Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатарт өндөрлөөд хоёр долоо хоног боллоо. Арван хоёр хоногийн турш COP17-ийн 80,000 м² талбайд 756 арга хэмжээ болж, цэнхэр бүсэд 20,154 хүн, ногоон бүсэд 85,000 удаагийн зочлолт бүртгэгджээ. 

COP17 хурлын үр дүнд Монгол Улсын санаачилсан «Тал хээрийн төлөвлөгөө» батлагдаж, бэлчээрийн асуудал олон улсын анхаарлын төвд анх удаа орсон юм. Мөн 23 оронд хэрэгжих 1.3 тэрбум ам.долларын төслийн багц бүрдэж, Монгол Улс өөрөө 5 их наяд төгрөгийн хэлэлцээр байгуулж чадсан билээ.


Нийт 180 гаруй орны төлөөлөгч ирсэн тус хуралд 3,000 ажилтан, сайн дурынхан ажиллаж хурлыг ая тухтай, үр дүнтэй явагдахад анхаарсан юм. Харин хурлын өдрүүдэд олон улсын хэвлэлийн шууд дамжуулалт, дипломат уулзалт, цахим бүртгэл, синхрон орчуулга, аюулгүй байдлын системийн интернэт сүлжээг Мобинет ХХК-ийн хамт олон даан ажилласныг энэ нийтлэлдээ алдаршуулж байна.

Сар хүрэхгүй хугацаанд нэвтрүүлсэн стандарт шийдэл 

Мобинетийн шийдлийн инженер А.Золбаярын мэдээлснээр уг сүлжээг бүтээх ажил 6-р сарын 21-нд эхэлж, 50 гаруй инженер хамтран ажилласан аж. Энэ хугацаанд тэд 56 км Cat6 ангиллын өндөр хурдны дотоод сүлжээний кабель татаж, 600 орчим мэдээллийн цэг дээр 230 дотоод, 40 гаруй гадаад орчны өндөр чадлын Wi-Fi төхөөрөмж суурилуулсан байна. Мөн 22 холбооны зогсуур буюу дунд хэмжээний дата төв, төв удирдлага, хандалтын удирдлага, аюулгүй байдлын цогц шийдлийг нэгэн зэрэг ажиллуулжээ.


60,000 хэрэглэгч даах систем

COP17-ийн талбай нь нэг зэрэг 10,000-15,000 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд оргил ачааллын үед 25,000 гаруй төхөөрөмж сүлжээнд зэрэг холбогдох тооцоолол хийгджээ. Харин Мобинет ХХК-ийн хамт олон нэг мөчид 60 мянга хүртэлх хэрэглэгчийг хүлээн авах чадалтай системийг угсарсан байна.

Дээд хэмжээний уулзалтууд болсон цэнхэр бүсэд л гэхэд 270 орчим төхөөрөмж суурилуулан 10 Гбит/с хурдтай үндсэн сүлжээ, мөн ийм хурдтай нөөц сүлжээг шийдэж чаджээ. Ингэхдээ хамгийн сүүлийн үеийн Wi-Fi 7 технологи ашигласан нь хурдны алдагдалгүй байж, оргил ачааллыг ч тасалдалгүй даах боломж олгожээ. Мөн цэнхэр бүсэд байрласан 78 орны павильон, төлөөлөгчийн газар бүрийг тус тусад нь бие даасан утасгүй болон утастай сүлжээгээр хангасан байна. Цахилгаан тасрахад төхөөрөмж унтрахгүй байх стандартыг ч мөн ханган ажиллажээ.


Хамтын бүтээн байгуулалт

Өндөр түвшний олон улсын хурлын үед интернэт сүлжээнд санаатай халдлага үйлдэх, мэдээллийн аюулгүй байдлыг гэмтээх оролдлого гарах эрсдэлтэй байдаг. Тиймээс Мобиком корпорацын Мэдээллийн аюулгүй байдлын хяналтын төвийнхөн нийт интернэтийн урсгалыг 24 цагийн турш хянаж ажилласан байна.

Мөн Мобиком корпорац хурлын талбайд 5G сүлжээний гурван шинэ дэд станц шинээр байгуулж, төлөөлөгчдөд Монголд ашиглагдах боломжтой хамгийн өндөр хурдтай интернэт холболтыг санал болгосныг онцлох нь зүйтэй.

Олон улсын хурлын үеэр сүлжээний аюулгүй байдлыг хангаж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг инженерүүд та бүхэнд баярлалаа.