Даяарчлалын нөлөөгөөр бидний энэ цаг үед эх хэлнээсээ гадна олон өөр гадаад хэл сурах шаардлага, хэрэгцээ нэмэгдсээр буй. Тийм ч учраас эцэг эхчүүдийн дунд өөрсдөө олон хэл сурахаар зорихын зэрэгцээ хүүхдээ багаас нь нэгэн зэрэг хоёр хэлээр хэлд оруулах сонирхол нэмэгдсэн нь сүүлийн үеийн судалгаануудаас тод харагдана.

Хоёр хэлээр нэгэн зэрэг хэлд орох нь таны хүүхдийн танин мэдэхүйн өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлж болохыг тархи судлал, нервологи (neuroscience)-ийн шинжлэх ухаан сүүлийн жилүүдэд түлхүү анхааран судалж байгаа юм. Тэгвэл хичээлийн шинэ жил тун удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхдээ хос хэлтэн болгон өсгөж буй эцэг эхчүүдэд тохиодог түгээмэл асуултад шинжлэх ухаан хэрхэн хариулт өгч буйг хүргэе.  

Судалгаагаар хос хэлээр хэлд орж буй хүүхдүүд хоёр хэлээ хооронд нь огт хольж сольдоггүй нь батлагдсан. Ихэнх тохиолдолд хүүхдүүд code-mixing буюу нэг өгүүлбэрт хоёр хэлнийхээ үгсийг хольж ярих тохиолдол байдаг бөгөөд үүнээс улбаалан эцэг эхчүүдийн дунд эргэлзээ төрдөг билээ. Гэхдээ хос хэлтэй насанд хүрэгчдэд хүртэл code-mixing тохиох нь энгийн үзэгдэл гэнэ.


Хос хэлээр хэлд орж буй хүүхэд нэг хэлээр хэлд орж буй хүүхдийн адил хязгаарлагдмал үгийн сантай байдаг бөгөөд хоёр хэлний үгийн сан нэгэн ижил хэмжээгээр тэлдэггүй учир нэг хэлнийхээ мэдэхгүй үгээ нөгөө хэлнээсээ сольж ярих байдлаар code-mixing үүсдэг аж.

Хүүхэд хэлний хэмнэл, дуудлагын ялгааг маш сайн мэдэрдэг бөгөөд 0-4 сар хүртлээ хоорондоо ижил төсөөгүй хэлийг (Орос, Хятад) тод ялгаж чаддаг байна. Харин дөрвөн сараас хойш хоорондоо ижил төсөөтэй дуудлага, хэмнэл бүхий хэлнүүдийг (Франц, Испани) ялгаж сурдаг.

Сонирхуулахад, нэг эсвэл хос хэлээр хэлд орж буй бүх хүүхдүүд 4 сартайдаа зөвхөн хүний амны хөдөлгөөнөөр өөр, ялгаатай хэлээр ярьж буй эсэхийг таньж байгааг баталсан судалгаа 1997, 2007 онуудад хийгджээ. Харин хос хэлээр хэлд орж буй хүүхдийн хэлийг ялгах чадвар нэг хэлээр хэлд орж буй хүүхдээс илүү байдаг нь мөн судалгаагаар батлагдсан.


Нэг хэлээр хэлд орж буй хүүхэд найман сартайгаасаа нүүрний илэрхийлэл, амны хөдөлгөөнд анхаарал хандуулах нь аажмаар буурдаг бол хос хэлээр хэлд орж буй хүүхэд энэхүү чадвараа хадгалсаар байдаг гэнэ.

Хос хэлээр хэлд орох нь тухайн хүүхдийн ирээдүйд олон шинэ боломжийг нээж өгөх нь ойлгомжтой. Жишээ нь, аялал, ажлын боломж, олон улсын танилын хүрээ, найз нөхдийн хүрээгээ тэлэх гэх мэт. Түүнчлэн ахин өөр олон хэл сурахад ч дөхөм болох юм.

Харин сүүлийн үеийн судалгаагаар хос хэлээр хэлд орсон хүүхдүүд өөр олон давуу талуудыг эзэмших боломжтой нь ажиглагдаад буй. Тодруулбал, хос хэлтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүд бусдын үзэл бодол, харах өнцөг, мэдрэмжийг нэг хэлтэй хүүхдүүдээс илүү мэдэрч ойлгодог болох нь хэд хэдэн судалгаанаас харагджээ.


