Дээрэлхэл нь зөвхөн дээрэлхэгч ба хохирогч хоёрын хоорондох асуудал биш. Нийгэм, сургуулийн орчин, цахим орчин, гэр бүл, үе тэнгийнхэн гээд олон талыг хамруулж үзэх шаардлагатай сэдэв. Тийм ч учраас шийдэл нь зөвхөн дээрэлхэгч болон хохирогчид чиглэсэн байх нь тийм ч үр дүнтэй биш ажээ.
Олон улсын судалгаагаар дээрэлхлийг харсан ч дуугүй өнгөрдөг хүмүүс дээрэлхлийг даамжруулахад шууд болон шууд бусаар хамгийн их нөлөөтэй байдаг . Өөрөөр хэлбэл, бид өөрсдөө хэн нэгнийг дээрэлхэхгүй байсан ч энэ төрлийн мэдээлэл, үйл явдлын хажуугаар чимээгүй өнгөрөх нь дээрэлхлийг дэлгэрүүлж байдаг гэсэн үг.
Дээр дурдсан талууд бүгд ингэж дуугүй өнгөрөөх хандлагатай байдгаас гадна өөр ч сул талуудтай байдаг гэнэ. Тиймээс бид дэлхий дахинд хэрэгжүүлдэг дээрэлхлийн эсрэг санаачилгуудыг хүүхэд багачуудаа хамгаалахад хамгийн их нөлөөтэй 5 оролцогч талуудын анхаарвал зохих зүйлсийг багцлан хүргэж байна.
Ташрамд дурдахад энэ нийтлэлийг эх хувиар нь голын нүүр болон А10-р нүүрнээс унших боломжтой.
Дээрэлхлийн эсрэг дэлхийн шийдлүүд
өмнөд солонгос
Өмнөд Солонгосын Засгийн газар үе тэнгийн дээрэлхлийг нийгмийн ноцтой асуудал гэж үздэг. Тиймдээ ч үүнтэй тэмцэх эрх зүйн орчныг эрс чангатгажээ. Ийнхүү дээрэлхэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг зөвхөн сургуулийн орчинд хязгаарлахгүйгээр, тэдний ирээдүйн карьер болон их дээд сургуульд элсэх боломжтой нь шууд холбосон байна.
Тодруулбал, бүх их дээд, сургуулиуд элсэгчдийнхээ дээрэлхлийн түүхийг заавал шалгах үүрэгтэй бөгөөд сурагчийн хувийн хэрэгт төгссөнөөс нь хойш дөрвөн жилийн хугацаанд зүй бус үйлдлийнх нь талаар тэмдэглэсэн хэвээр байх аж.

Япон
Япон Улсын хувьд 2013 онд батлагдсан хуулиар бүх сургуулиуд дээрэлхлийг эрт шатанд илрүүлэх системчилсэн арга хэмжээ авах, өчүүхэн төдий буюу шоолох тохиолдлыг ч мэдээлэх, мөн тусгайлан томилогдсон багш нарын хороогоор дамжуулан хэргийг мөрдөн шалгах үүрэг хүлээжээ.
Цаашилбал, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам дээрэлхлийн чиг хандлагыг хянах зорилгоор жил бүр судалгаа явуулдаг ба сүүлийн жилүүдэд Япон Улс дээрэлхлийн эсрэг үндсэн бодлогодоо нэмэлт өөрчлөлт оруулж, LGBT+ сурагчдыг хамгаалах заалтуудыг ч тусгажээ.
АНУ
АНУ-ын 50 муж тус бүр өөрсдийн хуулинд дээрэлхлийн эсрэг заалтуудыг багтаасан бөгөөд үүний дагуу сургуулиуд тохиолдол болгоноо мэдээлэх, мөрдөн шалгах албан ёсны бодлого, журамтай байхыг шаардах болжээ.
Зөвхөн төрийн үйл ажиллагаанаас гадна иргэний нийгмийн байгууллагууд ч чухал үүрэгтэй. Тухайлбал, STOMP Out Bullying зэрэг байгууллага нь алдартай ододтой хамтран соён гэгээрүүлэх ажил явуулж, дээрэлхлийг үл тэвчих хандлагыг залуусын дунд "күүл" соёл болгон төлөвшүүлдэг аж. Мөн тэд сургуулиудад зориулсан зааварчилгаа боловсруулах, амиа хорлох эрсдэлтэй хүүхдүүдэд 24/7 шуурхай тусламж үзүүлэх, сэтгэл зүйн амралтын өрөө сургуулийн орчинд байгуулах зэргээр төрийн үйлчилгээний хүрэх боломжгүй орон зайг нөхдөг байна.
ФРАНЦ
Франц бол үе тэнгийн дээрэлхлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог улс бөгөөд ноцтой тохиолдолд 150,000 евро хүртэлх торгууль, 10 жил хүртэлх хорих ял оноодог. Мөн сургууль бүрд заавал хэрэгждэг "pHARe" хөтөлбөр нь сургуулийн ажилтнуудыг тусгайлан сургаж, жил бүр 10 цагийн урьдчилан сэргийлэх хичээл заахыг шаарддаг аж. Онцлууштай нь, сургуулиуд хохирогчийг урьдчилсан илрүүлэх зорилгоор 8 болон түүнээс дээш насны сурагчдаас жил бүр судалгаа авдаг гэнэ.

