Бидний өдөр тутмын амьдралын нэгэн хэсэгт кофе улам бүр их орон зайг эзлэх болжээ. Хэдхэн жилийн өмнө гарын арван хуруунд багтах цөөхөн кофешоп, кафе байдаг байсан бол өдгөө хотын өнцөг булан бүрд ажил, хичээлээ амжуулахаас гадна найз нөхөдтэйгөө уулзаж, ярилцах, эсвэл заримдаа алжаал ядаргаагаа тайлан, тайван цагийг өнгөрөөх боломжтой олон шинэ кофешопууд үүд хаалгаа нээсээр байна.
Мөн хүн төрөлхтний хамгийн өргөн хэрэглээний гурван унд (ус, цай, кофе)-ны нэг болсон “кофе” гэх ундааны Дэлхийн өдөр ирэх сарын нэгний өдөр тохиож буй. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр бид кофег тойрсон дөрвөн үнэн, ташаа ойлголтыг хүргэхийн зэрэгцээ багахан бэлгийн тухай нийтлэлийнхээ төгсгөлд бэлдлээ.
Кофены үүслийг товчхон өгүүлбэл
“Калди ямаан сүргээ хариулан уулнаас уруудаж байв. Нар түүний дээрээс хүчтэй шарах бөгөөд экваторын бүс орчмын халууныг ч хэлэх үү – тэрээр арга буюу хэсэг амс хийхээр суулаа. Ямаан сүрэг нь харин зогсохгүй цааш яваад өгөх нь тэр. Калди хэсэг хоцорч үлдсэнээ босон сүргийнхээ араас яваад нэгэн хачин зүйлийг олж харжээ. Түүний ямаан сүрэг нэгэн үл таних бутны улаан жимс мэт зүйлийг амтархан идэх авай. Удалгүй түүний сүрэг өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болж буйг Калди ажиглаад, хэд хэдэн өдөр энэ явдал давтагдсанд өнөөх жигтэй жимсийг өөрөө хэрэглэж үзжээ...”
Бидний сайн мэдэх, ажил хэрэгч хүмүүсийн дотнын нөхөр болсон кофе гэгч ундааны эх жимс ингэж анх нэгэн сониуч, саваагүй нэгэнтэй танилцсан домогтой (мэдээж хэчнээн сониуч ч гэсэн ямааг тооцохгүй билээ). Нийтийн тооллын 850 оны орчим, өнөөгийн Этиоп улсын нутагт аж төрж байсан малчин Калди ингэж бидний дуртай ундааны эх сурвалжийг олж нээсэн ачтай бөгөөд хоёр зуун тавин жилийн дараа анхны кофены модыг Арабын хойгт тарьсан байна. Ийнхүү арабчууд анх тэрхүү жимсийг боловсруулан “Кавха” гэх “прото-кофе” (анхны кофе гэсэн утга)-г бүтээсэн бөгөөд өдгөө дэлхийн ихэнх хэлэнд энэ ундаа араб нэрээрээ нэрлэгддэг билээ.
Нэрийн тухайд
Монгол хэлний хэл зүйч эрдэмтэн Я.Цэвэл гуай өөрийн тайлбар тольдоо кофег “Боргол” гэж буулгажээ. Мөн тайлбартаа “Халуун оронд ургах Coffea arabica (Coffea төрлийн Arabica зүйлийн ургамал хэмээх Латин үг. Homo sapiens-тай ижил) зүйл ургамлын хуурч боловсруулсан үрийг хандалж бэлдсэн бор хүрэн өнгийн сэргээх үйлчилгээтэй ундаа” хэмээсэн байдаг. Уг "Кахва" гэх нууцлаг нэр “нэрсэн ундаа” хэмээх энгийн утгатай ажээ.
4 үнэн ойлголт

1. Кофе эрүүл мэндэд тустай
Үнэн. Өмнө нь кофе дэлхийн улс орнуудад олон жилийн туршид эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой хэмээгдэж иржээ. Энэ нь кофенд акриламид (шарах, хуурах замаар өндөр температурт болгосон хоол хүнсэнд агуулагддаг) гэх хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг гэж үздэгээс үүдэлтэй ажээ. Гэвч 2016 онд хийгдсэн судалгаагаар кофег боловсруулснаас хойш хэт өндөр буюу 65 цельсийн температуртаас дээш нөхцөлд дээрх бодис нь кофенд үүсдэг болохыг баталсан байна. Түүнчлэн 2017 онд Европын иргэдийн явуулсан судалгаагаар кофе тогтмол уудаг иргэд зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвчлөх эрсдэл кофе огт уудаггүй иргэдээс харьцангуй бага байсныг нотолжээ.
Мөн нэгэн сонирхолтой баримт дурдахад, дээрх судалгаанд хамрагдсан кофе тогтмол хэрэглэдэг хүмүүс кофе огт уудаггүй хүмүүсээс илүү эрүүл бус хооллолттойн дээр дийлэнх хувь нь тамхи татдаг байсан гэнэ.
2. Кофе бие сэргээдэг
Үнэн. Жил бүр 100 мянган тонн кофейн дэлхий дахин хэрэглэдэг. Энэ нь 14 Эйфелийн цамхгийн жинтэй тэнцэх хэмжээний кофейн гэсэн үг. Кофейныг бидний хамгийн дуртай “мансууруулах” үйлчилгээтэй бодис ч гэж хэлж болно. Кофегоор дамжуулан кофейн хүний биед орж, тархинд ядрах мэдрэмж төрүүлдэг аденозин гэх молекулын хөдөлгөөнийг хорьсноор бидэнд улам илүү “сэргэг” мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ кофе тогтмол хэрэглэдэг хүмүүс хэрэглэдэггүй хүмүүсээс анхаарал төвлөрөл өндөртэй, эсвэл сэргэг байдаг гэсэн үг биш болохыг санууштай.

