Бидний анхаарлаа төвлөрүүлэх хугацаа тогтмол багассаар буй гэсэн мэдээ, баримт улам бүр элбэг болсоор байгааг та мэдэх биз ээ. Бүр зарим баримтад дурдсанаар бидний анхаарал төвлөрүүлэх дундаж хугацаа 2000 онд 12 секунд байсан бол өдгөө 8 секунд болсон гэнэ. Энэ нь энгийн алтан загасны төвлөрөлтөөс бага гэсэн үг.
Оюун ухаант хүн төрөлхтөн бид үнэхээр ийм агдайсан анхаарал төвлөрөлттэй болчихсон хэрэг үү? Яагаад? Тэгвэл ямар сөрөг нөлөө бидэнд нүүрлэж байна вэ? гэсэн асуултад хариу олохоор өнөөдрийн нийтлэлээ бэлтгэлээ. Уншигч та “анхаарлаа” хандуулна уу.
Нэг - Анхаарал төвлөрөлт
Асуултууддаа хариулахаас өмнө эхлээд бидний гол гурван анхаарал төвлөрүүлэх чадваруудыг товчхон танилцуулъя.
1. Ялгаж салгах анхаарал төвлөрөлт (selective attention)
2. Тогтвортой анхаарал төвлөрөлт (sustainable attention)
3. Хуваагдсан анхаарал төвлөрөлт (Divided attention)
1. Ялгаж салгах анхаарал төвлөрөлт (Selective attention)
Энэ нь ямар ч сатаарах орчин, шуугиан, зэрэгцсэн олон мэдээлэл байсан ч хэрэгтэй мэдээлэлдээ л анхаарлаа хандуулах чадвар юм. Энэ чадвар алдагдсанаар нэгэн зэрэг олон даалгавар, мэдээлэл давхцахад гол хэрэгцээт агуулгаа авч үлдэж чадахгүй, мартах асуудалд өртөнө.
2. Тогтвортой анхаарал төвлөрөлт (Sustainable attention)
Товчхондоо сатаарал байхгүй орчинд тодорхой зүйл дээр тогтож анхаарах чадвар. Энэ чадвар алдагдсанаар ажил, хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахаа болино.
3. Хуваагдсан анхаарал төвлөрөлт (Divided attention)
Энэ нь нэгэн зэрэг олон төрлийн мэдээлэл, даалгаварт дарагдсан ч үр бүтээмжээ алдахгүй байх чадвар буюу бидний хэлж заншсанаар “multitasking”. Энэхүү чадвар буурах нь хүнд төрлийн сэтгэл гутралд хөтөлдөг байна.
Дээрх анхаарал төвлөрөлтийн аль нэг нь буурах нь бидэнд олон сөрөг талтайн нэг нь оновчгүй шийдвэр гаргадаг болох. Бид олон сонголт дундаас хэчнээн оновчтой бус ч хамгийн удаан хугацаанд анхаарлаа хандуулснаа л сонгодог болох нь судалгаагаар батлагджээ. Түүнээс гадна бидний аливааг хүлээж авах, эргэн санах ой доройтдог санж. Ингээд дээрх гурван анхаарал төвлөрөлтийн ангиллыг тооцон, тэдгээртэй холбогдох гол асуултуудынхаа хариултыг хүргэе.
1. Бидний анхаарал төвлөрөлт үнэхээр богиноссоор байна уу?
Тийм бас үгүй. Гэхдээ бид арай ч загаснаас дор анхаарал төвлөрөлттэй болчхоогүй байна. Өдөр тутамдаа үргэлж элдэв сонордуулга (notification), мэйл, чат, мессежтэй зууралдах болсон бидний анхаарлаа төвлөрүүлэх чадвар, хугацаа богиноссон гэхээс илүүтэйгээр илүү их сатааралтай болсон гэх нь зүйтэй.
Бидний анхаарал төвлөрөх чадвар буураагүй ч сатааруулах олон хүчин зүйлсийн дунд амьдрах болжээ. Сонирхуулахад, бид ямар нэгэн даалгавар дээр анхааран ажиллаж, эсвэл суралцаж байгаад ганцхан сонордуулга, мессежинд сатаарвал анхаарлаа ахин төвлөрүүлэх гэж дунджаар 23 минутыг зарцуулдаг аж.
