Өчигдөрхөн Blue Origin компани New Shepard хөлгөөрөө зургаан эмэгтэй гишүүнтэй багийг сансарт амжилттй хөөргөлөө. Хөлөгт поп дуучин Кэти Перри, хүний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуен, продюсер Керианн Флинн, мөн Жефф Безосын найз бүсгүй Лорен Санчес, сэтгүүлч Гейл Кинг, мөн сансрын инженер Айша Боу нар багтсан юм.

Blue Origin-ий зүгээс уг аяллыг “эмэгтэйчүүдийн сансрын аялал дахь төлөөллийг нэмэгдүүлж, охидыг шинжлэх ухаан, технологи, инженерийн (STEM) салбарт урамшуулж, эмэгтэй хүн хүсэх л юм бол бас ямар ч ажил мэргэжилтэй байсан сансарт хүртэл нисэж чадна” гэдгийг ойлгуулах зорилготой хэмээн зарласан билээ. Харин уг аялал маркетингийн нэг хэрэгсэл байв уу? эсвэл үнэхээр феминист бодлого, шийдвэр байв уу? гэдгийг уг нийтлэлээр товчхон задалъя.

1. Шинэхэн хөлгөө сурталчлаад байна уу? Шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийг уриалаад байна уу?  

Эх сурвалж: Blue Origin

Энэ аялал Засгийн газраас бус, Blue Origin-ийн хувийн санхүүжилттэй аялал байсныг онцлууштай. New Shepard хөлөгт суух тасалбарын үнэ нэг суудалд ойролцоогоор 28 сая доллар хүрдэг ба зарим хөлгийн гишүүн мөнгөө өөрсдөө төлж аялцгаасан юм. Тэгэхээр нэг ёсондоо Blue Origin компани хэн ч хүсвэл (мэдээж мөнгө нь байвал) сансарт аялах боломжтой гэх санааг бидэнд түгээх гэсэн арга нь энэ байв уу?

Тиймээс аялал бол Blue Origin-ий шинэхэн хөлгөө танилцуулахаас өмнөх хүмүүсийн анхаарлыг татаж буй нэг хэлбэр нь ч гэж зарим хүмүүс тайлбарлаж буй. “Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байна” гэх нэрийн дор нэг талаараа баячуудын зугаа мөн тэдний бизнесээ сурталчлах маркетингийн арга явж буй гэж зарим эх сурвалжууд ч мөн хардах нь аргагүй биз ээ.

2. Урам зоригийн мэдрэмж хэрхэн төрдөг вэ?  

Нислэгт оролцсон эмэгтэйчүүдээс хэн нь ч сансрын хөлгийг зохион бүтээх, жолоодох, судалгаа хийх зэрэг шинжлэх ухааны ажилд оролцоогүй. Тэдний үүрэг бол "нөлөө бүхий хүүрнэгчид" буюу уг аялал дээр үндэслэн дуу зохиож, нийтлэл бичих эсвэл гайхалтай түүхийг түгээх чадвартай хүмүүс хэмээн сонгогдсон аж. Дуучин Кэти Перри уг аяллынхаа тухай дуу бичихээ амлаж, дэлхийд буумагцаа газар сөгдөн дэлхийг үнсэж, бусад хөлгийн гишүүд ч мөн тус тус сансрын аяллын сайхныг бишрэн гайхсанаа илэрхийлсэн билээ. Гэвч хэдхэн минут үргэлжилсэн тэднийаялал бусдад үнэхээр урам өгч чадах уу?

2018 онд нийтлэгдсэн судалгаагаар, өсвөр насны хүүхдүүдэд урам зориг өгдөг хүн нь амьдралын туршлагын хувьд тэдэнтэй ойролцоо, мөн тэдний хүрч болохуйц арга замаар амжилтад хүрсэн хүмүүс байдаг болохыг тогтоожээ. Харин супер од, тэрбумтны найз бүсгүй зэрэг тэднээс тэс ондоо хүмүүсийг хэдэн хором сансарт хөвж буйг харах нь тэдэнд бодит урам зориг өгөх эсэх нь эргэлзээтэй.

Эх сурвалж: The Independent

3. Байгальд ээлтэй сансрын хөлөг үү? Бохир маркетинг уу?  

Технологийн хувьд шинэхэн сансрын хөлөг New Shepard нь хэд хэдэн шинэлэг шийдлийг агуулсан. Үүнд:

- Автомат жолоодлого
- Олон дахин ашиглах боломжтой эд анги
- Шаталт нь зөвхөн усны уур ялгаруулдаг шингэн устөрөгч, хүчилтөрөгч дээр тулгуурласан хөдөлгүүр зэрэг багтаж буй.

Эдгээр шинж чанарууд нь үнэхээр инновацлаг бүтээл үү? гэвэл тийм. Гэхдээ "ногоон" технологи гэж шошголох нь оновчтой юу? гэвэл эргэлзээтэй. 2022 онд Earth’s Future сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар сансрын хөлгүүдийн ялгаруулж буй тортог утаа нь дэлхийн стратосфер давхаргад очиж, олон сарын турш тэндээ хуримтлагдаж, улмаар озоны давхаргад нөлөөлдөг болохыг тогтоосон.

