Бөмбөрцгийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх COP30 хурал өчигдөр албан ёсоор өндөрлөлөө. Зохион байгуулагдаж эхлэхээсээ өмнө л хэл ам дагуулсан уг хурал Амазоны ширэнгэн ойн “хаалга” хэмээн нэрлэгддэг Белэм хотод зохион байгуулагдсан билээ. Хотын хүчин чадлаас хэтийдсэн олон зочдыг хүлээж авахтай зэрэгцэх зочид буудлуудын үнийн өсөлтөөс авхуулаад хоёр өдрийн өмнө гарсан гал гээд энэ удаагийн хурал дуулиантай болж өнгөрлөө. Уг нийтлэлээрээ хуралтай холбоотой онцлох 30 өгүүлбэрийг сорчлон бэлтгэлээ. 

1. 2025 онд CO₂ ялгаруулалт түүхэн дээд хэмжээндээ хүрснийг COP30 дээр танилцууллаа

2. Дэлхий өнөөгийнх шигээ CO₂ ялгаруулсаар байвал дэлхийн нүүрстөрөгчийн төсөв ердөө дөрвөн жилийн дотор дуусах тооцоотой

​​3. Энэ жил COP30-д ердөө 57 төрийн тэргүүн ирсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн бага үзүүлэлт байв

4. 145 сэдэв бүхий ажиллагааны хөтөлбөрийг танилцуулав

COP30-ийн Гүйцэтгэх захирал Ана Тони нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нээлттэй болгосныг дурдлаа. Сүүлийн дөрвөн жилдээ анх удаа үйл ажиллагааны хөтөлбөр буюу 11-р сарын 21-нийг хүртэл хөндөх 145 чухал сэдвийг эхний өдрөөс нь эхлэн нээлттэй болгожээ.

Эх сурвалж: COP30

5. 80 гаруй улс орнууд нефть, нүүрс болон байгалийн хийн хэрэглээг бууруулах төлөвлөгөө гаргахыг дэмжлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа ямар ч төлөвлөгөөгүй байгаад уур амьсгалын идэвхтнүүд болон мэргэжилтнүүд шүүмжлээд буй. Тиймээс уг хурал дээр Германи, Колумб, Их Британи, Кени зэрэг улс орнуудын төлөөлөгчид байгалийн хийгээс татгалзах саналыг дэмжээд байгаа юм. Тэр дундаа Колумб COP-ийн эцсийн хэлэлцээрт уг төлөвлөгөөг батлахыг удирдан оролцсон юм. Нөгөөтээгүүр ​​Саудын Араб, Иран зэрэг нефт олборлогч улс орнууд уламжлал ёсоор энэ мэт хэлэлцээр, төлөвлөгөөг эсэргүүцэв.

6. Тогтвортой түлшний хэрэглээг дөрөв дахин нэмэгдүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөө гаргав

“Белем 4x” амлалт 2035 он гэхэд био түлш, биогаз, нийлэг түлш, устөрөгч зэрэг тогтвортой түлшний үйлдвэрлэл болон хэрэглээг 4 дахин нэмэгдүүлэх зорилготой санаачилга бөгөөд 10-р сарын 14-нд Итали, Япон, Энэтхэг, Бразил уг амлалтыг дэвшүүлж, нийт 23 улс дэмжлээ.

7. Цэвэр эрчим хүч болон цахилгааны сүлжээг сайжруулахад нэг их наяд долларын хөрөнгө оруулалт хийнэ

8. “Бакугаас Белем хүртэлх замын зураг” хэмээх уур амьсгалын санхүүжилтийн санаачилга баталлаа

Уг санаачилга нь 2035 он гэхэд жил бүр дор хаяж 1.3 их наяд долларыг хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжих зорилготой. Ингэхдээ 5R - Replenishing, Rebalancing, Rechannelling, Revamping, Reshaping зарчимд тулгуурлан уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, санхүүжилтийн нийлүүлэлтийг бэхжүүлэх, эрэлтийг илүү стратегитай болгох, хүртээмж ба ил тод байдлыг хурдасгах ажээ.

Эх сурвалж: Carbon Copy

9. Хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход зориулан 100 тэрбум долларын сан байгууллаа

10. Хөгжиж буй орнуудад уур амьсгалын нөлөөлөлд дасан зохицохын тулд 2035 он гэхэд жил бүр дор хаяж 310 тэрбум доллар шаардлагатай

Харин одоогийн байдлаар энэ санхүүжилт жилд ойролцоогоор 26 тэрбум доллар байдаг нь улс орнуудын бодит хэрэгцээнээс 8 дахин бага үзүүлэлт юм.

