Өнөөгөөс 544 жилийн тэртээ нэрт зохион бүтээгч, зураач Леонардо Да Винчи хүн төрөлхтний хамгийн анхны CV-г бичин суужээ. CV буюу “Curriculum Vitae” хэмээгч нь латин хэлээр “Амьдралын гүйлт” гэсэн утгатай үг бөгөөд “currere” (гүйх) болон “vitae” (амьдралын хэмээн тийн ялгалаар хувирсан хувилал) гэх хоёр үгийн нэгдэл юм. Нэрийнхээ шууд утгаараа л хүний амьдралдаа хийж бүтээсэн, гүйцэлдүүлсэн (монгол хэлнээ ч мөн гүйх-гүйцэлдүүлэх хоёр үйл үг хоёул “гү” язгууртай байгааг ажиглаарай) бүхнээ тэмдэглэн нэгэн төрлийн үр бүтээмжийнхээ түүврийг бүтээнэ гэсэн үг.
Өдгөө CV нь ажил горилогч ба олгогчийн харилцааны хамгийн чухал “бичиг” болсон бөгөөд CV-гээ амжилттай, сайн бичих нь залуу мэргэжилтний мэргэжлийн замналын хамгийн анхны алхам болоод буй. Иймд бид энэхүү нийтлэлээрээ Да Винчигийн CV-гийн түүхээс эхлээд өмнөх зуунд хүмүүс CV-гээ хэрхэн бэлдэж байсан тухай болон тэдгээрээс өнөөдрийн бидэнд суралцаж болох ямар ямар онцлогууд буй тухай өгүүлэхээр бэлтгэлээ.
Да Винчигийн CV
Дээр өгүүлсэнчлэн Сэргэн мандалтын үеийн нэрт полимат Леонардо Да Винчи цаг үеэсээ түрүүлсэн олон арван бүтээл, нээлт ардаа үлдээсний нэг нь CV юм. Да Винчи 1482 онд Миланы Ван Лудовико Сфорцод хандан санхүүгийн болон бас бус тусламж хүссэн захиа бичсэн байдаг бөгөөд тэрхүү бичигтээ төр улсад нь хэрэг болохуйц гэсэн өөрийн ур чадвар, хуримтлуулсан туршлагаа жагсаасан нь хожим дэлхийн анхны CV болсон түүхтэй. Түүний CV-дээ дурдсан онцлох ур чадваруудаас нь доор жагсаалаа.

1. Би бээр аливаа хот, цайз бүслэгдсэн ахул хэрхэн шуудуунаас усыг зайлуулж, олон янзын гүүр, халхавчтай зам, шат, мөнхүү зориулалт бүхий олон төрлийн механизмыг зохион бүтээж, ашиглах ухааныг сайтар мэдэх билээ.
2. Түүнчлэн би авч явахад хялбар, хэрэглэхэд тохиромжтой төрөл бүрийн их буу бүтээсэн бөгөөд тэдгээр буу нь олон жижиг чулууг шуурга мэт харвах чадалтай. Мөн тэдгээрийн утаа нь дайсанд сүрийг бадруулан, ихэд хохироож самуунд автуулах увдистай ажгуу.
3. Харин энх цагт болбоос би бээр нийтийн болон хувийн барилга байгууламжийн зураг төсөл, архитектурын зохиомжийн хувьд хэн хүнээс дутахааргүй, бүрэн дүүрэн мэдлэг, чадвартай хэмээн итгэмүй. Тэрчлэн гол усыг нэг газраас нөгөөд шилжүүлэх, усан байгууламжийг зохион байгуулахын ухааныг ч мөн адил гаргууд мэдэх билээ.
4. Тэрчлэн миний бие гантиг чулуу, хүрэл, шавраар уран баримал бүтээх чадвартай төдийгүй, уран зургийн хувьд хэний ч зураг байсан ялгалгүй бүтээх агаад урлахуйн эрдэмд бусдаас дутаж гуцах зүйлгүй амуй. Иймийн учир таны тэнгэрт одсон эцэг вангийн үхэшгүй алдар суу, мөнхийн хүндэтгэлд зориулан Сфорцагийн алдарт удмыг мандуулах хүрэл морин хөшөөний ажлыг ч гардан гүйцэтгэж чадна.
Дээрх дөрвөн жишээнээс нь л харахад түүнийг урлагийн ур чадвараа хойш тавин Вангийн хэрэгцээ шаардлагад нийцэхэд голчлон анхаарсан нь илт ажиглагдана. Түүнчлэн тухайн үед алдарт зураач бээр “Аnnunciation” бүтээлээ болон бас бус зургуудаараа олонд танигдсан байсан ч түүнийгээ CV-дээ дурдалгүй орхисон байдаг нь ч Ван болоод вангийн “хүний нөөцийн ажилтан”-д тохируулан, тааруулсных гэж үздэг. Ийнхүү түүнийг Миланы Ван өөрийн Баяр ёслол хариуцсан даргаар томилсон түүхтэй.