АНГЛИ
Английн гүнж Дианагийн залуу үеийнхэнд итгэх итгэлийг бодит үйл хэрэг болгож буй "Дээрэлхлийн эсрэг элч" хөтөлбөр нь Их Британи болон Ирландын сургуулиудын соёлыг үндсээр нь өөрчилжээ. Уг хөтөлбөр нь сурагчдыг манлайлагч болгон сургаж, үе тэнгийнхнийхээ дунд найрсаг харилцааг түгээх, дээрэлхлийг илрүүлж, зогсоох үүрэг хүлээлгэдгээрээ онцлог юм. Хүүхдийн багш нараас илүү үе тэнгийнхэндээ итгэдэг сэтгэл зүйн онцлогт тулгуурласан энэхүү арга барил нь сургуулийн соёлыг эергээр өөрчилж, сурагч бүр хамгаалагдсан, үнэ цэнтэй мэдрэмж авах орчныг бүрдүүлдэг аж.
ШВЕД
Шведийн "Friends" ТББ-ын санаачилсан Дэлхийн дээрэлхлийн эсрэг форум (WABF) нь 2017 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж буй.
Форум нь язгуур үнэ цэн, нэр төрийг дээдэлдэг төдийгүй бэлгийн чиг баримжаа, хүйс, шашин шүтлэг, арьсны өнгө, үндэс угсаа болон бусад нийгмийн статусаас үл хамааран хүүхэд бүр ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй гэж үздэг. Энэхүү олон улсын бага хурал нь сэтгэл судлал, социологи, боловсрол, эрүүгийн эрх зүй зэрэг олон салбарын шинжээчдийг нэгтгэж, дээрэлхлийг бусад өргөн хүрээний асуудлуудтай хэрхэн холбогдож буйг хэлэлцэх талбар болдог аж.
БНХАУ
Хятад Улс дээрэлхлийг зогсоохын тулд эрүүгийн хариуцлага хүлээх насыг 14-өөс 12 болгон бууруулж, ноцтой хэрэг үйлдсэн өсвөр үеийнхнийг саатуулах хуулийн зохицуулалтыг чангатгажээ. Ийнхүү Нийгмийн хэв журам сахиулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар, ноцтой болон давтан үйлдэгдсэн хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүдийг саатуулах боломжтой болсон юм. Мөн сургуулиуд дээрэлхлийн эсрэг удирдах хороо байгуулж, хэргийг үл тоомсорлосон багш нарт хариуцлага тооцох систем нэвтрүүлсэн төдийгүй сургалтын ачааллыг бууруулах замаар хүүхдүүдийн сэтгэл зүйг хамгаалж, улс даяар нэгдсэн хяналт шалгалтыг идэвхжүүлж байна.

