Эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам газар нутагтай манай оронд автомашин унах хэрэгцээ бишгүй их. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс өнгөрсөн онд 115.6 мянган ширхэг суудлын автомашин импортоор оруулж ирсэн байна.
Дээрх үзүүлэлтийг 2023 оны мөн үетэй харьцуулахад 72.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Автомашины хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед та ч мөн анх удаа автомашин худалдан авахаар зэхэж байгаа бол энэхүү нийтлэлийг заавал уншаарай.
дизель, хайбрид, цахилгаан
Юуны түрүүнд хөдөлгүүрүүдийн ялгааг тайлбарлаж өгье. Хөдөлгүүр гэдэг нь машины хамгийн чухал эд анги бөгөөд хүнээр төлөөлүүлбэл “зүрх” нь гэж ойлгож болно. Ямар түлш ашиглаж байгаагаас нь хамаараад дизель, хайбрид, цахилгаан, газ гэх мэт ангилдаг. Гол төлөв ачааны машин, уул уурхай, хөдөө аж ахуйн техник хэрэгсэлд дизель түлшийг ашигладаг. Дизель түлш нь энгийн түлшнээс ялимгүй өндөр үнэтэй байдаг.
Харин хайбрид хөдөлгүүр нь бензин, цахилгааны хосолсон хөдөлгүүр юм. Дотоод шаталтын хөдөлгүүр нь бензин ашиглах боловч давхар цахилгаан мотортой тул энгийн бензин хөдөлгүүртэй харьцуулахад байгаль орчинд ээлтэй сонголт болдог.
Дээрхээс гадна дан цахилгаанаар ажилладаг машинууд бий. Ямар нэг түлш хэрэглэдэггүй тул утаа гаргахгүй, байгаль орчинд ээлтэй байдаг. Сүүлийн үед дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цахилгаан моторт машины үйлдвэрлэл, хэрэглээг дэмжиж эхэлсэн. Мөн манайд бүрэн цахилгаанаар ажилладаг автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр 2023 оноос дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн байдаг. Гэвч өвөлдөө -40 хүртэл хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай манай оронд дан цахилгаан мотортой машинаар явах нь зарим талаараа эрсдэлтэй.
Хэр их шатахуун зарцуулдаг вэ?
Машины төрөл загвараас шалтгаалан шатахуун зарцуулалт харилцан адилгүй. Хүмүүс “манай машин зундаа 10, өвөлдөө 20 идэж байна” гэх мэт ярихыг сонсож байсан уу? Энэ нь тухайн автомашин зундаа зуун километр газарт 10 литр, өвөлдөө мөн зуун километр газарт 20 литр бензин зарцуулдаг гэсэн үг.
Тэгэхээр худалдан авах гэж байгаа автомашин тань өвөл, зундаа дунджаар хэдэн литр бензин зарцуулдаг болохыг урьдчилан мэдэх нь чухал. Учир нь автомашин гэдэг өдөр тутмын хэрэглээ болохоор тогтмол зардал гарна гэсэн үг. Иймд санхүүгийн чадамждаа тохирсон унаагаа сонгох нь ухаалаг алхам байх болов уу.
Хөдөө унах уу? Хотод унах уу?
Автомашин худалдан авахдаа амьдарч буй газар орныхоо нөхцөл байдал, онцлогийг бодолцож үзэх хэрэгтэй. Жишээ нь хэрэв та хөдөөний замаар явах бол танд хүчтэй, туулах чадвар сайтай, дөрвөн дугуй хөтлөгчтэй, өндөр тэрэг тохиромжтой байж болох юм. Харин хот дотор, өдөр тутамдаа ажил гэрийн хооронд унах бол намхан тэрэг хэрэгцээг асуудалгүй хангаж чадна. Иймд ямар зорилгоор, ямар онцлогтой газар оронд автомашин унах гэж байгаагаа харгалзан үзээрэй.
сэлбэгийн олдоц хэр вэ?
