Эзэн богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, “Монгол бахархал”-ын өдөрт зориулан бид ямар нийтлэл бэлдэх талаараа багагүй бодов. Ингээд олон сар дарсан буюу тохиромжтой цагийг нь хүлээж байсан энэхүү нийтлэлээ уншигч танд өргөн барьж байна. Уг нийтлэлийг бичих “эх сурвалж” болсон Бямбын Ринчен гуайн төрсөн өдөр ч мөн өнөөдөрт тохиож буй. Энэхүү бахархалт өдөрт орчин цагийн залуус бид эх хэлээ эрхэмлэх нь бидний хийж чадах нэгэн үнэт зүйл билээ.

2025 оны эхэнд буюу эл нийтлэлийг бичихээс даруй зургаан сарын өмнө миний бие нэрт орчуулагч Г.Аким гуайн нэгэн ярилцлагаас монгол хэлээр найруулж сурах хүсэлтэй залуу хүн болбоос алдарт эрдэмтэн Б.Ринчен гуайн “Монгол хэлний зүйн дөтгөөр дэвтэр: Өгүүлбэр зүй” хэмээх номыг нэг бүрчлэн уншиж судлах хэрэгтэй хэмээхийг нь олж сонссон юм. Тэрбээр өөрөө ч эл номыг үг бүрчлэн судалж, монгол хэлээр найруулах арга зүйд “дөртэй” болсон хэмээн хуучилсанд угаас цаас үзэг нийлүүлэх хүсэлтэйн дээр нэрт эрдэмтнийг сургаар шүтэн тахих бус, эрдэм шинжилгээний ажил тэргүүтнийг нь нүдээр үзэж танилцахын хэзээний горилдоо дулдуйдан уг номын эрэл сурал болсон билээ.
Ийн хэдэн хоног тус номын хойноос эрж сурсны эцэст олоод, Монголоос хил дамнуулан авчруулж, хэдэн сарын туршид шимтэн шимтэн уншаад уг номд дурдагдсан эх хэлний найруулга, өгүүлбэр зүйн тухай олон сонирхолтой санаа, ухагдахууныг хуваалцахаар шийдлээ. Тус номоос энд онцлон дурдах санаа сэлт уншигч таны эх хэлээрээ бичих, мөнхүү унших үйлд нэмэр болох болов уу хэмээн найдахын зэрэгцээ, эх хэлнийхээ тухай хоромхон зуур ч гэлээ эргэцүүлэхэд хүргэх ану гэж давхар итгэнэ.

Хоршоо үгийн гайхамшиг
Монгол хэлэнд үг хоршин нийлж, шинэ утга ухагдахуун буй болгон бүтээх ёс байдаг ажээ. Үүнийг хоршоо үг хэмээн нэрийддэг бөгөөд тэдгээр нь монгол хэлээр найруулан бичихэд тун тустайн дээр бичгийн найруулгыг уран яруу, утга төгөлдөр болгодог байна. Б.Ринчен гуайн тодорхойлсноор манай хэлэнд нийт 18 орчим тооны хоршоо үгийн зүйл байдаг гэнэ. Тэдгээрийг нэг бүрчлэн доор оруулбал:
1. Толгой холбосон хоршоо үг
Айл аймаг
Нарийн нандин
Нягт нямбай
Завхай зайдан
Хань (хани) хамсаа
Сайн сайхан
Муу муухай
Бузар булай
Бага балчир
Өнчин өрөөсөн
Найр наадам гм.
