Бөмбөрцгийн нэг талд хэт халалтаас болж хүмүүс амь насаа алдаж байхад нөгөө талд нь үер усны аюулд автаж, цөлжиж бас зудад автаж буй энэ нөхцөлд бид чухам юуг нь ярьж, яаж шийдэж, хэрхэн нийтээрээ хөдлөх ёстой вэ?
Хэрэв харь гарагийнхан гэж байдаг бол бас бидний амьдарч буй дэлхий рүү дайрсан бол хүн төрөлхтөн зэвсгээ нэгтгээд тэмцэх байсан болов уу. Гэтэл одоо бидний хамгийн том дайсан бол хүн төрөлхтний үйлийн үр гэлтэй уур амьсгалын өөрчлөлт болоод буй. Энэ асуудлыг улс төрийн төвшинд анхаардаг ганц хэрэгсэл бол UNFCCC, ба гарц гаргалгаагаа хэлэлцдэг ганцхан арга хэмжээ нь Талуудын бага хурал буюу COP билээ. Дэлхийн байгаль орчны асуудлыг зөвхөн энэ конвенц хэлэлцдэггүй амьтан, ургамлын асуудлыг UNCBD харин газар, түүний тэнцвэртэй байдлыг UNCCD гэсэн 2 конвенцоор хэлэлцдэг.
Тэгвэл COP-д зөвхөн улс орнуудын төлөөлөл оролцоод дуусчихдаг уу? Хэзээнээс зохиогдож, мөрөөрөө амьдарч яваа бидэнд ямар боломж бий болгодог бил ээ? гэх асуултуудад товчхон хариулж COP-ийн тухай тайлбар өгье.
Манай гаргийн халуурал
Дэлхийн агаар мандлыг нэгэн асар том ваннтай зүйрлэе. Сүүлийн 150 гаруй жилийн турш хүн төрөлхтөн аж үйлдвэржилтийн улмаас чулуужсан түлш (нүүрс, газрын тос, хий) олборлон шатааж жилд дунджаар 40 орчим тэрбум тонн нүүрсхүчлийн хийг энэ “ванн” руу тасралтгүй цутгаж буй.
Харин дэлхийн “нүүрстөрөгчийг шингээгч” далай тэнгис, ой мод нь үүний ердөө тал хүрэхгүй хувийг л шингээж хүчирдэг. Улмаар агаар мандал дахь хүлэмжийн хийн концентраци тасралтгүй нэмэгдэж, өдгөө 424 ppm-д хүрсэн нь манай гарагийн сүүлийн гурван сая жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Хүний биеийн хэвийн дулаан 36.5°C бөгөөд үл ялиг нэмэгдэхэд л дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа доголддогтой ижил, дэлхийн экосистем маш нарийн температурын тэнцвэр дээр тогтдог. Яг үүний адилаар нэг ёсондоо манай гараг халуурах нь байтугай дотоод эрхтэн тогтолцоо нь өөрчлөгдөөд эхэлчихсэн гэсэн үг.

Харамсалтай нь, хүн төрөлхтөн илүүдэл хүлэмжийн хийг агаар мандлаас шууд соруулж авах Carbon Dioxide Removal технологийг бүрэн эзэмшээгүй, эдийн засгийн хувьд ч хэт өндөр өртөгтэй хэвээр. Тиймээс өнөөх ванн маань хальж бүр хүнд нөхцөлд орохгүй байх ганц арга нь "крантаа хаах" буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, бүр цаашлаад тэглэх явдал юм.
Европын Холбооны Коперник уур амьсгалын судалгааны төвийн албан ёсны тайлангаар, 2023 онд дэлхийн дундаж температур үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48°C-ээр нэмэгдэж түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол, 2024 оны эхний хагаст 12 сарын дунджаар 1.5°C-ийн эгзэгтэй босгыг хэдийнээ давж анхааруулах улаан гэрэл асжээ.
Тэгвэл энэ халуурлыг намдаах жор бичиж, нүүрстөрөгчийн "крант"-ыг хэзээ, ямар зардлаар, хэрхэн хаахыг шинжлэх ухааны тооцоололд үндэслэн шийдвэрлэдэг олон улсын бодлогын хэлэлцээр нь COP буюу талуудын бага хурал юм.