Сонголт хийхэд нөлөөлөх бас нэгэн чухал хүчин зүйл бол сэлбэгийн олдоц юм. Шинэ жолооч нар гарч болзошгүй эрсдэлийг тооцон, туршлага суутлаа сэлбэг элбэг, олдоц сайтай автомашин сонгох нь зүйтэй. Учир нь сэлбэг ховор, үнэ өндөр байх нь санхүүгийн хүндрэл үүсгэж болзошгүй. Харин жолоодлогын туршлага нэмэгдсэний дараа хүссэн автомашинаа сонгох боломжтой.
дугуй
Манайх шиг зам нь мөстдөг орчинд дугуйн чанар хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Учир нь удаан хэрэглэсэн дугуйн чийгшил багасч, элэгдэл нэмэгдсэнээр хатуурч, мөстсөн зам дээр гулсах эрсдэлтэй болдог. Харин шинэхэн, эдэлгээ багатай дугуй нь илүү зөөлөн байж, замтай барьцалдах чадвар сайжирснаар гулсах эрсдэлийг бууруулдаг.
Сонирхуулахад, дугуйг зориулалтаар нь дөрвөн улирлын, зуны, өвлийн гэх мэт хэд хэдэн төрөлд хуваадаг. Бидний зүгээс өвлийн цагт өвлийн, зуны цагт зуны дугуйг тавьж хэвшихийг зөвлөж байна.
үнэлгээний хуудсыг уншиж сурах нь
Монголчууд Япон, БНХАУ, БНСУ, Герман, Австралиас ихэвчлэн машин оруулж ирдэг. Үүнээс 2024 оны эхний дөрвөн сард импортолсон нийт автомашины 95 хувийг япон тэрэг эзэлж байгаа юм. Японоос авчирсан машинууд нь бүгд аукционы үнэлгээгээр орж, дуудлага худалдаанд ордог журамтай.
Ийнхүү автомашиныг шалгаад “үнэлгээний хуудас” өгдөг. Энэ хуудаст автомашины түүх, хөдөлгүүрийн багтаамж, кузовын төрөл, аукционы үнэлээ, салоны үнэлгээ, үйлдвэрлэсэн он, гүйлтээс эхлээд маш олон төрлийн мэдээлэл тэмдэглэсэн байдаг. Жишээ болгон аукционы үнэлгээг дор харуулж байна.
- S, 6 - Шинэ автомашин
- 5 - 25,000 хүртэлх гүйлттэй автомашин
- 4.5 - Маш сайн автомашин. Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой
- 4 - Сайн автомашин. Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно.
- 3.5 - Бага зэргийн сэв, хонхор, зураастай, Зарим эд анги солих, салон цэвэрлэх шаардлагатай
- 3 - Мэдэгдэхүйц том сэв, хонхор, зураастай, кузов засуулах шаардлагатай, салон толботой, бохир, тамхины галд түлэгдсэн эсвэл эдгээр дефект байхгүй.
- 2 - Дээрхтэй ерөнхийдөө адил боловч илүү гэмтэлтэй эсвэл их гүйлттэй автомашинд өгдөг
- 1 - Техникийн хувьд муу автомашин буюу усанд автсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, эд ангиудыг стандарт бус болгосон автомашин
- 0, А - Осолд орсон ч сайн сэргээсэн автомашин. Үндсэн эд ангиудад гар хүрээгүй
- R - Осолд орж засагдсан автомашин
Тиймээс хэрэв та Японоос ирсэн автомашин худалдан авах гэж байвал үнэлгээний хуудастай нь заавал танилцаарай.
ямар өнгийн автомашин дээр вэ?
Хүн бүрд өөрийн дуртай өнгө, таалагддаг загвар гэж бий. Харин автомашин худалдан авагчдын дунд хамгийн алдартай нь цагаан, хар, мөнгөлөг, саарал өнгүүд гэнэ. Цагаан, саарал, мөнгөлөг өнгөтэй автомашинуудыг арчлахад амар, цайвар гадаргуу дээр шороо тоос болсон нь тэр бүр мэдэгдэхгүй, цэвэрхэн харагддаг давуу талтай.