Мөн хүний хоолойн өнгийг мэдрэх, олон өөр үйл ажиллагааг хамрах дасгал даалгаврыг гүйцэтгэх зэрэгт нэг хэлээр хэлд орсон хүүхдээс өндөр үзүүлэлт үзүүлжээ. Гэхдээ эдгээр ажиглалт нь зөвхөн насанд хүрэгчид болон сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийгдсэн судалгаа гэдгийг анхаарууштай.

Одоогоор эрдэмтэд чухам яагаад эдгээр давуу талууд ажиглагдаж буйг тодорхойлж чадахгүй байгаа аж. Зарим эрдэмтэд хос хэлээр ярих нь тархийг цаг үргэлж хөгжүүлж, дасгалжуулж байдгаас хүний танин мэдэхүйн чадварт нөлөөлдөг байх боломжтой гэдэг санааг дэвшүүлжээ. Гэвч хос хэлтэй байх нь хүүхдийн сэтгэн бодохуйн өсөлт хөгжилтийг дэмждэг цор ганц хүчин зүйл биш бөгөөд бага наснаасаа хөгжмөөр хичээллэсэн хүүхдэд ч олон давуу шинж чадварууд ажиглагдсанг дурдууштай.


Хүүхдээ хос хэлээр өсгөхөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга бол “One parent, One language” буюу гэр бүлийн томчууд тус бүр хүүхэдтэй зөвхөн нэг хэлээр ярих арга юм. Хэрвээ хүүхэд тань англи, монгол хэлээр зэрэг хэлд орж буй бол эмээ, өвөө, гэр бүлийн гишүүд тус бүрдээ аль нэг хэлээр нь л хүүхэдтэй харилцана гэсэн үг.

Энэхүү аргыг 100 жилийн өмнөөс хүмүүс хэрэглэсээр ирсэн бөгөөд хүүхдийг хүлээж авч буй хэл хооронд нь төөрөгдүүлж, эргэлзээнд оруулахгүй байх зорилготой. Харин дээр дурдсанчлан сүүлийн үеийн судалгаагаар аль ч насны хүүхэд өөр өөр хэлийг бүрэн ялгаж, хооронд нь огт эргэлзэж төөрдөггүй гэдгийг баталсан. Нэг хүн нэг л хэлээр хүүхэдтэй ярих нь хос хэлтэй нэгэн болоход үр дүнтэй байж болох ч зайлшгүй шаардлагатай арга биш гэнэ.

Үүнээс илүү хоёр хэлийг ижил түвшинд сурах боломж, орчин хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн хоёр хэлний үгийн сан, ярих, ойлгох чадвар нэгэн зэрэг нэмэгдэнэ. Хэрвээ аль нэг хэл нь давамгайлбал урт хугацаандаа нөгөө хэл нь төдийлөн хөгжихгүй байсаар мартагдах боломжтой.

1-3 насны хүүхэд дунджаар өдөрт 12 цаг унтдаг, энэ нь долоо хоногт 84 цаг сэрүүн байна гэсэн үг. Өдрийн тал буюу ойролцоогоор таван цаг нь хүүхдийн сэрүүн байх нийт хугацааны ердөө зургаан хувь тул хэрвээ хүүхэд долоо хоногт зөвхөн хоёр өдөр эмээ өвөө, эцэг эхтэйгээ хоёр хэлнийхээ аль нэгээр харилцдаг бол тухайн хэлээр хэлд орох нь үр дүнтэй байх боломжгүй юм. Мөн хүүхэд өсөж том болохын хэрээр өөрийн хүрээлэл, сургуульд аль хэл түлхүү хэрэглэгдэж буйд анхаарал хандуулж эхэлдэг бөгөөд өөрт эвтэйхэн, тухтай санагдсан хэлэндээ илүү дуртай болж эхэлдэг байна.


Тиймээс эцэг эхчүүд өөрсдийн гэр бүлийн онцлог, хүмүүжлийн арга барилд тохирсон аргыг хэрэглэж, хүүхдийнхээ хэл тус бүрд харилцах, ярилцах нөхцөл, орчныг бүтээхийг зорьсноор аль нэг хэлний хөгжлийг орхигдуулахаас сэргийлэх боломжтой.

