Биткойн, биткойн, биткойн…
Энэ үг танд юуг санагдуулж байна вэ? Цахим мөнгө, хөрөнгө оруулалтын хэрэгсэл, ашиг олох боломж, криптовалют, блокчэйн, цахим алт зэрэг эерэг утга уу? Эсвэл цахим луйвар, мөнгөө алдах эрсдэл, ард нь хэн байгаа нь ойлгомжгүй хөрөнгө, удахгүй үнэ нь унах байдаг л нэг залилан гэсэн сөрөг агуулга бодогдож байна уу?
Хувь хүмүүс бидний үзэл бодол ямар байхаас үл хамааран дэлхийн хамгийн хөгжилтэй орнууд Биткойныг олон тоогоор нь худалдан авах болжээ. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт л гэхэд Шведийн нэр бүхий парлментын гишүүд Засгийн газраа албан ёсоор биткойн нөөцтэй болж эхлэхийг шаардах болов. Ингэхдээ юун түрүүнд төрөл бүрийн хууль бус ажиллагаанаас хураасан биткойнуудаа нөөцөлж эхлэхийг шаардаж буй гэнэ. Шведэд өрнөж буй энэхүү өөрчлөлт дэлхийн улс орнуудад хэдэн жилийн өмнөөс ажиглагдсан билээ.
Байзаарай, ер нь Биткойн гэж юу вэ?
Криптовалютуудын загалмайлсан эцэг Биткойн 2009 онд олны хүртээл болжээ. Эхэндээ зөвхөн технологийн хорхойтнуудын л сонирхож хардаг байсан уг койн 2010-аад оны дунд үеэс эхлэн зах зээлд тодорхой ханштай болж, хөрөнгө оруулалт болон арилжааны нэгэн хэрэгсэл болсон юм.
Цахим дээр байгаа бүхэн хязгааргүй олон хувилагдаж болдог бол биткойны нийт хэмжээ нь 21 сая буюу хязгаарлагдмал нөөцтэй. Хэрэглэгчид компьютерын тооцоолох үйлдлээр тодорхой “бодлогын” зөв хариуг хамгийн хурдан олж, шинэ блок үүсгэсэн тохиолдолд Биткойноор урамшуулал авдаг. Энэхүү үйлдлийг олборлох гэж нэрлэх нь бий. Эдгээр блок бүр нь хэр хэмжээний биткойныг хаанаас ямар данс руу шилжүүлэхийг бүртгэж байдаг бөгөөд тэрхүү бүртгэл бүрийг дэлхийн даяар тархсан олон мянган тооцоолох төхөөрөмжүүд хянаж байдаг тул хэн ч, хэзээ ч солих боломжгүй. Үүнийг энгийнээр блокчэйн хэмээн нэрлэнэ.
Түүнээс гадна Биткойны нийлүүлэлтийг багасгаж, урт хугацаандаа ханшийг тогтвортой байлгахын тулд ойролцоогоор дөрвөн жил тутамд олборлоод олох хэмжээ нь хоёр дахин багасаж байхаар програмчилжээ. Үүнийг halving буюу хагасрал гэдэг.
Өмнө нь дурдсанчлан нийт 21 сая биткойн үүсэхээс өнөөдрийн байдлаар 19.92 сая биткойн хэдийн үүсээд буй. Хагасралын улмаас жилээс жилд олборлох биткойны тоо багассаар байх бөгөөд 2140 он гэхэд хамгийн сүүлийн биткойныг олборлож дуусах юм.
Аль улс хэдэн биткойнтой вэ?
Биткойн хэмээх энэхүү цахим валют өдгөө 4 тэрбум гаруй их наяд доллароор үнэлэгдэх маш том эдийн засгийг үүсгээд буй. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх энэхүү эдийн засгийн нэгэн том хөшүүрэг бол дэлхийн улс орнуудын биткойны нөөц юм.
Биткойныг ирээдүй гэж үзсэн улс орнууд төрөл бүрийн эх сурвалжаар биткойн цуглуулсаар байгаа бөгөөд өдгөө дараах байдлаар жагсаж байна.
Биткойн нөөцлөх шалтгаанууд
Хөгжлөө хөшүүрэгдэх: Өдгөө дэлхийн ихэнх улс тус бүрийн онцлогоо ашиглан криптовалют, блокчэйний технологийн гол тоглогч болох амбицтай байна. Баялгийг дахин хуваарилах боломжтой энэ цонх үеийг ашиглан өмнөх томоохон хувьсгалуудад оролцож амжаагүй, тэр үед бий болсон бялуунаас зүсэм хүртэж амжаагүй улсууд яаравчилж буй нь мэдээж. Харин нөгөө талд эдийн засгийн гол хүч болсон улс орнууд барьцаа улам лавшруулах, өөрчлөлтөд бэлэн байхыг хичээж байгаа нь ойлгомжтой.
