Хүн төрөлхтөн дэлхий дээр илүү урт амьдрахыг хүсээд байгаа болохоор хөгшрөлтийн эсрэг хэдэн мянган туршилт хийгээд байдаг хэрэг үү? Эсвэл зүгээр л жамаараа амьдрах амьдралаа илүү эрүүл бие, саруул ухаантай туулах гэж ингэж их хөгшрөлтийн сэдвийг сонирхдог хэрэг үү? Ихэнх хүмүүс л сүүлийнх нь гэж хариулах болов уу.
Тэгвэл сүүлийн үед ёстой жинхэнэ сүлжээний бизнесүүдийн “амладаг” эсийн түвшинд залуужуулах нэг аргыг эрдэмтэд эсийн “Хамрын хийд” буюу энергийн төв “митохондри”-оос олжээ. Харин чухам яаж гэдгийг энэ нийтлэлээр танилцуулахын сацуу бүр цаашлаад биднийг “жинхэнээсээ” залуужуулах хүртэл хэр хол болохыг энд тайлбарлалаа.

Митохондри гэж юу вэ?
Митохондри гэж юу вэ?
Юун түрүүнд митохондри гэх сонссон ч юм шиг, сонсоогүй ч юм шиг /арван жилийн биологийн хичээл дээр хэд хэдэн удаа давтагдсан нь лавтай/ энэ нэрийн цаана ямар үйл ажиллагаа явагддагийг ойлгох хэрэгтэй. Бидний биеийг нэг хот гэж зүйрлэвэл тэр хотыг тэтгэгч цахилгааны эх үүсвэр нь митохондри юм. Заавал цахилгаан станц гэж төлөөлүүлж байгаа нь учиртай. Митохондри нь угаас бидний хоолноос авсан энерги буюу глюкозыг болон амьсгалаар авсан хүчилтөрөгчийг аденозин трифосфат буюу ATФ болгон хувиргадаг.
Энэ хэл хугалмаар урт нэр буюу АТФ нь тухайн хотод албан ёсоор ашигладаг мөнгөн тэмдэгт гэж ойлгож болно. ATФ нь булчин агшиж сунах, мэдрэлийн дохио дамжуулах, уураг нийлэгжих зэрэг эсийн бараг бүх үйл ажиллагааг хангадаг “чухал валют”. Одоогийн капиталист нийгмээр бол мөнгө байхгүй бол амьдрал байхгүй гэдэг шиг AТФ байхгүй бол эс амьдрахгүй ээ л гэсэн үг. Харин эс амьдрахгүй бол бид амьдрахгүй.
Хүний нэг эс хэдэн арваас хэдэн мянган митохондритой байж болох бөгөөд хамгийн их энерги шаарддаг эсүүд (зүрх, араг ясны булчин, тархи) хамгийн олныг агуулдаг. Жишээлбэл, зүрхний эсэд митохондри нь нийт эзлэхүүний ойролцоогоор гуравны нэгийг бүрдүүлж, тасралтгүй ажиллаж байдаг.

Хөгшрөлтийг удаашруулахад митохондри ямар хамаатай вэ?
Хүний бие бүхэлдээ насжилттай холбоотойгоор хөгшрөхөд эрчим хүчний хангамж нь доройтож төхөөрөмжүүд нь дараалан доголдож байгаа мэт үйл явц болдог. Тэгэхээр эх үүсвэр буюу митохондрийгийн учрыг олж чадваас ёстой л эсийн түвшинд нь эсийг эрүүл байлгаж чадна гэсэн үг юм. Тэгвэл яаж?
Митохондрийг үйлдвэрийн нүүрсээр ажилладаг зуух гэж төсөөлье л дөө. Энэ зуух бүх системийг ажиллуулах эрчим хүчийг гаргаж чадах ч нүүрс шатаахад тортог үүсгэдэг нь төвөгтэй. Бага хэмжээний тортог гаргах нь асуудал болохгүй ч хэдэн арван жил цэвэрлэхгүй явбал уг тортог зуухны хананд наалдаж улмаар илүү их тортог үүсэж, улам их бөглөрөл бий болгодог хэрэг. Яг л үүний адилаар нас ахихын хэрээр хүний биед ROS буюу хүчилтөрөгчийн идэвхтэй нэгдэл хуримтлагдаж, улмаар митохондрийн доройтож эхэлдэг. Ингэхээр эсийн гэмтэл нэмэгдэж хөгшрөлт хурдсах, амьдрах хугацаа богиносох нөхцөл бүрддэг аж. Энэхүү хуримтлагдсан хүчилтөрөгчийн идэвхтэй нэгдэл буюу ROS нь яг тэр тортог гэсэн үг. Хамгийн гол нь энэ нэгдэл нь хүний биед энерги үйлдвэрлэгдэхэд бий болдог дайвар бүтээгдэхүүн ба хэт их үүсээд ирэхээр энерги үйлдвэрлэдэг өөрийнхөө механизмыг гэмтээдэгт асуудал бий.