Үүнд хэл шинжлэлийн үүднээс нэгэн сонирхолтой тайлбарыг Б.Ринчен гуайн номоос шууд эшилбэл:
"… Айл аймаг гэдгийн язгуур нь ай болох тул, монголоор бодогч хүнд яагаад айл хүн, амь нэгтэйгээрээ нэгэн аймаг, нэгэн ай болдог нь сэтгэлд ургаж, айл аймаг гэдэг хоршоо үг, даруй зураачийн дүрслэн зургаас дутуугүй тодоор ашиг сонирхол, амь нэгтэй айл хүнийг айл аймаг гэж хэл нэгтэй, аж төрөн амь зуух байдал нэгтэй, ижил дасал болсон хэсэг бөлөг хүн үзэгдэх мэт санагдах ажээ… Эрт баларын хүн, амисгал хураах, амисгал тасрахыг ами тасрахын тэмдэг гэж үзэж байсан учир, ами-амисгал - цаашлавал амин сүнс гэдгийг холбон сэтгэсэн нь монгол хэлний баримт гэрчээс бас тодорхой амуу. Ами гэдгийг а-язгуур нь латинаар галиглавал aqu гэсэн цагт нэрийн дотор болохын нэр бүтээгч qu дагавар залган бүтсэн нэрнээ ордог а-язгуур аж, тэр язгуураас ами-амин, амида, амидарал, ахуй гэх мэт маш олон үг бүтээдэг язгуур бөгөөд цөм ах бүх байдлыг заасан утгатай үг болдог үүнээ, ами гэдэг нь мөн ами гэсэн лүгээ утга ойролцоо сүн- гэдэг язгуур үгтэй хоршиж, ами сүнс (амин сүнс) гэдэг хоршоо үг бүтсэн ажээ…"
2. Цагт нэрийн хоршоо үг
Ярвайх ярзайх
Уйлах унжих
Гуйх гувших
Гутах гуних
Халах халшрах
Гоёх гоодох
Шунах шулах
Эдгээр хоршоо үгсийн үг тус бүр нь найруулгад өнгө нэмэгдүүлэхээс гадна утга санаагаа дэлгэрүүлэх, мөн тухайн хүүрнэгчийн сэтгэлийн хөдөлгөөнийг давхар илэрхийлэн харуулах хэд хэдэн үүрэгтэй байдаг байна.
3. Сул нэрээр бүтсэн хоршоо үг
Халт хулт
Хага хуга
Хамх хэмх
Цоо цу (татах)
Дээрх сул нэрээр бүтсэн хоршоо үг монгол хэлэнд хамгийн цөөн тооны байдаг хэмээн зохиолч бичсэн байв.
4. Сүүл холбосон хоршоо үг
Хүн ахтай
Дээл захтай
Дүүдэй Баадай дөрвүүлээ
Дөши Маши хоёулаа (Тэмээний оньсгоос)
Хүн хүн хүрээлээд
Хүрэн азарга жороолоод
Жидату эрэ-и жигужу,
Чисуту тоног тоногчин
Үлдүтү эрэ-и hүлдэжү,
Унагажу алажу
Уб тоног абугчин… (Монголын Нууц Товчооноос)
Ус цас (нэрийн үгийн адаг)
Хөнгөн шингэн
Согтуу хөлчүү
Ядуу зүдүү
Бүрэг бараг
Хэмжээ дамжаа
Хэн ян (заах нэрийн зүйл)
Юухан хүүхэн
Хэзээ язаа
Аахар шаахар (сул үгийн зүйл)
Ундуй сундуй
Унан дусан
Шалдар булдар
5. Дуурайн хоршоо үг
Дуурайн хоршоо үг нь урдах үгээ элэглэн дуурайсан санаа байдлаар тухайн үгийн утга санаанд хөнгөмсөглөн, тоомсорлохгүй, хайнгашиг үзэх утга бүтээдэг. Тэгэхдээ өмнөх үгийнхээ эхний гийгүүлэгчийг м үсгээр сольж бүтээдэг аж (хэрэв тухайн үг угаас м үсгээр эхэлсэн бол з үсгээр солино).
Дэвтэр мэвтэр
Хонь монь
Гахай махай
Чоно моно
Хурал мурал
Дарга марга
Цагаан магаан
Ах мах гм.