Харин хар болоод бусад тод өнгүүд ийм биш. Тэр тусмаа хар өнгөтэй автомашиныг угаасны дараа сайхан харагддаг ч багахан шороо тоосонд гундчихдаг гэмтэй. Сэв зураас гарвал амархан мэдэгддэг гээд арчилгаа их шаарддаг. Тэгэхээр шороо тоос ихтэй манай уур амьсгалд ямар өнгийн автомашин хамгийн тохиромжтойг бодож үзэхэд гэмгүй.
шинэ автомашины үйлчилгээ
Бид гадагшаа явахдаа тухайн орны цаг агаар, уур амьсгалыг судлан, түүнд тохируулан хувцас хэрэглэлээ бэлддэгтэй адил өөр оронд ашиглагдаж байсан автомашинд ч уур амьсгалд нь тохируулсан өөрчлөлт хийх шаардлагатай.
Ялангуяа, гаднаас оруулж ирсэн автомашины моторын тос, антифриз, агаар шүүгч зэрэг эд ангиудыг солих нь зайлшгүй. Учир нь тухайн машин өмнө нь өөр уур амьсгалд ашиглагдаж байсан тул манай нөхцөлд тохиромжгүй бүтээгдэхүүн хэрэглэсэн байх магадлалтай. Иймд худалдан авах гэж буй автомашиныхаа онцлогт нийцүүлэн шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгосноор урт хугацааны найдвартай ажиллагааг хангаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг санаарай.
автомашины даатгал
Автомашин унахдаа даатгал хийлгэхээ мартаж болохгүй. Даатгал нь санхүүгийн эрсдэлийг бууруулах, гэнэтийн нөхцөл байдлаас хамгаалах чухал арга хэмжээ юм.
Нэгт, жолоочийн хариуцлагын даатгал байдаг. Энэ нь заавал хийлгэх шаардлагатай даатгал бөгөөд төлөх үнийн дүн нь итгэлцүүрийн үндсэн дээр тооцогддог. Жолоочийн буруугаас болж бусдад учруулсан хохирлыг энэ даатгалаас нөхөн төлдөг.
Хоёрт, тээврийн хэрэгслийн даатгал буюу сайн дурын даатгал бий. Энэхүү даатгалыг хийлгэснээр таны өөрийн машин ямар нэг байдлаар хохирол амссан тохиолдолд даатгалын сангаас нөхөн төлбөр авах боломжтой. Иймд төрөл бүрийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж, заавал даатгалд хамрагдаарай.
таны автомашин яндантай юу?
Бидний толгойн өвчин болсон агаарын бохирдол хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Үүний нэг нь автомашины яндангаас гарах утаа гэдгийг та бүхэн мэдэх болов уу. Улаанбаатарын агаарын бохирдлын 28-30 хувийг үүсгэдэг автомашины утааг бууруулахад та ч бас хувь нэмрээ оруулах боломжтой.
Ингэхийн тулд таны автомашин зориулалтын шүүлтүүртэй яндантай байх хэрэгтэй. Үүнийг нүүрсэн яндан гэдэг бөгөөд автомашины катализатор юм. Нүүрсэн яндан нь автомашинаас ялгарч буй азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах зориулалттай. Энэ яндан байхгүй бол эдгээр хорт бодисууд шууд агаарт цацагддаг гэсэн үг. Иймд утаа хэмжигч төхөөрөмжөөр оношилж тодруулаад яндан нь шүүлтүүргүй байвал нүүрсэн яндангаар солиорой.
Таны алтан шар зам өлзийтэй байг!
Энэхүү нийтлэлийн хамтрагч Сүлжээ Авто Засварын Төв Приус Центрээс шинэ автомашиныхаа анхны үйлчилгээг авснаар та худалдан авалтынхаа гурван хувийг цуглуулж, дараагийн худалдан авалтдаа ашиглах, мөн автомашиныхаа засвар үйлчилгээний түүх, үйлчилгээнд орох цаг захиалах, хайж буй сэлбэгээ олох зэрэг боломжийг Приус Центрийн Хэрэглэгчийн аппаас авах боломжтой.