Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан DevSummit арга хэмжээ энэ удаа “Хиймэл оюун ухаан”-ыг үндсэн сэдвээ болгон хоёр өдрийн турш буюу тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Мэдээллийн технологийн салбарынхны хувьд хэзээд хөөрөлдөх цаг, уулзах цэг нь болдог тус арга хэмжээг энэ жил 800 гаруй хөгжүүлэгчид зорин ирсэн бөгөөд эвентийн сонин сайхнаас уншигч та бүхэнтэй хуваалцъя.
DEVSUMMIT АРГА ХЭМЖЭЭГЭЭР ЭРГЭН УУЛЗАХ НЬ
Дотоод болон гадаадын мэргэжилтнүүд нэгэн дээвэр дор цуглаж, технологийн чухал сэдвүүдээр хэрэгцээт мэдээллээ солилцон ирээдүйн өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцах боломжийг бий болгосон нь DevSummit 2019: Back to the Future байсан юм. Өөрсдийн мэдлэг туршлагаа салбарынхантайгаа хуваалцах орон зай болж байсан тус арга хэмжээнд технологийн хурдтай зэрэгцэн өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлэх, зөвхөн дотооддоо гэлтгүй гаднын зах зээл рүү тэмүүлэх том зорилгуудын тухай илтгэл, панел хэлэлцүүлгүүд өрнөж байлаа. Бид чухам энэ үеэс л DevSummit-ыг технологийн салбарын тэмдэглэлт баяр болгохоор зорин цар тахлын хоёр жилийг хүлцэн өнгөрүүлж, 2022 онд "Into the Metaverse" сэдэв дор 1200 гаруй оролцогчийг цуглуулсан билээ. Харин энэ жилийн хувьд технологийн салбарын хамгийн халууханд тооцогдох “Хиймэл оюун ухаан” сэдвийг онцолж, хоёр өдрийн турш технологиор амьсгалсан юм.

DEVSUMMIT 2023 - AI: CHANGING THE WORLD
Цаг минут тутам хөгжин дэвшиж байгаа технологийн салбарын дараагийн шилжилт бол хиймэл оюун ухаан гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ. Түүний хурдацтай хөгжлөөс үүдэн манай иргэншлийг үгүй хийх цаг мөдхөн хэмээн хиймэл оюун ухаанд эргэлзэж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа болов уу. Хиймэл оюун ухаан гээч зүйл бидний өрсөлдөгч үү, эсвэл хамтрагч уу? Үүний хариултыг IT-ийн талбарт давшиж яваа мэргэжилтнүүдийн амнаас сонсож, өөрсдийн ажил бүтээлтэй хэрхэн уялдуулах талаар бодит туршлагаа хуваалцах нь зайлшгүй хэмээн үзсэн тул бид энэ жилийн арга хэмжээг эл сэдвээр зохион байгуулсан билээ.
Гагцхүү технологийн салбар аугаа том учир дөнгөж эхэлж буй залуус болон олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдийн хооронд мэдлэг, туршлага, сонирхлын зөрүү гардаг. Тиймээс бид энэ жилийн DevSummit-ийг хоёр өдрийн хөтөлбөртэйгөөр зохион байгуулж, хүртээмжтэй байдлыг хангах үндсэн зорилгодоо хүрч чадсан юм.

Day 1
Бид эхний өдөр буюу тавдугаар сарын 27-ны өдрийг оюутан залууст зориулсан бөгөөд HUB Innovation Center, Mstars Hub гэх хоёр байршилд илтгэл, сургалтуудыг хүргэсэн юм. Илүү тодруулбал, HUB Innovation Center-т Backend, Platform ,Infra, Security, Network, Mstars Hub-д Frontend, Web 3, Blockchain, AI/ML зэрэг сэдвийн хөтөлбөрүүд багтсан байв. Ийнхүү сэдвээр хуваарилсан нь оролцогчдод нэг хөтөлбөийн хүрээнд баригдах бус өөрийн хүссэнээр илтгэл, сургалтад суух боломжийг бий болгосон билээ.
Day 2
Арга хэмжээний хоёр дахь өдөр буюу тавдугаар сарын 28-ны хөтөлбөр Соёлын төв өргөөнд үргэлжилсэн ба энэ удаа бид нээлтийн үйл ажиллагааг Sound Meditation Mongolia-тай хамтран тайвшруулах хөгжмөөр хөтөлбөрөө эхлүүлсэн юм. Түүнчлэн хоёр дахь өдрийн турш 25 илтгэл, нэг панел хэлэлцүүлэг үндсэн тайзнаа өрнөсөн бөгөөд илтгэгчид Frontend, Backend, AI/ML/DS, Blockchain, IOT, Security, Architecture гэх бүтэц, агуулгын хүрээнд өөрсдийн туршлагаа хуваалцаж, үндсэн тайзыг өдрийн турш заал дүүрэн үзэгчидтэйгээр өндөрлөсөн. Мөн тус арга хэмжээний цорын ганц панел хэлэлцүүлэг “What Now?” сэдвээр DevSummit-ийн санаачлагч, хамтран зохион байгуулагч, ZAYA аппын хамтран үүсгэн байгуулагч А.Амарсанаа, Fibo Cloud хамтран үүсгэн байгуулагч Н.Ганжигүүр, Tapatrip-ийн Гүйцэтгэх захирал З.Батгэрэл, Эрксис компанийн Гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших нар ярилцав.



ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД






DEVSUMMIT 2023 АРГА ХЭМЖЭЭНИЙ хамтрагч байгууллагууд
Манай энэ удаагийн арга хэмжээг 20 гаруй байгууллага, компани дэмжин оролцсон ба энэ ташрамд технологийн салбарын хамгийн том цугларалтын гэрч болсон та бүхэндээ талархал илэрхийлье.

DEVSUMMIT 2023 АРГА ХЭМЖЭЭНИЙ ОРЧИН, УУР АМЬСГАЛ








Сэтгэгдэл бичих

