Хүн болгон зөрүүд. Байгаль, бурхан, биологи аль нь ч байсан биднийг ингэж бүтээжээ. Учир нь бидний тархи бодохоосоо ч өмнө аль нэг талыг баримталж, аль нэг хүнд итгэж, аль нэг мэдээг “үнэн” хэмээн дотроо баталчихсан байдаг. Харин дараа нь тархи түүнийгээ зөвтгөхийн тулд баримт цуглуулж эхэлдэг. Тэгвэл итгэл үнэмшил гэж юу вэ? Үнэн зөв мэдээлэл үү, эсвэл бидний дотроо сайтар найруулсан түүх үү? Уг нийтлэл энэ асуултад хариулах болно.
Төсөөллөөс төрдөг итгэл
Хэрэв тархийг кинотой зүйрлэвэл Default Mode Network (DMN) нь кино найруулагч нь гэсэн үг. Энэхүү тархины сүлжээ нь өнгөрсөн дурсамж (flashback), ирээдүйн төсөөлөл, одоогийн сэтгэл хөдлөл зэргийг нийлүүлж “би” хэмээх тасралтгүй түүхийг бүтээж байдаг.
Шинэ мэдээлэл орж ирэхэд DMN “энэ үнэн үү?” гэх биш “энэ миний түүхэнд тохирч байна уу?” гэж шалгадаг. Хэрэв тохирвол уг мэдээллийг тархи хүлээн авч, хуучин дурсамжтай холбож бэхжүүлнэ. Харин тохирохгүй байвал “salience network” (anterior insula, dorsal anterior cingulate cortex)-оор дамжин “аюул” эсвэл “зөрчил” гэсэн дохио өгч, тархи тухайн мэдээллийг үл тоомсорлох эсвэл няцаах хандлагатай болдог ажээ.
Судалгаагаар итгэл үнэмшил үүсэх үед ventromedial prefrontal cortex (vmPFC) хүчтэй идэвхэждэг нь тогтоогдсон байна. Тархины энэ хэсэг ач холбогдол болон үнэ цэнийг тодорхойлох үүрэгтэй. Иймээс итгэл үнэмшлээ баталгаажуулах үед сайхан мэдрэмж төрж, тархи биднийг урамшуулдаг хэрэг. Харин бидний итгэлийг үгүйсгэх мэдээлэл орж ирэх үед тархины амигдала (аюулын дохио үүсгэгч) болон anterior cingulate cortex (зөрчил илрүүлэгч) хэсгүүд идэвхэждэг. Энэ үйл явц бол батлах хандлага буюу confirmation bias-ийн биологийн үндэс. Итгэл үнэмшил нь таны “би”-гийн нэг хэсэг болсон үед тархи үүнийг хамгаалахын тулд шинэ мэдээллийг шүүлтүүртэй оруулдаг.

Шийдвэр гаргахаас 11 секундийн өмнө
2019 онд Австралийн Өмнөд Нью Уэльсийн Их Сургуулийн (UNSW) профессор Жоэл Пирсон болон түүний баг Nature Scientific Reports сэтгүүлд хэвлүүлсэн судалгаагаар хүний ухамсар шийдвэр гаргалаа гэж мэдрэхээс өмнө тархи аль хэдийн сонголтоо хийчихсэн байдгийг илрүүлжээ. Судалгаанд 14 насанд хүрсэн сайн дурын оролцогч оролцсоноос 12 хүний тархины функциональ соронзон резонансын дүрслэлийг (fMRI) эцсийн шинжилгээнд ашигласан байна. Туршилтын үеэр оролцогч бүрд хоёр төрлийн хар цагаан, эсрэг чиглэлтэй хээтэй зургуудыг үзүүлжээ. Энэ нь “binocular rivalry” хэмээх нэг төрлийн мэдрэлийн сэтгэл судлалын туршилтын арга юм. Уг туршилтын үндэс нь нэг нүдэнд нэг дүрс, нөгөө нүдэнд нь өөр дүрс
үзүүлэхэд тархи хоёр зөрүүтэй дүрсийг зэрэг хүлээн авч чадахгүй тул аль нэгийг нь давамгай “харах” буюу төсөөлөн бодох шийдвэр гаргадагт оршдог.