11. 2021 онд Английн Глазгод зохиогдсон COP26-ий үеэр батлагдсан Double adaptation finance pledge буюу санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх амлалт энэ онд дуусгавар болж байна

Уг амлалтаар 2025 он гэхэд уур амьсгалын нөлөөлөлд дасан зохицоход шаардлагатай санхүүжилт жилд 40 тэрбум доллар болтол өсгөх ёстой байсан юм. Харин 2023 оны статистикаар ердөө уг амлалтын бид талд нь л хүрч чадсан буюу 26 тэрбумд хүргэсэн юм. Тиймээс COP30 илүү найдвартай, хэмжигдэхүйц санхүүжилтийн зорилт тогтоох шаардлагатай байна.

Эх сурвалж: Nature

12. Сүүлийн өдөр жендерийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэлэлцээр ширүүслээ

Жендерийн Үйл Ажиллагааны Төлөвлөгөө (GAP) нь COP30-ийн гол үр дүнгийн нэг байх ёстой байсан ч эхний долоо хоногийн төгсгөлд улс орнууд нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй бөгөөд төслийн баримт бичиг олон хэсгээрээ хаалттай (bracketed) үлдэж, шийдэлд хүрэлгүй дуусав.

13. Уур амьсгалын шинжлэх ухаан, ажиглалт, дата системийг сайжруулах талаарх COP-ийн хэлэлцүүлэг дээр шинжлэх ухааны мэдээллийг гуйвуулан ашиглахтай тэмцэх тухай заалтууд дээр улс орнууд зөрчилдлөө

Саудын Араб болон Энэтхэг зэрэг улс орнууд шинжлэх ухааны ташаа мэдээлэлтэй тэмцэх тухай заалтыг хасахыг хүссэн нь нүүрс, нефть, байгалийн хийн хэрэглээг бууруулах хатуу шаардлага болон олон улсын шахалт нэмэгдэхээс болгоомжилсонтой холбоотой.

14. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага шинэ тайлангаа танилцуулав

Ой мод нь хөдөө аж ахуйтай зөрчилдөх бус харин хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, усны нөөцийг зохистой хэмжээнд барих, уур амьсгалын эрсдэлийг бууруулах замаар тогтвортой хүнсний системийг дэмждэг гол хүчин зүйл гэдгийг нотлон харууллаа./

Эх сурвалж: UN News

15. Бразилын Ерөнхийлөгч Tropical Forests Forever Fund (TFFF) санг албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөж буйгаа зарлаж, Бразил улс тус санд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан юм

16. Бразил улс UNEP-тай хамтран хотуудын хэт халалтад өртөх эрсдэлийг бууруулах зорилготой Beat the Heat Implementation Drive санаачилгыг COP30 дээр албан ёсоор эхлүүллээ

Белем хотын “Bairro do Mutirão” туршилтын хороололд бага нүүрстөрөгч ялгаруулдаг барилгын материал, өндөр тусгаарлагчтай дээвэр, сүүдрэвч бүхий гудамж, халуунд тэсвэртэй хот төлөвлөлтийн шийдлүүдийг танилцууллаа.

17. 3,000 орчим уугуул ард иргэд хуралд оролцов

Энэ удаагийн хуралд 3000 орчим уугуул ард иргэдийн төлөөлөл 3,000 гаруй км замыг туулж, бодит үйлдэл шаардлаа.

Эх сурвалж: COP30

18. “We can’t eat money”

Нутгийн уугуул иргэдийн төлөөллийн удирдагч Гилмар Терена хурал дээрх жагсаалын үеэр корпорацын ашиг сонирхлыг газар нутгийн хамгаалалтаас дээгүүр тавьж буй шийдвэрүүд нь уугуул ард иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд заналхийлж байна хэмээн анхаарууллаа. Тэрээр Амазонд үргэлжилж буй ой сүйтгэл, нефть олборлолтыг үргэлжлүүлж буй засгийн газрууд болон компаниудад хандаж “Бид мөнгө идэж чадахгүй” гэжээ. Уугуул иргэдийн үзэж буйгаар газар нутгаа бодитоор хамгаалахгүйгээр уур амьсгалын шударга ёс оршихгүй хэмээн үзэж бодитой шийдлийг шаардсан юм.

19. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хог ангилагчид

Бразилд хог ангилагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг ба 1999 оноос хойш хог ангилж буй Нанси Дарколете тэднийг төлөөлөн НҮБ-д ярилцлага өгсөн юм. Түүний хэлж буйгаар дахивар боловсруулах, органик хогийг ашиглан бордоо хийх зэрэг нь хүлэмжийн хийг бууруулж, хогийн цэгийн бохирдлыг багасгаж, байгалийн нөөцөд учрах дарамтыг бууруулан, халуун ба үерийн нөлөөгөөр нөхцөл байдал нь улам хүндэрч буй ядуу дүүргүүдийг хамгаалдаг. Тиймээс уг чухал ажил үүргийг нь ойлгож тогтвортой цалин, бодит дэмжлэг боловсруулахыг хэлэлцээрт оролцогчдод уриаллаа.

20. 100 гаруй орны 30,000 гаруй залуусын оролцоотойгоор зохион байгуулсан Youth-led Climate форум дээр залуус “бүрэн, хурдан, шударга шатах түлшнээс татгалзах” уриалга гаргалаа

21. Уржигдар COP30-ийн албан ёсны хэлэлцээр өрнөдөг НҮБ-ын “blue zone” хэсэгт гал гарч, галын баг зургаан минутын дотор галыг унтраажээ

Галын утаанд хордсон 13 хүнд эмнэлгийн тусламж авч, бүсийг бүрэн аюулгүйн шалгалт хийх зорилгоор түр хаагаад байна.

Эх сурвалж: Reuters

22. Монголчууд хүлэмжийн хийг 2035 он гэхэд 30.3 хувиар, буюу 24.7 сая тонн CO₂-тэй дүйцэх хэмжээгээр бууруулах зорилтоо NDC 3.0-д тусгалаа

23. COP30-д оролцогч улс орнууд 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон ч томоохон донор орнууд тодорхой санхүүгийн тооцоогоо батлахад эргэлзэж буйгаа илэрхийлээд амжив

24. АНУ-ыг Калифорнийн засаг дарга Гавин Ньюсом төлөөлөв

2025 оны 9-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассемблей дээр уур амьсгалын өөрчлөлтийг “хамгийн том луйвар” хэмээн тодорхойлж АНУ уг хуралд төрийн тэргүүдээ явуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн Парисын хэлэлцээрээс АНУ-ыг хоёр удаа гаргаж байсан удаатай. Харин хуралдааны үеэр АНУ-ын Калифорнийн засаг дарга Гавин Ньюсом “АНУ өөрийн уур амьсгалын нөлөөг хариуцаж, үүрэг хүлээх ёстой хэмээх хатуу байр суурийг илэрхийлсэн юм.

Эх сурвалж: The New York Times

26. COP30-д Монгол Улсаас БОУАӨ-ийн яамны сайд Б.Батбаатар оролцсон билээ.

27. Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Маркос Безерра Аббот Галвог болон БОУАӨ-ийн яамны сайд Б.Батбаатар нар COP17 хүртэлх нэг жилийн хугацаанд “Белемээс Улаанбаатар хүрэх санаачилгыг” хэрэгжүүлэх тухай наймдугаар сард хэлэлцсэн юм.

Эх сурвалж: MECC

28. COP17 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдана

29. Этиоп улс 2027 онд НҮБ-ын COP32 уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралдааныг зохион байгуулах болсноо зарлалаа

30. COP31 Турк Улсад зохион байгуулагдана.

31. Австрали COP31-ийг зохион байгуулах тохирооноос нэрээ татав

COP31-ийг зохион байгуулах ээлж WEOG буюу Баруун Европ ба Бусад Улсуудын бүлэгт ноогдсон тул Австрали, Турк хоёр COP31-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан билээ. НҮБ-ын дүрмээр COP хурлыг хамтран зохион байгуулах боломжгүй бөгөөд хоёр тал тохиролцож чадаагүй тохиолдолд хурал автоматаар Германы, Бонн хотод зохиогддог. Хэрэв COP31 Германд зохиогдвол Австралийн гурван жилийн турш хийсэн кампанит ажил утгаа алдаж, Номхон далайн бүсийн манлайлал, хэлэлцээрт нөлөөлөх байр сууриа бүрэн алдах байсан учраас Австрали ийм эрсдэлд орохгүйн тулд нэрээ татаж Турк зохион байгуулагчаар сонгогдох нөхцөл бүрдсэн гэсэн үг.