Агаарын тээвэр бидний амьдралыг хөнгөвчилж, цаг хугацаа, мөнгө хэмнэх гол хэрэгслүүдийн нэг болжээ. Гэвч бидний дийлэнх нь онгоцыг зөвхөн холын тээвэрт буюу гадаад улс орон руу аялах тээвэр хэмээн хардаг нь нууц биш.

Энэ удаад бид ерөнхий зориулалтын агаарын тээвэр нийгмийн бүхий л салбарт үр ашгаа өгч, өргөн хэрэглээнд нэвтрээд байгааг онцлохоор зорилоо. 

Эрүүл мэнд: Нисдэг эмнэлэг

Хэдхэн минут, секундийн зөрүүнд хүний үхэх сэхэхийг шийддэг эрүүл мэндийн үйлчилгээний салбарт агаарын тээвэр онцгой үүрэгтэй. Ялангуяа алслагдсан бүс нутагт эсвэл онцгой нөхцөлд яаралтай түргэн тусламж үзүүлэх шаардлага гарахад онгоц шиг найдвартай бөгөөд шуурхай тээвэр гэж үгүй.

Одоогоос бараг 100 жилийн тэртээгээс Австралид анхны "нисдэг эмнэлэг"-ийг ашиглалтанд оруулж, орон нутгийн жижиг эмнэлгүүдэд амжилттай туршиж эхэлжээ. Хот, төвөөс зайдуу нутагт тулгардаг чадварлаг мэргэжилтэн болон чанартай тоног төхөөрөмжийн дутагдлыг онгоц нөхөж чадна гэдгийг тэд батлан харуулсан юм. Ийм үед онгоц нь зөвхөн түргэн тусламжийн тэргэнд зайлшгүй агуулагддаг анхан шатны тусламжийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүдээс гадна төрөл бүрийн оношилгооны аппарат, хагалгаа хийх багаж хэрэгслүүдээр тоноглогддог учир хүнд өвчтөн тээвэрлэх, яаралтай хагалгаа хийх гэхчлэн өдөр бүр хүний амь аварсаар байна.

Гэхдээ эрүүл мэндийн үйлчилгээг зөвхөн яаралтай дуудлага, онцгой тохиолдлоор хязгаарлаж болохгүй. Тогтмол эмчийн хяналт шаардлагатай болдог жирэмсний үзлэг, шүдний эмчилгээ, дархлаажуулалт зэрэгт явуулын оношилгоо ашиглах нь улс орон даяар нийтийн эрүүл мэндийн салбарын хүртээмжтэй байдлыг хангах чухал ач холбогдолтой билээ.

Байгаль орчин: агаараас хянагч

Монгол шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам тархан суурьшсан бүс нутагт байгаль орчны хяналтыг тогтмол хийнэ гэдэг тун ч амаргүй асуудал. Суурин газрууд хоорондын зай хол учир зардал ихтэй, хүний нөөцийн болон материалын хомсдолтой нүүр тулдаг асуудлыг хамгийн үр ашигтай байдлаар шийдэх нэг шийдэл нь агаарын тээвэр болдог.

Бага оврын онгоц нь хайгуулын болон зураг авалтын тоног төхөөрөмжийг агуулах боломжтой учир төрөл бүрийн судалгааны зориулалтаар хэрэглэгдэх нь элбэг. XXI зуунд хүрээлэн буй орчны гол асуудлуудын нэг болоод байгаа цөлжилт болон уул уурхайн нөхөн сэргээлттэй холбогдох судалгаа хийх, орчны болон судалбарын ажиглалт хийх, бусад судалгааны зураг авах нь энд хамаарна.

Үүнээс гадна дархан цаазтай болон нэн ховордсон ан амьтныг илрүүлэх, хяналт тавихад "агаараас хянагч" онцгой үр дүнтэй. Мөн улирлын онцлогоос хамаарч үүсдэг ойн түймэр, хортон шавжтай тэмцэх зэрэгт онгоц зайлшгүй хэрэг болдог.

