“Балет” гэхэд хамгийн түрүүнд танд юу төсөөлөгддөг вэ? Магадгүй “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Жизель” гэхчлэн алдартай сонгодог бүжгэн жүжгүүд санаанд тань буудаг байж мэдэх юм. Хэдийгээр балетын урлаг “мөнхийн” урлаг боловч бүхий л урлагийн төрөл адил цаг үетэйгээ ямар нэгэн замаар холбогдох учиртай биз ээ. Тэгвэл орчин үеийн балетын урлаг гэж юу бол? 

Орчин үеийн модерн балет сүүлийн зуун жилийн хугацаанд олон төрөлд хуваагдан салбарласан бөгөөд уламжлалт сонгодог балетаас өнгө төрх, хөгжим, тайзны шийдэл зэргээрээ багагүй ялгаатай. Иймд бид намар цагийг угтан уншигч танд орчин үеийн модерн балет гэж юу болох, мөн яагаад үзэх вэ гэдэгт хариулт өгөх 5 шалтгааныг хүргэхээр бэлтгэлээ. 

Цаг хугацааны товьёг

1900-аад он

XX зууны эхээр Европын урлагт томоохон өөрчлөлтүүд өрнөж эхлэв. Хөгжим, уран зураг, театрын уран бүтээлчид өмнөх үеийн тогтсон дүрэм, гоо зүйн ойлголтыг “эвдэхээр” мэрийж байсан бөгөөд бүжгийн урлаг ч мөн уг хөдөлгөөнөөс ангид үлдсэнгүй. Тэр дундаа Айседора Данкан зэрэг уран бүтээлчид балетын хатуу техникээс татгалзаж, хүний биеийн илүү чөлөөтэй, байгалийн жам ёсны хөдөлгөөнийг эрэлхийлж эхэлсэн нь хожмын модерн бүжгийн хөгжилд чухал нөлөө үзүүлжээ.

1930–1950-иад он

Европ болон АНУ-д модерн бүжиг бие даасан урлагийн хэл болж төлөвшиж эхлэв. Марта Грэм зэрэг бүжиг дэглээчид хүний сэтгэл хөдлөл, дотоод ертөнцийг хөдөлгөөнөөр илэрхийлэх шинэ арга барил хөгжүүлжээ.

1950–1970-аад он

Дараагийн хэдэн арван жилд бүжиг дэглээчид өмнөх үеийн ололтыг дахин задлан шинжилж, тайзны хөдөлгөөний уламжлалт ойлголтыг улам өргөжүүлэв. Жорж Баланчин зэрэг уран бүтээлчид сонгодог балетын техникийг шинэ хөгжим, шинэ хөдөлгөөнтэй хослуулж, неоклассик балетын хөгжлийг түргэсгэсэн бол бусад уран бүтээлчид бүжгийн урлагийн уламжлалт ойлголтоос бүр ч холдох болов.

1970-аад оноос хойш

XX зууны сүүлийн хагаст модерн бүжиг, сонгодог балет, театр, перформанс зэрэг урлагийн төрлүүдийн хоорондын зааг улам нимгэрэв. Бүжиг дэглээчид өөр өөр техник, хөгжмийн төрөл, дүрслэх урлагийн элементүүдийг нэг бүтээлд чөлөөтэй хослуулах болсон нь өнөөдрийн “contemporary dance” болон модерн балетын олон хэлбэрийн суурийг тавьжээ.

Эхлэхийн өмнө: Модерн балет гэж юу вэ?

Ямар нэгэн хэв загварт баригдалгүй сонгодог балетын уламжлалыг шинэ хөдөлгөөн, шинэ хөгжим, шинэ тайзны хэлд “хөрвүүлж” буй олон төрлийн бүжгийн чиг хандлагыг ерөнхийд нь “модерн” балет гэх нэрийн дор хамаатуулдаг байна. Тухайлбал, сонгодог балетад биеийн хөдөлгөөн, байрлал, техник бүр тодорхой дүрэм, дэгтэй байдаг бол модерн балетад эдгээрийг илүү чөлөөтэй хүрээнд авч үздэг аж.

