Уур амьсгалын өөрчлөлт, цөлжил, газрын доройтол нь зөвхөн байгаль орчны төдийгүй эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх томоохон эрсдэл болоод байна. Монгол Улсын газар нутгийн 77 гаруй хувь газрын доройтолд өртсөн өнөө үед ган, зуд, усны хомсдол зэрэг уур амьсгалын болон байгаль орчны эрсдэл малчдын амьжиргаа, бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна. Ийм хэмжээний сорилтыг зөвхөн төсвийн татаас, буцалтгүй тусламжаар шийдэх боломжгүй.

Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд COP17-ийн албан ёсны тусгай арга хэмжээ болох “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026”-г зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ТоС Холбоо, Голомт банк, Монголын Байгалийн Өв Сан, UNCCD болон Дэлхийн банкны групп болон бусад олон талт хамтралын үр дүнд байгаль хамгааллыг зөвхөн зардал бус, банкны зээл, хөрөнгийн зах зээл, урт хугацааны хөрөнгө оруулалтаар санхүүжих боломж болгон хувиргах шийдлүүдийг хэлэлцэв.


ФОРУМЫН ОНЦЛОХ ҮР ДҮН, ШИЙДЛҮҮД 

Тогтвортой хөгжлийн зорилтуудын (ТХЗ) Санхүүжилтийн Таксономи 2.0: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран шинэчилж буй тус баримт бичиг 12 үндсэн салбарыг хамарна. Өмнөх ТХЗ-ын санхүүжилтийн таксономийг Хаан Банк болон Голомт банкны бодит зээлийн багцад туршсан үр дүн, зөвлөмжийг шинэчилсэн хувилбарт тусгажээ.

Цэнхэр бонд гаргах удирдамж: Монгол Улсын “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг Санхүүгийн зохицуулах хороо, Голомт банк, ТоС Холбоо ОУСК-ийн техникийн туслалцаатайгаар боловсруулж, олон улсын цэнхэр санхүүжилтийн зарчим, удирдамжтай нийцүүлснийг, форумын үеэр танилцуулав. Цэнхэр санхүүжилтийн бодит жишээ нь ОУСК-ийн тэргүүлж, Proparco болон BlueOrchard-ын хамтран бүрдүүлсэн Голомт банкны 160 сая ам.долларын санхүүжилтийн багц юм. Үүний 25 хүртэлх хувийг усны үр ашиг, усан хангамж, ариун цэвэр, бохир болон хаягдал усны менежментэд чиглэсэн төслүүдэд зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү удирдамж нь цэнхэр бонд гаргахаар төлөвлөж буй хэн бүхэнд нээлттэй.

Монголын Ногоон Санхүүгийн Корпорац (МНСК)-ын нээлт: Уур амьсгалын ногоон сангийн ойролцоогоор 27 сая ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт болон 23 сая ам.долларын хамтын санхүүжилт бүхий нийт 50 сая орчим ам.долларын эхний багцтай МНСК үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэв. Тус корпорац шаардлага хангасан дотоодын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан гэр хорооллын амины орон сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй бизнес, ногоон орон сууц зэрэг бага нүүрстөрөгчийн төслүүдэд урт хугацааны, хөнгөлөлттэй эх үүсвэр олгоно.


"Өнө мөнхийн Монгол" хөтөлбөр:
Форумын үеэр 2024 оноос хэрэгжиж буй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн туршлагыг танилцуулав. Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн PFP загварт тулгуурласан тус хөтөлбөр 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дайчилж, 14.4 сая га газар нутгийг нэмэлт хамгаалалтад хамруулах, 47 сая га улсын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, хамгаалалттай газрын гаднах 34 сая га-д тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй менежмент нэвтрүүлэх зорилготой.

Үр дүнд суурилсан төсвийн шинэчлэл: Монгол Улсад үе шаттай хэрэгжиж буй үр дүнд суурилсан төсөвлөлтийг байгаль орчны зорилттой холбох аргачлалыг форумын үеэр хэлэлцэв. Ингэснээр төсвийн гүйцэтгэлийг зөвхөн зарцуулсан мөнгөн дүнгээр бус, нөхөн сэргээсэн газар нутгийн хэмжээ, бууруулсан усны бохирдол зэрэг хэмжигдэхүйц үр дүнгээр үнэлэх боломж бүрдэнэ.

Байгаль хамгааллын санхүүжилтийн шинэ түншлэлүүд: Форумын үеэр Монголын Байгалийн Өв Сан Голомт банк болон Хаан Банктай тус тус харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Талууд тогтвортой бэлчээрийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, байгальтай холбоотой эрсдэлийг банкны шийдвэр гаргалтад тусгах чиглэлээр хамтран ажиллана.

