Дэлхий дахинаа сая сая хэрэглэгчдийн өдөр тутмын ажил, амьдралын нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй ChatGPT, Slack, Medium, Duolingo, болон Amazon зэрэг томоохон платформ, апп-уудын үйл ажиллагаа Amazon Web Services (AWS)-ийн гэнэтийн доголдлоос үүдэн сүүлийн 24 хүрэхгүй цагийн дотор нэг дор сааталд ороод амжлаа.
Өмнө нь 2020, 2021, 2023 онуудад тус саатал мөн л гарч байсан ба тухайн үед The Washington Post, Coinbase гэхчлэн платформоос эхлээд McDonald’s, Taco Bell зэрэг түргэн хоолны апп-ууд ч хоморгод нь “өртсөн” түүхтэй. Тэгвэл энэхүү эзэнгүй алдаа гарах болсон шалтгаан ба уг асуудлын хүрээнд болж өрнөсөн үйл явц зэргийг эл нийтлэлээр сонирхуулъя.
AWS БА ҮҮЛЭН ТЕХНОЛОГИ (Cloud computing)
Хамгийн түрүүнд тус саатал гарсан даруйд яагаад олон улсын хэвлэл мэдээллийн томоохон сувгууд болох CNN, BBC, CNBC болон NBC News ээлж дараалан шуурхай нийтлэлээр “бөмбөгдөж” буйн шалтгааныг ойлгох хэрэгтэй. Энэ нь AWS буюу Amazon Web Services нь технологийн ертөнцөд ямар том байр суурь эзэлж, үүлэн технологийн үйлчилгээ дэлхий дахинаа ноёрхож буйтай шууд холбоотой.
AWS нь үүлэн технологийн зах зээл (cloud market)-ийн даруй 30 хувийг дангаар бүрдүүлж буйн хувьд уг талбар дахь хамгийн том тоглогч. Үүлэн технологийн үйлчилгээ нь уламжлалт мэдээллийн технологийн дэд бүтцийг сөрж, технологийн компаниуд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ илүү хурдан шуурхай, санхүүгийн хувьд ээлтэй, уян хатан горимын дагуу хийх боломжийг олгодгоороо онцлог.
Өөрөөр хэлбэл, компаниуд заавал нүсэр том сервер, өгөгдлийн агуулах худалдан авч, санхүүгийн болон логистикийн хүндрэлтэй нүүр тулахын оронд бүх үйл ажиллагаагаа интернэтийн тусламжтай онлайн өгөгдлийн санд төвлөрүүлэх цомхон бөгөөд үр ашигтай шийдэл нь үүлэн дэд бүтэц. Иймдээ ч та бидний сайн мэдэх Reddit, Facebook-ээс авхуулаад Snapchat хүртэл тус үйлчилгээний “үнэнч хэрэглэгч” аж. Судлаачдын үзэж буйгаар 2025 оны төгсгөл гэхэд нийт үүлэн дэд бүтцийн үйлчилгээний орлого түүхэндээ анх удаа 400 тэрбум ам.доллароос халих төлөвтэй байна.
Мэдээж аливаа технологийн үйлчилгээний зах зээл жилээс жилд асар хурдацтай өргөжин тэлж буйн ард олон сая хэрэглэгчтэй төрөл бүрийн платформууд болон тэдгээрийг дагалдах нүсэр их серверийн ачаалал яригдаж таарна. Иймдээ ч AWS-ийн доголдол гар утасны тоглоом, их сургуулийн канвас, онлайн захиалгын апп зэргийг цөм хамарч буйн хувьд 8 настай балчраас 80 настай бууралд хүртэл хамаатай асуудал аж. Чухам уг шалтгаанаас үүдэж тус доголдол олон улсыг хамарсан шуурхай мэдээ болоод байна.
ЯГ ЮУ БОЛОВ?


Өчигдөр буюу 10-р сарын 20-ны шөнө Хойд Америкийн 00:11 цагт (Улаанбаатарт мөн өдрийн 15:11 цаг) AWS-ийн зүгээс өөрсдийн Хойд Виржиниа дахь дата төвийн харьяа бүс буюу US-EAST-1 бүс дэх өгөгдлийн нэгдсэн төвд илэрсэн гэнэтийн саатлуудын хүрээнд эхний мэдэгдлээ хийсэн. Энэхүү доголдлоос болж саатсан олон платформ, апп байгаа ч тэдгээрээс хамгийн олон хэрэглэгчтэйг доорх байдлаар жагсаасан байна. Уг саатал хоёр цагийн турш идэвхтэй үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд зөвхөн АНУ дахь хэрэглэгчдээс гэхэд 1.4 сая гаруй гомдол цугларчээ.