“Дууриан үгнээ хүний нэр ч гэсэн мөн дууриан хоршоо үг болгож болдог бөгөөд түүгээрээ баахан тоомсоргүйн байдлыг мэдэгддэг арга анам.” - Б.Ринчэн Монгол хэлний бичгийн хэлний зүй, 4-р дэвтэр, 23 тал.
6. Утга ойролцоо хоршоо үг
Хэл ам
Хэрүүл шуугиан
Яр шарх
Хөл үймээн
Өвс ногоо
Ухаан санаа
“...Хэдэн жилийн өмнө Life сэтгүүлээс чөтгөр шулмын оролцоотой гэмээр үйл явдлуудын цаана юмсыг бодлоороо удирдан хөдөлгөх чадвар буюу телекинез гэх онцгой чадвар байж болох тухай таамаг дэвшүүлсэн нийтлэл уншиж байсан юм…” - Стивен Кинг Бичихүйн тухай, Тагтаа хэвлэлийн газар, 78 тал.
“... “Байшин” гэж намайг хариулахаас өрсөөд дүү минь “Казахуудын оршуулга” гээд хариулчихсанд бөөн хэрэг мандаж, арай гэж өрсөн тоосгуудаа нураалган, хог шороо хормой дээрээ овоолсоор, уйлаан майлаан болсон хоёр амьтан гэрээс хөөгдөн гарч билээ. - Л.Өлзийтөгс, Хараацай зогсолт I, 157 тал.
7. Хошоод цагт хоршоо үг
Мандах бадрах
Мөхөх сөнөх
Захирах тушаах
Хахах цацах
Алах талах
Салах сарних
Халуурах бүлээрэх
Идэх уух
Мэдэх чадах гм.
“...Хэн нэгнийг санагалзан гансрах сэтгэлийг нь анагааж эдгээсэн, насанд хүрээгүй ч хорвоогийн нууцгай явдлыг гаргуун мэддэг, жижигхэн буриад охин Хагдай бөөг ирэх өглөө хувцсаа маш хурдан олж өмсөөд,баавгайн арьстай хаалгыг хамаг чадлаараа савж хаяад гаран одов…” Г.Аюурзана, Бөөгийн домог, 140 тал.
8. Сул нэр хоршоо үг
Арай чарай
Хага хуга
Шалз ялз
Ундуй сундуй
Өм цөм
Үлт ялз
Ийн сул нэрээр бүтсэн хоршоо үг нь тийн ялгалаар ялгалладаггүй бөгөөд өгүүлбэр дотор үйл үг, цагт нэр зэргийг дагуулан үлт ялз чана, өм цөм үсрэх зэргээр найрдаг аж.
9. Эсрэг тэсрэг хоршоо үг
Их бага
Хол ойр
Эр эм
Эцэг эх
Гал ус
Жаргал зовлон
Сайн муу
Газар тэнгэр
Нар сар
Өдөр шөнө
Зөв буруу
Урт богино гм.
10. Цагт нэрээр бүтсэн эсрэг тэсрэг хоршоо үг
Үхэх сэхэх
Өөдлөх уруудах
Унах босох
Магтах муулах
Онох алдах
Барих тавих
Хараах ерөөх
Асуух хариулах
Авах гээх
Дээртэх дордох гм.
Цагт нэрээр бүтсэн эсрэг тэсрэг хоршоо үгийг үйл үгийн олон цагт хувирган найруулан бичдэг байна. Жишээ нь, мартсан санасан юм юу байна? Барьж тавьснаа мартуузай, цугласан тарснаа тэмдэглэж бай, олсон алдсанаа бүү март, авах гээхийн ухаантай бай хэмээн ярианы хэл, бичгийн хэлэнд хэрэглэж болно.
11. Аялга хоршоо үг
Тас няс
Сүр сар
Тар няр
Түр тар
Шал нял
Хангир чингир
Хүй хай гм.
