Хүний бие өөрийгөө байнга нөхөн төлжүүлж, шинэчилж байдаг. Бидний арьснаас авхуулаад гэдэсний хучуур эд хүртэл олон эд эрхтэн ийм нарийн системтэй. Нас ахихын хэрээр энэ системийн нөхөн сэргээх чадвар аажмаар сулран, анзаарагдахгүй жижиг өөрчлөлтүүд хуримтлагдсаар нэг том асуудал болж эхэлдэг. Ялангуяа гэдэсний хучуур эдийн эсүүд тогтмол шинэчлэгдэхээ болих нь хөгшрөлтийн хамгийн чимээгүй атлаа хамгийн аюултай өөрчлөлтүүдийн нэг юм. Үүний улмаас тухайлбал leaky gut буюу нэвчимхий гэдэсний хам шинж, архаг гэдэсний үрэвсэл, хавдар гэх мэт өвчлөл бий болдог.
Зүгээр л энгийн нэг жишээ бол хөгшин хүмүүс зарим хоолыг боловсруулж чадахгүй тухгүйдэх явдал. Ямар ч хоол идсэн суулгах, цээж хорсох зэрэг шинж тэмдгүүд илрээд байдаг нь урт хугацаандаа зовуурь ихтэй, төвөгтэй. Үүний гол шалтгаан нь senescent cells буюу “хөгширсөн” эсүүд. Эдгээр эсүүд нь хөгшрөлтийн явцад хуримтлагддаг бөгөөд өөрсдөө хуваагдахаа больсон ч орчноо “хордуулах” дохио, үрэвслийн бодисууд ялгаруулдаг.
Тэгвэл эл судалгаа анх удаа дархлааны системийн хамгийн хүчирхэг технологийн нэг болох CAR T-cell эмчилгээг ашиглан хүний бие, эрхтэн тэр дундаа гэдэсний “хөгшрөлтийг” ухрааж чадсан юм. Анх хорт хавдрын эсрэг бүтээгдсэн тус технологи хөгшрөлтийн эсрэг чиглэлд ашиглагдаж эхэлж байгаа нь шинжлэх ухаанд нэлээд өндөр ач холбогдолтойг хэлэх илүүц биз ээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн зөвхөн өвчнийг эмчлэх бус өвчин үүсэх суурийг нь өөрчилж чадна гэсэн үг.

өгүүллийн тухай
Өгүүлэл хэвлэгдсэн огноо: 2025.11.25
Өгүүллийн нэр: Anti-uPAR CAR T cells reverse and prevent aging-associated defects in intestinal regeneration and fitness
Түлхүүр үгс: Т эс, CAR T эс, uPAR уураг, senescent cells,
Туршилтыг гүйцэтгэсэн баг: Onur Eskiocak, Joseph Gewolb, Vyom Shah, James A. Rouse, Saria Chowdhury, Erdogan O. Akyildiz, Inés Fernández-Maestre, Jacob A. Boyer, Aveline Filliol, Alexander S. Harris, Raditya Utama, Guangran Guo, Carolina Castro-Hernández, Emmanuella Nnuji-John, Charlie Chung, Arianna Anderson, Sara Flowers, Jill Habel, Paul B. Romesser, Ross L. Levine, Scott W. Lowe, Michel Sadelain, Semir Beyaz & Corina Amor
Гол санааг ганцхан өгүүлбэрт: Дархлааны эсийг ашиглан гэдэсний нөхөн төлжих процессыг дахин сэргээв
Ач холбогдол: Насжилттай холбоотой гэдэсний асуудлын шинж тэмдгийг бус суурь шалтгааныг нь онилох шинэ аргыг танилцуулснаар гэдэсний хэвийн үйл ажиллагааг сэргээх боломжтойг батлав. Ингэснээр архаг гэдэсний үрэвсэл, гэдэсний хамгаалалтын бүрхүүл нимгэрэх, гэмтэл удаан эдгэх зэрэг ахмад настнуудад түгээмэл тохиолддог асуудлуудыг оновчтой эмчлэх боломжийг нээж байгаа юм.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хөгширсөн эсүүдийн хоржоонтой талууд
Бие эрхтэн хөгширнө гэдэг нь эсүүд нэг л өдөр ажиллахаа больчихдог явдал биш. Харин эсүүдийн хоорондын тэнцвэр аажмаар алдагдаж, зарим эсүүд өмнө нь гүйцэтгэж байсан үүргээ биелүүлж чадахаа байсан ч биеэс бүрэн гадагшлалгүй үлдэх явдал. Эл эсүүдийг senescent cell буюу “хөгширсөн” эс гэж нэрлэдэг. Эдгээр нь хуваагдаж, шинэ эс бий болгох чадвараа алдсан ч бүрэн идэвхгүй болдоггүй. Харин тодорхой бодисуудыг ялгаруулж тухайн эдийн орчныг нь өөрчилдөг.