Түүнчлэн шингэн устөрөгчийг -253°C хүртэл хөргөж бэлтгэх үйл явц нь их хэмжээний эрчим хүч шаарддаг. Хэрэв энэхүү эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс авалгүй, ердийн нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас бүрдүүлсэн бол "байгальд ээлтэй" гэх тодорхойлолт нь эргэлзээтэй болж хувирна.

Эх сурвалж: Everyday Astronaut

Тиймээс нэгдүгээрт, хэт хөөрөгдсөн, хуурамч мэдээлэлтүгээсэн зар сурталчилгаа нийгмийн боловсролд сөргөөр нөлөөлдөг болохыг ойлгох хэрэгтэй. “Ногоон” нэрийн дор явуулж буй ийм маркетинг нь хүмүүсийг төөрөгдүүлж, жинхэнэ байгальд ээлтэй шийдлүүдээс анхаарлыг холдуулах эрсдэлтэй.

Хоёрдугаарт байгаль дэлхийг үнэхээр хамгаалъя хэмээн зорьж буй бол юун түрүүнд хиймэл дагуул хөөргөх, цаг уурын мониторинг хийх, хувийн онгоцоор нисэх зэрэг зорилгогүй зугаа цэнгэлийг хориглох бодлогууд илүү үр дүнтэй байх болов уу. Үнэхээр л эдийн засагч Парта Дасгуптагийн хэлсэнчлэн, нийтийн нөөцийг хувь хүний тансаг хэрэглээнд ашиглалтыг танах нь XXI зууны хамгийн том сорилтуудын нэг болоод байна.

4. Анхны эмэгтэй сансрын нисгэгчээс Жеф Беззосын сүйт бүсгүй хүртэл 

Түүхийн туршид сансрын салбарт эмэгтэйчүүдийн оролцоо бага байсаар ирсэн. Анх 1961 онд Юрий Гагарин сансарт ниссэнээс хойш 600 гаруй хүн сансарт хөөрснөөс 80 орчим нь буюу ердөө 12 хувь нь эмэгтэйчүүд байна.

Валентина Терешкова сансарт ниссэн анхны эмэгтэй болж байсан ба тэрээр 1963 оны 6-р сарын 16-нд 26 насандаа Восток 6 хөлгөөр хөөрч, сансарт бараг гурван өдөр байж, дэлхийг 48 удаа тойрсон. Энэ цагаас хойш дараагийн эмэгтэй сансарт нисэх хүртэл 19 жил болсон юм. 2024 оны байдлаар NASA-гийн ажилтнуудын ойролцоогоор 35 хувь нь эмэгтэйчүүд боловч энэ тоо цааш нислэгийн үйл ажиллагаа, хөтөлбөрийн удирдлага, хөдөлгүүрийн систем зэрэг тодорхой нарийн салбаруудад энэ тоо огцом буурдаг.

Түүнчлэн сансрын инженерийн чиглэлийн мэргэжил сонирхон судалж буй оюутнуудын тоо ч мөн адил хангалтгүй. 2023 оны Америкийн Агаарын болон Сансрын Инженерүүдийн Холбооны тайланд, сансар судлалын инженерийн сургалтад суралцагчдын зөвхөн 11 хувь нь эмэгтэйчүүд байна хэмээн дурджээ.

Эх сурвалж: Royal Museums Greenwhich

Энэ бүхнээс үзвэл сансрын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь яахын аргагүй зайлшгүй асуудал. Гэхдээ энэ арга зам үнэхээр зөв гэж үү?

Хэдхэн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг сансарт нисгэснээрээ эмэгтэйчүүдийн энэ салбар дахь оролцоог нэмэгдүүлж байна хэмээн зарлах нь “inclusion illusion” хэмээх нийгэм судлалын шинжлэх ухааны нэр томьёоны нэгэн жишээ болж буй. Энэ нь гаднаа зөв, зүйтэй мэт харагдавч бодит асуудалд шийдэл санал болгодоггүй хүн төрөлхтний төөрөгдлийн нэг хэлбэр.
Хэн ч, ямар ч мэргэжилтэй эмэгтэй сансарт нисэж чадна гэдэг мэдээж сайхан санаа. Гэвч эрх мэдэл, бүтцийн өөрчлөлт, тогтолцооны тэгш оролцоо бий болгохгүйгээр энэ мэт үйлдэл нь ганц нислэгээр хязгаарлагдах түр зуурын шоу төдий л харагдаж, бодит өөрчлөлт авчрахгүй нь харамсалтай нь үнэн.

Асуудлыг жинхэнэ утгаар нь өөрчлөхийн тулд сансар судлалын агентлагууд, компаниуд, боловсролын систем охид, эмэгтэйчүүдийг дэмжих урт хугацааны бодлого хэрэгжүүлэх нь яаж ч бодсон зүйтэй биз ээ.