КОВИД-19 цар тахлын үеэр бид гэрийнхээ зөөлөн буйдан дээр тухлан, дэлгэцийн ард сууж хичээл, ажилдаа хамрагдсаар дөрвөн жилийг ардаа үлдээжээ. Цар тахлын дараах хөл хорио цуцлагдаж, амьдралын хэв маягаа буцаан олж авахыг хичээх энэ үед “Burn-out Syndrome” буюу ажлаас халшрах хам шинж хэмээх ойлголт дэлгэрч, зарим маань өөрсдийгөө энэ шинж тэмдэгтэй хэмээн оношлоод амжсан байх.
Тиймээс бид энэ нийтлэлээрээ ажлаас халшрах хам шинж болон түүнтэй холбоотой дөрвөн үнэн, дөрвөн ташаа ойлголтыг уншигчдадаа хүргэж байна.
ажлаас халшрах хам шинжийн талаар товчхон
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсноор, ажлаас халшрах хам шинж нь сэтгэцийн болон бие махбодын эмгэг биш боловч эдгээртэй төстэй шинж тэмдгүүдийг багтаасан синдром юм. Энэхүү хам шинж үүсэхэд урт хугацааны ажлын ачаалал, стресс хамгийн ихээр нөлөөлдөг.
хаанаас гаралтай үг юм бэ?
Burn-out гэх нэр томьёо нь “Burn until fuel exhausted” буюу “Түлшээ дуустал нь шатаа” гэх хэллэгээс гаралтай. Харин хамгийн анх энэхүү нэр томьёог сэтгэл судлалын салбарт Америкийн сэтгэл судлаач Герберт Фройденбергер Psychotherapy: Theory, Research, and Practice сэтгүүлд 1974 онд нийтэлсэн судалгааны ажилдаа архаг стрессийн улмаас мэргэжлийн хүмүүст илэрч буй сэтгэлзүйн хямрал болон ажлын бүтээмж, гүйцэтгэл буурах үзэгдлийг тайлбарлахдаа ашигласан байдаг.
4 үнэн ойлголт

Үнэн. Ажлаас халшрах хам шинжийн үндсэн шалтгаан нь урт хугацааны ажлын хэт их ачаалал, удаан үргэлжилсэн стресс юм. Энэ нь бидний сэтгэлзүй болон бие махбодыг туйлдуулж, эцэж цуцах мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ энэ ачаалал, стресс нь дан ганц ажлын байраар хязгаарлагдахгүй.
Өдөр тутмын амьдралдаа хийдэг олон жижиг, том үйлдлүүд ч нөлөөлөх хүчин зүйл болдог. Жишээ нь, нойрны чанар, хоол хүнснээс авах шим тэжээл, дэлгэцийн хэт их хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, гэр бүлийн уур амьсгал, түгжрэл гэх мэт.
Товчхондоо бидний буруу амьдралын хэв маяг маань бага багаар ажлаас халшрах хам шинжийн үүдэнд биднийг аваачиж байдаг гэсэн үг. Тиймээс өдөр тутмын хэв маягаа эрүүл, зохистой байлгах нь энэ хам шинжээс сэргийлэх чухал алхам юм.

Үнэн. Ажлаас халшрах хам шинжийн улмаас ажлын бүтээмж буурахад нөлөөлдөг хүчин зүйлсийг зөвхөн стресс, ажлын ачааллаар хязгаарлаж ойлгох нь учир дутагдалтай. Энэхүү хам шинж үүсэх гол шалтгаануудын нэг нь бидний бие организмд ялгардаг кортизол хэмээх дааврын түвшинтэй шууд холбоотой.
Кортизол нь бөөрний дээд булчирхайгаас ялгардаг бөгөөд стрессийн үед “тэмц эсвэл зугт” (fight or flight) гэх хамгаалах механизмыг идэвхжүүлэх үндсэн үүрэгтэй.
Уг механизм нь бидний биеийг стрессийн үед хамгаалж, хариу үзүүлэх үүрэгтэй боловч архаг стрессийн үед үйл ажиллагаа нь туйлдаа хүрч, зохицуулах чадвараа алддаг гэмтэй. Үүнээс үүдэн кортизол даавар их хэмжээгээр ялгарч тархины “Гиппокамп (Hippocampus - тархины ой тогтоолт, суралцахуй, орон зайн баримжааг хариуцдаг хэсэг)”-ыг гэмтээснээр бидний ажиллах чадвар буурдаг байна.