Ялгаруулсан дохионы молекулууд нь үрэвслийн хариу урвалыг өдөөж, эдийн хэвийн үйл ажиллагаанд ачаалал үүсгэдэг бөгөөд үүнийг судлаачид хөгшрөлттэй холбоотой архаг үрэвсэл, өөрөөр хэлбэл inflammaging хэмээн нэрлэжээ. Хүний гэдэс ийм өөрчлөлтөд хамгийн мэдрэмтгий эрхтнүүдийн нэг. Учир нь гэдэсний дотор талыг бүрхсэн хучуур эд маш хурдан нөхөн сэргээгддэг бөгөөд 3-5 хоног тутамд бүрэн шинэчлэгддэг. Энэ тасралтгүй шинэчлэлтийн үйл ажиллагааг гэдэсний үүдэл эсүүд хариуцна. Харин өнөөх хөгширсөн эсүүд нэмэгдэхийн хэрээр үүдэл эсүүдийн нөхөн төлжих чадвар аажмаар буурдаг. Улмаар гэдэсний хамгаалалтын бүрхүүлийн хамгаалалт нь буурч гаднын нян, хортой бодисууд цусанд амархан нэвтрэх нөхцөл бүрддэг ажээ.

Тэглээ гээд хөгширсөн эсүүд ямар ч хэрэггүй гэсэн үг бас биш зарим үед тэд эсийн хэт хуваагдлыг зогсоож, хавдрын эрсдэлийг бууруулах, эсвэл эдийн гэмтлийн дараах эдгэрэлтийг зохицуулахад оролцдог. Тиймээс тэднийг бүрэн устгах нь эргээд өөр эрсдэл дагуулах боломжтойг санууштай. CAR T-cell хэмээх эмчилгээ бүх хөгширсөн эсийг устгахаас илүү тухайн эдийн үйл ажиллагаанд бодитоор саад болж буй эсүүдийг илүү нарийвчлалтай таньж устгах чадалтай. Энэхүү судалгаанд сонгосон uPAR уураг нь гэдэсний зарим хөгширсөн эсүүд дээр илүү их илэрдэг тул тэдгээрийг ялгаж таних чадвартай Т эсийг бүтээжээ.
Ингэснээр судлаачид асуудал нь үүдэл эсүүд өөрсдөө хөгширсөндөө байна уу? эсвэл тэднийг хүрээлж буй орчин нь доройтсонд байна уу? гэдгийг судлах боломжтой болсон юм. Хэрэв энэ асуултад хариулт олж чадвал бие махбодын байгалийн нөхөн төлжих чадварыг дахин идэвхжүүлж “залуужуулах” боломж бүрдэх юм. Гэхдээ эхлээд хүн хөгширхөд яагаад эсүүд өөрсдийгөө нөхөн төлжүүлэх чадвараа алддаг вэ? Гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дархлааны системийн “одууд”
Энд дархлааны системийн үүрэг чухал байр суурь эзэлдэг. Эрүүл, залуу биед T-эсүүд нь зөвхөн халдвар, хавдартай тэмцээд зогсохгүй эдийн хэвийн байдлыг хадгалах “хяналтын систем” маягаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, тэд зөвхөн гаднын аюулыг устгахаас гадна бие доторх хэвийн бус өөрчлөлтүүдийг илрүүлж, зохих хариу урвал үзүүлэхэд оролцдог гэсэн үг. Харин хөгшрөлтийн явцад энэ хяналтын нарийвчлал аажмаар алдагдаж эхэлдэг.
