Массачусетсийн Технологийн Институтийн судлаачдын саяхан гаргасан тайланд сошиал орчинд сөрөг, уур бухимдал төрүүлсэн мэдээлэл эерэг мэдээнээс 6 дахин хурдан тархдаг болохыг тогтоожээ. Монголчууд бид өдөрт дунджаар 4-5 цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөхдөө энэхүү “сөрөг хандлагатай” алгоритмын золиос болж, тэндээс авсан бухимдлаа бие биедээ гаргах нь хэвийн үзэгдэл болсон байна. 

Ийм цаг үед нийгмийн уур амьсгалыг зөөллөх, хүн байхын утга учрыг ахин нэг удаа сануулах үйл хэргийг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Болд эхлүүлсэн аж. Уран бүтээлчдийн нэгэн чухал үүрэг нь соён гэгээрэл байдаг шүү дээ. 

Яагаад “Хайрын хүч” гэж?

“Зөвхөн чам руу” “Нүд чинь хайр харуулна” “Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй” зэрэг хит дуунуудыг багтаасан “Хайрын хүч” нэртэй цомгийг анх 2005 онд бүтээж байжээ.

“Манай Камертон хамтлаг 10 жилийн ойгоороо сонсогч, фенүүддээ бэлэг барихаар хамтлагийн гишүүд бүр бие даасан цомог гаргаж байсан юм. Миний хувьд 2005 онд Сингапур Улсын "MYX" студид ганцаараа сарын хугацаанд цомгоо хийж байв. “Хайрын хүч” цомгийн дуунууд, клип нь гэгээлэг хайрыг харуулсан, тухайн үеийн трендээс нэлээд өөр хэв маягаар гарч ирсэн нь хөгжмийн ертөнцөд маш шинэлэг үзэгдэл болсон болов уу. Энэ цомгоор энэ дэлхий дээрх хамгийн хүчтэй зүйл бол хайр юм аа гэдгийг л илэрхийлэхийг зорьсон хэрэг.


Цомгийн ойг тохиолдуулан бид энэ наймдугаар сард “Хайрын хүч” тоглолтоо ямар ч үнэгүй төлбөргүй хийхээр товлосон байгаа. Сошиал ертөнцөд эерэг давлагаа үүсгэж, хүмүүс бие биеэ хайрлах, хүндлэх, талархах, ээж, аав ах, дүү, найз нөхдөө уучлах, ойлгох гээд тэр бүх эерэг уур амьсгал нийгэмд түгээсэй гэж би хүсэж байна. Тоглолтын тасалбарыг сонсогчдод бэлэглэхдээ ердөө ганцхан шалгуур тавьж байгаа гурван эерэг бичлэгийг сошиал орчинд түгээх. Тоглолтоос өмнө сошиал орчинд тавигдах тэр эерэг бичлэгүүд маш сайхан эерэг уур амьсгалыг бий болгох учраас тоглолтоо маш догдолж хүлээж байгаа.”

Төслийн тухайд

Хайрын хүч тоглолт нь наймдугаар сарын 15-нд "Social Pay Park"-д болох бөгөөд тоглолт ямар ч үнэ төлбөргүй. Тоглолтын гол зорилго нь үргэлж хамт байсан сонсогчдодоо талархлаа илэрхийлэх учраас ийнхүү тасалбарыг нийт 25,000 хүнд бэлэглэж байгаа ажээ.

Мөн тоглолтын тайз, зохион байгуулалтыг маш шинэлэг, урьд хожид байгаагүйгээр төлөвлөхийн сацуу үзэгчид болон үйлчилгээний байршил, зон, зохион байгуулалтыг ч мөн нарийн төлөвлөжээ. Тоглолтын үеэр зөвхөн"Хайрын хүч" цомгийн дуунуудаас гадна "440Hz", "Амьдралын гол дүр", "Only One", "Bold" “Хувцсаа тайчаад шид” “Би чамд хайртай” киноны цомгийн дуунууд гээд хүмүүсийн хамгийн сайн мэдэх, хит дуунуудаар бэлджээ.


Гэхдээ уг төсөл зөвхөн тоглолтоор зогсохгүй Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ зориулаад төрж өссөн нийслэл Улаанбаатар хотынхоо хамгийн хэрэгцээтэй дүүрэг цэцэрлэг барьж өгч байгаа аж.
Нийгэмд сайн сайхныг түгээх уг төслийн цар хүрээ ч улам бүр өргөжих аж. Тодруулбал төслийн багийнхан цаашид Монгол орны 21 аймгийг хамран үргэлжлэх урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр цар хүрээгээ тэлэхээр зорьж буй.

“Эхний ээлжид Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт зэрэг бүс нутгуудад мөн мэдээж аавынхаа нутаг болох Өмнөговь аймагт төслөө үргэлжлүүлэхээр зорьж байна. Мөн Ардын Жүжигчин, Төрийн Шагналт, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, Алдарт хуурч Гомбодоржийн Жамъян өвөөгийнхөө мөн хайрт ээжийнхээ нутаг Дорнод аймагт дараа дараагийн тоглолт, төслийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Түүнчлэн миний "90s Love" болон "Bold Remix" хэмээх хоёр шинэ цомог бэлэн болж байгаа, тун удахгүй сонсогчдын хүртээл болно. Тэгэхээр энэ төсөл маань ганц тоглолт хийгээд, цэцэрлэг бариад дуусчихгүй цар хүрээгээ тэлж, нийгэмд эерэг нөлөөллөө үзүүлсээр байх юм.”


Хэрхэн үнэгүй тоглолт үзэх вэ?

Uram аппыг Unread-ийн редакцын зүгээс туршиж үзсэн тул апптай холбоотой товчхон мэдээлэл хүргэе.
Юун түрүүнд апп руу өөрийн дугаараар нэвтэрнэ. Ингээд дугаараа мессежээр баталгаажуулсны дараа апп-д нэвтэрч хамгийн түрүүнд танд бусад хүмүүсийн оруулсан бичлэг шууд харагдаж эхэлнэ. Ихэнх нь 15 секундийн бичлэг байх бөгөөд хэрэглээний хувьд TikTok апп-тай төстэй. Апп-ын хамгийн дээд хэсэгт бичлэг оруулах гэсэн хэсэг байх бөгөөд оруулахаас өмнө бичлэгт тавигдах шалгуур танд харагдана. Тухайлбал:


Ямар бичлэгийг хүлээн авах вэ?

- Эзэн бие орсон байх
- Урмын, талархлын эерэг үгс орсон байх

Ямар бичлэгийг хүлээн авахгүй вэ?
- Амьгүй болон объект оруулсан тохиолдолд
- Хэт бүрсгэр эсвэл сарнисан дүрстэй бол
- Тодорхой эзэнгүй буюу хэт олон хүнийг оруулсан тохиолдолд

Харин аппын баруун доод буланд өөрийн бичлэгийг хянах самбар байх бөгөөд тоглолтын тасалбар авах хүртэл танд хэдэн бичлэг дутуу байгаагаа харуулна. Мөн мэдээж бусад сошиал хэрэгслийн адилаар зүрх дарах, сэтгэгдэл үлдээх хэсэг бий. Хамгийн чухал нь Uram апп дээр оруулсан бичлэгүүд тань системээс шалгагдаж шалгармагц өөрийн фейсбүүк профайл дээрээ заавал public тохиргоотойгоор share хийх ёстой юм шүү.