Орой ажил, хичээлээ тараад Netflix-ээс үзэх кино хайсаар байтал нэг л мэдэхэд цаг гаруй хугацаа өнгөрч, эцэст нь юу ч үзэлгүй утсаа ширтсээр унтаж байсан тохиолдол танд бий юу? Эсвэл онлайн дэлгүүрийн аппликейшн ухаж хэдэн цагаар хувцас сагсалсан ч юу худалдаж авахаа шийдэж чадалгүй орхидог уу?

Бид өглөө сэрсэн цагаасаа эхлэн ямар хувцас өмсөх, өдрийн хоолонд юу идэх, чөлөөт цагаараа юу үзэх гэх мэт хэдэн зуун жижиг сонголттой нүүр тулдаг. Харин аав ээж, ах эгч нарын үед хувцас, амттан, тоглоом, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гээд тэр бүр олон сонголт байгаагүй ч бидний одоогийн амьдралаас хавь илүү хөгжилтэй, дурсамжтай цаг хугацааг өнгөрөөсөн мэт. 

Сонголтын эсрэгцэл 

Сонголт олон байна гэдэг таатай хэдий ч хэдэн тийш анхаарал хандуулсаар сонголт хийхээс залхах мэдрэмж төрдөг байна.

Сэтгэл судлалд үүнийг "Сонголтын эсрэгцэл" буюу Choice Paradox хэмээн нэрлэдэг бөгөөд 2000 онд сэтгэл судлаач Шиена Иенгар болон Марк Леппер нар дэлгүүрийн лангуун дээр зургаа болон 24 төрлийн жимсний чанамал тавьж нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Олон сонголттой лангуу хүмүүсийн анхаарлыг илүү татаж, 60 гаруй хувь нь тус лангууны урд зогсож, сонирхож байв. Гэтэл худалдан авалтын үед ердөө 3 хувь нь чанамалаас худалдан авчээ. Харин цөөн тооны чанамалтай хэсгээс 30 хувь нь худалдан авалт хийсэн байх жишээтэй.

Олон сонголт хүний сонирхлыг татдаг боловч шийдвэр гаргах чадварыг бууруулдаг болохыг энэ судалгаа баталсан юм.



Сонголтын ачаалал

Гэхдээ гол асуудал нь сонголт их багадаа биш юм. Харин байгаа бүх боломжийг хооронд нь харьцуулж, хамгийн төгс сонголт хийх гэж хичээдэгт оршино.

2015 онд Северо-Западны Их сургуулийн Маркетингийн профессор Александр Чернев мөн адил 99 удаагийн туршилтын мэдээлэлд дүгнэлт шинжилгээ хийжээ. Түүний судалгаагаар олон сонголт байх нь асуудал байсангүй. Гол нь дараах дөрвөн нөхцөл бүрэлдэхэд л хүний тархинд ачаалал үүсэж, гацдаг болохыг олж тогтоосон байна.

1. Сонголтууд хоорондоо хэт ижилхэн байх. Бүтээгдэхүүнүүдийн давуу болон сул тал нь ялгарахааргүй ижил түвшинд байх тусам шийдвэр гаргахад бэрхшээлтэй болдог.

2. Шийдвэрийн дарамт өндөр байх. Тухайн сонголтыг хийсний дараа ямар үр дүн гарах вэ? Тэр шийдвэр хэр чухал вэ гэдгээс шалтгаалан сонголт хийхэд бэрхшээл үүснэ.



3. Мэдээлэл цэгцгүй байх. Сонголтуудыг хооронд нь ангилах, харьцуулах тодорхой шалгуур байхгүй бол шийдвэр гаргахдаа амархан түүртэж эхэлдэг.

4. Хэрэгцээ тодорхойгүй байх. Энэ зүйл хэрэгцээтэй юу эсвэл зүгээр хүсэл үү гэдгээ ойлгоогүй үед олон сонголт дунд төөрөлдөж, дарамт болж хувирдаг аж.

Тиймээс энэ судалгааны гол үр дүн нь асуудал сонголтын тоондоо биш, харин тухайн сонголтыг хийхийн тулд толгойгоо хэр их ажиллуулах шаардлага гарч байгаад оршдог гэдгийг харуулжээ. Цахим орчин болон нийгмээс ирж буй түмэн янзын ажил мэргэжил, бусдын амьдралын хэв маягийг харж, өөртөө тохирох шийдвэр гаргах гэж тархиа зовоох нь залуусыг шийдвэр гаргаж чадахгүй гацахад хүргэдэг байна.

