The Economist сэтгүүл энэ оны есдүгээр сарын 17-нд “The right way to learn from Genghis Khan” нэрт нийтлэл цахимд нийтлэн улмаар 19-ны дугаартаа хэвлэн гаргасан билээ. Өнөөдрөөс 10 гаруй жилийн тэртээ алдарт “Forbes” сэтгүүл ч Чингис хаанаас суралцах тухай бичиж байв.
Монголчууд бид их хаанаасаа ёс суртахуун, тэсвэр хатуужил, шударга ёс, мэргэн ухаан, стратеги зэрэг олон эрдэм, чадварыг суралцах тухай бичиж, ярьдаг. Харин олон улсын томоохон хэвлэлийн редакцуудын өнцөг ямар онцлогтой байсан тухай өнөөдөр тохиож буй Монгол бахархлын өдөрт зориулан уншигч танд хүргэхээр бэлтгэлээ.
1. Чингис хааны амжилтын нууц
АНУ-ын Пулитцерийн шагналт түүхч Жаред Даймонд Чингис хааны амжилтын нууцыг цаг агаартай холбон тайлбарласныг The Economist онцолсон байлаа. Манай улсын модны цагаригаас шинжихэд тухайн үед хур тунадас тун сайн байсан нь батлагджээ. Бороо хуртай байна гэдэг нь мал үржих, сүү, цагаан идээ их гарах, мөн хамгийн чухал нь эзэнт гүрний гол давуу тал болсон адууны тоо толгой өсөхөд шууд нөлөөтэй юм. Иймд түүхчийн үзэж буйгаар Чингис хаан хорин жилийн өмнө, эсвэл хоёр, гурван зуун километрээр өмнө зүгт төрсөн бол тухайн үеийнхээ энгийн л нэгэн ноёноос хэтрэхгүй байх байжээ. Өөрөөр хэлбэл Тэмүүжин бээр зөв цагтаа, зөв газраа төрсөн байна.
The Economist-ийн сэтгүүлч цааш үргэлжлүүлэхдээ дэлхийн хамгийн том шашныг үндэслэгч Есүсийн сургаал ч Өрнөд хүчтэй тархсан нь гагц түүний харизм, хувь хүнтэй нь холбоотой гэж үзэхээс илүүтэй тухайн үеийн Ромын эзэнт гүрний ард түмэнд бичиг үсэг тайлагдсан иргэд олон байсантай холбоотой гэнэ. Түүнчлэн тухайн иргэд гагц Ром хотод төвлөрч бус, эзэнт гүрэн даяар тархан суурьшиж байсан нь дээрхэд нөлөөлсөн боловч Ромын хаад уг шашныг дагах болсноор л Есүсийн номлол Европт бүрэн утгаараа дэлгэрч, улмаар колоничлолын үеэр бусад орон, тивд түгсэн ажээ. Тэгвэл эндээс ер нь яагаад бидэнд удирдагч, манлайлагч хэрэгтэй вэ? гэх асуулт төрөн гарах юм.
2. Яагаад удирдагч хэрэгтэй вэ?
Түүхч Жаред Даймонд 1964 онд Шинэ Гвинейн нэгэн алслагдсан тосгонд очжээ. Уг тосгон 100 орчим оршин суугчтай агаад тухайн үед нийтээрээ тулгамдсан асуудлаа хэлэлцэж байсан аж. Тосгоны оршин суугчид бүгд нэг нэгнээ таньдаг учир хүссэн бүхэн нь санал бодлоо шууд хэлэх бөгөөд хэн нэгэн удирдагчийн хэрэгцээ шаардлага байгаагүй гэнэ. Гэтэл хүний нийгэм өргөжихийн хэрээр шийдвэр гаргагчаа тодорхойлох шаардлага нэмэгдэнэ. Харин шийдвэр гаргагчид түүхэнд хэр хэмжээний өөрчлөлт авчирдаг нь түүх, тоо баримтаас л ил болно.
1875-2004 он хүртэлх хугацаанд бүрэн эрхийнхээ үеэр насан эцэслэсэн болоод татан буугдсан 183 засгийн газрын удирдагчийг хамарсан нэгэн судалгаа явагджээ. Үр дүнд нь эдийн засаг нэг бол асар их хэмжээнд нэмэгдэж, үгүй бол буурч байсан нь ажиглагдсан байна. Үүний цаадах хамгийн магадтай тайлбар нь хэн удирдагч болж буйтай шууд хамааралтай гэнэ. Эдийн засгийн мэдлэг чадвар сайнгүй удирдагч төрийн эрхээс буухад өсөлт сэргэж, эсрэг тохиолдолд буурч байжээ. Гэвч уг шинж чанар нь автократик буюу хэмжээгүй эрхт удирдлагын системд илүү голчилдгийг орхиж болохгүй.
Сонирхолтой нь, дээр дурдсан ажиглалт бизнесийн орчинд ч илэрдэг байна. Дани улсад явуулсан нэгэн судалгаагаар гүйцэтгэх захирал насан эцэслэхэд дараагийн хоёр жилд компанийн орлого дунджаар 13 хувиар буурдаг нь ажиглагджээ. Харин ТУЗ-ийн гишүүн нас барвал төдийлөн өөрчлөлт гардаггүй аж.
3. Хэрхэн сайн удирдагч болох вэ?
