Монгол Улсын хүн амын 60 гаруй хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь тэдний ирээдүй төдийгүй улс орны хөгжилд чухал нөлөөтэй. Гэвч мэргэжлээ сонгох, ажлын гараагаа эхлүүлэх, өөрт тохирох ажлын байраа олох гээд залуусын өмнө олон асуулт, сорилт тулгардаг. Тиймээс Лоринэт сан үйл ажиллагааныхаа голлох хоёр чиглэл болох бага насны хүүхдийн хөгжил, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн дагуу, хамтдаа гарц шийдэл эрэлхийлэх зорилгоор “Dialogue by Lorinet” цуврал хэлэлцүүлгийг эхлүүлжээ.
Цувралын эхний дугаараар залуус карьерынхаа эхлэлийг хэрхэн зөв тавих, мэргэжлээ сонгохдоо юунд анхаарах, ажил олгогчид шинэхэн төгсөгчдөөс юу хүлээдэг зэрэг асуудлыг хэлэлцлээ. Ингээд хэлэлцүүлгээс онцлох таван санааг сорчлон хүргэе.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ЛОРИНЭТ САНГИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Лоринэт сан нь Монгол Улсад туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа хүүхэд, залуусын амьдралд тогтвортой, эерэг өөрчлөлтийг бий болгох үндсэн зорилготойгоор 2017 онд байгуулагджээ. Тус сан нь хүүхэд, залуучуудын сайн сайхан байдлыг сайжруулах шийдлүүдийг санхүүжүүлж, дэмжихийн зэрэгцээ тэдний эргэн тойрон дахь тогтолцоог бэхжүүлэхэд анхааран ажилладаг аж.
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ЯАГААД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдэг нь дан ганц ажлын байраар хангах асуудал биш бөгөөд тэдний боловсрол, ур чадвар, нийгмийн оролцоо, эдийн засгийн бие даасан байдлыг цогцоор нь дэмжих чухал асуудал юм. Гэвч өдгөө Монгол Улсад залуучуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэд хэдэн тулгамдсан асуудал байсаар байна. Тухайлбал, тогтолцооны доголдлоос үүдэлтэй 15-29 насны 137,000 залуу эдийн засгийн идэвхгүй буюу ямар нэгэн хөдөлмөр эрхлээгүй, боловсрол, сургалтад хамрагдаагүй байна. Мөн их дээд сургууль төгсөгчдийн 39 хувь нь л төгсөөд нэг жилийн дотор ажилд орж байгаа гэнэ.
Эдийн засгийн идэвхгүй залуучуудын 60%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа хэдий ч тэдний асрахуйн эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь хөдөлмөр эрхлэлтэд тооцогддоггүй аж. Харин амьдран суугаа орчин, өрхийн амьжиргаа, хөгжлийн бэрхшээл зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хэд дахин хэцүү замыг туулж буй залуучуудын бодит хэрэгцээнд нийцсэн дэмжлэг ихээхэн дутмаг байгаа юм.
НЭГДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ПАРАДОКС
Их сургуулиа төгсөж, дипломоо гардан авах нь хүний амьдралын чухал үе шатуудын нэг билээ. Гэвч сургуулиа төгссөний дараа ажлын гараагаа хаанаас эхлэх, эзэмшсэн мэргэжлээрээ хэрхэн ажиллах, өөрт тохирох ажлын байраа олох гээд залууст олон сорилт тулгардаг. Харин ажил олгогчдын хувьд байгууллагынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн олно гэдэг мөн л амаргүй даваа. Ажил хайж буй залуусын тоо цөөнгүй байгаа хэдий ч нөгөөтээгүүр ажиллах хүч хайж буй байгууллагууд, ажлын байрны сул орон тоо байсаар л байна. Тэгвэл хөдөлмөрийн зах зээл дэх энэхүү зөрүү юунаас үүдэлтэй вэ?