Сонголт дагах хариуцлага

Цахим орчны энэ эрин үед залуусын сонголтын дарамт асар их байгаагийн бас нэг шалтгааныг Францын сэтгэл судлаач, философич Рене Жирарын "Дуурайх хүслийн онол" тайлбарладаг. Бидний хүсээд сонгох гээд байгаа зүйлс үнэндээ бидний өөрсдийн чин сэтгэлийн хүсэл үү, эсвэл бусдын хийж байгааг хараад даган дуурайх гэсэн хүсэл үү? Контент бүтээгч, нөлөөлөгчид, цахим орчин дахь трендээс болж бидэнд ийм л хувцас өмсөх ёстой, тийм л ажил хийх ёстой гэх мэт олон хийсвэр мэдрэмж төрүүлснээр өөрт хэрэгтэй сонголт хийхэд төөрөгдөл үүсдэг байна.

Сонголт цөөн байх үед алдаа гарсан тохиолдолд тухайн хариуцлагыг хүн өөрөөсөө бусад хүчин зүйлд даатгадаг байсан бол сонголт хязгааргүй олон болсон энэ үед гаргасан жаахан л сөрөг үр дүнгийн бүх хариуцлага өөрт ирж буй. “Энэ олон боломж дундаас буруу сонголт хийчихлээ" гэж өөрийгөө буруутгах сэтгэл зүй нь залуусын дунд түгшүүр үүсгэх, сэтгэлээр унах шалтгаан болж байгаа юм.


Шийдвэртээ харамсах эргэлзээ

Сэтгэл судлаач Рой Баумайстерын судалгаагаар хүн өдөрт дунджаар өөрөө ч анзааралгүй 35 мянга орчим шийдвэр гаргадаг бөгөөд хором тутмын жижиг сонголтууд нь тархины тасралтгүй ажиллуулдаг аж. Ингэснээр өдрийн төгсгөлд хүний тархи сульдаж, сэтгэл зүйн хувьд ядаргаа үүсэн сөрөг мэдрэмжид амархан автах, түгшүүртэй болох хандлагатай. Дээрээс нь хүн шөнийн цагаар аливаа асуудалд хэт сэтгэл хөдлөлөөр хандах, буруу шийдвэр гаргах эрсдэлтэй байдаг нь ч үүнтэй холбоотой ажээ.

Бид эцэст нь нэг сонголт, шийдвэрт хүрснийхээ дараа бусад боломжийнхоо давуу талыг бодон харамссаар үлддэг. Өөр дэлгүүрт илүү сайн загвар байсан болов уу, эсвэл өөр ажилд орсон бол илүү их цалин авах байсан болов уу гэх асуултууд биднийг ээрсээр байдаг. Тэгэхээр орчин үед хэтэрхий олон сонголт дунд төөрөлдөж, уйдсандаа биш, харин сонгосон сонголт, гаргасан шийдвэрээсээ заавал хамгийн төгсийг нь олох ёстой гэж өөртөө дарамт үүсгэж буй хэрэг.



Хамгийн сайныг биш, өөрт тохирсныг сонгох нь

Сэтгэл судлаач Барри Шварц шийдвэр гаргах зан төлөвийг хамгийн сайныг шаардах “Maximizers” болон боломжийн хувилбарт сэтгэл ханаж чадах “Satisficers” хэв шинж хэмээн хоёр хуваажээ. Эхний төрлийн хүмүүс заавал төгс сонголт хийх гэж бүх боломжийг харьцуулсаар эцэст нь харамсал, стресст автдаг бол хоёр дахь төрлийн хүмүүс өөрт тохирсон, боломжийн хэмээн үзсэн л бол дараа дараагийн сонголтуудад эргэлзэлгүй шууд шийдвэр гаргаж, сэтгэл амар үлддэг гэнэ.

Бүх боломжийг харьцуулан төгс шийдвэр гаргах гэж өөрийгөө зовоох шаардлагагүй. Заримдаа хамгийн сайн сонголт бол төгс зүйлийг хайхаа больж, өөрийн хэрэгцээнд таарсан хувилбартаа сэтгэл хангалуун үлдэх явдал билээ.