Нэн тэргүүнд боловсрол эзэмших нь чухал. Дээд боловсролтой ерөнхийлөгч, ерөнхий сайдын халааг боловсрол сайнгүй нэгэн авахад эдийн засаг буурах төлөв ажиглагддаг бөгөөд эдийн засгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс төрчид өөрсдөө эдийн засагчид байх нь олонтоо гэнэ.
Түүхч Жаред Даймонд Боствана улсын анхны ерөнхийлөгч Серетсе Хамаг онцолжээ. Уг улс 1966 онд тусгаар тогтнохдоо 11 километр засмал зам, их сургууль төгссөн 22 иргэнтэй, олж тогтоогдсон газрын баялаггүй, колоничлолын дараа Африк тивийг нөмөрсөн цуст мөргөлдөөнийг тойрч гарах ямар нэгэн баталгаагүй орон байв. Хэдий тийм боловч Серетсе Хамагийн төр барих хугацаанд Боствана дэлхийн хамгийн хурдацтай эдийн засгийн өсөлттэй улс болжээ. Тэрээр 1944 онд Fort Hare University College-ийг хуулийн чиглэлээр төгссөн бөгөөд улмаар Оксфордын Их сургуульд 1944-1946 онд суралцсан боловч латин хэлний мэдэгдэхүүнээсээ шалтгаалан орхисон аж.
Гэхдээ түүнтэй холбоотой нэгэн чухал түүх нь өөрийнх нь овог отог анх асар их алмаз олсонтой холбогдоно. Уг алмазыг 1967 онд олон улсын томоохон уул уурхайн компани болох De Beers-ийн геологичид Калахаригийн цөлд олж илрүүлжээ. Эл олдворыг холбогдуулан ерөнхийлөгч Серетсе Хама “Debswana” гэх хэлэлцээрийг De Beers-тэй хийж, гаднын улсууд Африкийн орнуудаас газрын баялгийг нь авсныхаа хариуд багахан хэмжээний татвар төлдөг явдлыг эх орондоо зогсоожээ.
Тодруулбал, тэрээр Уул уурхай, ашигт малтмалын тухай хууль боловсруулан газрын баялгийг отгын мэдлээс улсын мэдэлд шилжүүлж, улмаар “Debswana” хэлэлцээрээр уурхайн нийт ашгийн хуваарилалтыг 50/50 хувь байхаар De Beers-тэй тохиролцсон байна. Ийнхүү 1966-1991 онд 25 жилийн турш тус улсын нэг хүнд ноогдох ДНБ 7.8 хувиар тогтмол өссөн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ.
4. Чингис хаанаас суралцах нь
Харин өнөө цагт сайн удирдагч болоход Чингис хаанаас чухам юуг суралцаж болох вэ? АНУ-ын “Forbes” сэтгүүлийн нийтлэлч Райан Холидэй 2012 онд нийтэлсэн “Чингис хаанаас суралцах манлайллын есөн сургамж” нийтлэлдээ их хааны удирдах арга барилаас өнөөгийн удирдагчдад хэрэгтэй хэд хэдэн зарчмыг онцолжээ.
Нэгдүгээрт, зорьсон ажлаа эцэслэн дуусгах. Холидэйн бичсэнээр, Чингис хааны хувьд ялалт байгуулаагүй тулаанд хувь хүний нэр төр гэж үгүй бөгөөд аливаа зүйл дуусаж байж л үнэ цэнтэй болдог байв. Хоёрдугаарт, удирдагч хүн бусдаасаа түрүүлж манлайлах бус, тэдэнтэйгээ ижил нөхцөлд байж, бэрхшээлийг хамтдаа туулдаг байх хэрэгтэй аж.
Гуравдугаарт, хувийн ашиг сонирхлоос илүү нийтийн сайн сайхныг эрхэмлэх нь чухаг. “Алд бие минь алжааваас алжаатугай/Ахуй төр минь бүү алдартугай” хэмээн Их хаан хэлсэнчлэн удирдагч хүн ард иргэд нь аз жаргалтай байж гэмээнэ өөрөө аз жаргалтай байж чадна гэж үздэг байжээ. Үүнээс гадна алсын хараатай байх, бие даан шийдвэр гаргах, бардам зангаа хазаарлан даруу төлөв занд суралцах, хэт тансаглалд авталгүй, удирдаж буй хүмүүсээ ойлгох, өөрчлөлтийг аажмаар хэрэгжүүлэх зэрэг зарчмыг Холидэй дурдсан байна.
Сонирхолтой нь, Чингис хаан эдгээр чадварыг тухайн үеийн хаад, ханхүү нарын адил ямар нэгэн боловсролоор олж эзэмшээгүй бөгөөд амьдралынхаа туршид туршлага хуримтлуулж, алдаанаасаа суралцан, нөхцөл байдалд дасан зохицох замаар өөрийгөө хөгжүүлсэн тухай "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт Жэк Уэтерфордын бүтээлээс Холидэй эш татжээ. Өөрөөр хэлбэл, сайн удирдагч болох нь зөвхөн төрөлхийн авьяас бус, тасралтгүй суралцах, өөрийгөө өөрчлөх чадварын үр дүн ажээ.
Эцэст нь дурдахад The Economist-ийн бичсэнчлэн сайн удирдагч бээр “тууштай бол сайн ч зөрүүд болж хувирвал тусгүй. Зоригтой боловч болгоомжгүй байж болохгүй; энэрэнгүй боловч хэт зөөлөн бол сайнгүй” билээ.
Сэтгэгдэл бичих