“Хөгширсөн” эсүүдийн хувьд асуудал эндээс эхэлдэг. Эдгээр эсүүд нь хавдрын эс шиг огцом аюултай харагддаггүй, мөн халдварлагдсан эс шиг аюултай биш. Тиймээс T эсүүдийн хувьд тэд тодорхой, шууд устгах ёстой байг мэт танигдахгүй үлдэх нь элбэг. Эл нөхцөлд CAR T cell технологи нь дархлааны системийн тэрхүү саадыг зориудаар тойрч гарч чаддаг. CAR T эс нь олон дохио нэгтгэж байж шийдвэр гаргах шаардлагагүй. Тэдэнд ганцхан тодорхой тэмдэг байхад хангалттай.
uPAR нь хөгширсөн, үйл ажиллагааны хувьд “доголдолтой” эсүүд дээр илүү тод илэрдэг уураг. Тийм ч учраас энэ уургийг онилох нь туршилтын асуултыг маш тодорхой болгож өгсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэдэсний үйл ажиллагаа сайжирвал энэ нь санамсаргүй дархлааны идэвхжил бус, харин uPAR бүхий хөгширсөн эсүүд үнэхээр саад болж байсан гэдгийг нотлох хүчтэй үндэслэл болно.

ТУРШИЛТЫГ ТОВЧООР
Туршилтад in vivo infusion арга буюу харханд CAR T эс тарьсан гэсэн үг. Ингэхдээ нэг бүлэгт нь CAR T эс, нөгөө хэсэгт нь энгийн Т эс тарьсан юм.
FITC-dextran
Судлаачид флюоресцент тэмдэглэгээтэй том молекулыг хулганад амаар өгч цусанд нь хэр их нэвтэрснийг хэмжжээ. Учир юу вэ гэвэл эрүүл гэдэс тийм том молекулыг гэдсэнд нэвтрүүлэхгүй шүү дээ харин гэдэсний хана нимгэрсэн бол цусанд амархан орсон нь хэмжигдэнэ. CAR T-эсийг тарьсан хулганад тус үзүүлэлт буурсан нь гэдэсний хамгаалалтын хана үнэхээр сайжирсныг баталж байгаа юм.
Гэхдээ гэдэсний хамгаалалтын бүрхүүл сайжирсан ч энэ нь түр зуурын нөлөө байж болох учраас судлаачид шинээр эс бий болсон эсэхийг тусад нь шалгасан. Үүний тулд EdU болон Ki-67 гэсэн хоёр маркер ашиглажээ. EdU нь шинээр хуваагдаж буй эсүүдийн ДНХ-д “шингэдэг” тул яг одоо эс үүсэж байна уу гэдгийг хянахад тусална гэсэн үг. Харин Ki-67 нь хуваагдлын мөчлөгт орсон эсүүдэд илэрдэг уураг бөгөөд нөхөн төлжилтийн идэвхийг нь давхар баталж өгдөг. Эдгээр шинжилгээгээр CAR T эс тариулсан хөгшин хулгануудын гэдэс шинэ эсүүдийг илүү идэвхтэй үйлдвэрлэж эхэлсэн байна.