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОЧИД
Модератор:
Ж.Хулан - The Media Show-ийн үүсгэн байгуулагч
Панелистууд:
С.Оюун - Зориг сангийн тэргүүн
Б.Очирхуяг - МУИС-ийн ректор
Б.Чандмань - Капитрон банкны ТУЗ-ийн дарга
ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ОНЦЛОХ 5 САНАА
1. Залуусын хөгжилд тогтолцооны шинэчлэл шаардлагатай

Панелистуудын хэлж буйгаар их сургуулийн сургалтын үр дүнг оюутнуудын сурлагын амжилт, төгсөлтийн дүнгээр хэмжих нь хангалтгүй гэнэ. Харин төгсөгчид эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бодит ажил хөдөлмөрт хэрхэн ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд хэр амжилттай нэвтэрч байгаагаар нь үнэлэх нь чухал. Тэр дундаа оюутнууд сургуулиа төгсөх үедээ ажлын байртай болсон байх нь боловсролын байгууллагын үйл ажиллагааны чухал үзүүлэлт байх ёстой. Гэвч өнөөдөр төгсөгчдийн ажил эрхлэлтэд анхаарал хандуулах шаардлага байсаар байна.
Эндээс хамгийн түрүүнд анхаарах асуудал нь төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар ажил олгогчдын шаардлагад хэр нийцэж байгаа тухай юм. Оюутан онолын мэдлэг эзэмшихээс гадна түүнийгээ практикт хэрэглэх чадвартай, асуудал шийдвэрлэх арга барилтай, зөв хандлагатай болж төлөвших шаардлагатай. Эдгээрийг цогцоор нь хөгжүүлж чадахгүй тохиолдолд ажил олгогчдын хүлээлт, төгсөгчдийн бодит ур чадварын хооронд зөрүү үүсдэг ажээ.
Залуу хүний хувьд хамгийн чухал зүйл бол идэвх санаачилгатай байх юм. Сургуулиа төгсөхийг, ажлын боломж өөрөө бий болохыг хүлээхээс илүүтэйгээр суралцаж байх үеэсээ эхлэн сонирхож буй байгууллага, салбарынхаа талаар мэдээлэл цуглуулж, боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй.
Гадаадад суралцаж, төгсөөд ирсэн залуусын хувьд ч энэ асуудал тулгардаг. Тухайлбал, ямар байгууллагад ажилд орохоо мэдэхгүй, сонирхож буй компанийнхаа ажлын байрны мэдээллийг хаанаас хайх, хэрхэн холбогдохоо мэдэхгүйгээс санаа зовж, эргэлзэх тохиолдол бий. Тиймээс зөвхөн мэргэжлийн мэдлэг, дипломдоо найдах бус, хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэлтэй байж, боломжийг өөрөө эрэлхийлэх нь зүйтэй.С.Оюун - Зориг сангийн тэргүүн
2. Зөөлөн ур чадвар болон зөв хандлага хамгаас чухал

Ажил мэргэжлийн гараагаа амжилттай эхлүүлэхэд эзэмшсэн мэргэжил, академик мэдлэг чухал ч ажлын байранд хэрхэн ажиллах, бусадтай хэрхэн харилцах, тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх чадвар ч мөн адил нөлөөлдөг. Тиймээс залуусыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхдээ мэргэжлийн мэдлэг олгохоос гадна бие даах, санаачилга гаргах, багаар ажиллах, хариуцлага хүлээх зэрэг зөөлөн ур чадварыг нь хөгжүүлэх шаардлагатайг дурдав.
“Манай сургуулийн хувьд оюутнуудад бэлэн мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлэхээс илүүтэйгээр тэднийг өөрсдөө хөгжих, санаачилгатай байх сэдэл төрүүлэхэд чиглэсэн хэлбэр лүү шилжиж байгаа. Өнөөгийн залуусын дунд ганцаардах, бие даах хандлага ажиглагдаж байгаа учраас бид сургалтын бус цагаар хэрэгжүүлэх 32 цагийн хөгжлийн хөтөлбөр, сайн дурын ажил, клубийн үйл ажиллагаанд оюутнуудыг заавал хамруулах бодлого баримталж байна.
Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан оюутнууд бусадтай хамтран асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, шийдвэр гаргах зэрэг зөөлөн ур чадвараа хөгжүүлдэг. Учир нь ажлын байранд бэлтгэгдэнэ гэдэг зөвхөн академик мэдлэг эзэмшихийн нэр биш. Оюутан хувь хүнийхээ хувьд төлөвшиж, зөв хандлага, харилцааны ур чадвар эзэмшсэнээр хөдөлмөрийн зах зээлд гарахад илүү бэлтгэлтэй болно.”
Б.Очирхуяг - МУИС-ийн ректор
3. Ажил олгогчид ба шинэ үеийн залуусын хүлээлтийн зөрүү

Залуусын хөдөлмөр эрхлэлтийг ярихад ажлын байрны хүрэлцээ, мэргэжлийн ур чадвараас гадна тэдний ажлаас хүлээдэг зүйлс хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарах хэрэгтэй. Учир нь ажил олгогчид шинэ төгсөгчдөөс хариуцлагатай, тогтвортой ажиллахыг хүсдэг бол залуусын хувьд ажил нь орлого олох хэрэгсэл төдий байхаа больжээ. Тэд цалин хөлсөөс гадна өөрийгөө хөгжүүлэх боломж, ажлын орчин, байгууллагын соёл, хийж буй ажлынхаа утга учрыг чухалчилдаг болов.
Ажилдаа тогтвортой, сэтгэл хангалуун байхад ‘GEM’ буюу гурван зарчим чухал нөлөөтэй. Эхнийх нь тухайн ажлаа сайн хийж чаддаг байх (Good), хоёр дахь нь ажлаасаа таашаал авч, дуртай байх (Enjoyable), гурав дахь нь хийж буй ажил нь өөрт нь утга учиртай байх (Meaningful) юм. Залуус зөвхөн ажилтай болохыг чухалчилж, өөрийн сонирхол, хүсэлд нийцэхгүй, утга учиргүй ажилд орвол удалгүй сэтгэл ханамжгүй болж, хэдхэн сарын дараа ажлаасаа гарах эсвэл өөр ажил хайж эхлэх нь бий. Тиймээс өөрийн сонирхол, ур чадварт нийцсэн, утга учиртай ажил мэргэжлийн замналаа сонгох нь хөдөлмөр эрхлэлтэд амжилттай шилжихэд чухал алхам.
С.Оюун - Зориг сангийн тэргүүн
Орчин үеийн залуус ажилд орохдоо ‘Би яагаад үүнийг хийх ёстой вэ?’, ‘Энэ нь надад болон байгууллагад ямар үнэ цэн бий болгох вэ?’ гэх мэт асуулт тавьдаг болсон. Тэдний хувьд цалин хөлсөөс гадна ажлын орчин, удирдлагын харилцаа, карьерын өсөлт, хөгжих боломж зэрэг олон хүчин зүйл чухал. Тиймээс ажил олгогчид ч залуу үеийнхний хэрэгцээ, хүлээлтийг ойлгож, тэдэнд тохирсон ажлын орчин бүрдүүлэх, удирдлагын арга барилаа шинэчлэх, байгууллагын дотоод соёлоо сайжруулах шаардлагатай болж байна.
Б.Чандмань - Капитрон банкны ТУЗ-ийн дарга
4. Ажлын байранд бэлтгэх цалинтай дадлагын хөтөлбөрүүд

Их сургуульд сурч мэдсэн зүйлээ бодит ажил дээр хэрэгжүүлж, туршлага хуримтлуулах нь залуусын хувьд чухал. Гэвч ажлын туршлагагүй гэх шалтгаанаар анхны ажлаа олоход хүндрэлтэй тулгардаг төгсөгч цөөнгүй. Тэгвэл оюутан байх хугацаандаа ажлын байрны орчинтой танилцаж, мэргэжлийн ур чадвараа бодитоор сорих боломжийг бүрдүүлэхэд ажил олгогчдын оролцоо чухал үүрэгтэй. Үүний нэг жишээ нь оюутнуудад суралцахын зэрэгцээ ажлын туршлага хуримтлуулж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэх боломж олгодог цалинтай дадлагын хөтөлбөрүүд юм.