Долларын хамаарлаас гарах боломж: Өнөөдөр дэлхийн валютын нөөцийн 58%-ийг америк доллар эзэлдэг. Энэ нь хөгжиж буй орнуудад АНУ-ын мөнгөний бодлого, инфляц, өрийн дарамтад шууд өртөх нөхцөл үүсгэдэг тул улс орнууд төвлөрсөн бус, улс төрөөс ангид хөрөнгө болох Биткойн зэрэг криптовалютыг улсынхаа нөөцийн нэг хэсэг болгох сонирхолтой байдаг аж.
Хязгаартай нийлүүлэлт: Биткойн нийтдээ 21 сая ширхэг л байхаар програмчлагдсан тул нийлүүлэлт нь хязгаартай, улс орнуудын төв банк шиг “шинэ мөнгө хэвлэх” эрхгүй. Энэ талаараа алт зэрэг ховор элемэнттэй төстэй ба нэмээд хэр их хэмжээний үлдэгдэл үлдсэнийг нээлттэй харах, хүсвэл өөрсдөө ч олборлох боломжтой байдгаараа давуу талтай.
Хязгааргүй хэрэглээ: Биткойныг тээвэрлэх, хадгалах нь зардалгүй гэдгээрээ маш том давуу талтай. Мөн криптовалют нь дэлхийн аль ч цэг рүү хэдхэн секундын дотор шилжих боломжтой. Энэ нь эдийн засгийн хориг, төлбөрийн системийн саатал, эсвэл банкны гүйлгээний хязгаарлалтаас үл хамаарах, бие даасан байдлыг бий болгож буй.
Ашиг олох хэрэгсэл: Өнөөгийн валютын нөөцүүд ихэвчлэн уламжлалт хөрөнгөөс бүрддэг бөгөөд ашгийн хувь тийм ч өндөр биш. Харин крипто хөрөнгө өндөр эрсдэлтэй байдаг шигээ өндөр өгөөжтэй тул нийт нөөцийн багахан хувийг криптод байршуулах нь хөрөнгө оруулалт талаасаа ухаалаг шийдвэр гэж үзэж буй.
Давуу тал олон, гэхдээ…
Мэдээж криптовалютд олон эрсдэл бий. Дэлхийн улс орнуудын жишээ криптовалют олон нийтийг хамарсан хэрэглээнд ороход ахиад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ч сануулсаар байгааг дурдахгүй өнгөрч үл болно. Жишээ нь Биткойныг хамгийн анх гараа дэлгэн тосож авсан улс бол Эль Сальвадор.
2021 онд Биткойныг АНУ-ын доллартай хамт хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон анхны улс бол Эль Сальвадор юм. “Биткойны хууль”-ийн дагуу тус улсад үйл ажиллагаа явуулж буй бүх бизнес Биткойноор төлбөр хүлээн авах үүрэгтэй болсон бөгөөд төр нь доллар болон Биткойны хооронд шууд хөрвөх баталгааг олгож байв. Энэ бодлогын зорилго нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаадаас ирэх мөнгөн шилжүүлгийн зардлыг бууруулах, хөрөнгө оруулалт татах явдал байлаа.
Гэвч бодит байдал дээр иргэдийн ихэнх нь Биткойноос илүү доллар хэрэглэсээр байна. Өөрөөр хэлбэл, техникийн хүндрэл, ханшийн савлагаа, итгэлцлийн асуудлаас болж Биткойн хэрэглээ хязгаарлагдмал хэвээр байгаа юм. Нэмээд Олон улсын валютын сан (IMF) криптовалютын эрсдэлийг анхааруулж, төсвийн дарамт, санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
Дээрх шалтгаануудаас улбаалан 2025 онд засгийн газар бодлогоо зөөлрүүлж, бизнесүүдийн Биткойн хүлээн авах шаардлагыг сайн дурын болгож, төрийн төлбөрийг Биткойноор хийхийг болиулсан юм. Гэсэн хэдий ч Эль Сальвадор одоо ч Биткойн нөөцлөх бодлогоо хадгалж байгаа бөгөөд 2025 оны байдлаар 6,000 гаруй BTC эзэмшиж буй.
Бид хаана явна вэ?
Монгол Улсын хувьд 2021 оны хөөсрөлтийн дараа Виртуал хөрөнгийн тухай хуулиа баталж, энэхүү салбарыг тодорхой хэмжээнд эмх цэгцэнд оруулсан нь сайшаалтай. Гэсэн ч түүнээс хойш энэ төрлийн бодлого дээр дэвшил гараагүй хэвээр л байна.
Харин өнгөрсөн долоо хоногт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн өргөн барьсан “Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-д Stablecoin-ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийн судалгааг эхлүүлнэ” гэсэн агуулга дурдагджээ. Хэдий зөвхөн судалгаа төдий ч манай улсын төв банк крипто салбараа тэр чигт нь орхиогүй бололтой.
Бид ч гэсэн авдартаа биткойн хийж эхлэх цаг удахгүй ирнэ хэмээн итгэнэм.