Эдгээр хоршоо үгс нь утга чангаруулахын зэрэгцээ дахиж давтсан, хэд хэд угсарсан байдлыг үзүүлдгийг дурдууштай. Жишээ нь, амьтан шаг шуг, жиг жуг хийгээд явчихлаа гэхэд ам амандаа, дор дороо шивнэлдэн шуугилдахын чимээ үргэлжилснийг үзүүлсэн утгатай болдог байна.
12. Үгүйсгэх нэр үгт хоршоо үг
Чимээ аниргүй
Ажиг сэжиггүй
Учир нажиргүй
Ухаан сэхээгүй
Ичих зовохгүй
Инээх ханиахгүй
Ум хумгүй
Хэний янаагүй
Ний нуугүй
Нүүр нүдгүй
Эв хавгүй
Өө сэвгүй гм.
“...Вяткад удаан байж тэссэнгүй.” - А.С.Грин, Аранзал дарвуулт хөлөг, орчуулагч Г.Аким, 3 тал.
“...Тачаангуй сэтгэл нь домгоос улбаатай түүний энэ л жижигхэн хөхийг хайр гамгүй базаж, энэ л турьхан биеийг хайрлах сэтгэлгүйгээр эзэмдсэний дараах долоо хоногт Рэжи ч, нөгөө бүсгүй ч ор тас мартагдан, Тэнгисийн сэтгэл тайван хоосон болсон байлаа…” - Г.Аюурзана, Бөөгийн домог, 140 тал.
13. Үгүйсгэх эсрэг тэсрэг хоршоо үг
Чадах чадахгүй
Мэдэх мэдэхгүй
Хийх хийхгүй
Болох болохгүй
Явах явахгүй
Үгүйсгэх эсрэг тэсрэг хоршоо үг нь бидний өдөр тутмын ярианы болон бичгийн хэлэнд түгээмэл хэрэглэгддэг (жш. ирсэн ирээгүйг нь мэдээд ир, мэдэх мэдэхгүй зүйлээ бүү ярь). Үүнээс гадна эхний цагт үгнээ хоршиц болгон үгүй гэх үгүйсгэл нэр залгаж үгүйсгэх эсрэг тэсрэг хоршоо үг бүтээх боломжтой. Жишээ нь, зөвшөөрөх үгүйг нь мэдэхгүй, болсон үгүйг нь мэдээрэй, болдог үгүйг нь би мэдэхгүй гэм мэт.
14. Эс үл хоршоо үг
Манай аман зохиолын хэлэнд үгүйсгэх утга бүхий эс, үл хэмээх хоёр үг хоршин нийлж хоршоо үг болох боломжтой байдаг гэнэ.
“...Үхтлээ үзэлдэн
Үл эс ханаваас
Дарагдталаа дайлдан
Үл эс ханаваас…” - Жангарын туульсаас.
15. Нөхцөл үгийн хоршоо үг
Ахин дахин
Эргэн хөрвөн
Босон харайн
Айн эмээн
Үхэн хатан
Уйлан унжин гм.
16. Давтах хоршоо үг (I)
Ахин ахин
Дахин дахин
Очин очин
Нэхэн нэхэн
Гайхан гайхан
“...Очиж очиж, чамайг явуулдаг нь юу ч билээ дээ, хө! Хэлээд хэлээд горьгүй болж дээ! Хэн хэн ирэх гэж байна? Юу юу гэж байна?” - Б.Ринчэн Монгол хэлний бичгийн хэлний зүй, 4-р дэвтэр, 51 тал.
“...Хэдэн сар хэлсэн амандаа хүрэх гэж зүтгэн, хоёр төмөр саваагаа араасаа чирэн, Мелкаидесийн зааж өгсөн тарнийг чанга дуугаар урин урьж, хавийн газар, тэр ч байтугай голын ёроолыг хүртэл нэг нэгэнгүй самнаж үзвэй…” - Г.Г.Маркес, Зуун жилийн ганцаардал, орчуулагч Г.Аким.
17. Давтах хоршоо үг (II)
Цав цагаан
Хав хар
Нов ногоон
Шив шинэ
Яв ягаан
Бөб бөөрөнхий гм.
