Хөрөнгө санхүү их шаарддаг, тэр хэрээрээ өгөөжтэй салбар бол үл хөдлөх хөрөнгө (ҮХХ)-ийн салбар билээ. ҮХХ-ийг барьж ашиглалтад оруулахад төсөл хэрэгжүүлэгчээс олон талын судалгаа шинжилгээ, тооцоолол шаарддагийн нэгэн чухал хэсэг нь санхүүжилтийн схем. 

Уг схемийн төлөвлөлтийг оновчтой хийгээгүйн улмаас аливаа төсөл хугацаандаа амжин хэрэгжихэд бишгүй саад тотгор тохиолддог. Энэ нь цаашлаад барилгын өртөг өсөх, оролцогч талуудад санхүүгийн болоод цаг хугацааны алдагдал үүсгэх гэхчлэн дам үр дагавруудыг бий болгох эрсдэлтэй аж. Харин тус асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Block Investment”-ийн анхны хаалттай арга хэмжээ энэ оны 11 сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. 

Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт шийдэл, стратегийн түншлэл гэхчлэн олон чухал сэдвийг хөндсөн эл арга хэмжээнээс онцлох агуулгыг хүлээн аваарай. 

БЛОК ИНВЕСТМЕНТ-ИЙН ТУХАЙ

“Block Investment Summit Q4, 2025” нь үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, капиталын зах зээлийн огтлолцол дээр суурилж Улаанбаатар хотын хөгжлийн шинэ үеийг тодорхойлохын сацуу салбар хоорондын экосистемийг өргөжүүлэхээр зорьж буй анхны өргөн хэмжээний чуулга уулзалт юм. Уг арга хэмжээ нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, төсөл хөгжүүлэгч зэрэг 150 гаруй төлөөлөгчийг нэг дор цуглуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилт дор хэрэгжжээ.


Улирал бүр зохион байгуулагдах арга хэмжээний нээлт хиймэл оюунаар зураг төслийг шинэ шатанд гаргах боломж, rent-to-own буюу түрээслэн өмчлөх бүтээгдэхүүн, стратегийн хөрөнгө оруулалтаар дамжуулан бизнесээ хөгжүүлэх арга зэрэг олон үр өгөөжтэй агуулгыг хамраад амжсан. Үүний зэрэгцээ Номин Реалтор ХХК-ийн Silk Road төсөл, Deutsche Welle, Стандарт инженеринг, Силла констракшн ХХК, Барилгын шилэн фасад үйлдвэрлэгч Хятадын томоохон групп компани "CNYD GROUP" зэрэг байгууллагууд ивээн тэтгэгчээр ажиллаж, онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа.

ГОЛОМТ БАНК: САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО

Манай банк үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэгчдэд ээлтэй санхүүжилтийн хэлбэрийг олшруулж, хөгжүүлэх зорилго дор үл хөдлөх хөрөнгийн хэрэглээний болон бизнесийн зээлийн үйлчилгээгээ үзүүлж байна. Ингэхдээ аливаа төслийн үндсэн хийц, архитектур төлөвлөлт, менежмент, орчин, дэд бүтэц зэрэг суурь үзүүлэлтэд үндэслэн уян хатан зээлийн нөхцөл, хамтын ажиллагааг санал болгож буй. Тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын гэрчилгээтэй барилгууд нэмэлт давуу талуудыг эдэлдэг. Энэ мэтээр барилга байгууламж, амьдрах орчны ээлтэй шийдлийг дэмжиж, экосистем дэх санхүүгийн байгууллагын үүрэг оролцоог бэхжүүлэхэд цаашдаа ч анхаарах болно.


SILK ROAD: БҮГДИЙГ НЭГ ДОРООС

Манай төслийн суурь санаа бол хүний хэрэгцээ цөм бүрэн амьдрах орчин. Иймдээ ч хотхоны нэг хэсэг болгож үзвэр үйлчилгээ, гоо сайхан, бялдаржуулал гэхчлэн бүхий л төрлийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг багтаасан 50’000 метр.кв бүтээн байгуулалтыг хийхээр зэхэж байна. Мөн дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн, орчин үеийн усан парк, ухаалаг хог ангиллын систем зэргийг хамтатган төлөвлөснийг онцлох байна.

Нэгдүгээр ээлжийн орон сууцууд маань 490 айлын багтаамжтай учир харьяа бүсдээ хамгийн бага нягтаршилтай хотхон болж буй. Ингэснээр хотхоны 60 гаруй хувьд ногоон байгууламжийг шингээж чадсан. Бид цаашдаа орон сууцжуулалтаар хязгаарлагдахгүй барилгын материал, менежментийн үйлчилгээ үзүүлж, олон талт шийдлүүдийг төрөл бүрийн сувгаар санал болгон ажиллана.


