Энэ жилийн Үндэсний их баяр Наадмын өдрүүдээр манай уншигчдаас хол замыг сонсдог номтой туулж буй уншигчид цөөнгүй байгаа болов уу. Өнөө цагт ном, уран зохиолд хайртай уншигчдад ч зузаан зузаан номыг “тухлан сууж, таалан болгоох” цаг зав тун хомс болсон гэхэд хилсдэхгүй. Ингээд хол замд гарахдаа, гэрээ цэвэрлэхдээ, ажил, хичээлдээ явахдаа ном сонсох нь цаг хэмнэхийн сацуу олон үйлдлийг зэрэг гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болжээ.
Түүнчлэн хилийн чанадад ажиллаж, амьдардаг монголчуудад маань эх хэлээрээ ном уншихад сонсдог ном хамгийн амар хялбар сонголт болдог гэж хэлж болох биз ээ. Миний хувьд ч алдарт “Зуун жилийн ганцаардал”, “Мянга нэгэн шөнийн үлгэр”, “Кихот ноён” зэрэг бүтээлүүдийг сонсдог номоор “уншсан” билээ. Түүнчлэн өөрийн анхны номоо ч сонсдог ном болгон уншигчдадаа хүргээд хэдийн хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Сонсдог ном: Тогоруут агуй
Гэтэл судалгаагаар АНУ-ын нийт иргэдийн 40 орчим хувь нь сонсдог номыг хэвлэмэл ном уншихтай адилгүй гэж үздэг нь батлагдсан аж. Тэгвэл бид энэ удаагийнхаа нийтлэлээр ном сонсох нь уншихтай адилхан эсэхийг шинжлэхийг зорилоо.
2016 оны судалгаа
2016 онд АНУ-ын “Bloomsburg University of Pennsylvania”-ийн Их сургуулийн профессор Бет Роговский нэгэн судалгаа явуулжээ. Тэрээр судалгаанд хамрагдагчдыг гурван бүлэгт хуваагаад эхний бүлгийн хүмүүст зохиогч Лаура Хилленбрандын Дэлхийн хоёрдугаар дайны тухай бичсэн “Unbroken” нэрт баримтат номыг сонсгожээ. Харин удаах бүлгийнхэнд номыг текстээр уншуулсан бол гурав дахь бүлгийн хүмүүст нэгэн зэрэг уншуулж, сонсгосон байна. Ингээд нийт гурван бүлгийн хүмүүсээс шалгалт авахад мэдээллийг ойлгосон байдлаараа бүлэг хооронд тодорхой ялгаа ажиглагдаагүй аж. Гэхдээ уг судалгааны хоёр дахь бүлгийнхэн номоо хэвлэмэл номоор бус, “e-reader” буюу дэлгэцтэй төхөөрөмжөөр уншсан гэдгийг онцлууштай. Учир нь хэвлэмэл ном унших нь дэлгэцээр ном уншихтай харьцуулахад уншсанаа ойлгох, тогтооход илүү үр дүнтэй гэдгийг хэд хэдэн судалгаа баримт батлаад буй.
Тухайлбал, АНУ-ын “University of Virginia” Их сургуулийн профессор Даниел Виллингемийн хэлж буйгаар хэвлэмэл ном уншихад бид номынхоо хаана явж байгаагаа баримжаалах боломжтой нь номын үйл явдал, мэдээллийг боловсруулахад давуу тал болдог гэнэ. Хэдийгээр цахим ном номын уншсан болоод үлдсэн хэсгийг хувьчилж үзүүлдэг боловч энэ нь уламжлалт ном унших мэдрэмжийг төдийлөн орлож чаддаггүй байна. Түүнээс гадна зарим судалгаанд дурдсанаар цахим номын хувьд хуудас гүйлгэх, томруулах, үсгийн хэмжээг өөрчлөх зэрэгт үг, өгүүлбэрийн байрлал солигддог нь уншигчид эргээд уншсанаа санахад саад болдог ажээ.
Хуудас эргэх чөлөө
Та цаасан ном уншиж байхдаа хэдэн удаа уншсан үг, өгүүлбэрээ дахин эргэж уншдаг вэ? Профессор Д.Виллингемийн хэлж буйгаар бид ном унших цагийнхаа нийт 10-15 хувийг хараагаа ахин дахин буцааж гүйлгэн, уншсанаа давтаж уншихад зарцуулдаг байна. Уламжлалт ном уншихын энэ онцлог шинж уншигчдыг номоо илүү сайн ойлгоход эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Гэтэл бид сонсдог ном сонсож байхдаа “байж байгаарай, юу болчхов оо? Дахиад уншъя” гэх боломжгүй билээ. Хэдийгээр сонсдог номыг 10-15 секунд, мөн түүнээс дээш хугацаагаар ухраах боломжтой ч энэ нь яг хүссэн өгүүлбэрээ олохын хувьд хэвлэмэл номтой харьцуулахад багагүй төвөгтэй үйлдэл гэдгийг дурдууштай.
Тодруулбал, АНУ-ын “James Madison University” Их сургуулийн сэтгэл судлалын профессор Дэвид Даниелийн хэлснээр бид ном уншсан ч, сонссон ч хэдэн секундээс хэдэн минут хүртэл анхаарал бүрэн сатаардаг аж. Ингээд буцаад анхаарлаа төвлөрүүлэн номынхоо хэмнэлд ороход хэвлэмэл ном илүү амар хялбар байх давуу талтай. Түүнчлэн хуудас эргүүлэх бүр тархинд уншсан мэдээллээ боловсруулах хугацаа, богино завсарлага болдог гэнэ.
Профессор Д.Даниелийн 2010 онд хамтран явуулсан судалгаагаар подкаст хэлбэрийн хичээл авсан оюутнууд яг ижил хичээлийг цаасаар уншсан оюутнуудаас шалгалтдаа дунджаар 28 хувиар муу дүн авсан байна. Тэрчлэн сонсдог номын хувьд тэмдэглэгээ хийх, тодруулах, чухал санааг хадгалах боломжгүй. Гэвч хүн хүний сурах арга барил өөр гэдгийг дурдууштай бөгөөд өөрийгөө “сайн сонсогч” болгон хөгжүүлэх боломжтойг ч профессор дурдсаныг онцлууштай. Мөн дэлгэцээр уншихад ч өөрийгөө хөгжүүлж чадвал үр дүнтэй суралцах боломжтой гэдгийг судалгаагаар батлаад буй юм.
Өнө эртний аман уламжлал
Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болоод ердөө 5000 жил болж буй. Гэтэл бид хэдэн арван мянганы турш үлгэр домог, үүх түүхээ амаас ам дамжин өвлүүлж ирсэн билээ. Иймд унших нь мэдээлэл авах харьцангуй “шинэ” арга зам гэж хэлж болно. Тиймдээ ч ном уншихад бидний тархи огт өөр үүрэг даалгаварт зориулагдсан хэсгээ уншихад ашигладаг ажээ.