AWS-ийн баг одоогийн байдлаар 25 нэмэлт мэдэгдлийг тус бүр дунджаар хагас цагийн зайтай хийсэн бөгөөд хамгийн сүүлийн мэдэгдлийг Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 06:53-д хийхдээ:
"Нийт системийн сэргэлт амжилттай хийгдсэн ба зарим үйлчилгээний засварыг (AWS Config, Redshift, Connect гэх мэт) ирэх хэдэн цагт бүрэн гүйцэлдүүлэхээр төлөвлөж байгаа" тухайгаа цохон тэмдэглэжээ.
Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр доорх 142 AWS-ийн үйлчилгээ дахин засварлагдаад байна. Эдгээр үйлчилгээнүүд нь AWS-ийн үүлэн технологийн дэд бүтцийн бүрдэл хэсгүүд гэсэн үг. Гэвч энэхүү саатал AWS-ийн үүлэн технологийн үйлчилгээнээс хальж, Амазоны бусад интернэт холболтоор ажилладаг бүтээгдэхүүн болох Alexa, гэрийн электрон домофон зэрэг төхөөрөмжийн үйл ажиллагаанд ч нөлөөлөөд амжсан нь асуудлын хамрах хүрээг улам томсгож буй.


ЯАГААД БОЛЖ ӨРНӨВ?
AWS-ийн болон салбарын бусад мэргэжилтнүүд уг дэлхийн хэмжээний үр дагавар бүхий саатал нь AWS-ийн DNS (Domain Name System) буюу интернэт дээрх серверүүдийг харгалзах IP хаягтай холбох үүрэгтэй систем гажуудсанаас үүдэлтэй хэмээн тайлбарлаад буй. Өөрөөр хэлбэл, өгөгдлийн сан дахь мэдээлэл хүрэх ёстой серверээ оновчтой таньж, холбогдож чадаагүй гэсэн үг. Хэдийгээр энэхүү алдааг илрүүлж чадсан ч яагаад үүсэх болсон шалтгааныг тал талаас идэвхийлэн судалсаар байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар уг гэнэтийн “осол” нь ямар нэг хөндлөнгийн нөлөө, тэр дундаа санаатай халдлагаас үүдээгүй ба үүнийг ч AWS бататган мэдэгдсэн.
ОДОО ЯАХ ВЭ?
Үүлэн технологийн үйлчилгээ сүүлийн арваны туршид технологийн компаниуд өгөгдлийн сангаа интернэт мэдээллийн системд төвлөрүүлж, үйл ажиллагаагаа хөнгөвчлөх төрөл бүрийн боломжийг эрчимтэйгээр бий болгосон. Гэсэн хэдий ч тус зах зээл дэх ганцхан компанийн үйлчилгээнд хэт олон платформ, апп төвлөрсөн нь компанийн ганц алдаа хэрхэн олон улсын хэмжээнд асуудал дагуулж болохыг харууллаа. Мөн AWS-ийн доголдол нь бүтэн өгөгдлийн сангийн бус түүнд хамаарах нэгэн системийн гажуудал төдий асуудлаас даамжирч, олон сая хэрэглэгчдэд тулгарсан саатал болтлоо хүрээгээ тэлсэн нь салбарынхны төдийгүй хэрэглэгчдийн сэтгэлийг түгшээгээд амжив.

Шинжээчдийн дүгнэж буйгаар асуудлын цөм нь зах зээлийн монополь тоглолт. Үүний зэрэгцээ AWS-ийн хэмжээнд өрсөлдөх бололцоотой хэмээгдэж буй хоёр компани болох Microsoft-ийн Azure болон Google-ийн Cloud Platform нь хоёул АНУ-ын харьяалалтай. Хэдий тийм ч IBM, Alibaba зэрэг компаниуд энэхүү талбарт өрсөлдөгчийн байр сууриа хадгалсаар байгааг дурдууштай. Мөн супермаркетын сүлжээ Lidl-ийн эх компани өнгөрсөн онд Европын зах зээлд Amazon-той өрсөлдөхүйц Stackit нэрт үйлчилгээ нэвтрүүлээд амжсан билээ. Энэ мэтээр зах зээл дэх хэт төвлөрөлтийг багасгаж, олон сагсанд өндгөө хувааж хийх нь өчигдөрхөн болж өнгөрсөн түүхэн саатлыг дахин давтахгүй байх, давтсан ч харьцангуй хөнгөн хохирол амсах үндсийг тавих аж.


Сэтгэгдэл бичих