Хөгшрөлтийн харгис мөчлөг
Эсүүд митохондрийн чанарын хяналтын дотоод системтэй ба үүнийг митофаг гэж нэрлэдэг. Энэхүү “баг” гэмтсэн митохондрийг илрүүлж, бусдыг нь “халдвар авахаас” өмнө задлан устгадаг тусгай цэвэрлэгээ хийх үндсэн үүрэгтэй. Үүнийг барилгын засвар үйлчилгээний багтай зүйрлэж болно. Нэг ёсондоо давхар бүрийг шалгаж, эвдэрсэн төхөөрөмжийг аюул үүсгэхээс өмнө янзалдаг гэсэн үг. Бидний бие хөгшрөхийн хэрээр өнөөх “засварын баг” маань хүн хүч дутаад өөрсдөө ч удаашраад эхэлнэ (ROS нэмэгдэх, митохондрийн ДНХ-д мутаци их үүсэх, мөн ATФ-ийн үйлдвэрлэл буурах гэх зэргээр).
Өнөөх зуухаар зүйрлэвэл зөвхөн “зуух” маань тортогт дарагдаад зогсохгүй энэ тортгийг нь цэвэрлэх ёстой баг нь ч өөрөө алга болж эхэлнэ. Хамгийн төвөгтэй нь энэ хоёр биед үүсдэг доголдол нь бие биеэ улам тэтгэж, холбоо хамааралтай явагддаг явдал. Засварын баг ажлаа хийхээ болимогц эвдэрсэн митохондри зүгээр л идэвхгүй болчихгүй ROS-ийг бусад эс рүү “халдааж” эхэлдэг. Яг л зуухны яндангаар нь утаа гарах биш барилгын дотор утаа нь тархаж буйтай адил.
Энэ үзэгдэл хүний тархинд хамгийн тод илэрдэг аж. Альцгеймерийн өвчнийг судалсан эрдэмтэд ой тогтоолтод хамгийн чухал үүрэгтэй гиппокампусын хэсэгт митофагийн түвшин эрүүл эдтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсныг тогтоосон байдаг. Үүний улмаас гэмтсэн митохондри эсийн бодисын солилцоог алдагдуулж, өвчний онцлог болох хортой уургийг хуримтлуулахад нөлөөлж улмаар Алцгеймрийн шинж тэмдэг илэрч эхэлдэг гэнэ.