Тодруулбал, бид тархиныхаа “Letterbox” (VWFA) гэгддэг хүн амьтны царай төрх, байгаль орчин, эд зүйлсийг таньж ялгах үүрэг даалгавартай хэсгээ үсэг таньж, уншихад хэрэглэдэг байна. Түүнчлэн дуу чимээ, хөгжим авиа ялгадаг “Temporal Cortex”, мөн хэл яриа, хэл зүй хариуцдаг “Broca’s Area” гэсэн хоёр хэсгээ ашиглан цаасан дээр бичигдсэн үгсийг толгой дотроо яриа болгон хүлээж авдаг гэнэ. Ийм учир сонсдог номын хувьд өгүүлэгчийн дуу хоолой, өгүүлэмжээс уншигчид номын өгүүлж буй түүх, агуулгын тухайд илүү олон давхар мэдээллийг авах боломжтой гэж болох юм. Профессор Д.Виллингемийн хэлж буйгаар У.Шекспирийн жүжгүүдийг үзэх нь жүжигчдийн тоглолтоос шалтгаалан уншихаас илүү олон давхар утга санааг олж авах боломжтой аж.

Түүнчлэн сонсдог ном нь хүүхдүүдийг уншихад хөтлөх гүүр болдог гэж АНУ-ын Харвардын Их сургуулийн номын санч Лаура Шерифф өөрийн номын дэлгүүрт ажиллаж байсан туршлагадаа үндэслэн онцолсныг “The Harvard Gazette”-д дурджээ. Түүний хэлж буйгаар Харри Поттер цувралыг сонсдог номоор “уншсан” хүүхдүүд хэвлэмэл номоор худалдаж авах нь түгээмэл байжээ.
Эцэст нь хэлэхэд номыг унших, сонсох хоёул тус тусын давуу болоод сул талтай. Иймд өөрийн сонирхол, нөхцөл байдалд тохируулан сонгох нь зүйн хэрэг. Гэвч бид бүгд л өвөө эмээ, аав ээж, ах эгчээсээ үлгэр сонсож сонсдог номын “хэрэглэгч”-ээр уншигчийн гараагаа эхэлдэг хойно ном, уран зохиолд шимтэхэд унших, сонсох төдийлөн ялгаагүй билээ.

Сэтгэгдэл бичих