ФИНЛАНД
KiVa дээрэлхлийн эсрэг хөтөлбөрийг Финландын Туркугийн Их сургуульд боловсруулсан бөгөөд хөгжүүлэлтийн ажил нь 2006 онд эхэлж, 2009 онд албан ёсоор улс даяар нэвтрүүлжээ. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн хохирогч эсвэл тухайн дээрэлхлийг үйлдсэн хүүхдэд бус гэрч буюу хөндлөнгөөс ажиглагч хүүхдүүдийн хандлагыг өөрчлөхөд чиглэдэг. Хөтөлбөрийн хүрээнд сурагчид дүрд хувирч, бусдыг ойлгох өрөвч нинжин сэтгэлд суралцахаас гадна компьютер симуляци ашиглан дээрэлхлийг хэрхэн таслан зогсоох тухай дасгал хийдэг гэнэ. Уг хөтөлбөрийн үр дүнг хэмжихээр UCLA (Лос Анжелес дахь Калифорнийн их сургууль)-ийн Финландын 77 бага сургуулийн 7,000 гаруй сурагчийг хамруулсан судалгаа хийжээ. Үр дүнд нь KiVa хөтөлбөр маш сайн ажиллаж байгааг тогтоосон байна.
Мөн эл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сургуулиудад дээрэлхэлд өртөх магадлал бусад сургуультай харьцуулахад хоёр дахин бага байжээ. Уг аргачлал нь зөвхөн шийтгэл оноохоос илүүтэйгээр сургуулийн орчныг бүхэлд нь эрүүлжүүлж, эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалж чадсан гэдгээрээ онцлог.

КАЗАХСТАН
Казахстан Улс сургуулийн орчны дээрэлхлийг таслан зогсоох зорилгоор Боловсролын яам болон олон улсын шинжээчдийн хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 2026 оны байдлаар тус улсад үндэсний хэмжээний DosbolLIKE болон Финландын дэлхийд танигдсан KiVa хөтөлбөрүүд голлон хэрэгжиж байгаа юм.
2025 оны есдүгээр сараас эхлэн бүх шатны сургууль, коллежуудад нэвтэрсэн DosbolLIKE хөтөлбөр нь асуудлыг шийдвэрлэхдээ гомдол хүлээн авахаас эхлээд хяналт тавих хүртэлх нарийн дэс дараалалтай загварыг баримталдаг. Тодруулбал, үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тусламжийн төлөвлөгөө боловсруулж, үр дүнг нь тогтмол хянадаг байна. Энэхүү санаачилгын хүрээнд 8,000 гаруй нарийн мэргэжилтнийг бэлтгэж, суралцагчдад ээлтэй, аюулгүй, харилцан хүндэтгэлтэй орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа аж.
НОРВЕГИ
Мөн Скандинавын орнуудаас Норвегид хэрэгжсэн Олвеусын хөтөлбөрийг онцлох хэрэгтэй. Товчхондоо, уг хөтөлбөр нь "Дээрэлхэл бол хүмүүжилгүй хүүхдийн асуудал биш, харин насанд хүрэгчдийн хяналт болон сургуулийн орчны асуудал" гэж үздэг. Тиймээс зөвхөн асуудал гаргасан хүүхдүүдтэй ажиллахаас илүүтэй сургуулийн соёл, орчныг бүхэлд нь өөрчлөхүйц системчилсэн арга барил дээр тулгуурладаг байна.
Хөтөлбөрийн үр дүнд сурагчдын дундах дээрэлхэл болон хохирогч болох тохиолдол 30-50%-иар буурсан үзүүлэлт гарчээ. Тэрчлэн хөтөлбөрийг олон жилийн турш тасралтгүй хэрэгжүүлсэн сургуулиуд дээрэлхлийн түвшинг найман жил хүртэлх хугацаанд бага түвшинд барьж чаддаг болох нь тогтоогдсон байна.

Дээрэлхэлд нөлөөлөгч 5 хүчин зүйл
1. Сургуулийн орчин
Монгол Улсын нийт 33 сургуулийг хамарсан санал асуулгад оролцсон сурагчдын 33% нь "Сургууль дээрэлхэлтээс хамгаалдаггүй” хэмээн хариулжээ.
ЗӨВЛӨМЖ
Хэрэв та багш бол:
Хүүхдүүдийг ялгаварлах, олон нийтийн өмнө шүүмжлэх зэрэг зан үйл нь ангийн бусад сурагчдад ийм харилцаа хандлага гаргаж болох юм байна гэсэн далд зөвшөөрөл өгдөг гэдгийг санаарай.
Хэрэв та багш бол:
Хүүхдийнхээ хажууд багш, ангийн хүүхдийг нь муулах, гадаад үзэмжээр гоочилж ярихгүй байхад анхаараарай.