Үүний зэрэгцээ хөгжим заавал уламжлалт симфони бүтээл байх шаардлагагүй бөгөөд электрон хөгжим, төрөл бүрийн дуу чимээ, яриа, мөн анир чимээгүй хүртэл модерн тайзны бүтээлийн нэг хэсэг болж болно.



Түүнчлэн модерн балетад хөдөлгөөний гоо зүйгээс илүүтэй илэрхийлж буй санаа нь хамгийн чухал. Тодруулбал, хайр, эрх чөлөө, дотоод тэмцэл, хүний харилцаа, гуниг харуусал, баяр баясал зэрэг олон сэдвийг биеийн хөдөлгөөнөөр өгүүлэх тул үзэгч бүр нэг бүтээлийг өөр өөрөөр хүлээн авч, таашаах боломжтой юм. Нэгээр үгээр хэлбэл модерн балетыг сонгодог балетын эсрэгцэл гэхээс илүүтэй тайзны, хөдөлгөөний хэлийг нь улам тэлсэн шинэ хэлбэр ч гэж ойлгож болох билээ.

Гэхдээ модерн балетын тухай ярихад нэг зүйлийг анхаарууштай: “Модерн балет” гэх нэр томьёо нь тун өргөн утгатай бөгөөд модерн бүжиг, “contemporary dance” зэрэг ойролцоо хэр нь яг таг адилгүй ойлголтуудтай андуурагдах тохиолдол олонтоо. Түүхийн явцад эдгээр урсгал харилцан биестээ нөлөөлж, өнөөдрийн бидний мэдэх орчин үеийн тайзны бүжгийн олон хэлбэрийг бий болгосныг цухас дурдууштай.

1. Тайзны хил хязгаарыг тэлнэ

“Балет” гэхээр бидэнд ихэвчлэн томоохон театрын тайз, хүнд хөшиг, эгнэн суух үзэгчид, найрал хөгжим төсөөлөгддөг билээ. Харин орчин үеийн модерн балет эдгээр хэвшмэл ойлголтыг даван, тоглолт хаана, хэрхэн өрнөх боломжтой вэ гэдгийг үргэлж шинэчилдэгээрээ онцлогтой.

Модерн балетын хувьд тайз гэдэг гагц бүжигчдийн талбар бус, бүтээлийн нэгэн хэсэг болж хувирдаг гэхэд хилсдэхгүй. Орон зайн хэмжээ, гэрэлтүүлэг, дуу чимээ, үзэгчдийн суудал хүртэл бүжгийн хөдөлгөөнтэй харилцан уялдаж, тухайн бүтээлийн уур амьсгалыг бүрдүүлдэг байна. Тиймээс театрын уламжлалт тайзнаас өөр орчинд модерн балет үзэх нь бүжгийн урлагийг өмнө нь харж байгаагүй шинэ өнцгөөс мэдрэх нэгэн боломж болж хувирах юм.



2. Сонгодог урлагаас ялгаатай

Модерн балет үзэх хамгийн энгийн шалтгаан нь сонгодог балетаас тэс өөр мэдрэмж төрүүлдэгт оршино. Сонгодог балетын нарийн техник, “contemporary dance”-ийн чөлөөт хөдөлгөөн, орчин үеийн тайзны шийдлийг нэгэн тайзнаа хослуулдгаараа тус урлаг тун сонирхолтой.

Түүнчлэн бүжигчний хөдөлгөөн гагц тодорхой техник, байрлалд төвлөрөлгүй, далд санаа, хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэхэд чиглэгдэнэ. Иймээс сонгодог балетын хэмнэл, гоо зүйд дассан үзэгчийн хувьд модерн балет хэдийн танил урлагаа дахин шинэ хэлээр нээх боломжийг олгож мэднэ.



Сонирхуулахад, Монголын бүжгийн урлагийн тайзнаа өөрийн өнгө төрхөө бүтээж ирсэн “Nomadic Ballet Production” энэ жил 10 жилийн ойгоо тохиолдуулан UG Events-тэй хамтран “GRANDEUR” Contemporary Ballet Show-г UG Palace танхимд энэ сарын 11-12-ны өдрүүдэд үзэгчдэдээ толилуулахаар болжээ.