Хэрэглэгчдийн 30 хувьд нь дунджаар таван цаг тутамд “нүүрном”-оо шалгаагүй бол “зовнил” (anxiety) төрдөг гэж Америкийн Сэтгэл Зүйн Нийгэмлэгээс явуулсан судалгаанд хэлжээ. Мөн зарим эрдэмтэд, судлаачдын үзэж буйгаар бидний анхаарал сатаарах хувь нь тухайн төвлөрч буй мэдээлэл, даалгаврыг хэр хэмжээнд чухалчилж буйтай шууд хамааралтай гэв. Энгийнээр хэлбэл, үзэж, сонсож, харж, хийж буй зүйлс маань бидэнд таалагддаг, эс таалагддаг, чухал гэж үздэг, эс чухалчилдгаас хамааран тухайн зүйлд анхаарах уу, эсвэл дэвэн дэлхийн үйл явдалд хөвж явах уу гэдэг шийдэгддэг гэсэн үг. Та бид шүдээ, нүүр гараа, аяга тавгаа, шалаа угаах, хог шүүрдэх, ажил, хичээлдээ явах зэрэг дадлаараа голчлон үйлддэг үйлүүддээ огт анхаарал хандуулдаггүй шүү дээ. Нэг л мэдэхэд ажил дээрээ ирчихсэн, нэг л мэдэхэд автобуснаас буух болчихсон байж байдаг. Энэ нь бид үргэлж давтан давтан үйлддэг үйлдлүүдээ төдийлөн чухал гэж үздэггүйгээс үүдэлтэй аж.
Хэрэв та хичээл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байвал нэг бол танд түүнээс илүү анхаарал хандуулах хэрэгтэй чухал асуудал байгаагийнх, эсвэл тухайн хичээлээ та ус агаар байтугай шороо, чулууны төдий ч хайхрахгүй байгаагийнх билээ.
2. Бид дээд үеийнхнээсээ илүү сэтгэл гутралтай болж байна уу?
АНУ-ын насанд хүрэгчдийн дунд хийгдсэн сэтгэл гутралын хэмжээг тодорхойлох судалгааны дүгнэлтэд 1991-1992, 2001-2002 онуудад 3.33 хувиас 7.06 хувь хүртэл өссөн гэсэн хариу гарчээ. Харин ахлах ангийн сурагч, оюутнуудын хувьд сэтгэл гутралд өртөх хэмжээ нь 1938 оны залуучуудаас 2007 залуус 6-8 дахин өндөр болсон байгаа нь ажиглагдсан байна. Энэ тоо нэмэгдсээр буй бөгөөд цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул Кансасын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Төвийн профессор биднийг “Сэтгэл гутралын тахал”-д чимээгүйхэн өртөж байна гэж тодорхойлсон юм.
Бид илүү сэтгэл гутралтай болж буй нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн сүүлд тохиосон томхон хувьсгалаас үүдэлтэй - “Мэдээллийн хувьсгал”. Хомо Сапиенсууд анчин-түүвэрлэгч хэв маягаасаа хөдөө аж ахуйн хувьсгалд шилжин улмаар аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлэх хүртлээ олон амьдралын шинэчлэлт, дасан зохицох хэв маягийг бүтээж ирсэн. Түүхэнд “сэтгэл гутрал”-ын тухай баримт, мэдээлэл байхгүй ч гуниг харууслын тухай түм буман мэдээ сэлт, дуу шүлэг байгаа нь “сэтгэл гутрал” гэгч эмгэг нь тийм ч “залуухан” биш, түүхийн бүхий л цаг үед байсан байх боломжтой гэж эрдэмтдийг үзэхэд хүргээд буй аж. Нэг үгээр хэлбэл, бид л сэтгэл гутралтай эрин үед амьдарч буй хэрэг биш юм.
Хүн төрөлхтний амьдрах хэв маяг өөрчлөгдөх тутам түүндээ дасах үе шат буюу шилжилтийн үе ирдэг байна. Энэ үе нийгмийн сэтгэл зүйлд хүчтэй нөлөөлдөг болохыг харуулсан хэд хэдэн түүхэн үйл явдал байдгийн хамгийн тод жишээ нь Япон улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үр дүн. Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст Япон Улс эдийн засгийн огцом өсөлт үзүүлж, өдгөө ч алдаагүй байгаа дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг гэгдэх байр сууриа олж авсан юм. Харамсалтай нь энэ үйл явдлын үр дүн нь асар өндөр сэтгэл гутралтай нийгмийг бүтээсэн билээ.
3. Тэгвэл бидний одоо ч улам бүр нэмэгдсээр буй сэтгэл гутралын цаана ямар шалтгаан байна вэ?