HOMEBRIDGE: ХҮРТЭЭМЖТЭЙ ОРОН СУУЦ

Бидний судалснаар орон сууц худалдан авахаар барилгын төсөл хэрэгжүүлэгчдэд хандсан гурван хүн тутмын хоёр нь урьдчилгаа төлбөрөөс үүдэж худалдан авалтаа хойшлуулдаг. Харин манай орон сууц өмчлөх эрхийн гэрээ гэх шинэ төрлийн санхүүгийн хэрэгслээр урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийг шийдэж, орон сууцны үнэ цэнгийн өсөлтийг эртнээс мэдрэх боломжтой. Дундаж өрх байрны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд ойролцоогоор 5-7 жилийг зарцуулдаг. Бид энэ цаг хугацааг 2-3 жил болгон наашлуулж буй. Ингэснээр орон сууц өмчлөлийг илүү дөт бөгөөд хүртээмжтэй болгох нь бидний гол зорилго.


СИЛЛА: САЛБАРЛАСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Силла констракшн групп нь дотор засал, интерьер зураг, барилгын материалын худалдаа, гадна тохьжилт, зөвлөх үйлчилгээ гэхчлэн зургаан чиглэлд салбарладаг. Эдгээрээс зөвлөх үйлчилгээний чиглэлээр сүүлийн хоёр жил орчмын хугацаанд барилгын бизнес эрхлэгчдэд хандсан үйл ажиллагаа эрхэлж буй. Ингэхдээ барилгын материалын худалдаа, ажиллах хүчин гэх хоёр сэдэвт илүүтэй төвлөрчээ. Block Investment арга хэмжээнд ч бид группын бүх компанийн төлөөллийн хамт оролцож байна. Бид өнөөгийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн хамтралаар 13 төсөл хөтөлбөр дээр ажиллаж байна.


СТАНДАРТ ИНЖЕНЕРИНГ: ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

Манай компани 15 дахь жилдээ агааржуулалт, хүргэлт, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид энэхүү үйлчилгээгээ үзүүлэхдээ өөрсдийн үйлдвэрлэсэн агааржуулалтын хоолой болон LG брэндийн агааржуулагчийн бүрэн угсралтыг хийж гүйцэтгэдэг.


САНАМЖ БИЧИГ

Арга хэмжээг хамтран зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр БАГИ вишн капитал менежмент ХХК ажилласан ба Санхүүгийн зохицуулах хороо дэмжигч байгууллагаар оролцсон билээ. Мөн Block Investment-ийн стратегийн түншээр Апекс капитал ҮЦК, Блаксвон ХХК, Голомт банк ХК, Голомт капитал ҮЦК, Мандал капитал ҮЦК, Ти ди би секьюритиз ҮЦК, Тэнгэр капитал ҮЦК нар оролцож, 2026 онд хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан нь арга хэмжээний онцлох мөчүүдийн нэг байв.

ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД

“Барилгын салбарын санхүүжилтийн боломжууд,” Тэнгэр капитал ҮЦК

Барилгын компаниуд үнэт цаасны компанитай хамтран санхүүжилт татах боломж, өрийн хэрэгслээс гадна давуу эрхийн хувьцаа, хөрөнгө оруулалтын сан гэх мэт дэд сэдвүүдийг хамрав.

“Rent-to-Own буюу түрээслэн өмчлөх бүтээгдэхүүн,” БАГИ вишн капитал менежмент ХХК
Арга хэмжээний үеэр Монголд анх удаа хувийн хэвшлийн компани түрээслэн өмчлөх бүтээгдэхүүнийг зарласан билээ. Уг нөхцөл нь иргэд байр худалдан авах хүсэлт гарган шалгарсан тохиодолд эхний гурав хүртэлх жил байраа түрээслэнгээ байрны төлбөрийн тодорхой хувийг хуримтлуулах, түүнээс хойш байр өмчлөх эрхээ эзэмших эсэхээ шийдэх боломжийг олгож буй. Энэ нь нийт 10 хүртэлх жилийн хугацаанд сар бүр тогтмол төлөлт хийж, санхүүгийн дарамт багатайгаар өөрийн гэсэн байртай болох зохицуулалт юм.

“Хөрөнгийн зах зээлийн боломжууд,” Улаанбаатар үнэт цаасны бирж ХК
Манай улсад сүүлийн 30-аад жилийн турш хөгжиж буй хөрөнгийн зах зээл үл хөдлөх хөрөнгийн салбартай огтлолцох цэг болоод тус хоёр талбар хоршин огтлолцож, үнэ цэн бүтээх боломжуудыг танилцуулав.

“Санхүүжилт татах боломж, бодит кейс,” Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) болон Голомт банк

“Хиймэл оюуныг ашиглан зураг төслийг шинэ шатанд гаргах нь,” MGLE&C ХХК
Барилгын зураг төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгохдоо анхаарах зүйлс, орчин үеийн зураг төслийн хөгжлийн чиг хандлага болоод хиймэл оюуны үүрэг оролцоо гэхчлэн сэдвийн хүрээнд олж авсан бодит туршлага, мэдлэгээ хуваалцлаа.

АРГА ХЭМЖЭЭНЭЭС ОНЦЛОХ МӨЧҮҮД

Үл хөдлөхийн салбарын экосистемийг зангидагч томоохон платформ болсон БЛОК-ийн дараа дараагийн үйл ажиллагааны тоймоор уншигч тантай уулзъя. Мөн тус салбарын төсөл хэрэгжүүлэгч, девелопер, ханган нийлүүлэгч, цаашлаад харилцагчдыг ч интернэт сүлжээнд нэгтгэж буй block.mn хуудсаар зочлохоо мартуузай.