COP гэж юу вэ?
Хэрвээ дэлхийг нэг том орон сууц гэж төсөөлбөл улс орнууд нь тэр байрны оршин суугчид. Жижиг арлын орнуудын тааз цоорч усанд автаж байхад, зарим айлуудын гэртээ гаргах утаа зэргэлдээх айлуудаа хордуулж болно. Нэг орон сууцны айлууд асуудлаа хэлэлцэхээр СӨХ-ийн хурал зохион байгуулдаг шиг бөмбөрцгийн асуудлыг шийдэхээр 198 улс жил бүр чуулдаг нь COP ажээ.
Анх 1992 онд дэлхийн улс орнууд байгаль орчны, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагаатай холбоотой болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч үүнийгээ Бразилын Рио-де-Жанейро хотод болсон Байгаль орчин ба Хөгжил Дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн байдаг. Уг хурлаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг баталснаар талууд хамтын зөвшилцлөөр асуудлын шийдлийг тодорхойлох болсон. Энэ хамтын зөвшилцлийн процессын хамгийн дээд байгууллага нь Талуудын бага хурал буюу COP юм. Аливаа конвенцийг соёрхон баталж нэгдсэн улсыг Конвенцын тал гэх бөгөөд СОР нь эдгээр талуудыг уулзаж эцсийн шийдэл гаргах институцийн хэлбэр юм.

“Тоглоомын дүрмийг” хамгийн энгийнээр тайлбарлавал хурлыг зохион байгуулах эрх нь НҮБ-ын бүс нутгийн таван бүлгийн хооронд ээлжлэн шилждэг. Гэхдээ COP нь зөвхөн төрийн тэргүүд ирж асуудлаа хэлэлцчихээд буцдаг хурлаас өөр бөгөөд илүү иргэний нийгмийн байгууллага, иргэдийг өөрсдийг нь оролцуулдгаараа онцлог. Хэдхэн өдөр үргэлжлэх уг хурал үндсэндээ хоёр бүстэй:
Цэнхэр бүс: Энэ хэсэг нь НҮБ-ын шууд удирдлага дор байдаг, харуул хамгаалалттай, зөвхөн албан ёсны мандаттай хүмүүс (ерөнхийлөгч, сайд нар, дипломатууд, магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлчид) нэвтэрдэг бүс. Энд л улс орнуудын төлөөлөгчид мэтгэлцэж, хууль эрх зүйн баримт бичгүүдийг баталдаг аж.
Ногоон бүс: Энэ бүсийг зохион байгуулагч улс хариуцдаг бөгөөд олон нийтэд нээлттэй байдаг. Ногоон бүсэд залуучууд, нутгийн иргэд, байгаль хамгаалагчид, технологийн стартапууд, уран бүтээлчид үзэсгэлэн гаргаж, шийдлээ танилцуулж, заримдаа цэнхэр бүс рүү чиглэсэн эсэргүүцлийн жагсаал, шаардлага хүргүүлэх үйл ажиллагааг энд зохион байгуулдаг.
Саяхан COP30 Бразилд зохиогдсон биш бил үү? Тоо нь яагаад хойшлоод байгаа бил ээ?
Товчхондоо COP гэдэг нь ерөнхий нэр томьёо бөгөөд НҮБ-ын маш олон гэрээнүүд өөрсдийн гэсэн COP-той байдаг учраас тоонууд нь нэг ихсээд нэг багасаад байгаа хэрэг. Тухайлбал өнөөх 1992 онд Рио-де-Жанейро хотод болсон түүхэн уулзалтаас байгаль орчны 3 өөр конвенц төрсөн. Тэдгээр нь тус тусдаа хуралддаг гэсэн үг.
1. UNFCCC (Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц): Энэ конвенц нь хамгийн алдартай нь бөгөөд жил бүр хуралддаг. 2025 онд Бразилд болсон хурал нь тэдний 30 дахь уулзалт буюу COP30 гэсэн үг.
2. UNCCD (Цөлжилттэй тэмцэх конвенц): Хоёр жилд нэг удаа хуралддаг. Энэ наймдугаар сард Монгол Улс яг энэхүү конвенцын 17 дахь удаагийн уулзалт буюу COP17-г Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа юм.
3. UNCBD (Биологийн олон янз байдлын конвенц): Мөн хоёр жилд нэг удаа хуралддаг ба саяхан Колумб улсад COP16 уулзалт нь болж өнгөрсөн.
COP-ийн цаана