Үйл үгэнд давтац нь тухайн үйл үгийн язгуур буюу үндэс нь болж дээрх давтах хоршоо үгийн адил утгыг чангаруулан, үйлийг ширүүсгэн үргэлжлүүлэх үүрэг гүйцэтгэдэг ажээ.
Гүй гүйсээр
Яв явсаар
Хар харсаар
Үз үзсээр
Бич бичсээр
Туу туусаар гм.
18. Элдэв хоршоо үг
Хүн хар
Данс хар
Хүн амьтан
Улс амьтан
Мал хөрөнгө
Эд хөрөнгө
Адуу мал
Уул ус гм.
“...“Сайн муу хоёр хүнд ав адил туславч,
Санаж хойно ачлах нь ер адилгүй
Сайн муу хоёр газар тариа тарих цагт адил боловч
Сайтар ургаж боловсрохдоо их ялгаатай мэт… - Эрдэнийн сан Субашидаас.
Энд сонирхуулахад, монгол хэлний хар гэдэг үг зөвхөн өнгөний нэрийг заахаас гадна давхар дан гэдэг утгыг илэрхийлдэг байна. Хар шөл гэвэл ямар нэгэн нэмэлт ногоо, хольцгүй дан шөл, хар санаа гэвэл олон талын бус дан нэг талын муу санаа, хар архи гэвэл ус холиогүй архи, хар зуд гэж цасгүй зуд, хар ус гэвэл ямар нэгэн нэмэлтгүй дан усыг хэлдэг хэмээн Б.Ринчен гуай бичжээ. Мөн хар хүн гэж өөр хүнгүй, дагнан суусан эр нөхрөө хэлдэг гэнэ.
Түүнчлэн монгол хэлний “амьтан” үгтэй холбоотой тайлбарыг Б.Ринчен гуайн номоос шууд эшилбэл:
“...Түүний хажуугаар бас, хоёр нэр зэрэгцүүлэхэд, нэг нь нөгөөдөө тодотгон тайлбарлах ёс бүхүй тул, тэр байдал бас зэрэгцэл хоёр үгээр бүтсэн хоршоо үгэнд туслалцдаг учир байдаг байна. Амьтан гэдэг үг - монгол хэлнээ амь бүхүй юм гэсэн учир, хүнийг ч амьтан гэж нэрлэдэг тул, одоо ч гэсэн бид, “миний эзгүйд ямар амьтан, миний ширээн дээрх ном үймүүлж орхив оо?” гэдэг шүү дээ. Тэхдээ, амьтан гэж “ямар хүн” гэсэн утгаар хэрэглэсэн үг болж байгаа шүү дээ… Амьтан муу хэлэхээс зовдоггүй юм уу? гэдэг үгэнд - амьтан гэж мөн л хүн гэсэн үг шүү дээ…”
Монгол бичгийн хэлний зүй, Б.Ринчен
Нэмэлт: Үг сондгойруулахгүйн ёсон

“...Миний багш нар, монголоор бичгийн эх зохиохдоо, аман дотроо нам дуугаар гиншин уншиж, найруулгын талаар болсон эссэнийг хянан үзэж, тийнхүү дуудан уншихад баахан эвгүй, илүү дутуу үгтэй, туг таг хийсэн газар, хоёр нэг ахин дахин уншиж байгаад, сондгойрсон газар нь нэг нэр үг, нэг үйл үг буюу нэг нөхцөл үг оруулан нэмэх буюу илүүдсэн нэг үг үсэг хасан дугуйлж байдаг асан…” хэмээн Б.Ринчен гуай бичжээ.