3. Кофе сэтгэл гутралыг бууруулдаг
Үнэн. Сэтгэл гутралын өндөр түвшин (PHQ-9)-тэй өвчтөнүүдэд явуулсан судалгаагаар тэдний дийлэнх нь кофег тун бага хэмжээгээр хэрэглэдэг нь нь ажиглагджээ. Мөн Харвардын Их сургуулийн Нийтийн Эрүүл Мэндийн сургуулийн судлаачдын хийсэн судалгааны үр дүнд кофе огт уудаггүй эсвэл маш бага хэмжээгээр уудаг эмэгтэйчүүдээс өдөрт тогтмол дөрөв болон түүнээс олон аяга кофе уудаг эмэгтэйчүүд сэтгэл гутралд нэрвэгдэх нь даруй 20 хувиар бага байсныг тогтоосон байна.
4. Кофе жин хасахад тусалдаг
Үнэн, гэхдээ зөвхөн дасгал хөдөлгөөнтэй хамтатгасан тохиолдолд. Дасгал хөдөлгөөн хийхээсээ 30 минутын өмнө нэг аяга кофе уух нь жин хасахад эергээр нөлөөлдгийг харуулсан судалгаа 2021 онд хийгджээ. Кофе ууснаар бидний биеийн хэм нэмэгддэг нь жин хасахад нөлөөлдгөөс гадна адреналин ялгаруулдаг онцлогтой.
4 ташаа ойлголт

1. Найруулдаг кофе нь эрүүл мэндэд муу
Худлаа. Найруулдаг кофе буюу “Instant coffee” нь бусад төрлийн кофеноос арай багахан кофейны агууламжтай боловч ижил хэмжээний “үл исэлдүүлэгч” буюу антиоксидант хэмээх эсийн мембраны тосны нэгдлүүдийн исэлдэх үйл явцыг саатуулдаг, мембран хэт исэлдэн задрах, гэмтэхээс хамгаалдаг тогтолцоог өөртөө агуулдаг. Тиймээс найруулдаг кофе нь бусад бүхий л төрлийн кофетой ижил эрүүл мэндэд тустай гэж хэлж болно.
2. Хар кофе байх тусам илүү кофейн агуулдаг
Худлаа. Кофег илүү их хуурах тусам кофейны хэмжээ болон хүчиллэг чанараа алддаг бол илүү “light” буюу 180-205 цельсийн хэмд боловсруулсан кофе нь кофейны хэмжээгээ бараг л алддаггүй. “Dark” гэдэг нь илүү өндөр температур (225-250 цельсийн хэм)-т хуурч боловсруулсан кофег хэлэх бөгөөд үр нь гүн хар өнгөтэй болдгоос ийн нэрийддэг. “Dark” кофены хүчтэй амтнаас дээрх ташаа ойлголт үүдсэн байдаг.
3. Арабика үр нь Робуста үрээс амт, чанараараа илүү
Худлаа. Илүү зөөлөн, анхилуун үнэртэй чанараасаа шалтгаалан дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг Арабика үрийг Робуста үрээс амт, чанараараа илүү гэж үзэх дээрх ташаа ойлголт түгээмэл байдаг. Гэтэл Робуста үр нь Арабика үрээсээ кофейн агууламжаараа үнэмлэхүй илүү буюу 50 хувиар өндөр байдаг гэнэ. Мөн Робуста үр нь эспрессо хийхэд болон илүү өтгөн крем гаргаж авахад тун тохиромжтой байдаг аж. Тиймээс хамгийн өргөн хэрэглээний энэхүү хоёр үрийн хооронд амт, чанарын ямар ч үнэмлэхүй илүүрхэл байхгүй юм.

4. Кофе ууснаар биеийг хуурайшуулдаг
Худлаа. Кофе нь диуретик шинжтэй буюу өөрөөр хэлбэл хүний шингэний ялгаруулалтыг ихэсгэдэг. Гэсэн хэдий ч энэ нь биеийн шингэнийг хөөдөг, эсвэл биеийг хуурайшуулдаг гэсэн үг биш билээ. Түүнчлэн кофе нь бидний өдөр тутмын шингэний хэрэгцээг хангахад ч хувь нэмрээ оруулдаг нь батлагдсан.
Дэлхийн кофены өдрийг тохиолдуулан Jack’s coffee-н бүх салбараар манай энэ долоо хоногийн (дөрөв дэх дугаарын) сонины арын нүүрэн дэх урамшууллын бичгийг ашиглан 1+1 буюу үнэгүй американо кофе бэлгэнд аваарай. Кофены соёл улам бүр дэлгэрэх болтугай.


Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 66.181.161.250
Хүмүүс муу л гэж ярьдаг. Би настай хүн, 5,6-н жил тасралтгүй л ууж байна. Муугаар мэдрэгдэх юм нэг ч алга даа.