Монгол Улс дэлхийн нийт нүүрстөрөгчийн ялгарлын 0.1 хувиас ч бага хэмжээг үйлдвэрлэдэг боловч уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн ноцтой нөлөөллийг амсаж буй орнуудын нэг гэдгийг та мэдэх үү?
Үүнийг ган, зудын давтамж сүүлийн 80 жилийн хугацаанд бараг хоёр дахин өсөж дундаж агаарын температур 1940 оноос хойш 2.25°C-аар нэмэгдсэн мөн түүнчлэн цөлжилт нийт газар нутгийн 77 орчим хувьд хүрч цас, мөсний бүрхүүл жилээс жилд нимгэрснээс илэрхий харж болно.
Гэтэл иргэд уур амьсгалын өөрчлөлтийг худал, харин тогтвортой хөгжлийг хий хоосон амлалт гэж бодсон хэвээр байгаа нь харамсалтай. Дэлхий дулаарч байхад Монголд өвөл болсоор байгаа юм чинь бидэнд дэлхийн дулаарал хамаагүй хэмээн эндүүрдэг. Зун нь бороо хур ихтэй байвал газар дэлхий ногоорч, сайхан зун болж байна гэж боддог. Гэтэл дэлхий дулаарахын хэрээр агаар дахь усны уур нэмэгдсэнээр зарим бүс нутагт түр зуурын чийг, бороо ихсэж, ургамал ургах нөхцөл сайжирч байгаа мэт харагддаг хэрэг л дээ. Нэг ёсондоо энэ нь өнгөн талдаа өвс ногоо их ургаж, тухайн үедээ сайхан зун болж байгаа мэт харагдавч цаанаа байгаль дэлхийн эцсийн удаа өөрийн тэнцвэрээ хадгалах гэж буй оролдлого байдаг ажээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монголчууд юу хийж чадахыг АНУ-ын ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт ноён Аль Гор Монголчуудад сануулсаар буй. Монголчууд говийн бүсийн нар, салхины асар их нөөцийг ашиглаж чадваас эдийн засгийн том боломж бий болгох боломжтой. Яг эл сэдвийг Монголчуудад ойлгуулж, чадавхжуулах сургалтыг Climate Reality Project ТББ энэ долоо хоногт хэрэгжүүлсэн билээ. Түүнээс өмнө ноён Аль Гор гэгч хэн болох мөн Climate Reality гэж ямар байгууллага, яагаад Монголд ирэв гэдгийг тайлбарлая.
Ал Гор гэж хэн бэ?
АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, Нобелийн Энхтайвны шагналт эрхэм Аль Гор нь 2006 онд байгуулсан The Climate Reality Project байгууллагаараа дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг хүн бүрд ойлгомжтой, хүртээмжтэй тайлбарласаар ирсэн дэлхийн хамгийн нөлөө бүхий уур амьсгалын удирдагчдын нэг билээ.
Тэрээр 10-р сарын 2-ны өдөр Улаанбаатарт ирсэн нь Монгол орны тогтвортой хөгжлийн ирээдүйг дэлхийн анхаарлын төвд авчраад зогсохгүй Монгол уур амьсгалын өөрчлөлтийн “хохирогч” бус, харин шийдлийн эзэн, цэвэр эрчим хүчний манлайлагч орны нэг гэдгийг баталж буй.
Харин Climate Reality Leadership Corps сургалт бол дэлхийн хэмжээнд тухайн улсын иргэдийг уур амьсгалын шийдэл хэрэгжүүлэхэд сургадаг хөтөлбөр юм. Уур амьсгалын асуудлыг ойлгож, хэлэлцэхээс гадна бодит шийдэлд хүргэх мэдлэг, хамтын оролцоо, итгэлцлийг бий болгодог.
The Climate Reality Project
2006 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Аль Гор уур амьсгалын хямралыг шийдэх, түүнд хариу арга хэмжээ авах дэлхийн хэмжээний хөдөлгөөнийг бий болгох зорилгоор The Climate Reality Project-ийг байгуулжээ. Тус байгууллага өнөөдөр 3.5 сая гаруй гишүүн, сайн дурынхныг нэгтгэсэн дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг коммюнити билээ.