Оюутныг академик орчноос хөдөлмөрийн зах зээлд амжилттай шилжүүлэхэд ажил олгогчдын оролцоо, хариуцлага чухал. Манай банк энэ чиглэлээр ‘Банкир оюутан’ хөтөлбөр хэрэгжүүлж, гурав, дөрөвдүгээр курсийн болон төгсөх ангийн оюутнуудыг зуны амралтын хугацаанд цалинтай дадлагажуулдаг. Ингэснээр оюутнууд суралцах хугацаандаа байгууллагын үйл ажиллагаа, ажлын байрны онцлогтой танилцаж, бодит ажлын туршлага хуримтлуулахын зэрэгцээ бид ч тэдний мэдлэг, ур чадвар, ажлын арга барилтай танилцах боломжтой болдог. Үүний үр дүнд оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байранд хурдан дасан зохицож, шууд ажиллах боломж бүрдэж байгаа.
Б.Чандмань - Капитрон банкны ТУЗ-ийн дарга
Оюутнууд заавал албан ёсны дадлагын зар гарахыг хүлээх шаардлагагүй. Сонирхож буй байгууллагадаа өөрсдөө хандаж, дадлага хийх, ажлын үйл явцтай танилцах хүсэлтээ илэрхийлэх нь чухал. Ялангуяа олон улсын байгууллага, томоохон компаниудын дадлагажигч хөтөлбөрт хамрагдсанаар богино хугацаанд их зүйл сурч, бодит ажлын туршлага хуримтлуулах боломжтой. Цаашлаад тухайн байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах эсвэл хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадвартай мэргэжилтэн болон төлөвших сууриа тавьж чадна.
С.Оюун - Зориг сангийн тэргүүн
5. Сургууль, ажил олгогч, залуусын гуравласан хамтын ажиллагаа

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд сургууль, ажил олгогч, залуусын хамтын ажиллагаа ч мөн чухал зүйлсийн нэг. Сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж, ажил олгогчид ямар ур чадвартай ажилтан шаардлагатай байгааг тодорхой илэрхийлж, залуус өөрсдөө боломжоо эрэлхийлэн, ур чадвараа хөгжүүлэх шаардлагатай. Харин эдгээр талын уялдаа холбоо сул байвал төгсөгчид ажил олох, байгууллагууд шаардлага хангасан ажилтан сонгоход хүндрэл үүсдэг ажээ.
Төгсөгчдийг ажлын байранд зуучлах ажлыг нэг удаагийн арга хэмжээгээр хязгаарлаж болохгүй. Харин карьер хөгжлийн төв нь мэргэжилтэн бэлтгэж буй сургууль болон ажилтан сонгон шалгаруулж буй ажил олгогчдыг холбох гүүр болох учиртай. Үүний тулд сургалт, мэдээлэл, судалгаа, үнэлгээ гэсэн дөрвөн чиглэлд анхаарах хэрэгтэй. Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажил олгогчдын шаардлага байнга өөрчлөгдөж байгаа учраас сургуулиуд судалгаа хийж, сургалтын хөтөлбөрөө шинэчилж байх шаардлагатай. Мөн их, дээд сургуулиудыг холбосон нэгдсэн платформ бий болгосноор оюутан, төгсөгчид ажлын байрны мэдээллийг нэг дороос авч, өөрт тохирох ажлын байраа олоход илүү хялбар болно.
Б.Очирхуяг - МУИС-ийн ректор
Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасгахын тулд сургууль, залуус, ажил олгогч гэсэн гурван талын оролцоо чухал. Сургуулиуд оюутнуудаа хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн бэлтгэж, ажил олгогчид хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагаа нээлттэй илэрхийлж, залуус өөрсдөө идэвх санаачилгатайгаар боломжоо эрэлхийлэх хэрэгтэй. Эдгээр гурван тал нэгдсэн платформоор дамжуулан мэдээллээ солилцож, хамтран ажиллаж чадвал бүх талд үр өгөөжтэй, харилцан ашигтай тогтолцоо бүрдэх боломжтой.
С.Оюун - Зориг сангийн тэргүүн
Хэлэлцүүлгийн бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл энд дараарай.
Сэтгэгдэл бичих