Судар бичгийн хүрээлэнгийн анхны ерөнхийлөгч Онходын Жамъян гүн, мөн хүрээлэнгийн гишүүн Бат-Очир Шадар тэргүүт олон хуучны монгол хэлний эрдэмтэд монгол хэлний найруулга зүйд үг сондгойруулахгүйн ёсон байдгийг тухайн үедээ чухалчлан хэлж, зааж сургаж байсныг Б.Ринчен гуай сонсож байжээ. Энэ нь тухайн өгүүлбэрт орсон хоршоо үг, нэр үг, үйл үг, тэмдэг зэрэг нь хэмнэл, хэв, тийн ялгалаараа тэгшхэн байна гэсэн үг. Үүнийг илүү тодорхой тайлбарлахын тулд хэд хэдэн жишээг доор дурдъя:
Буулгах охины эрээн мярааныг чи ав! - Номч хатны Гэсэр, IX ботийн 4-р дэвтэр, 57. тал.
Зүс ухаан тэгш сайн бөгөөд зан ааш нь төв номхон. - Б.Ринчэн, Монгол хэлний бичгийн хэлний зүй, 4-р дэвтэр, 75. тал.
Гавж Жамбал хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. - Д.Нацагдорж, Зохиолын түүвэр. Улаанбаатар, 19.
Мэдээж зохиолын хэмжээ дамжааны тухай ярьж буй ч цаана нь зохиолч тэр зохиолоо туурвихын тулд бие, оюунаа зориулсан зориулал, уншигчийн зохиолыг нь шингээж авахын тулд сэтгэл зүрх, цаг нараа зориулсан зориулал давхар яригдаж буй. - Стивен Кинг, Бичихүйн тухай, Тагтаа хэвлэлийн газар, 142. Тал.
Мөнх хаан ёс суртахууны хувьд өндөр дээд хэмжээнд хүрсэн, эрдэм боловсролтой нэгэн байсны дээр тал нутагт ийм заншил байтугай иймэрхүү санаа сэдэл ч угаас үгүй билээ. - Г.Аюурзана, Монгол хүн: Үндэсний үзэл бодол, 79. Тал.
Хоёр дахь нь болох өргөн ханхар мөртэй, улбар шаргалдуу, хөвсийж долгиотсон үстэй, дөрвөлжин судалтай саравчтай малгайгаа ар дагз руугаа шамбийлган дарж өмссөн эр нь ковбой маягийн хүрэм, үрчгэр цайвар өмд, хар өнгийн углааш шаахайтай харагдана. - М.Булгаков, Мастер маргарита хоёр, Монсудар хэвлэлийн газар, 23. Тал.
Хүндэт өвгөн ах минь
Хүрээд ирэв үү, та
Явдал учир юунд
Ямар хэргээр ирэв? - А.С.Пушкин, Алтан загасны үлгэрээс (орчуулагч Ц.Дамдинсүрэн).

Эдгээр жишээнүүдээс үзэхэд монгол хэлний найруулгад тухайн өгүүлбэрт орсон үйл үгийн хувирал, тийн ялгал болон нэр үг, байц, нөхцөл гишүүд бүгд хоёр хоёроороо тэгш тоогоор тэнцэхийн зэрэгцээ зарим тохиолдолд үгийн үеийн тоог ч тэнцүүлэхийг эрхэмлэдэг болох нь харагдана.
Түүнчлэн, монгол хэлэнд нэр үгийг ч мөн сондгойруулдаггүй зарчим бий хэмээн Б.Ринчен гуай бичжээ. Жишээ нь, шинжлэх ухаан хэмээх холбоо үгийн хувьд химийн шинжлэх ухаан, түүхийн шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухаан гэлгүй химийн ухаан, түүхийн ухаан, анагаахын ухаан хэмээн ерөнхий “шинжлэх” хэмээх нэрийтгэлийг нь гээн ярьж бичих учиртай гэнэ. Мөн хэл ба уран зохиол, Ромео ба Жульет гэхүйд даруй “ба”-г хасаж тэгшлэх нь зүй бөгөөд багш сурган хүмүүжүүлэгч гэлгүй багш гэх нэрийг хасах нь монгол хэлний найруулга зүй хэмээжээ.