Э.Ананд - Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны (ТоС Холбоо) Гүйцэтгэх захирал

"Тогтвортой санхүүжилтийг Монголд нутагшуулахын төлөө манай салбарынхан 13 жилийн турш тасралтгүй ажиллаж байна. Бид 2019 онд Ногоон таксономийг нэвтрүүлж, 2021-2022 онд ТХЗ-ын санхүүжилтийн таксономийг боловсруулан, 2023 онд олон нийтэд танилцуулсан. Харин энэ удаад Голомт банк, ОУСК (IFC) болон СЗХ-той хамтран цэнхэр бондын удирдамжийг олон нийтэд танилцуулж байгаа нь Монголын тогтвортой хөгжил дахин нэг шат ахисны нотолгоо гэж харж байгаа. Банкууд шинэ бүтээгдэхүүн, удирдамж гаргахдаа асар их зардал, цаг хугацаа зарцуулдаг. Харин нэг банк нь манлайлан олон улсын байгууллагуудтай хамтран туршлагаа хуваалцаж байгаа нь бусад гишүүн байгууллагууддаа асар том боломжийг олгож байгаа юм.

Хамгийн чухал нь, энэхүү баримт бичиг нь Японы JCR байгууллагын хараат бус хөндлөнгийн дүгнэлт буюу second-party opinion авч, ICMA-ийн холбогдох зарчимтай нийцсэн. Энэ нь Монголын үнэт цаас гаргагчдад цэнхэр болон ногоон санхүүжилтийн хүрээ боловсруулах суурийг өргөжүүлж байна."

Валери Хики - Дэлхийн банкны группийн Байгаль орчны асуудал хариуцсан захирал

"Дэлхийн санхүүгийн зах зээлд байгаль орчин, усны төсөлд хөрөнгө оруулах сонирхол асар их бий. Гэвч тухайн улс орны яг ямар төсөл шалгуур хангах вэ? гэдэг мэдээллийн зөрүү хөрөнгө оруулалтыг гацаадаг гол хүчин зүйл болдог. Энэхүү ойлголтын зөрүүг арилгахын тулд ногоон болон цэнхэр санхүүжилтийн стандартыг тодорхой болгох нь зүйтэй.

Санхүүгийн салбарт нэг бичигдээгүй дүрэм ажилладаг нь “бүх ESG төсөл банкны шаардлага хангадаггүй” явдал. Банк болон хөрөнгө оруулагчид эрсдэлээ удирдаж, ашигтай ажиллаж байж л энэ тогтолцоо тогтвортой оршино. Тиймээс Дэлхийн банкны групп малчид болон орон нутгийн иргэдийг чадавхжуулахыг чухалчилдаг юм. Малчид өөрсдийн аж ахуйгаа жижиг, дунд бизнес хэмээн харж, банкуудад хүлээн зөвшөөрөгдөхүйц төлөвлөгөө боловсруулж сурах хэрэгтэй. Эсрэгээрээ банкууд малчдыг эрсдэл биш “боломж” гэж харж, харин малчид санаагаа сайн бизнес болгож чадвал байгальд ээлтэй үйлдвэрлэл болон эко аялал жуулчлал нь Монголын залуучуудын хувьд олон боломжийг нээж өгнө."

Яап Ван Хиердэн - НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч

"НҮБ-ын байгууллагууд болох ХХААБ (FAO), НҮБХХ (UNDP) нь малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээрийн болон малын тоо толгойн зохистой менежментийг хэрэгжүүлэхэд нь тууштай дэмжин ажилладаг. Тухайлбал, ХХААБ–НҮБХХ-ийн хамтарсан SCALA хөтөлбөр болон НҮБХХ, Монгол Улсын Засгийн газрын байгууллагуудын хэрэгжүүлсэн ENSURE төслийн хүрээнд бэлчээр сэргээх, усны ундарга хамгаалах ажлууд орон нутагт бодитоор хэрэгжиж буй.

Аливаа төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтээс гадна тухайн хөрөнгийг хэн, хэрхэн зарцуулж байгаа нь хамгийн чухал. Байгаль хамгаалах асуудлыг дан ганц улсын төсвөөр шийдэх боломжгүй тул холимог санхүүжилтийн механизмаар дамжуулан хариуцлагатай малчдыг эдийн засгийн хувьд урамшуулах ёстой. Бэлчээрээ доройтлоос хамгаалж, малаа зөв зохистой өсгөж буй хариуцлагатай малчдыг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэхээр Монголын Байгалийн Өв Сан банкуудтай хамтран ажиллаж байгаа нь маш сайшаалтай.

Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулахын тулд малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, өвөрмөц нүүдэлчин ахуйд тулгуурласан өндөр өгөөжтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай. Ингэж чадвал аль нэг нийгмийн бүлгийг ардаа орхилгүй хөгжих суурь тавигдах болно."