Улаанбаатар хотноо үргэлжилж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) уулзалт өнгөрсөн долоо хоногт олон чухал үйл явдал, шийдвэрүүдээр дүүрэн өрнөлөө. Хурлын хүрээнд ногоон санхүүжилтийн шинэ шийдлүүд танилцуулагдаж, Монгол, Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Мөн “Тэрбум мод” хөдөлгөөний хяналт, мониторингийн систем, Монголын ногоон санхүүгийн корпорац зэрэг үндэсний хэмжээний ажлуудыг онцолсон юм.  

Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн COP17 хурлын эргэн тойрон дахь хамгийн онцлох 10 үр дүнг багцлан хүргэж байна.

COP17-оор 1.29 тэрбум ам.долларын санхүүжилт зарлана

COP17-ын Санхүүжилтийн өдрүүд наймдугаар сарын 24, 25-нд болж, Дэлхийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон олон улсын бусад санхүүгийн байгууллагын оролцоотой 1.29 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц албан ёсоор зарлагдах төлөвтэй байна. Уг санхүүжилтийг таван тивийн 23 улсад хэрэгжүүлэх хөрс, бэлчээр, гангийн асуудлыг шийдвэрлэх 60 гаруй төсөлд чиглүүлэхээр хэлэлцжээ. Оролцогч байгууллагууд санхүүжилтийн бүтэц болон төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хоёр өдрийн хөтөлбөрийн үеэр танилцуулах юм. Баталгаажвал энэ нь COP17-ын хамгийн томоохон санхүүгийн үр дүнгийн хэсэг болж, хурлын анхаарлыг амлалтаас бодит хэрэгжилт рүү шилжүүлнэ.

Монгол Улс Цэнхэр бондын удирдамжтай боллоо

Зургийг: Голомт банк

Монгол Улс усны нөөц хамгаалах, усан хангамжийг сайжруулах, бохирдлыг бууруулах, цэнгэг усны экосистемийг нөхөн сэргээх төслүүдэд хөрөнгө татах Цэнхэр бондын удирдамж боловсруулан танилцууллаа. Голомт банкны анхлан санаачилсан уг удирдамжийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын тогтвортой санхүүгийн холбоо хамтран боловсруулж, Олон улсын санхүүгийн корпорац техникийн туслалцаа үзүүлжээ. Монголын усны хэрэглээний дийлэнхийг газрын доорх ус бүрдүүлдэг ч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бохирдлын дарамт мэдэрсээр байна. Далайд гарцгүй улсын онцлогт зориулсан олон улсын цэнхэр санхүүжилтийн тогтолцоо хангалтгүй хэвээр тул Монголын боловсруулсан загвар бусад 43 далайд гарцгүй улсад жишиг болох боломжтой гэж үзэж байна.

“Үндэсний ногоон лаб”-ын шилдгүүд төслөө танилцууллаа

Зургийг: Үндэсний Ногоон Лаб

Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар байгуулагдсан Үндэсний ногоон лаборатори COP17-ын Ногоон бүсэд шилдэг 15 төслөө танилцуулж, төсөл хэрэгжүүлэгчдийг хөрөнгө оруулагч, боломжит түншүүдтэй холболоо. Тус платформ нь Монголын ногоон шилжилтийг дэмжих санхүүжилт татах боломжтой, бодит хэрэгжих чадамжтай төслүүдийг хөгжүүлэх зорилготой. Дараагийн шатанд уг лаб даваа гарагт “Монголын бэлчээрт зориулсан санхүүжилт татах боломжтой шийдлүүд” хөрөнгө оруулалтын арга хэмжээ зохион байгуулна. 2026 оны хөтөлбөрөөс сонгогдсон Монполимет, Орда тэргүүтэй долоон төсөл тус бүр таван минутын танилцуулга хийж, хөрөнгө оруулагчдын асуултад хариулан, санхүүжилт болон хамтын ажиллагааны боломжоо хэлэлцэх юм.

Улаанбаатар хот BYD-тэй цахилгаан тээврийн чиглэлээр хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва COP17-ын үеэр BYD компанийн дэд ерөнхийлөгч Жау Тонгтой цахилгаан тээвэр, эрчим хуримтлуулах технологийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, түргэн цэнэглэх “Ногоон өртөө” байгуулах, цахилгаан эрчим хүч хадгалах батарей хуримтлуурын систем нэвтрүүлэх, BYD-ийн батарейд суурилсан SkuShuttle нийтийн тээврийн шийдлийг судална. Нийслэлийн зүгээс эдгээр технологи нь агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахын зэрэгцээ эрчим хүчний системийн ачааллыг зохицуулахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна. SkyShuttle системийг БНХАУ-ын хэд хэдэн хот болон Бразилын Сан Паулуд ашиглаж буй бөгөөд уламжлалт төмөр замтай харьцуулахад өртөг багатай, богино хугацаанд барих боломжтой гэж танилцуулжээ.

“Тэрбум мод” хяналт, мониторингийн системийг танилцууллаа

Зургийг: Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн

“Тэрбум мод” сангаас үндэсний хөдөлгөөний хэрэгжилт болон нэгдсэн хяналт, мониторингийн системийг COP17-ын Цэнхэр бүсэд танилцууллаа. Уг хөдөлгөөн нь ойн санг нэмэгдүүлэх, экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын нөлөөг бууруулах зорилготой. Хэрэгжилтийг зөвхөн тарьсан модны тоогоор хэмжих бус, газарзүйн мэдээлэл, нэгдсэн төлөвлөлт, мониторинг ашиглан модны амьдрал, өсөлт, арчилгаа, хамгаалал болон урт хугацааны үр дүнг хянаж байна. Монгол Улс энэхүү туршлагаа олон улсын оролцогчидтой хуваалцаж, экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын дасан зохицол, ойн хамгаалал болон газрын тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй.