Цэвэрлэгээний багийг дахин ажиллуулах нь
Тэгвэл митофагийн үйл ажиллагааг сайжруулж болох уу?
Сингапур дахь Молекул ба эсийн биологийн хүрээлэнгийн судлаачид янз бүрийн загвар организм дээр туршилт хийгээд нэгэн дүгнэлтэд хүрсэн нь митофагтай холбоотой генүүд организмын насыг уртасгадаг генүүдтэй нягт холбоотойг тэмдэглэсэн байна. Тухайлбал допамин ялгаруулдаг мэдрэлийн эсүүдэд PINK1 генийг α-синуклеинтэй хамт илүү их ялгаруулахад жимсний ялааны нас уртассан бол, Parkin гений экспрессийг бууруулахад эсрэгээрээ нас нь богиносож буйг ажиглажээ.
Нэг ёсондоо хамгийн урт насалж байсан организмуудын митофаг буюу эсийн “цэвэрлэгээний систем” нь хамгийн идэвхтэй хэвээр байсан организмууд байжээ.
PINK1 болон Parkin нь митофагийн замын гол хоёр уураг бөгөөд PINK1 нь гэмтлийг илрүүлэгч үүрэгтэй. PINK1 уураг дохио өгсний дараа Parkin ирж, тухайн митохондрийг эсийн дахин боловсруулах системд бүхэлд нь “залгиулж”, задлуулах үйл явцыг эхлүүлдэг.
PINK1 илүүдсэн үед буюу өөрөөр дохиоллын систем илүү мэдрэмтгий, хурдан ажиллавал илүү олон гэмтсэн митохондри засагдана. Харин Parkin байхгүй бол дохио өгсөн ч устгах баг ирэхгүй улмаар митохондри улам л доройтно.
Тэгвэл бүр митохондрийн үйл ажиллагааг бүхлээр нь сайжруулчхаж болохгүй юу?
Токиогийн насжилтын хүрээлэнгээс гаргасан судалгаа митохондрийн COX7RP уургийг онилсон нь уг асуултад хариу өгчээ. Тэд нэг ёсондоо энэ уургийг илүү их ялгаруулдаг хулгануудыг бүтээсэн юм. Учир нь энэ уураг нь митохондрийн цогцолборуудыг хамгийн үр ашигтай хэлбэрт “түгжиж”, тархай бутархай байрласан механизмуудыг нэг шугамд холбож ажиллуулж чаддаг. Тэдний судалгааны үр дүнгээр COX7RP-тэй хулганууд энгийн хулгануудаас 6.6%-иар урт насалж, инсулиний мэдрэг байдал сайжирч, триглицеридийн хэмжээ буурч, өөхөн эд дэх үрэвслийн гений идэвх буурсан байна. Өөрөөр хэлбэл бидний нөгөө л яриад буй “зуух”-ыг илүү цэвэрхэн “тортоггүй” ажиллуулах тохиргоог анхнаас нь тохируулж чадваас “үйлдвэр” илүү удаан ажиллана.
Эрч хүчээ эрүүлээр тэтгэх нь

Мэдээж лабораторид гаргаж авсан NMN, NR болон антиоксидант MitoQ зэрэг нь митохондрийн үйл ажиллагааг тэтгэж чадах ч хамгийн энгийн бөгөөд эрүүл арга нь хоолны тавгаасаа эхлэх юм.
Олон арван жилийн турш хооллолтын зөвлөмжид полифенолоор баялаг хүнс хэрэглэхийг зөвлөсөөр ирсэн. Эдгээрт нэрс, анар, ногоон цай, оливын тос орох ба хэрэглэх үед гэдэсний бичил биетүүд ургамлын нэгдлүүдийг задлан, дайвар бүтээгдэхүүн болгон уролитин А хэмээх молекул үүсгэдгээрээ онцлогтой. Уролитин А нь цусанд орж, биеийн эсүүдэд хүрч, митофагийг PINK1-Parkin замаар идэвхжүүлдэг тул митохондрийн “засварын багийг” үйл ажиллагаанд оруулдаг. Тиймээс шууд тарилга, эмчилгээ рүү зүтгэхээс илүү митохондрийг юунд дуртайг ойлгож аваарай.
Мөн мэдээж хамгийн ойлгомжтой нь дасгал хөдөлгөөн. Учир нь дасгал хөдөлгөөн митохондрийг тэтгэх хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн арга. Биеийг зориудаар ачаалуулах нь AТФ-г хурдан зарцуулж улмаар эс илүү олон митохондри үүсгэж, тэдгээрийг илүү үр ашигтайгаар зохион байгуулахад тусалдаг.
Тиймээс митохондрийг эрүүлээр сайжруулж, улмаар урт удаан эрүүл энх наслах хамгийн ойлгомжтой, энгийн арга бол дасгал хөдөлгөөн, хооллолт гэдэг нь ахин батлагдаж байна.

Сэтгэгдэл бичих