Үнэн. Ажлаас халшрах хам шинж нь бие махбод, сэтгэлзүй, зан төлөвийн үндсэн гурван хүчин зүйлд нөлөөлж, улмаар олон сөрөг үр дагавар үүсгэдэг. Энэ шинж тэмдэг нь зөвхөн стресс, ядаргаа бус, цаашлаад хүнд төрлийн сэтгэцийн болон бие махбодын өвчин эмгэгт хүргэх аюултай.
Тухайлбал, сэтгэл гутрал (depression), хоёр туйлт сэтгэцийн эмгэг (bipolar disorder), гэмтлийн дараах стрессийн эмгэг (post-traumatic stress disorder), сэтгэл түгших эмгэг (anxiety) зэрэг олон сэтгэцийн болон биеийн өвчин эмгэгт хүргэх аюултай.

Үнэн. Хүний орчлон болсон хойно байнга л хатуу хүтүү, хар барааныг нь дурдаад байна гэж юу байх вэ, нэг ч гэсэн сайн сайхан талыг нь дурдъя. Мэдээж үүнийг даван туулах боломжтой. Үүнээс гарахын тулд хувь хүний зүгээс чамгүй хөлс урсгах шаардлагатай. Хэрэв та өөрийгөө үнэхээр ажлаас халшрах хам шинжтэй болсон гэж бодож байгаа бол бид таныг мэргэжлийн байгууллагын тусламж үйлчилгээг аваасай хэмээн хүсэж байна.
Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүний туслалцаа, үйлчилгээ гэдэг бол энэ тохиолдолд зайлшгүй шаардлагатай зүйл. Мэргэжлийн байгууллагад хандсанаар та ажлаас халшрах хам шинжийн тест бөглөж, үүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжтой.
"third space ub" төсөл
Асуудлыг шийдэх хамгийн эхний алхам бол оношлох. Харин хүн бүрийн сэтгэлзүйч дээр цаг товлож очих зав цаг, зориг зүрх, мэдээлэл, мэдлэг адилгүй. Тэгвэл асуудлыг сууриар нь шийдэхээр зориглосон нэгэн төсөл бол Зориг Сангийн Залуу Манлайлал хөтөлбөрийн энэ жилийн оролцогчдоос төрсөн “THIRD SPACE UB”.
Хөтөлбөрт нийт 23 оролцогчид шалгарч 5-6 багт хуваарилагдан тал бүрийн төслийг хэрэгжүүлж буй. Сэтгэлзүй, тогтвортой ажил эрхлэлт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар гээд залуучуудад тулгамддаг асуудлуудын ард далд хэлбэрээр нөлөөлж байдаг burnout-ийг тэд ийнхүү шийдэхээр ажиллаж байгаа юм.

Тэдний төсөл нийт 3 чиглэлд хүрч ажиллаж буй:
- Burnout-ийг оношлох тест
- Ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө
- Гуравдагч орчин
Burnout-ийг оношлох тест
Нийт 600 хүнээс анхдагч байдлаар burnout-ийн талаар ерөнхий мэдээллийн судалгаа авч, 10 оролцогчдыг сонгон Мета сэтгэлзүйн төвтэй хамтран ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгсөн юм. Уг ажлын цар хүрээг улам тэлж илүү олон хүнд сэтгэлзүйн байдлаа мэдэхэд нь туслах зорилгоор залуу мэргэжилтнүүдтэй хамгийн ойр ажилладаг Lambda Global-тай хамтран тэдний …. бүхий вэбсайт дээр burnout-ийн тусгай цэс боловсруулжээ.
АНУ-ын Mind Garden Inc-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мaslach Burnout Inventory буюу burnout-ийг үнэлэх албан ёсны тестийг мэргэжлийн орчуулгын багтай хамтран орчуулж ашиглалтад оруулсан байна. Тесттэй энд дарж танилцана уу.

Ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө
Сэтгэлзүйн зөвлөгөөнд орсон арван хүнээс 8 нь дахин цааш сэтгэлзүйн зөвлөгөө авах цагаа баталгаажуулж, сэтгэгдэлээ хуваалцсанаас цухас дурдвал:
Оролцогч Ариунзаяа
Third Space төслийн зүгээс санал болгосон сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээ хэрхэн өрнөсөн бэ?
Өмнөх өдөр нь сэтгэлзүйн төвөөс 80-аад асуулт бүхий асуумж илгээсний дагуу бөглөж, нууц хадгалах хэлцээр хийсэн болохоор харьцангуй итгэл төрж, ерөнхий ойлголттой болсон.
Зөвлөгөөний үед надад эхний нүүдлийг хийх боломж олгосон. Намайг ажиглаад, замбараагүй мэдрэмжээ уудалж, асгах хүртэл чиглүүлээд явсан. Зөвлөгөөний дараа дотор уужраад, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өөрийгөө болон бусдыг шүүмжлэх маань илт багассан. Харри Поттер зохиолын патронусаа олоод авчихсан мэт санагдсан шүү.

Гуравдагч орчин
Burnout-тай тэмцэхэд оношлоод зогсохгүй хамт олон, хобби мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин чухал. Үүнийг нийгмийн шинжлэх ухаанд “third space” буюу гуравдагч орчин хэмээн нэрлэдэг аж. Энэ ойлголтыг тэд төслийнхөө нэрд ч, агуулгад ч шингээсэн. Үүнд ууланд алхах, гүйлтийн клубт хамрагдах, найзуудтайгаа кофе уух зэрэг өдөр тутмын жижиг боловч сэтгэлзүйд нөлөөлөх том үйлдлүүд багтаана.
THIRD SPACE UB төслөөс Монголд үйл ажиллагаа явуулж буй MAFA гар бөмбөгийн клуб, 7K Running Club зэрэг байгууллагуудыг онцлон, нийгэмд гуравдагч орчны хэрэгцээ, үнэ цэний тухай ойлголтыг түгээж байгаа нь залууст сэтгэлзүйн эрүүл мэндийг биеийн идэвхтэй амьдралтай хослуулах замыг зааж өгч байгаа нь онцлууштай.
4 ташаа ойлголт

Худал. Залхуу хүрэх ажлаас халшрах хам шинж хоёрын хооронд төө хэртэй зай бий. Энгийнээр хэрхэн залхуурал, ажлаас халшрах хам шинж хоёрыг ялгаж болох талаар авч үзье. Хэрэв залхуу чинь хүрсэн ч амар, хялбар зугаатай зүйлсийг хийж, түүнээсээ бүрэн дүүрэн таашаал авч чадаж байвал энэ бол ажлаас халшрах хам шинж биш юм.
Учир нь ажлаас халшрах хам шинжид өртсөн хүмүүс өмнө нь таашаадаг байсан зүйлсээсээ бүрэн дүүрэн таашаал авч чадахаа больсон байдаг. Хэрэв танд ямар нэгэн ажил хийх хүсэл төрөхгүй, аливаа ажлыг хойшлуулаад байгаа ч бие махбодь тань эрүүл, өвчинд өртөмхий биш, сэтгэл түгшилт харьцангуй бага байвал энэ нь ч мөн ажлаас халшрах хам шинж биш юм. Танд зүгээр л ажлаа хийх урам зориг, тодорхой, бодитой зорилго байхгүй байгааг илтгэж байгаа юм.
Дашрамд дурдахад аливаа өвчин, эмгэг, синдромыг тодорхойлохдоо цөөн хэдэн илэрсэн шинж тэмдгээр оношлох нь учир дутагдалтай. Яг л хамраас цус гарлаа гээд хорт хавдар тусчихлаа гэж оношлож болохгүйтэй агаар нэг гэсэн үг.