Climate Reality Project-ийн үндсэн зорилго бол уур амьсгалын хямралыг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүн, эдийн засаг, нийгэм, шударга ёсны цогц асуудал гэж үзэж, түүнийг бодит шийдлээр даван туулахад чиглэдэг. Тэдний үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, бодлого, олон нийтийн оролцоог хослуулсан нэгдмэл байдлаар хэрэгждэг бөгөөд “уур амьсгалын өөрчлөлт бол ирээдүйн асуудал биш, өнөөдрийн сорилт” гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорьдог.
REALITY® Tour
REALITY® Tour нь дэлхийн олон улс орнуудад зохион байгуулагддаг Climate Reality Leadership Corps сургалтын цуврал бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бодит шийдэл хэрэгжүүлэх дэлхийн хөдөлгөөнийг өрнүүлэх зорилготой. 2025 онд тус аялал Парис, Найроби, Рио-де-Жанейро зэрэг дэлхийн томоохон хотуудаар дамжин, 10-р сарын 2-нд анх удаа Улаанбаатар хотод ирж буй нь энэ юм.
Climate Reality Leadership Corps сургалт
Харин эл сургалт нь дэлхийн өнцөг булан бүрийн иргэдийг уур амьсгалын манлайлагч болгон бэлтгэдэг илүү гүнзгий сургалтын хөтөлбөр юм. Энэхүү сургалтад оролцогчид уур амьсгалын шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээлэл, бодлогын чиг хандлагад суралцаж уур амьсгалын шийдэлд өөрийн орон нутгийн онцлогт нийцсэн хэлбэрээр хувь нэмрээ оруулах арга замыг сурч авдаг.
Сургалтад хамрагдсан оролцогчид зөвхөн уур амьсгалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхээс гадна, олон нийтийн боловсрол, хэвлэл мэдээлэл, бизнес, төрийн бодлого зэрэг салбарт нөлөөлөх бодит ур чадвар эзэмшдэг. Тэд дэлхийн 170 гаруй оронд ажиллаж буй уур амьсгалын манлайлагчдын томоохон сүлжээний нэг хэсэг болдог онцлогтой. Монголд зохиогдсон уг арга хэмжээнд нийт 2000 гаруй өргөдөл ирж, (бодит тоо нь байвал энд оруулж өгөөрэй) 400 гаруй оролцогчдыг шалгаруулан сонгож хоёр өдрийн хөтөлбөрт хамруулсан билээ.
Ноён Аль Горын уур амьсгалын шинжлэх ухааны нарийн ойлголтуудыг хамгийн сүүлийн үеийн баримт, судалгаа, хиймэл дагуулын мэдээлэл, бодит тоон үзүүлэлтүүдэд суурилан маш энгийн, ойлгомжтойгоор тайлбарладаг. Түүний илтгэлийг татаж авахыг хүсвэл энд дарж аваарай.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн горыг хамгийн их амсдаг боловч хамгийн бага ялгаруулагчдын тоонд ордог хэдий ч, энэ бидэнд бас нэгэн боломжийн эхлэлийг тавьж буй. Ноён Аль Гор болон The Climate Reality Project-ийн айлчлал энэ бодит байдлыг өөр өнцгөөс харах боломж өгсөн юм. Эцэст нь хэлэхэд Монголчууд говийн нар, салхиа эдийн засгийн боломж болгон хувиргах, уламжлалт амьдралын хэв маягаа орчин үеийн шийдэлтэй уялдуулах замаар дэлхийн тогтвортой хөгжлийн нэгэн манлайлагч болох бүрэн чадвартай.
У Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь худал заль мэх ???? 2025.10.06 79.116.109.92
Уур амьсгал угаасаа өөрчлөгддөг ба өөрчлөгдөх ч болно.үүнд хүний оролцоо бараг байхгүй ????наад элийрлээ зогсоогоод өг та нар
З Зочин 2025.10.06 66.181.187.136
2013, 2019 онд дэлхий сөнөнө гэж худлаа залсан нөхөр дөө. Хүн төрөлхтөний айдсан дээр дөрөөлж улс төр хийдэг юм шиг санагддаг.