онцгой байдал: тэнгэрЭЭС аврагч

Ерөнхий зориулалтын нисэх дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг агаарын тээврийн чиглэл болсны шалтгаан нь дэд бүтэц болон зардал бага шаардагддагт буй. Том оврын онгоц хөөрөхөд шаардлагатай нислэгийн зурвасын тавны нэг нь буюу 150 метр орчим зам байхад л хангалттай, нислэгийн зөвшөөрөл, стандартын норм ч уян хатан, ойлгомжтой тул онцгой нөхцөл байдал үүссэн үед ийм онгоц ашиглан илүү шуурхай арга хэмжээ авах нөхцөл бүрддэг.

Тиймдээ ч гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлт, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхээс эхлээд гамшгийн дараах үйл ажиллагаа, эрэн хайх-аврах ажиллагаануудад агаарын тээвэр хамгийн найдвартай хэрэгсэл байсаар байна. "МАИ"-ийн санал болгож буй бага оврын "Legend-570" онгоцонд 2 нисгэгчээс гадна онцгой байдлын 7 аврагч багтах бөгөөд аврах ажиллагаа, хайгуулын төхөөрөмж, түймэр унтраах тоног төхөөрөмж суурилуулах боломжтой байхаар зохион бүтээгджээ. 70 тэрбум ам.долларын хохирол учруулсан "Сэнди" хар салхины үед ерөнхий зориулалтын нисэх онгоцууд маш богино хугацаанд 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж аварсан бол Гветамалд 2005 онд болсон "Стэн" хар салхины үеэр нуралтанд боогдсон ард иргэдэд долоо хоногт 1,2 сая ширхэг хоол түгээснийг Дэлхийн Банкнаас онцолжээ.

Дан онцгой байдлын үед гэлтгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд ч онгоц ашиглагддаг гэдгийг мартаж болохгүй. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хортон шавж устгал хийх, аэрохимийн ажлууд гүйцэтгэх зэрэг хүн ажиллахад төвөгтэй нөхцөлд онгоц шиг хэрэгтэй зүйл үгүй.

батлан хамгаалах: найдвартай түнш

Ерөнхий зориулалтын нисэхэд хуваарьт болон цэргийн зориулалтаас бусад хэрэглээг багтаан тооцно гэх түгээмэл тодорхойлолт байдаг ч батлан хамгаалахын салбарт бага оврын онгоц өргөн хэрэглэгдсээр ирсэн юм.

Энэ нь хэрэглэхэд зардал бага, түргэн шуурхайтай нь шууд холбоотой. Цэргийн нисэх багийн сургалт, шүхрийн буултын дадлага зэрэгт ерөнхий зориулалтын нисэхийг ашигладаг. Энэ чиглэлийн хамгийн түгээмэл хэрэглээ нь алслагдсан бүс нутагт цэргийн ачаа тээвэр хүргэх, хилийн зурваст эргүүл хийх юм.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгэн илэрхийлэл бол хүчний байгууллагууд ерөнхий зориулалтын нисэхийг үйл ажиллагаандаа ашиглах юм. Сүүлийн үед батлан хамгаалахынхан нүсэр тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, зардал нөөц шаардагддаг том оврын цэргийн онгоцыг тогтмол ашиглахаас татгалзаж бага зардлаар үр ашигтай ажиллахыг эрмэлзэх болжээ.

аялал жуулчлал: АГААРЫН ТАКСИ

Аялал жуулчлалын бизнест агаарын тээврийн үзүүлж буй нөлөө үлэмж их. Хил дамнан, холын газарт аялахад иргэний агаарын тээвэр хэрэг болдог ч яг хүссэн газартаа хүрч очих хүслийг бага оврын онгоц л гүйцэлдүүлж чадна.

Байгалийн үзэсгэлэн гоо цогцолсон, өвөрмөц тогтоцтой газрууд, онгон зэлүүд тал нутгийг зорих гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлмээр байвч зарим аймаг, сумд руу одоог хүртэл зорчиход хүндрэлтэй, хэдэн өдөр дамнан явж байж очдог хэвээр байна. Тав тухгүй, эрсдэл ихтэй, цаг үрсэн олон хоногийн аяллыг онгоцоор шийдвэл аялал жуулчлалыг тэлэх боломж нэмэгдэнэ. 1000 гаруй км-ийн зайтай Увс аймаг руу 3 цаг 30 минутын дотор, Хөвсгөл рүү 2 цаг 30 минутын дотор хүрнэ гээд төсөөлөхөд ойлгомжтой.