Олон нийт COP-ийг ердөө хоёр долоо хоног үргэлжлээд өнгөрдөг арга хэмжээ гэж төсөөлж болохгүй. COP-ийг зохион байгуулахаас өмнө мөн дараа нь олон хурал, судалгаа зэргийг 2 жил тутамд хуралддаг дараах хоёр үндсэн хороо болон санхүүгийн механизм чиглүүлдэг:
Шинжлэх ухаан, технологийн хороо (CST): Энэ хороо нь COP-ийн "тархи" нь гэсэн үг. Газрын доройтол, цөлжилт, гангийн нөхцөл байдлыг судалж, хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдлэг, технологийн шийдлүүдийг бодлого боловсруулагчдад санал болгодог.
Конвенцын хэрэгжилтийг хянан үзэх хороо (CRIC): Энэ хороо нь COP-ийн "хяналтын систем" гэсэн үг. Улс орнууд өгсөн амлалтаа хэрхэн хэрэгжүүлж буйг шалгаж, ямар ахиц дэвшил гарсан, юун дээр гацаж байгааг, мөн ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай байгааг нарийвчлан үнэлдэг.
Глобал механизм (GM): Улс орнуудад цөлжилттэй тэмцэх, газраа нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хаанаас, хэрхэн татах арга замыг тодорхойлоход энэ газар шууд дэмжлэг үзүүлдэг гэсэн үг.
COP17 бидэнд ямар боломж авч ирэх вэ?

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд дэлхий нийтийн анхаарал Улаанбаатар хотноо төвлөрнө. Учир нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 197 орны төр засаг, бизнес, шинжлэх ухаан, иргэний нийгмийнхэн “Газраа сэргээе. Итгэл найдвараа сэргээе” буюу "Restoring Land. Restoring Hope" хэмээх уриа дор Монголд эдгээр өдрүүдэд чуулах гэж байгаа билээ.
Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ердөө 0.1%-ийг л ялгаруулдаг хэр нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг. Үүний шалтгаан нь Альбедо эффектийн алдагдал буюу цас мөсний бүрхүүл хайлж, хөрс ил гарснаар бид нэг ёсондоо нарны дулааныг илүү шингээж, манай орны цөлжилтийг дэлхийн дунджаас хоёр дахин хурдасгаж буй явдал. Гэхдээ Монголчууд бид гагцхүү байгалийн гамшигт нэрвэгдсэн хохирогчийн дүрээр энэ хуралд оролцох нь утгагүй. Тэгвэл бид яаж оролцох ёстой вэ?
Монгол Улс COP17-оор дамжуулан дараах үр дүнг зорих боломжтой:

- Бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэлхийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл болгох
- Малчдын хөдөлгөөнт байдал, газар ашиглах эрх, уламжлалт мэдлэгийг хамгаалах
- Ган, зудын эрт сэрэмжлүүлгийг урьдчилан санхүүжүүлсэн арга хэмжээтэй холбох
- Газрын төлөв байдлыг хиймэл дагуул, газар дээрх ажиглалт болон орон нутгийн мэдээллээр үнэлэх нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх
- Газар, усны уялдааг үндэсний төлөвлөлт, хөрөнгө оруулалтад тусгах
- Нөхөн сэргээлтийг малчдын орлого, хариуцлагатай үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээтэй холбох
- Төв болон Зүүн хойд Азийн хуурай бүсийн шинжлэх ухаан, сургалт, мэдээллийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Хэрэгжихүйц төслүүдийн хөрөнгө оруулалтын багц бий болгох гэх мэт
Хэдий хоёрхон долоо хоног үргэлжлээд өндөрлөх COP17 хурлаар цөлжилттэй холбоотой дэлхийн бүх асуудал шийдэгдэхгүй боловч бид анхааралтай ажиглаж, оролцож чадвал тэрбум тэрбумын хөрөнгийг хаашаа чиглүүлэхийг мөн газар хөрсийг сэргээхэд ямар бодит үйл ажиллагаа явуулахыг шийдэж чадна.
“Газраа сэргээе. Итгэл найдвараа сэргээе.”
Сэтгэгдэл бичих