Хотын дарга нар Улаанбаатарын тунхаглалыг баталлаа

COP17-ын хүрээнд наймдугаар сарын 20-22-нд болсон хотын дарга нарын форумд 30 гаруй улсын 200 гаруй төлөөлөгч, түүний дотор 30 орчим хотын дарга, захирагч болон орон нутгийн удирдлага оролцлоо. Улаанбаатар хотын зохион байгуулсан тус форум нь UNCCD-ийн COP-ын үеэр дэлхийн бүх бус нутгийн хотын удирдлагууд нэгдсэн тунхаглалын дор чуулсан анхны тохиолдол болов.

Форумаас баталсан Улаанбаатарын тунхаглал нь орон нутгийн засаг захиргааг цөлжилт, газрын доройтлын эсрэг бодлогын хэрэгжүүлэгч түншээр албан ёсоор хүлээн зөвшөөрөх, хотуудад санхүүжилтийг шууд, хүртээмжтэй хүргэхийг уриалжээ. Харин Улаанбаатарын санаачилга нь хотуудын газрын доройтол, нөхөн сэргээлтийг хэмжих нэгдсэн аргачлал боловсруулж, хуурай болон эрс тэс уур амьсгалтай хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.

Монголын ногоон санхүүгийн корпорац байгуулагдлаа

Зургийг: Монгол Улсын Хөгжлийн Банк

Төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Монголын ногоон санхүүгийн корпорац COP17-ын үеэр албан ёсоор үйл ажиллаагаа эхлүүллээ. Тус корпорац эхний шатанд 50 сая долларын ногоон хөрөнгө оруулалт бүрдүүлж, дотоод, гадаадын зах зээлээс нэмэлт эх үүсвэр татах зорилготой.

Корпорац нь иргэдэд шууд зээл олгохгүй бөгөөд банк, банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төслүүдэд урт хугацааны бөөний санхүүжилт нийлүүлнэ. Ингэснээр гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, хүртээмжтэй ногоон орон сууц, аж ахуйн нэгжийн эрчим хүчний хэмнэлт, бага нүүрстөрөгчийн технологийн зээлийг илүү урт хугацаатай, хүртээмжтэй нөхцөлөөр хүргэх боломж бүрдэх юм.

COP17-оос тэгш оролцоог хангахыг шаардлаа

COP17-ын хэлэлцэх асуудлаас жендерийн тэгш байдал, иргэний нийгмийн оролцоо, шилжилт хөдөлгөөн, ган, бэлчээр болон Риогийн гурван конвенцын хамтын ажиллагаатай холбоотой сэдвүүдийг нэмэлт зөвшилцөлд шилжүүлсэн нь шүүмжлэл дагуулав. Дэлхийн 340 гаруй иргэний нийгэм, уугуул иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага уг асуудлуудыг албан ёсны хэлэлцүүлэгт буцаан оруулахыг шаардсан хамтарсан захидал гаргажээ. UNCCD-ийн Иргэний нийгмийн байгууллагуудын панел “хойшлуулсан нь хассан гэсэн үг биш” хэмээн онцолж, зөвшилцлийн тодорхой хуваарь шаардав. Уугуул иргэдийн төлөөлөл мөн Улаанбаатарт тайван жагсаал зохион байгуулж, бэлгэдлийн бус бодит оролцоо хүсэж байгаагаа илэрхийллээ.

COP17-ын дурсгалын маркийг мазаалайгаар чимжээ

Зургийг: БОУАӨЯ

“Монгол шуудан” ХК Улаанбаатар хотноо зохион байгуулж буй COP17-д зориулсан дурсгалын шуудангийн маркийг гүйлгээнд гаргалаа. Монгол Улсын шуудангийн 1219 дэх албан ёсны маркийн гол дүрслэлд дэлхийд зөвхөн Монголын говьд тархан нутагладаг нэн ховор мазаалайг бамбаруушийн хамт дүрсэлжээ. Энэ нь Монгол орны биологийн олон янз байдал болон говь, цөлийн эмзэг экосистемийг хамгаалах шаардлагыг илэрхийлж буй. Загварт мөн COP17-ын албан ёсны лого, сэргээн ургаж буй ургамлыг оруулж, цөлжилттэй тэмцэх, доройтсон газрын нөхөн сэргээх үйл хэргийг бэлгэдсэн байна. Нээлтийн үеэр олон улсын байгууллагын төлөөлөл дурсгалын дугтуйд гарын үсэг зурж, анхны өдрийн тусгай дардас даржээ.

Монгол, Хятад цөлжилттэй хамтран тэмцэнэ 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир БНХАУ-ын Үндэсний ой, бэлчээрийн газрын дэд захирал Жан Лиминтэй уулзаж, Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулах ажлын явцыг хэлэлцлээ. Хятадын тал тус төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эрчимжүүлж буйгаа мэдэгдэв. Төв нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны БНХАУ-д хийсэн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны нэг үр дүн юм. Цаашид хуурай бүсийн ойжуулалт, хамгаалалтын ойн зурвас, ус хэмнэх технологи, ойн мониторинг, түймрийн эрсдэлийн менежмент, хөнөөлт шавж, өвчний судалгаа болон мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтрахаар төлөвлөжээ.