Тийм бас үгүй. Аливаа хэлийг сурахад нас чухал гэдгийг та хаа нэгтээ сонсож байсан биз ээ. Энэ санаатай эрдэмтэд янз бүрээр мэтгэлцэн, нэгдсэн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд яг хэдэн нас хүртэл хүний хэл сурах чадвар өсөж эсвэл буурч байгааг тодорхойлох боломжгүй аж. Хэдий тийм ч хүүхэд аль болох эрт нэгэн зэрэг хос хэлээр хэлд орох тусам үр дүнтэйг харуулсан нэгэн судалгаа хийгджээ.


Эхний хэлээ сурсныхаа дараа хоёр дахь хэлээ сурсан хүүхдүүдээс нэгэн зэрэг хос хэлээр хэлд орсон хүүхдүүд хэлнийхээ бүтцийг илүү ойлгож цэвэр дуудлага, өргөн, баялаг үгийн сантай болдог нь судалгаанаас харагдсан байна.

Гэхдээ хүүхдээ төрөхөөс нь хос хэлээр хэлд оруулах боломжгүй байсан бол санаа зовох хэрэггүй. Учир нь хүн хэзээ ч хэл сурах бүрэн боломжтой бөгөөд гагцхүү тухайн хэлийг хэрэглэх орчин, нөхцөл чухал.


Үгүй. Хос хэлээр хэлд орж буй хүүхдийн ярих чадвар нэг хэлээр орж буй хүүхэдтэй яг ижилхэн байдлаар хөгждөг. Гэхдээ аль нэг хэлнийх нь үгийн сан нэг хэлээр хэлд орж буй хүүхдийнхээс бага байдаг. Жишээ нь, англи, монгол хэлээр хэлд орж буй хүүхэд эдгээр хоёр хэлэндээ тус бүр 50, 50 үг мэддэг байвал зөвхөн монгол хэлээр хэлд орж буй хүүхэд 100 үг мэддэг байж болно.

Тиймээс англи, монгол хэлээр зэрэг хэлд орж буй хүүхдийн монгол хэлээр ярих чадвар зөвхөн монгол хэлээр хэлд орж буй хүүхдээс мэдэгдэхүйц сул байх боломжтой. Энэхүү ялгаа нь урт хугацаандаа хүүхэд тань аль хэлээрээ харилцах хэрэгцээ шаардлагатай тулгарч буйгаас мөн орчноос нь хамааран өөрчлөгдөх билээ.


Үгүй. Хэдийгээр хос хэлээр хэлд орж буй хүүхдүүд дунд хэлний бэрхшээлтэй, хоцрогдол үүсэх явдал тохиолдол тохиолддог ч энэ нь нэг хэлээр хэлд ороогүйгээс шалтгаалсан гэх боломжгүй. Нэг хэлээр хэлд орсон хүүхдэд хэлний хоцрогдол, ярианы бэрхшээл үүсэж болдогтой адил хос хэлээр хэлд орсон хүүхдэд ч энэ асуудал тохиолдох боломжтой юм. Хэрвээ та хүүхдийнхээ хэлний хоцрогдолд санаа зовниж байвал мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй билээ.


Гадаад ажиллаж амьдарч байгаа хүмүүст хамгийн их тохиолддог асуудал бол “Хүүхдийнхээ аль нэг хэлийг хэрхэн орхигдуулахгүй байх вэ?” гэдэг асуулт болов уу. Тэр дундаа эх хэлийг нь орхигдуулахгүй байхад эцэг эхчүүд ихээхэн сэтгэл зовнидог. Тэгвэл эх хэлийг нь орхигдуулахгүй байхад туслах хэд хэдэн аргыг зөвлөе.

  • Хүүхэдтэйгээ эх хэлээрээ тоглох, ном уншиж өгөх
  • Дуу хөгжим, хүүхэлдэйн киног эх хэл дээрээ хүргэх
  • Уламжлал, соёлоо эх хэлээрээ тайлбарлаж, танилцуулах
  • Ойр дотнын хүмүүстэйгээ тогтмол эх хэлээрээ ярилцах
  • Эх орон руугаа цуг аялах
  • Хүүхдээ эх хэлээрээ ярихад магтаж, урамшуулах
  • Зөвхөн эх хэлээрээ ярих бүсийг гэртээ бий болгох