л гүйцэтгэдэг “Юү Шэн” саладыг агаарт шидэх зан үйл нь тус хоёр улсыг соёлын хувьд салшгүй болгож буй.
Yee Sang салад: Түүхий загас, нарийн хэрчсэн өнгө өнгийн ногоо, самар болон төрөл бүрийн сүмснээс бүрдсэн энэхүү саладыг гэр бүл, найз нөхдөөрөө тойрч зогсоод, савхаараа аль болох өндөрт шидэж, орцуудыг хооронд нь хутгадаг. Ингэж өндөрт шидэх тусам ирэх жилийн ажил үйлс нь дээшээ мандаж, эд баялаг арвин ирнэ гэж бэлгэддэг байна. Мөн шидэж байх явцдаа "Ло Хэй!" (Дээшээ мандаг!) хэмээн чангаар уухайлдаг нь баярын хамгийн хөгжөөнтэй мөч гэнэ.

Мандарин солилцоо: Эдгээр орнуудад баяраар айлд зочлохдоо хоёр ширхэг мандарин жүрж заавал авч очдог уламжлалтай. Мандарин жүржийн өнгө нь алт шиг харагддаг тул "Танд алт барьж ирлээ" гэсэн утгыг илэрхийлдэг аж. Харин гэрийн эзэн зочноо буцахад нь мөн адил хоёр ширхэг жүрж өгч үддэг нь баялгаа хуваалцаж буй хэрэг юм.

МОНГОЛЫН “ЦАГААН САР”
Монголчууд бидний хувьд Цагаан сар бол үндэсний соёл, уламжлалаа өвлүүлж үлдээдэг хамгийн том баяр маань билээ. Бид энэ баярын зан үйлийг жил бүр гүйцэтгэдэг учраас заримдаа дадал болсон зүйл мэт санагдаж болох ч цаанаа маш нарийн утга учрыг агуулж байдаг. Тэгвэл бидний сайн мэддэг юм шиг хэрнээ эргэн нэг санахад илүүдэхгүй манай баярын гол онцлогууд юу вэ?
Золгох ёсон: Монголчуудын баярын амин чухал хэсэг бол золголт юм. Залуу хүн ахмад хүнийхээ тохойг доороос нь түшиж золгодог нь "Би таны түшиг тулгуур болж явъя" гэсэн хүндэтгэх сэтгэл билээ. Харин гэр бүлийн хосууд хоорондоо золгодоггүй нь тэднийг нэг хүн мэт үргэлж хамт байхыг бэлгэддэг эртний сайхан уламжлал юм.

Баярын ширээ: Бид баярын ширээндээ ул боов болон хонины ууц, үхрийн өвчүү зэргийг хүндэтгэн залдаг. Ул боовыг 3, 5, 7, 9 үеэр буюу сондгой тоогоор өрдөг нь "Жаргал, Зовлон, Жаргал" гэж тоолоод жаргалаар эхэлж, жаргалаар төгсөхийг бэлгэдэж буй хэрэг билээ. Мөн бүтэн ууц, үхрийн өвчүү тавьдаг нь ирсэн зочин бүрээ сэтгэл дүүрэн дайлдаг монгол хүний зочломтгой занг илэрхийлдэг аж.

Гэр бүлийн нандин хэлхээ: Цагаан сарын нэг том утга учир нь ах дүү, төрөл саднаараа цуглаж, бие биенээ мэдэлцэхэд оршдог. Жилдээ ганц уулздаг холын садантайгаа золгож, хүүхэд багачууддаа ураг төрлөө танилцуулдаг нь монголчуудын цусан төрлөө дээдэлдэг зан заншлын илрэл юм. Энэ нь зөвхөн баярлах бус, удмын хэлхээгээ таслахгүй, бие биедээ тусалж дэмжиж явахыг сануулдаг чухал ач холбогдолтой.
Азийн орнуудаар хийсэн бидний бяцхан аялал энд хүрээд өндөрлөж байна. Бидний бэлтгэсэн нийтлэл таны баярын өдрүүдэд шинэ сонирхолтой мэдээлэл нэмсэн гэдэгт үл эргэлзэнэ. Улс орнуудын зан заншил өөр ч, сайн сайхныг ерөөх сэтгэл хаана ч ижил гэдгийг дахин нэг онцлоод энэхүү нийтлэлээ жаргаая. Ирж буй "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилдээ та бүхэн минь морь мэт хурдалж, гал мэт бадарч явах болтугай!

Сэтгэгдэл бичих

