Хүүхэд мэндлэх үед ээжийн бие махбодод асар том өөрчлөлт явагддаг тухай бид маш сайн мэднэ. Хэвлийдээ хүүхэд бүрэлдүүлж буй эмэгтэй маш хүчтэй дааврын савлагаан дунд амьдардаг учраас жин нэмэх нь ойлгомжтой. Харин хүүхэдтэй болсон аав бас дагаад таргалчихдаг эсвэл арай өөр ааш авиртай болсон нь ажиглагддаг уу? Тэгвэл аавын сэтгэл санаа, тархи, дааврын өөрчлөлтийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. (PS, үнэхээр л тархи нь өөрчлөгддөг, гэхдээ яаж гэдгийг нь төгсгөлд нь мэдээрэй.)
Таамаглал
Хүн төрөлхтөн хувьсан хөгжих явцад нийгмийн бүтэц илүү нарийн, нийлммэл болж хүүхдийг зөвхөн ээж нь биш, илүү олуулаа нийлж өсгөх шаардлага гарч. Ийнхүү эрчүүдэд хүүхдээ асран хамгаалах биологийн чадавх бий болсон бөгөөд энэ нь генд хадгалагдаж үлдсэн байна.
Хүүхэд төрөхөөс өмнө эрэгтэй хүний даавар хэрхэн өөрчлөгдөөд байгааг судлаачид хоёр янзаар таамагладаг. Нэгдүгээрт, жирэмсэн эхнэрээс ялгарч буй феромон буюу үнэрийн химийн дохиог эрэгтэй хүний бие мэдэрч хариу үйлдэл үзүүлдэг байж болох юм. Хоёрдугаарт, аав болохдоо бэлдэх сэтгэл зүйн хүчтэй шилжилт нь тархиар дамжин биологийн өөрчлөлтийг эхлүүлдэг байх магадлалтай. Хэдийгээр яг аль нь болохыг шинжлэх ухаан эцсийн байдлаар бүрэн гүйцэд тогтоогоогүй байгаа ч, тархи болон гормоны түвшинд эдгээр өөрчлөлт явагддаг нь олон удаагийн хэмжилтээр батлагдсаар байна.

Дааврын судалгаа
2005 онд АНУ-ын Нотр Дамын Их сургуулийн антропологич Ли Геттлер Филиппиний Себу хотод нэгэн судалгааг эхлүүлжээ. Тэд эхлээд дунджаар 21 настай, ганц бие, хүүхэдгүй 624 эрэгтэйгээс шүлсний дээж авч тестостероны түвшнийг нь хэмжжээ. Дөрвөн жилийн дараа буюу 2009 онд тэднийг дахин шинжлэхэд, энэ хугацаанд аав болсон эрчүүдийн тестостерон хүүхэдгүй хэвээр байгаа эрчүүдийнхээс бага гарсан байна. Хамгийн сонирхолтой нь хүүхдээ асрахад хамгийн их цаг зарцуулдаг, мөн хүүхэдтэйгээ нэг орон дээр унтдаг аавуудын тестостерон хамгийн ихээр буурсан байжээ.
Мөн АНУ-ын Эмори Их сургуулийн мэдрэл судлалын лабораторийн захирал Жеймс Риллинг дээрхээс арай өөр аргаар туршилт хийсэн нь окситоцин дааврын судалгаа. Тэрээр эхнэр нь жирэмсэн болсноос хойш ердөө дөрвөн сарын дараа аавуудын тестостерон болон вазопрессин дааврын ялгарал хяналтын бүлгийн эрчүүдийнхээс аль эрт буурч эхэлснийг илрүүлжээ.