Мөн Б.Ринчен гуай тус бүтээлдээ орчин цагийн монгол хэлний зөв бичих зүйн тухай олон сонин содон санаа оноо дэвшүүлсэн байв. Тодруулбал, бидний хэлж заншсанаар хатуугийн тэмдэг буюу ъ үсгийг кирилл үсэг хэрэглэдэг бүхий л улс оронд нийлмэл үгийг ялган тусгаарлах утгаар хэрэглэгдэг бөгөөд бид ч мөн тийн хэрэглэж учиртай санжээ. Жишээ нь, шар ус гэх үг нь аарц тараг ээдэм зэргээс ялгаран гарах ус, яр шархнаас гарах шаравтар ус, шар өнгө бүхий ус зэрэг олон утгатайгаас хооронд нь ялгах үүднээс шаръус хэмээн нийлүүлэн бичих нь зөв гэсэн байв.
Үүнээс гадна бор шувуу, шар шувуу хэмээх нэгэн зүйл шувуудыг нэрлэсэн нэрсийг мөн дээрхийн адил нийлүүлэн боршувуу, шаршувуу (шувуу гэх үг нь гийгүүлэгчээр эхэлсэн үг тул ъ үсгээр тусгаарлахгүй) гэж бичин зүгээр шар бор өнгийн зүстэй шувуудаас ялгах хэрэгцээ шаардлага бийг дурджээ. Үүнд төмөрзам, эмийнсан, номынсан, барааборлуулалт, эдийнзасаг (эд хогшил засах сэлбэхээс салгах үүднээс), нийгмийнъухаан зэрэг олон үгс мөн багтах учиртай нь цөм дээрх шаардлага ижил буйг илтгэнэ. Энэ нь эрт дээр үеэс үндэсний бичгээр мөн ийн нийлүүлэн бичдэг уламжлал буйтай зэрэгцэхийн сацуу дэлхийн олон хэлэнд ч (герман, орос, унгар гм.) тус арга зүй байдгийг зохиолч цохон тэмдэглэсэн байлаа.
Цаашлаад монгол хэлэнд л орсон нэр үг бол гадаад дотоодын гэж ялгах зүйлгүй бүгд нэгэн адил зүй тогтол дагадаг тул эрт дээр үед манай хэлэнд орж ирсэн рид үзүүлэх, шид үзүүлэх (самгард хэлний riddhi, siddhi хэмээх үгс) хэмээх үгсийн адил бүхий л гадаад үгс машин засах, шоу үзэх, сошиал ухах гэхчлэн монгол үгтэй адил хувирдаг байна.
Эцэст нь хэлний найруулга зүй (Stylistics) нь тухайн бичээч бүрийн өөр өөрийн үгийн сонголт, найруулгын онцлогоос үүдэн хүн хүнд харилцан адилгүй ч дээр өгүүлсэн монгол хэлний үг хорших, үг сондгойруулахгүйн ёсыг мэдсэнээр монгол хэлээр илүү утга төгөлдөр найруулан бичих, гадаадын ном зохиолыг оновчтой орчуулах, бусдын бичвэрийг редакторлах зэрэг бичгийн олон үйлд хэрэг болох болов уу. Гэхдээ энэхүү нийтлэлд Б.Ринчен гуайн бүтээлийн бүх санаа, агуулгыг багтаалгүй, хамгийн цөм, чухал хэмээснийг нь л оруулсныг нэмж дурдъя.
Өнөөдөр тохиож буй “Монгол бахархал”-ын өдрөөр залуус бид тусгаар тогтнол, ондоошил ялгарлын нэгэн чухал багана эх хэлээрээ яруу бичих чадвараа хялбархнаар нэг шат ахиулъя гэвэл холбоо үг багагүй тус дэмтэй байх нь шүү. Эцэст нь уншигч танд Их Чингис хаан, Билгүүн номч хоёрын мэндэлсэн өдрийн давхар мэндийг хүргэхийн сацуу бичгийн харгуй тань дардан байхын ерөөл талбия.

Сэтгэгдэл бичих