"MAИ" компанийн хувьд сэнсэн хөдөлгүүрт онгоцуудаа ашиглан сум хоорондын нислэг үйлдэх бөгөөд хуваарьт нислэгүүдийн ачаар орон нутгийг зорих хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж үзэж буй. Ингэвэл яваандаа орон нутгийн хөгжил, дагалдах бизнесүүд эрчимжиж, ажлын байр шинээр үүсэх боломжтой. Замаас такси барьж байгаатай ижил "агаарын таксиг" захиалан хөлөглөх цаг айсуй.

Хөдөө аж ахуй: бүтээмж үржүүлэгч

Хүн амын өдөр тутмын хүнсний хэрэгцээг хангагч хөдөө аж ахуйн салбарт агаарын тээвэр онцгой үүрэгтэй. Богино хугацаанд их газрыг туулах чадалтай учир газар тариалангийн салбарт үр бордоо цацах, усалгаа хийх зэргээр ашиглахад нэн тохиромжтой юм. Энэ нь цаашлаад ургацыг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулах үр нөлөөтэй.

АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт л гэхэд 28 сая га газарт агаарын тээвэр ашиглаж, бүтээмжээ 20 орчим хувиар нэмэгдүүлдэг гэх тооцоолол бий. Тариаланчид, тариалангийн компаниуд онгоц ашиглан тарианы талбайгаа эргэх, судалгаа-зураглал хийх, хяналт тавих боломжтой. Мөн хортон шавжаас хамгаалах арга хэмжээг түргэн шуурхай авснаар ургац алдах, чанар муудахаас сэргийлэх давуу талтай.

ачаа тээвэр: баталгаат туслах

Агаарын тээврийн салбарын хамгийн гол хэрэглээний нэг бол ачаа тээвэр билээ. Төвөөс хол орших, дэд бүтэц сул хөгжсөн бүс нутгуудад яаралтай болон чухал ачаа тээвэрлэх хэрэгцээ тогтмол үүсдэг.

Бага оврын онгоц нь 2000 кг хүртэлх ачааг тээвэрлэх хүчин чадалтай байдаг бөгөөд нэмэлтээр үнэт металл тээвэрлэх зориулалтын бэхэлгээт савыг суурилуулах, GPS хяналтын төхөөрөмжийг хавсаргах боломжтой байдаг гэнэ.

Энэ бүхэн орон нутгийн бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ найдвартай, түргэн шуурхай татан авах боломжийг олгохоос гадна бүтээгдэхүүний түгээлтийн сувгаа өргөжүүлэх, улмаар бизнесээ тэлэхэд дэм болох учиртай.

VIP хөлөг: тухлаг үйлчилгээ

Бага оврын онгоцыг хувийн хэрэгцээнд ашиглах нь түгээмэл. Ариун цэврийн өрөө, ачаа тээшийн тавиур, тавтай үйлчилгээ бүхий VIP хөлөг нь 4-6 зорчигчийг тээвэрлэх чадалтай байдаг.

Цаг завгүй, аймаг дамжин үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчдэд үргүй зардлаас зайлсхийж, богино хугацаанд үр дүнтэй бизнес аялал хийх боломж үүгээр гарч ирж буй. Гадаад дотоодын түншүүд, хүндтэй зочдодоо өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгцээг мөн VIP хөлөг хангана.

Төгсгөлд нь, дээрх салбарууд дахь хэрэглээг бүрэн хангах чадвартай, Монгол орны онцлог уур амьсгал газар зүйн нөхцөл байдалд зориулан шинээр зохион бүтээсэн "Legend 570" онгоцны анхны туршилтыг "МАИ"-ийн хамт олон амжилттай гүйцэтгэсэн сайн мэдээг уншигчдадаа дуулгая. Дэлхийн хамгийн шилдэг зохион бүтээгчдийн хамгийн найдвартай хэмээн батлагдсан дөрвөн далавчтай дизайныг зах зээл дэх хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй хослуулсан нь 21-р зууны ерөнхий зориулалтын нисэхийн гол шаардлага, стандартуудыг бүрэн хангасан шийдэл болж чаджээ.