Судалгаанд оролцогчдоос аль нэг дүрсийг нь төсөөлөн бодох даалгавар өгч, энэ хооронд тархины үйл ажиллагааг fMRI-аар тасралтгүй хэмжсэн байна. Үүссэн идэвхийн хэв маягийг машин сургалтын алгоритмаар боловсруулснаар тухайн хүн аль дүрсийг төсөөлөхөөр сонгохыг тэд өөрсдөө ухамсарлахаас нь ойролцоогоор 11 секундийн өмнө урьдчилан таамагласан байна. Үр дүнд нь идэвх хамгийн тод илэрсэн хэсгүүд нь дүрслэн төсөөлөх үүрэгтэй visual cortex, шийдвэр гаргах үүрэгтэй precuneus ба frontopolar cortex зэрэг хэсгүүд байсан нь сонголт ухамсарт төрөхөөс өмнө дотоод мэдрэмж, туршлага, хүлээлтээс хамаарч тархинд шийдвэр хэдийн бүрэлдсэн байдгийг нотолжээ.
Бид хэчнээн өөрсдийгөө логик үндэслэлтэй бодож шийдвэр гаргадаг гэж итгэдэг боловч бодит байдал дээр ухамсар маань зөвхөн тархины өмнө нь гаргасан дотоод шийдвэрийг хожим нь зөвтгөх байдлаар аливааг шийддэг аж. Жишээлбэл, “Би тоо бодож чаддаггүй” гэж та өөрөө боддог байлаа гэж үзье. Таны тархины DMN өмнөх бүтэлгүйтсэн үеүдийг сэргээж, айдсын мэдрэмж төрүүлдэг амигдалаг идэвхжүүлнэ. Мөн salience network “математик” гэх үгийг аюулын дохио мэт тэмдэглэж, анхаарлыг зөвхөн сөрөг туршлагууд руу чиглүүлнэ. Ингэж тухайн итгэл үнэмшил тархинд бэхжиж, бүр таныг тоо бодож чадсан ч “энэ удаад л азаар бодож чадлаа” хэмээн үздэг гэнэ.
Тогтсон итгэлийг дахин тохируулах нь
Хүний тархи өөрийгөө “хүмүүжүүлэх” чадвартай цорын ганц эрхтэн бөгөөд энэ чадварыг нейропластик чанар гэж нэрлэдэг. Энэ нь тархины мэдрэлийн эсүүдийн хоорондох холбооснууд амьдралын туршид тасралтгүй өөрчлөгдөж, шинэ холбоо үүсгэж, хуучныгаа устгаж чаддаг биологийн уян хатан байдал. Судалгаагаар суралцах, дадал бий болгох, эсвэл зүгээр л шинэ зүйл турших бүрд тархины тодорхой хэсгүүдэд синапсын бэхжилт (synaptic strengthening) явагдаж байдаг бол, ашиглагдахаа больсон холбооснууд суларч synaptic pruning явагддаг. Иймээс тархи шинэ мэдээлэл, туршлага, сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр өөрийн бүтэц, холболтоо дахин зохион байгуулж чаддаг эрхтэн юм.
Гэхдээ үүнийг хийх тийм ч амархан бас биш. Тархинд хуучин итгэл нэгэнт үүсэн бол түүнийг дахин “сургахын” тулд ухамсрын хяналт буюу metacognition шаардлагатай. 2012 онд Science сэтгүүлд нийтлэгдсэн Fleming тэргүүтэй судлаачдын судалгаагаар тархины anterior prefrontal cortex, anterior cingulate cortex (ACC), мөн insula хэсэг нь хүн өөрийн бодол, мэдрэмжийг ухамсарлан ажиглах үед идэвхэждэг болохыг тогтоосон юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүнд өөрийн сэтгэлгээгээ хянах тархины дотоод систем байдаг гэсэн үг. Энэ систем идэвхжих үед Default Mode Network (DMN)-ийн автомат өгүүлэмж түр зогсож, хуучин итгэлийг шинэ өнцгөөс харах боломж нээгдэж, тархинд шинэ нейрон холбогдох нөхцөл бүрддэг гэнэ.

Итгэл үнэмшлийг өөрчлөхөд онол хангалтгүй бөгөөд тархи шинэ туршлагыг мэдрэхийг шаарддаг. Энэ нь праксис (praxis) буюу итгэлээ үйлдлээр бататгах зарчим юм. 2019 онд Harvard Center for Brain Science-ийн судалгаагаар допаминий ялгаралт болон ventromedial prefrontal cortex (vmPFC)-ийн идэвх нь шинэ итгэлтэй холбоотой зан үйл амжилттай давтагдах бүрд нэмэгддэгийг тогтоосон. Энэ нь тархины шагналын систем итгэл үнэмшлийг туршлагаар баталгаажуулж байгааг баталж байгаа хэрэг.
Үүнд ээр нэмээд шинэ сэтгэл хөдлөл хэрэгтэй. University College London (2021)-ийн судалгаагаар бидний дотор айдсаар батлагдсан итгэлийг эерэг сониуч зангаар орлуулах үед амигдалагийн идэвх буурч, prefrontal cortex-ийн хяналт нэмэгддэгийг харуулсан юм. Жишээлбэл, “Би тоонд муу” гэж итгэдэг хүн математикийг тоглоом мэтээр хүлээн авч эхлэхэд тархи тухайн зүйлийг “аюул” гэж тэмдэглэхээ больж, шинэ мэдрэмжийн дохио илгээж эхэлдэг. Өөрийн итгэл үнэмшлээ өөрчилнө гэдэг нь тархиндаа шив шинэ бодох арга “зааж” өгч байгаа тул эхэндээ тархи эсэргүүцэж, дараа нь тэрхүү мэдээлэлд илүү нээлттэй, уян хатан ханддаг тул тэвчээр, тууштай байдал ч мөн чухал.

Сэтгэгдэл бичих

