“Digital News Report 2026”-д дурдсанаар, дэлхий даяар сард ойролцоогоор нэг тэрбум хүн хиймэл оюуны хэрэгслийг ашиглаж байна гэх тооцоо бий. Гэвч хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь ч мөн нэмэгдэж байна. Тиймээс дэлхий нийтээрээ бага эрчим хүч зарцуулж, илүү үр ашигтай ажиллах бичил хиймэл оюуны технологийг хөгжүүлэхэд анхаарч эхлээд буй. 

Тэгвэл хиймэл оюуны дэд бүтцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч "Blaize" компанийн удирдлагууд Монголд хүрэлцэн ирж, наймдугаар сарын 22-ны өдөр “Redhill Mongolia”-тай хамтран салбарын мэргэжилтнүүдтэй хиймэл оюуны хөгжил, эрчим хүчний хэмнэлттэй технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн дэлхийн хиймэл оюуны хангамжийн сүлжээнд Монгол Улсын эзлэх байр суурь, цаашдын боломжийн талаар санал солилцсон юм.

Ингээд салбарын шилдэг мэргэжилтнүүд чуулсан тус уулзалтаас онцлох санаануудыг тоймлон хүргэж байна. 

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: BLAIZE КОМПАНИЙН ТУХАЙ ТОВЧХОН 


Америкийн хагас дамжуулагч, систем хөгжүүлэгч “Blaize” компани нь цахилгаан эрчим хүч бага зарцуулалт, ухаалаг хиймэл оюуны тооцооллын шийдлүүдээрээ дэлхий нийтэд танигдсан билээ. Мөн NASDAQ биржид бүртгэлтэй ба Samsung Catalyst Fund, Mercedes-Benz, DENSO, Temasek зэрэг томоохон хөрөнгө оруулагчдаас 330 сая ам.доллароос дээш санхүүжилт татаж байв. Мөн өөрийн эзэмшлийн “Graph Streaming Processor” архитектурт суурилсан технологиороо дамжуулан улс орнуудад гаднын системээс хамааралгүйгээр хиймэл оюуны дэд бүтцээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг байна.

ТЭД ЯАГААД МОНГОЛ УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫГ СОНИРХОХ БОЛОВ? 


Монгол Улсад хиймэл оюуны хэрэглээ, хөгжил харьцангуй шинэ хэвээр ч цаашид хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэл олон бий. Төрөөс ч энэ салбарт анхаарч, 2026 оныг төрийн үйл ажиллагаанд хиймэл оюун, их өгөгдлийг нэвтрүүлэх, дижитал эдийн засгийг дэмжих зорилгоор “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарласан билээ.

“Blaize” компанийн төлөөлөл Монголд хүрэлцэн ирж, дотоодын байгууллага, салбарын мэргэжилтнүүдтэй уулзсан нь үүнтэй холбоотой. Нөгөөтээгүүр, “Blaize” компани Монгол Улсыг хиймэл оюуны салбарт ашиглаж болох нөөц, хөгжүүлэх боломж ихтэй орон гэж тодорхойлж буй. Тиймээс Монголд хүрэлцэн ирж, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, манай улсын онцлогт тохирсон хиймэл оюуны шийдлийг хөгжүүлэх чиглэлээр уулзалт хийгээд буй нь энэ юм.


Монгол Улс бол хөгжиж буй, асар их боломжтой зах зээл. Тиймээс бид засгийн газар болон дотоодын түншүүдтэйгээ хамтран ажиллаж, хиймэл оюуныг улс орны хөгжилд ашиглаж, хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт авчрахыг хүссэн юм.

Бидний хувьд хамгийн чухал зүйл бол монгол хүнийг ойлгох. Монголын зах зээл барууны орнуудаас өөр. Монголчууд уян хатан, шинэ зүйлд хурдан дасан зохицдог, тууштай хүмүүс. Тиймээс гаднын компани Монголд ирээд өөр улсад ашигласан бэлэн загвараа шууд хэрэгжүүлэх нь тийм ч зөв арга биш. Бид эхлээд монголчуудын амьдралын хэв маяг, санхүүгийн нөхцөл, цалин хөлс зэрэг онцлогийг ойлгож, түүнд тохирсон шийдэл гаргахыг чухалчилдаг.

Blaize компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Динакар Мунагала

ХИЙМЭЛ ОЮУН БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ


Хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнийг ажиллуулахад шаардагдах эрчим хүч, тооцоолох хүчин чадлын хэрэгцээ ч дагаад өсөж буй. Тиймээс хиймэл оюуныг хөгжүүлэхдээ хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээс гадна эрчим хүч, тооцоолох нөөцийг хэрхэн бага зарцуулах вэ гэдэгт анхаарах шаардлагатай болж байгааг онцоллоо.

Мөн хиймэл оюуны технологийн үр ашгийг зөвхөн хэдэн GPU ашиглаж байгаа эсвэл хэдий хэмжээний эрчим хүч зарцуулж байгаагаар хэмжих нь хангалтгүй. Харин зарцуулсан эрчим хүч, тооцоолох хүчин чадлынхаа хэрээр ямар үр дүн гаргаж байна вэ гэдэг нь илүү чухал үзүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчийг бага зарцуулж, хиймэл оюуныг илүү сайн ажиллуулах нь цаашдын хөгжлийн чухал чиглэл болж байгаа ажээ. Тэгвэл Blaize компани энэ чиглэлд эрчим хүч бага зарцуулж, хиймэл оюуны тооцооллыг илүү үр ашигтай хийхэд чиглэсэн архитектур хөгжүүлжээ.

МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ҮЗЭЛ БОДОЛ 

Blaize компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Динакар Мунагала

“Хиймэл оюун бол компьютер, интернэттэй адил бидний амьдралд шинээр нэвтэрч буй технологи. Харин үүнийг Монголд тулгарч буй бодит асуудлыг шийдэхэд зөв ашиглах нь чухал. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах, тээвэр ложистикийг илүү үр ашигтай болгоход ашиглаж болно. Мөн Монголын эдийн засгийн гол салбар болох уул уурхайд бүтээмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хиймэл оюун чухал үүрэгтэй.

Монгол шиг улсын хувьд асар их хөрөнгө зарцуулж том дата төв байгуулахаас илүүтэй, иргэдийн амьдрал болон улс орны хөгжилд бодит үр дүн өгөх шийдлүүдийг хөгжүүлэх нь чухал. Үүний зэрэгцээ хүмүүсийг хиймэл оюуныг зөв ашиглаж сурахад анхаарах хэрэгтэй.

Бидний хувьд технологи бодит амьдралд хэрэгжиж, үр дүнгээ өгөх нь хамгийн чухал. Манай бүтээгдэхүүнүүд сервер, процессорын тооцооллыг бага эрчим хүчээр гүйцэтгэхэд чиглэдэг бөгөөд уул уурхай, эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарт ашиглах боломжтой.

Тухайлбал, хил хамгаалалтад камерын систем ашиглан хил зөрчигч, тээврийн хэрэгслийг автоматаар илрүүлэх, хотын замын хөдөлгөөн болон иргэдийн аюулгүй байдлыг хянах боломжтой. Харин уул уурхайн салбарт ажилчид хамгаалалтын хэрэгслээ зөв хэрэглэж байгаа эсэхийг хянах, эрсдэлтэй бүсэд хүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зэрэг олон шийдлийг хэрэгжүүлж болно.”


Redhill компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Жейкоб Ж. Путенпарамбил

“Би Сингапурт төвтэй, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Redhill агентлагийг 2014 онд үүсгэн байгуулсан. Одоогийн байдлаар манай компани 20 гаруй улсын 34 хотод 160-170 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Бид өмнө нь Сингапурт дадлага хийж байхдаа олон монгол залуустай хамтран ажиллаж байсан юм. Тэд маш авьяаслаг, ур чадвар сайтай бас хичээнгүй. Энэ үеэс л монголын зах зээлийг сонирхож, судалж эхэлсэн. Улмаар Монгол бол эдийн засгийн хувьд өсөлтийн томоохон боломжтой улс гэдгийг анзаарсан юм л даа. Тиймээс энэ зах зээлд тогтвортой ажиллаж, дотоодын мэргэжилтнүүдийг илүү чадавхжуулахын сацуу Монголын компаниудтай урт хугацаанд хамтран ажиллахыг зорин 2025 онд Монгол дахь албан ёсны салбараа нээж байлаа.

Монгол Улсад дэлхийн зах зээлд гаргах олон бүтээгдэхүүн, брэнд бий. Тухайлбал, Монголын ноолуурыг зөвхөн түүхий эдээр нь бус, олон улсад үнэ цэнтэй брэнд болгон хөгжүүлэх боломжтой. Үүний тулд брэндээ зөв таниулж, олон улсын зах зээлд зөв байр суурь эзлүүлэх нь чухал. Мөн аялал жуулчлалаас гадна хиймэл оюун, дата төв зэрэг шинэ технологийн салбарт хөгжих боломж их байна. Монголд чадварлаг залуус, хөгжих суурь аль хэдийн бий учраас бид тус улсын ирээдүйг эергээр харж байна.”

МОНГОЛ УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ИРЭЭДҮЙ


Монголын залуус дотоодын хэрэгцээнд тохирсон хиймэл оюуны шийдлийг өөрсдөө хөгжүүлэх бүрэн боломжтой гэнэ. Технологи, төхөөрөмж, загварууд аль хэдийн бий болсон энэ үед тэдгээрийг Монголын онцлог, хэрэгцээнд тохируулан ашиглах чадвар хамгийн чухал. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, уул уурхай зэрэг олон салбарт шинэ шийдэл гаргаж, дотооддоо хөгжүүлсэн технологио цаашид олон улсын зах зээлд гаргах боломжтойг Blaize компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Динакар Мунагала онцолсон юм.

COP17: ЗҮҮН ХОЙД АЗИЙН ТӨВИЙГ САХИСАН AI-ИЙН ТӨВ

Тэгвэл наймдугаар сарын 24-нд COP17 хурлын үеэр Монгол Улсын Засгийн Газар болон Blaize компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Динакар Мунага́ла хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Талууд Монголд эрчим хүч бага зарцуулдаг AI дэд бүтэц хөгжүүлэх, үндэсний хэл дээр ажиллах AI технологийг дэмжих, цаашлаад Монгол Улсыг Зүүн хойд Азийн AI-ийн төв болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, аливаа улс гаднын технологиос хэт хамааралгүйгээр өөрийн гэсэн дата төв, AI тооцооллын дэд бүтэц, үндэсний хэл дээрх AI загвар, өгөгдөл болон программ хангамжийн экосистемийг хөгжүүлж, дотоодын AI чадавхтай болох боломж бүрдэж буй.