2. үе тэнгийхэн
- Дээрэлхлийн 80-85% нь үе тэнгийнхний дэргэд буюу гэрчтэйгээр болдог аж.
- "Аюулгүй сургууль" аргачлалын санал асуулгад оролцсон сурагчдын 79% нь дээрэлхэл дунд байгаагаа илэрхийлсэн байна.
ЗӨВЛӨМЖ
Хэрэв чи сурагч бол:
Ангид болж буй аливаа яриа, тоглоом, багийн ажлаас тогтмол гадуурхагдаж байгаа хүүхдийг аливаа үйл ажиллагаандаа оролцуулах гэж хичээгээрэй.
Хэрэв та багш бол:
- ангийн хэсэг бүлэг хүүхдүүд аль нэг хүүхдийг гадуурхаж байгааг анзаарвал хоёр талтай ярилцаарай
- хүүхдүүдийг өрсөлдүүлэх гэхээс илүү нэгтгэх, хамтарч ажиллахад чиглэсэн ангийн үйл ажиллагаа зохион байгуулаарай

Гэр бүл
- Судалгаагаар хүүхдийн тархины хөгжлийн 90% нь 5 наснаас өмнө бүрэлддэг бөгөөд энэ хугацаанд эцэг эхтэйгээ тогтмол ярилцаж, цагийг хамт өнгөрүүлэх нь хожим сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг ойлгох чадварт чухал нөлөө үзүүлдэг.
- Гэр бүлийн маргаан, хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхдүүд бусдыг дээрэлхэх магадлал ойролцоогоор хоёр дахин өндөр байдаг гэнэ.
ЗӨВЛӨМЖ
- Хүүхэдтэйгээ тогтмол чанартай цаг өнгөрүүлж, ярилцаж, хамт тоглож, сонсож байгаарай
- Гэр бүлийн маргааныг хүүхдийн өмнө хурц хэлбэрээр гаргахгүй байхыг хичээгээрэй
- Хүүхдийнхээ найз нөхөд, сургуулийн амьдралыг сонирхож, анхаарал хандуулаарай
- Сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэхэд туслах буюу уур, гомдлоо илэрхийлэх үед нь хүлээж авч, ойлгож байгаарай
чимээгүй ажиглагч
12-13 насны нийт 575 хүүхдийг хамруулсан Финландад хийгдсэн судалгаагаар нийт хүүхдүүдийн 87% нь дээрэлхэлд ямар нэг “дүрээр” оролцдог болохыг тогтоожээ. Уг судалгаанаас хөндлөнгөөс чимээгүй ажиглаж байдаг “дүр” дээрэлхэлд хамгийн далд боловч хүчтэй нөлөө үзүүлж байдгийг харж болно.

ЗӨВЛӨМЖ
- Дээрэлхлийн тухай гэр бүл, багш, нийгмийн ажилтан зэрэг насанд хүрсэн хүмүүст хэлэх нь “хов зөөж” буй хэрэг огт биш. Тиймээс заавал хэн нэгэнд хэлээрэй.
- Хэрэв чи ямар нэг байдлаар дээрэлхлийг гэрчилсэн бол бичлэг хийх, зураг авах, эсвэл инээж өөхшүүлэх нь асуудлыг улам даамжруулдаг төдийгүй эцэстээ чамд ч сөргөөр нөлөөлж болзошгүйг ухамсарлаарай.
Цахим ертөнц
- 9-12 насны хүүхдүүдийн дунд гурван хүүхэд тутмын нэг нь цахим дээрэлхэлд өртөж байсан бол 13-17 насанд энэ үзүүлэлт 51.3%-д хүрдэг.
- Цахим дээрэлхэлд өртсөн хүүхдүүдийн ойролцоогоор 50% нь энэ тухай мэдээлдэггүй.
- 200 өсвөр насны хүүхдийн нэг нь цахим дээрэлхлийн улмаас амиа хорлох тухай бодол төрж байсан гэжээ.

ЗӨВЛӨМЖ
- Хүүхэд цахим орчинд тохиолдсон зүйлээ айхгүйгээр хуваалцах боломжтой итгэлцлийг бий болгоорой
- Хэн нэгнийг дээрэлхэж, гутаан доромжилсон утгатай зураг, бичлэг, чатыг цааш түгээхгүй байх, сэтгэгдэл үлдээхгүй байх, ядаж л report хийж хэвшээрэй
- Хэрэв таны хүүхэд өөрөө цахим дээрэлхэл үйлдэж байвал хохирогчоос заавал уучлал хүсүүлэх, дахин давтахгүй байх арга замыг хамтдаа тодорхойлоорой

Сэтгэгдэл бичих