Хамгийн боломжит шалтгаануудыг загсаавал:
- Таргалалт
- Зохисгүй хоолны дэглэм
- Дасгал хөдөлгөөний хомсдол
- Нойргүйдэл
- Нийгмийн хүрээлэл
Таргалалт бол орчин үеийн “цар тахал”. Бид улам бүр биеэ хөдөлгөхөө больж, хоол хүнсний илүүдэл, хаягдалтай цаг үед амьдарч байна. Гэтэл илүүдэл жин нь сэтгэл гутралын голлох шалтгаануудын нэг гэнэ. Илүүдэл жинтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутралд өртөх нь 55 хувиар илүү байдаг. Учир нь биеийн эрүүл мэнд нь сэтгэл зүйн эрүүл мэндтэй нягт уялдаа холбоотой шүү дээ.
Зохисгүй хоолны дэглэм нь таныг мэдээж илүүдэл жинд ногоон гэрлээр хүргэж өгнө. Сонирхолтой баримт дурдахад, сэтгэл гутралтай иргэдийн дунд явуулсан судалгаагаар тэдгээр хүмүүс энгийн хэмжээнээс илүү өндөр нүүрс-усны хэрэглээтэй байсан нь батлагдсан тул эрдэмтэд нүүрс-усны хэрэглээ сэтгэл гутралд хөтөлдөг байж магадгүй хэмээн таамаглах болжээ. Эрдэс бодисын дутагдал нь сэтгэл гутрал үүсгэх эрсдэлтэй бөгөөд үүнийг даван туулахад витамин В12, С, Е, селен, төмөр, цайр зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Эдгээр амин дэм, эрдэс бодис нь сэтгэл санааг дэмжих, сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг байна.
Дасгал хөдөлгөөний хомсдол нь таны сэтгэл санааг унагаах хамгийн үр дүнтэй арга. Бидний бие махбод байгалийн шалгарлын явцад “хөдөлж” байж л тэсэж үлдсэн. Тиймээс бидний өдгөө хийж буй хөдөлгөөний хэмжээ бол өвөг дээдсийн хөдөлгөөний дэглэмтэй харьцуулшгүй бага гэж хэлж болно. Нэг үгээр номыг унших л зориулалттай бол таны бие хөдлөх л зориулалттай.
Нойргүйдэл бол сэтгэл гутралын хамгийн том хүчин зүйл гэхэд хилсдэхгүй. АНУ-ын Үндэсний Нойрны Сангаас насанд хүрсэн хүнийг өдөрт 7-9 цаг унтахыг зөвлөдөг бөгөөд 1960 онд америкчууд дунджаар 8 цаг унтдаг байжээ. Харин өдгөө энэ тоо бүр 6 цаг 40 минут болж эрс буурчээ.
Нийгмийн хүрээлэл буюу орчин үеийн өрсөлдөөн. Өндөр хөгжилтэй улс орны иргэд хөгжиж буй улсын иргэдээс сэтгэл гутралын хэмжээгээрээ өндөр байдаг аж. Энэ нь тухайн улсад нэмэгдэж, гал асааж буй “өрсөлдөөн”, “тэмцэл”-ээс үүдэлтэй гэж судлаачид дүгнэх болж. Ажлын байр, Их сургууль зэрэг олон өрсөлдөөн бидний амьдралын хэв маяг болсон нь цоо шинэ зүйл биш ч эдгээрийн улам ширүүсэж буй “шуурга” нь бол шинэ сорилт мөн.
Хүн төрөлхтөн түүхийнхээ туршид ямар нэгэн “олонх”-ын нэг хэсэг болж байж л сая байгалийн шалгарлыг тэсэж давж явсан тул үргэлж нийт, олонхтой зэрэгцэх совин буюу инстинкттэй. Тиймээс бусдаас магтаал, сайшаал, хүндэтгэл хүлээх, олон найз нөхдөөр хүрээлүүлэх, амжилт үзүүлэх (нэг ёсондоо сүргээ манлайлж буйтай ижил) зэрэг нь байгалиас бидэнд үүсгүүлсэн шинж юм.
4. Сэтгэл гутрал асуудал шийдэх чадварт сөргөөр нөлөөлж байна уу?
Мэдээж нөлөөлж буй. Дээр дурдсанчлан бидний анхаарал төвлөрөлтөд нөлөөлөөд зогсохгүй, ой санамж, шийдвэр гаргах чадварт хүртэл сөргөөр нөлөөлж буй талаар Харвардын Их Сургуулийн клиник сэтгэл зүйн тэнхимийн профессор өөрийн судалгаандаа онцолжээ. Тиймээс сэтгэл гутрал нь биднийг загасны ой санамж руу хөтлөх гол хүчин зүйл хэмээн нэрлэхэд хэтрүүлсэн хэрэг болохгүй. Мөн түүгээр ч зогсохгүй та бидний хөрвөх чадвар, тууштай чанарт хүртэл сэтгэл гутрал онц сөргөөр нөлөөлдөг.