CV-гийн товч түүх
XX зуунаас өмнө, тэр дундаа XVII-XIX зууны хооронд CV бараг л “утсан” байдаг. Үүний гол шалтгааныг Аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэнтэй, улмаар уламжлалт гар урчууд болон нарийн мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ шаардлага багассантай холбон тайлбарладаг. Хэдийгээр тухайн үед онцгой ур чадвартай хүмүүс CV ашиглаж байсан байх боломжтой ч үүнийг өргөн хүрээнд батлах түүхэн баримт тун цөөн үлдсэн ажээ.
Харин өмнөх зууны эхээр ажил горилогчид өөрсдийн боловсрол, ажлын туршлага, ур чадварыг бичгээр илэрхийлсэн баримт бичгийг ажил олгогчдод өгөх нь аажим аажмаар түгээмэл болж эхэлсэн байна. Тухайлбал, 1950 он гэхэд л бичгээр бэлтгэсэн CV нь ажлын ярилцлагад уригдахад хэдийн зайлшгүй шаарддаг “бичиг баримт” болон хувирчээ. Түүнчлэн энэ үед CV нь гараар бичсэн, машинаар шивсэн гэхчлэн нэгэнт олон янзын хэв загвартай болсон байв.
Улмаар 1970-аад оноос CV-дээ нэмэлтээр VHS портфолио ашиглаж эхэлсэн бол 1980-аад онд хувийн компьютер, “Microsoft Word” олон нийтэд түгснээр CV бүтээх нь илүү хялбар болж, хэлбэр загвар нь ч стандартчилагдан тогтсон байдаг. Мөн 1987 он гэхэд ажил горилогчид факсаар CV-гээ илгээх нь хамгийн түгээмэл арга болж байжээ.
1990-ээд онд интернэт гарч ирснээр CV анх удаа цахим хэлбэрт шилжиж, “CareerBuilder”, “Monster.com” зэрэг ажлын платформууд үүссэн бөгөөд 2000-аад оны эхээр сошиал медиа, тэр дундаа 2003 онд үүсгэн байгуулагдсан “LinkedIn” нь ажил мэргэжлийн талбарт нэн чухал хэрэгсэл болон хувирч, 2010 он гэхэд виртуал портфолио CV-тэй хамт ашиглагдах болжээ. Харин өнөөдөр бид хиймэл оюуны тусламжтайгаар хэдхэн хормын дотор CV-гээ шинэчлэх, засварлах, шинээр бүтээх боломжтой.
Да Винчигийн CV-гээс сурах зүйлс
Он цагийн явцад CV бүтэц, хэл найруулга, хэлбэр загварын хувьд хувьсан өөрчлөгдсөөр ирсэн ч Да Винчигийн анхлан гүйцэтгэсэн үндсэн “санаа” нь одоо ч хэвээр: ажил олгогчийн хамгийн том бэрхшээл юу байна вэ, та түүнийг давахад нь хэрхэн тусалж чадах вэ?
Иймд нийтлэлийнхээ төгсгөлд хиймэл оюуны эринд ч Да Винчигийн CV-гээс суралцаж болох дөрвөн энгийн хэр нь чухал зөвлөмжийг хүргэе:
CV-гээ тухайн ажилд тааруулж бичих: Да Винчи захидлаа Людовико Сфорцагийн хэрэгцээнд нийцүүлэн бичсэнтэй адил, өнөөгийн ажил хайгчид ч мөн өргөдөл гаргаж буй албан тушаалд хамгийн их хамааралтай ур чадвар, туршлагаа онцлон CV-гээ тохируулан бичих нь үр дүнтэй.
Шинийг санаачлах болон хөрвөх чадвараа харуулах: Тэрээр мөн өөрийн өргөн хүрээний ур чадвар, шинэлэг санаануудыг онцолсон байдгийн адил, өнөө цагийн ажил хайгчид ч өөрсдийн олон талын чадвар болон ажил олгогчид авчирч чадах онцгой хувь нэмрээ тодотгон харуулах нь зүйтэй.
Тодорхой бөгөөд оновчтой байх: Да Винчи өөрийн хийсэн ажлуудаас тодорхой жишээ дурдан, чадваруудаа дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Өнөөгийн мэргэжилтнүүд ч мөн адил өөрсдийн ололт амжилт, ур чадвараа бодит, тодорхой жишээгээр “нотлууштай”.
Асуудал шийдвэрлэх чадвараа онцлох: Да Винчигийн CV түүний уран бүтээл, зохион бүтээсэн технологиудаар нь дамжуулан нарийн төвөгтэй асуудлыг шийдэх чадварыг харуулсантай адил орчин үеийн CV-д ажил горилогчийн асуудал шийдвэрлэх чадвар болон түүнийгээ өмнөх ажлууддаа хэрхэн ашиглаж байснаа тусгах нь онцгой чухал.
Ингээд эцэст нь уншигч таны мэргэжлийн замналд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