Тус тоглолт нь сонгодог балетын нарийн техник, “contemporary dance”-ийн чөлөөт хөдөлгөөн, орчин үеийн тайзны шийдлийг нэгэн тайзнаа хослуулсан шинэ мэдрэмж, шинэ бүтээлүүдээс бүрдэх онцгой тоглолт бөгөөд уламжлалт тайзны бүтээлээс илүүтэй орчин үеийн шоуны мэдрэмжтэйгээр бүтээхээр зорьж буй аж. Тоглолтын хүрээнд хайр, эрх чөлөө, дотоод тэмцэл, хүний харилцаа зэрэг сэдвийг бүжгийн хэлээр илэрхийлэх юм.

Түүнчлэн энэхүү тоглолт нь дөрвөн өөр дэглээчийн өөр өөр өнцөг, мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгдсэн бүтээлүүдээс бүрдсэнээрээ онцлогтойн дээр орчин үеийн гэрлийн өвөрмөц шийдэл, дуу дүрсний өндөр чанар, уран сайхны визуал эффектүүдийг ашиглан анх удаа эвент зааланд тоглогдох гэж буй. Тоглолтын тасалбарыг энд дарж захиалаарай.



3. Хөгжмийг өөрөөр сонсож эхэлнэ

Бүжиг, хөгжим хоёрын харилцаа балетын урлагийн салшгүй хэсэг. Гэвч модерн балетад энэ харилцаа зөвхөн хөгжмийн хэмнэлийг хөдөлгөөнөөр дагах хэмжээнд хязгаарлагдахгүй. Хөгжмийн өнгө, хэмнэл, давталт, анир чимээгүй хүртэл бүжгийн хөдөлгөөний нэгэн адил бие даасан утга илэрхийлэх боломжтой.

Дээр дурдсанчлан уламжлалт хөгжмийн бүтээлийн оронд электрон хөгжим, төрөл бүрийн дуу чимээ, яриа, нам гүм байдлыг ашиглах тул үзэгчид сонгодог балет болон бусад бүжгийн урлагийн төрлүүдээс олох боломжгүй “хөгжмийн” онцлогийг мэдэрнэ.

4. Үггүй түүх өгүүлнэ

Балетын урлагийн хамгийн сонирхолтой талуудын нэг нь үггүйгээр аливаа санаа, мэдрэмжийг илэрхийлж чаддагт оршдог билээ. Харин модерн балетын хувьд уг ойлголт илүү чөлөөтэй, бие даасан бүтэцтэй гэж хэлж болно. Учир нь уламжлалт балетын адил зайлшгүй эхлэл, өрнөл, төгсгөл бүхий тодорхой үйл явдалтай байх шаардлагагүй юм.

Тус урлаг бусад модерн урлагийн нэгэн адил хүний амьдралын үнэнийг тогтсон хэв маягт баригдалгүй илэрхийлэхийг зорьдог бөгөөд өнөөгийн бидний он цаг, нийгмийн олон асуудлыг ч “үггүй” хөнддөгийг цохууштай. Тиймээс үзэгч бүтээлийн “үйл явдал нь юу байсан бэ?” гэхээс гадна өөрт төрж буй мэдрэмждээ анхаарах нь чухал билээ.



5. Үзэгч бүрд өөр түүх

Магадгүй модерн балетын хамгийн сонирхолтой тал нь бүтээлийг заавал нэг л утгаар ойлгох шаардлагагүй нь болов уу. Найруулагч, бүжиг дэглээчийн илэрхийлэхийг зорьсон санаа нэг байж болох ч үзэгч бүрийн хүлээн авах сэтгэгдэл өөр өөр байх нь дамжиггүй.

Энэ утгаараа модерн балет нь үзэгчдэд бэлэн хариулт өгөхөөс илүүтэй өөрийнхөөрөө бодож, мэдэрч, тайлбарлах орон зай үлдээдгээрээ онцлогтой. Иймд тус урлагийг таашаахад сонгодог урлагийн нарийн мэдлэг шаардлагагүйг тэмдэглүүштэй.