Худал. Гэртээ хүүхдээ асарч буй хүмүүс болон ажилгүйдэлд өртсөн хүмүүс ч ажлаас халшрах хам шинжид өртөж болно. Айл гэрийн сайн эзэгтэй, эсвэл өрх гэрийн сайн тэргүүн байх гэж хичээх, тухайн хүлээлтдээ хүрч чадахгүй байгаагаасаа болоод зовох зэрэг нь ажлаас халшрах хам шинжид өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.
Дэлхийн 42 орны нийт 17409 гэртээ хүүхдээ асардаг болон асарч байсан хүмүүсээс авсан судалгааны үр дүнд нийт судалгаанд оролцогчдын 77 хувь буюу 13405 оролцогч ажлаас халшрах хам шинжид өртөж байсан хэмээн хариулжээ. Тиймээс ажлаас халшрах хам шинж нь зөвхөн ажлын байран дээр гэлтгүй ажлын байрнаас ч гадуур үүсэж болдог гэдгийг анхаарууштай.

Худал. Амралт аваад хэсэг хугацаанд шийдэгдчихсэн юм шиг байж болох ч хувь хүн ажлын байрны зохион байгуулалт болон дадал зуршлуудаа өөрчилж байж асуудал сая нэг тийш болно. Дээр дурдсанчлан ажлаас халшрах хам шинж нь зөвхөн ажлын байран дээр тулгамдаж буй стресс болон ачааллаас үүсэлтэй биш юм. Үүнээс гадна бидний амьдралын хэв маяг болон амьдарч буй орчин нөхцөл маань ч үүнд нөлөөлдөг. Тиймээс бид амралт, ажлын орчин нөхцлөө илүү сайжруулж, зохион байгуулалттай болгох шаардлагатай.

Үнэний ортой ч худал. Ажлаас халшрах хам шинж үүсэхэд стресс голлох үүрэг гүйцэтгэдэг ч энэ хоёр нь тусдаа ойлголтууд юм. Ажлаас халшрах хам шинж нь урт хугацааны, удаан давтамжтай стресс болон ажлын ачааллаас үүсэлтэй. Үүнийг үүсгэхэд нөлөөлж буй стресс нь архаг стресс байх нь элбэг. Харин энгийн стрессийн хувьд бидний нойрны хэмнэл, эрч хүч, сэтгэл санааны байдал зэрэг зүйлст нөлөөтэй боловч үргэлжлэх хугацааны хувьд богино, сөрөг нөлөөний хувьд ч харьцангуй бага гэдгээрээ ялгаатай.
Аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж болдог шиг бид ч гэсэн танд ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн энгийн бөгөөд хэн хүний амьдралын бор хөрсөн дээр буусан 4 аргыг нийтлэлийнхээ төгсгөлд хуваалцъя.

Сэтгэгдэл бичих (2)


У Ука 2025.02.16 66.181.191.123
Сонирхолтой нийтлэл байлаа. Хэсэг хугацаанд нээрээ яагаад ингэж бодоогүй юм болоо гэдэг бодол ч төрлөө. Ажлын дундуур ийм нийтлэл унших нь өөрөө ажлаас халшрахаас сэргийлэх нэг алхам ч байж болох юм
З Зочин 2025.01.27 103.212.162.175
Burn-out болсон гэж онош гэхүү юм сонсоод гайхаад яасан мэдэгдэхгүй чимээгүй ордог юм, яагаад бүх зүйлийн араас хичээж байхад гээд асуулж асуугаад энд тэндээс уншаад хурдан гарах гэж оролдох нь өөрөө аврал биш байсан юм байна лээ. Youtube дээрх нэг бичлэг хүн их ажлаас болоод биш тодорхойгүй, ойлгомжгүй, дэс дараагүй, өөрийн хүчин мөхөстсөн зүйлсээс болж стресстэж хүчгүй болж АХХШ ордог гэж байсан. Үнэний ортой байсан тухайн үед бол.