Үүнээс гадна судалгаанд өгүүлснээр сэтгэл гутралд уух заалттай олон эм бодит нөлөө, эмчилгээ үзүүлдэггүйг ч дурдсан бөгөөд тэдгээр эм нь хүний тухайн үеийн зан төлөв (mood, настроение)-ийг л сайжруулах, дэмнэх үйлчилгээтэй гэжээ.
Хоёр - Сошиал медиагийн нөлөө
1. Яагаад бид рийлс, шортсоос толгой салгаж чадахгүй байна вэ?
Учир нь рийлс, шортс нь дахин давтагддаггүй. Давтагдсан ч танд таалагдсан, таалагдах магадлалтай нь л дахин гарч ирдэг. Тиймээс таны төрөлхийн сониуч, “үүний дараа юу гарах бол” гэсэн чанарыг тань ашигладаг. Түүнээс гадна тэдгээр богино контентууд нь асар богинохон тул танд цаг их үрж буй мэт мэдрэмж төрдөггүй. Энгийнээр таны цагийн баримжааг алдагдуулдаг. Яг л бид задгай мөнгийг тоохгүй үрсээр их хэмжээний мөнгөө алдаж орхидог шиг, заримдаа бичлэг үзэж, жижиг зүйлсэд автан цагийг ч мөн анзааралгүй урсгадаг. Тэгээд нэг мэдэхэд л олон цагийг тэрхүү бичлэгүүдэд үрчихсэн байгаагаа ойлгох болно.
2. Сошиал медиа сэтгэл гутралтай холбоотой юу?
Хамгийн их холбоотой. Энэ нь бидний дотор орших нийгэмд нийцэж, бусдад таалагдах гэсэн төрөлхийн хүсэлтэй холбоотой. Тиймээс мэдэгдэл (notification), лайк, сэтгэгдэл зэрэг нь тархинд аз жаргалын даавар ялгаруулж, биднийг байн байн утсаа шалгах хүсэлд автуулдаг байна. Үүний хажуугаар бусдын хариу үйлдэл (reaction) нь сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж, нийгмийн сүлжээн дэх зураг, бичлэгүүд таны өөртөө итгэх, сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж болзошгүйг судалгаагаар баталжээ. Ялангуяа, бидний хайртай “Инстаграм” энэ тал дээр илүү хүчтэй нөлөөлдөг.
3. Сошиал медиа биднийг “тэнэг” болгодог уу, “ухаантай” болгодог уу?
Дээр дурдагдсан Харвардын Их Сургуулийн профессорын дүгнэснээр “сэтгэл гутрал” бидний сэтгэн бодох чадварыг илт бууруулдаг. Харин сэтгэл гутралыг үүсгэх хүчин зүйлсийн нэгт сошиал медиа багтана. Тэгэхээр товчхондоо сошиал медиа биднийг сэтгэл гутралтай болгоод зогсохгүй, “тэнэг” болгож байна гэж хэлж болох юм. Тиймээс бидэнд нэн тэргүүнд өөртөө хэвшүүлэх дадал бол “сошиал”-аас холдож өнөөх улиг болсон заавар, зөвлөгөөг дагах. Үүнд мэдээж дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох, сайн унтах багтана.
Эцэст нь та бидний бүгдийн мэддэг, Эртний Ромын хэлц үг болох “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг тун үнэн үг бөгөөд энэ цаг үед л “инстаграмын стори” мэт хэрэг болоод буй. Бүгдээрээ “Саруул ухаан”-даа итгэцгээе.
U U 2024.10.07 202.170.73.187
Танайхаас эрхлэн гаргаж байгаа 7 хоног дутмын сонин (цаасан) таалагдаж байгаа, (Youtube-ээс бусад бүх social account-аа устгасан хэрэглэгч)
Б Билгүүн 2024.10.06 66.181.190.13
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна. Маш их баярлалаа. Миний хувьд сэтгэл гутралаасаа гарч чадахгүй жил гаран болж байна. Ер нь яг энэ олон нийтийн сүлжээнээс болоод байгааг мэддэг ч эргээд л утсаа бариад авдаг, мөн дасгал хөдөлгөөн хийх нь багассан.
G Gegee app 2024.10.06 59.153.112.166
Бид танд бясалгалын, харилцаа, тайвшралын, өөртөө итгэх хичээлүүд болон яаралтай тайвшрах, нойрны дуу чимээ зэргийг гар утасны апп аар дамжуулан хүргэж байгаа билээ. www.gegee.app вэб сайтаар зочилж манай апп-г татаж аваарай.