Үрэвслийн үед
Үүн дээр нэмээд гэмтэл, үрэвслийн үед ямар өөрчлөлт ажиглагдаж буйг шалгах шаардлагатай. Иймээс хоёр өөр судалгааны загварыг ашиглав. Нэгдүгээрт хэвлийн хэсэгт өндөр тунгийн туяа (15 Gy) өгч, гэдэсний хучуур эдийг зориудаар гэмтээжээ. Энэ нь хөгшрөлтийн үед гэдэс гэмтлээс хэр хурдан, хэр чанартай сэргэж эдгэж буйг шалгах загвар. Хоёрдугаарт үрэвслийн үед CAR T эс жингийн алдагдал, эдийн гэмтэл, үрэвслийн хариу урвалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг ажигласан юм. Аль алинд нь CAR T эс тариулсан хөгшин хулганын гэдэс гэмтэлд тэсвэртэй байсныг харуулжээ.

Биологийн өөрчлөлт
Зөвхөн гаднах шинж тэмдгээс гадна судлаачид single-cell RNA sequencing аргыг ашиглаж гэдэсний эсүүдийг нэг нэгээр нь молекулын түвшинд шинжилсэн. Ингэснээр ямар төрлийн эсүүд өөрчлөгдөж байна, үүдэл эсүүдийн нөхөн төлжих шинж үнэхээр сэргэж байна уу? ямар генүүд дахин идэвхжиж байгааг нарийвчлан харж чадсан. Ингэснээр эсэд бодит биологийн ямар өөрчлөлтүүд явагдаад буйг баталсан чухал судалгаа болсон юм.
Эцэст нь судлаачид лабораторид ургуулсан “гэдэс” бий болгож туршжээ. Хэрэв үүдэл эс эрүүл, идэвхтэй байвал олон удаа дахин органоид үүсгэж чадна. CAR T-эсийн дараа хөгшин хулганын гэдэсний эсүүд энэ чадвараа мэдэгдэхүйц сайжруулсан нь бие дотор ажигласан нөлөөг лабораторийн нөхцөлд дахин баталсан хэрэг байв.
Ингэж олон өөр түвшний, хоорондоо уялдаа холбоотой аргуудыг ашигласнаар судлаачид CAR T эсийн нөлөө нь санамсаргүй бус, харин senscent эсүүдийг чиглэн устгасантай шууд холбоотой гэдгийг итгэлтэйгээр дүгнэх боломжтой болсон юм.
ОНЦЛОГ, ДЭВШИЛТ

Өмнө хийгдэж байсан судалгаанууд хөгширсөн эсүүдийг ерөнхийд нь багасгахыг зорьж байсан бол энэ судалгаа гэдэсний үйл ажиллагаанд бодитоор саад болж буй тодорхой эсүүдийг ялгаж онилсон.
Өмнө нь ашиглагдаж байсан senolytic эмүүд сонгомол байдал сул учраас зарим эрүүл эсүүдийг гэмтээх эрсдэлтэй байв. Үүний улмаас үр дүнг нь яг аль эсүүдийн нөлөө вэ
гэдгийг тодорхой тайлбарлахад хүндрэлтэй байсан хэрэг. Харин энэ судалгаанд uPAR бүхий эсүүдийг онилсон CAR T-cell ашигласнаар шалтгаан болон үр дагаврын холбоог илүү тод томруунаар харах боломж бүрдсэн гэсэн үг.
Түүнчлэн өмнө нь үрэвсэл тэргүүтэй өргөн хүрээний үзүүлэлтүүдэд төвлөрч байсан бол энэ судалгаа гэдэсний тодорхой функцүүдийг хэмжсэнээрээ онцлог. Үүнд гэдэсний хамгаалалтын хана, үүдэл эсийн нөхөн төлжилт, гэмтэл болон үрэвслийн дараах сэргэлт зэрэг орсныг туршилтыг товчоор хэсэгт харсан биз ээ.
Товчхондоо уг ажил “хөгширсөн” эсүүдийг ерөнхийд нь устгах бус, яг асуудал үүсгэж буй эсүүдийг нарийн таньж устгавал эдийн үйл ажиллагаа сэргэж болохыг анх удаа маш тодорхой харуулсан юм.

Сэтгэгдэл бичих

