Эрвээхэйг богино настай гэж сонсож байсан уу? Ихэнх эрвээхэйн амьдрал хэдхэн долоо хоног үргэлжлээд дуусдаг жамтай. Гэвч Төв болон Өмнөд Америкийн ширэнгэн ойд байгалийн энэхүү хатуу дүрмийг эвдэж, залуу насаа үүрд мөнх хадгалдаг нэгэн төрөл зүйл амьдардаг нь Heliconius эрвээхэй.
Бристолын Их сургуулийн эрдэмтдийн саяхны судалгаагаар эдгээр эрвээхэй нь бусад эрвээхэйтэй харьцуулахад хэд дахин урт насалдаг төдийгүй, бүр хөгширдөггүй болохыг нь тогтоожээ. Шавжийн хувьд амьдрах хугацааны зөрүү асар их буюу 5,000 дахин байдаг бол хөхтөн амьтдын хувьд энэ ялгаа ердөө 100 дахин байдаг.
Сонирхолтой ажиглалт
Аливаа амьтан үр удмаа үлдээх үндсэн үүргээ гүйцэтгэж дуусмагц байгалийн шалгарлаараа бие махбодыг нь хамгаалах үйл явцаа зогсоочихдог гэнэ. Өөрөөр хэлбэл, ерөөс өсөж үржихгүй л бол байгаль таныг шууд хөгшрөлт, өвчин эмгэг рүү түлхэж орхидог хэрэг.
Харин Heliconius эрвээхэй цэцгийн тоосны хүчээр насан туршдаа үржиж, өндгөн эсээ боловсруулж чаддаг тул бүтэн нэг жил хүртэл насалдаг. Өөрөөр хэлбэл ойрын төрөл зүйлүүдээсээ дунджаар гурав дахин урт насалдаг гэсэн үг. Харин хувьслын хувьд тэдэнтэй хамгийн ойрын хамаатан болох Dione juno төрлийн эрвээхэй ердөө 14 хоног амьдардаг нь эрдэмтдийн сонирхлыг татсан аж.
Хүний насаар төсөөлж үзвэл таны үеэл 80 наслахад, та 2,000 жил амьдарсантай өнгө ижил. Гэхдээ шалтгаан нь юу юм бол?
Атгах хүчний туршилт

Хүн хөгшрөхөд хамгийн түрүүнд булчингийн хатангиршил (sarcopenia) буюу атгах хүч сулрах явдал ажиглагддаг. Эрвээхэйд ч мөн адил. Судлаачид эрвээхэйнүүдийг тусгай төхөөрөмжөөс сарвуугаар нь зууруулан дээш татах замаар булчингийн хүчийг нь хэмжжээ.
- Dryas iulia (богино настай): тэдний хувьд ердөө 5 дахь долоо хоног гэхэд булчингийн хүчнийхээ 25.67%-ийг алдаж, маш хурдан доройтолд орсон байна.
- Heliconius hecale (урт настай): 17 долоо хоногийн турш тэдний булчингийн хүч огт сулралгүй залуу эрвээхэйтэйгээ ижил хэмжээний ачаалал дааж байжээ.
Урт наслалтын учир нь юу вэ?
Эрдэмтдийн дэвшүүлсэн нэг тайлбар нь тэдний хооллолттой холбоотой байв. Ихэнх эрвээхэй нас бие гүйцсэн үедээ цэцгийн балаар хооллодог бол Heliconius эрвээхэй нь цэцгийн тоосоор хооллох ховор чадвартай. Цэцгийн тоос нь уураг болон бусад тэжээлээр илүү баялаг байдаг гэнэ.
Судалгаагаар цэцгийн тоосоор хооллодог H. hecale нь биеийн жин болон булчингийн хэвийн үйл ажиллагаагаа удаан хугацаанд тогтвортой хадгалж байж. Гэтэл судлаачид туршилтын үеэр тэдний хоол хүнснээс цэцгийн тоосыг нь бүрмөсөн хасаж үзэхэд тоосгүй байсан ч Heliconius богино насалдаг төрөл зүйлээсээ хамаагүй урт насалсан хэвээр байжээ.
Тэгэхээр нууц нь ерөөс хооллолтоос илүү тэдний ген болон хувьслын дасан зохицох үйл явцаас үүдэлтэй гэсэн үг.

Бидэнд ямар хамаатай вэ?
Хэдэн мянган км-ийн цаана ширэнгэн ойд нисэж буй эрвээхэй хөгширдөггүй нь надад, эсвэл танд ямар хамаатай юм бэ? Хүн тоосонцор идээд урт наслах юм уу?
Хариулт нь мэдээж үгүй. Хүн эрвээхэй шиг цэцгийн тоос хүртээд урт наслахгүй. Бидний сурах ёстой зүйл бол тэдний юу идэж байгаад биш, харин тэдний эс хэрхэн ажиллаж байгааг ойлгоход оршино.
Өнөөгийн анагаах ухаан зөвхөн "lifespan" буюу хүний амьдрах хугацааг л уртасгахад анхаардаг. Энэ нь буруу гэсэн үг мэдээж биш. Гэхдээ урт насалсан ч, ямарваа нэг хууч өвчин тусах нь жам. Тиймээс одоо “healthspan" буюу амьсгалаа хураах мөч хүртлээ 30 настай үеийнх шигээ эрч хүчтэй, булчин шөрмөстэй, саруул ухаантай байхад анхаарч тэр чиглэлийн судалгааг хийж эхлээд буй.

Heliconius эрвээхэй бидэнд хөгшрөлтийг зайлшгүй хүлээн зөвшөөрөх ёстой тавилан биш, харин биологийн түвшинд генээр дамжуулан зогсоож, өөрчилж болдог зүйл байж болзошгүй гэдгийг батлаад байгаа хэрэг. Эрдэмтэд одоо энэхүү эрвээхэйн генетикийн кодыг тайлах замаар эсээ тасралтгүй нөхөн сэргээдэг, булчингаа сулруулалгүй тэгэж урт наслаад байгаагийн хариултыг өгөх шидэт түлхүүрийг эрж байгаа юм.
Тэрхүү түлхүүрийг олсон цагт бид хүний эсийн хөгшрөлтийг илүү сайн ойлгож, нас ахих тусам доройтдог бие махбодийн өвчлөлийг зогсоох боломжтой байж мэднэ.

Сэтгэгдэл бичих