Мөн л сонирхолтой нь аавуудын хамарт окситоцин шүршиж өгөөд, нярай хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байгааг нь мөн ажигласан юм. Үр дүнд нь тэрхүү дааврыг хүлээн авсан аавууд хүүхэдтэйгээ харилцахдаа толгойгоо илүү хурдан бөгөөд идэвхтэй хөдөлгөж, маш их догдолсон, баясгалантай сэтгэл хөдлөл үзүүлж байгааг ажиглажээ.
Мэдээж амьдрал дээр аав хүүхдээ энгэртээ тэврэх, тоглох үед окситоцин аяндаа ялгардаг. Энэ даавар өсөх тусам аав хүүхэдтэйгээ илүү их харилцах хүсэлтэй болж, тэрхүү харилцан үйлдэл нь дахин нэмж окситоцин ялгаруулснаар тасралтгүй эргэх эерэг циклийг үүсгэдэг.
Сүүлд гарсан сонирхолтой судалгаа
Тэгвэл саяхан гарсан нэгэн судалгаа аав нарын тархийг судалснаараа онцлог. Судлаач Негин Данешниагийн багийнхан энэ оны тавдугаар сард "Translational Psychiatry" сэтгүүлд судалгааны үр дүнгээ хэвлүүлсэн юм.
Тэд шинэхэн аав болсон 26 эрэгтэйг (үүнээс 25 нь судалгааг бүрэн дуусгасан бөгөөд ихэнх нь анх удаа аав болж буй эрчүүд) сонгон авчээ. Эдгээр эрчүүдийн тархийг MRI аппаратаар хүүхэд төрснөөс хойш 1, 3, 6, 9, 12, болон 24 дэх долоо хоногт буюу нийт зургаан удаагийн давтамжтай судалсан байна. Үр дүнд нь тархины бүтцэд хугацаанаас хамаарсан хоёр өөр төрлийн хөдөлгөөн ажиглагдсан байна:

Эхний 6 долоо хоногт
Аавуудын тархины саарал бодис дагз, дух, чамархай, зулайн дэлбэн, инсула болон гиппокамп зэрэг олон хэсэгт маш хурдацтайгаар багасаж буюу агшиж байв. Тархины саарал бодис багасаж "агшина" гэдэг нь тархи жижигрээд байгаа хэрэг огт биш. Нэг ёсондоо удахгүй төрөх хүүхдээ ойлгоход хэрэгтэй чадвараа сайжруулахын тулд хийж буй биологийн дасан зохицол явагдаж буй хэрэг. Нярай хүүхэд юу хүсэж байгаагаа үгээр хэлж чаддаггүй бөгөөд байнгын анхаарал шаарддаг шүү дээ.
Иймээс шинэхэн аавын тархи бусад мэдээллийн холбоосуудаа хасаж, зөвхөн хүүхдийнхээ уйлах, харц, хөдөлгөөн зэрэг дохиог илүү хурдан уншиж ойлгоход бүх анхаарлаа төвлөрүүлэхийн тулд өөрийгөө дахин программчилж байна л гэсэн үг. Яг л зурагтын олон суваг дундаас зөвхөн ганцхан сувгийг тод, илүү өндөр нягтралтайгаар хүлээн авахын тулд бусад сувгийн долгионыг хааж байгаа юм шиг.
2-24 дэх долоо хоногт
12 дахь долоо хоногоос эхлэн энэ үйл явц эсрэгээрээ эргэж, 24 дэх долоо хоног гэхэд духны бор гадар болон бага тархины зарим хэсгүүд буцаад томорч эхэлсэн байна. Эхний есөн долоо хоногийн хугацаанд аавуудын тархины сэтгэл хөдлөлийн төв болох амигдала нь тархины бусад хэсгүүдтэй (anterior cingulate болон гиппокамп) илүү хүчтэй холбогдож эхэлжээ. Тархины гүнд байрлах сэтгэл хөдлөлийн төв болох амигдала нь энэ үед тархины бусад хэсгүүдтэй (anterior cingulate болон гиппокамп) илүү хүчтэй холбогдож эхэлдэг. Тийм учраас хүүхэд төрсний дараах эхний 6-9 долоо хоног бол хүүхэдтэйгээ насан туршдаа холбогдох сэтгэл зүйн бат бөх суурийг тавьдаг маш чухал үе ажээ.

Сэтгэгдэл бичих

