Монгол Улс 2020 оноос хойш “Цахим Үндэстэн” болох зорилго тавин, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг шат дараатай хийсээр байгаа билээ. Өдгөө мөнгө шилжүүлэх, төрийн үйлчилгээний лавлагаа авах, бүртгэл хийлгэх зэрэг өдөр тутмын олон үйлчилгээ цахим хэлбэрт бүрэн шилжжээ. Гэвч нийгмийн зорилтот бүлгийн иргэд тэр дундаа ахмад настан, бага насны хүүхэд, алслагдсан дүүрэг болон орон нутгийн иргэдийн хувьд цахим хэрэглээ, мэдээллийн хүртээмж харьцангуй сул хэвээр байна. Үүнээс шалтгаалан мэдээллээс хоцрох, цахим залилангийн хохирогч болох, хэрэгтэй үйлчилгээгээ авч чадахгүй байх зэрэг эрсдэлүүд нэмэгдсээр байгаа юм.

Энэхүү асуудлыг шийдэхэд дэмжлэг болох, иргэн бүрийн цахим оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Пипл Ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллага болон ФАРО Фаундэйшн ТББ хамтран “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE)” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. 

Ингээд DICE төслийн хаалтын үйл ажиллагаанаас онцлох мэдээллийг тоймлон хүргэе.

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: DICE ТӨСЛИЙН ТУХАЙ 


DICE төсөл нь Европын Холбооны санхүүжилттэйгээр 2023 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа юм. Төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхээс гадна иргэн төвтэй цахим шилжилтийг дэмжиж ажиллах үндсэн зорилготой.

Төслийн хүрээнд 41 иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ын 81 ажилтныг “Цахим ур чадварыг нэмэгдүүлэх”, “Иргэдийн цахим ур чадварыг дэмжих чиглэлээр сургагч багш бэлтгэх”, “ИНБ-ын чадавх бэхжүүлэх менторшип” зэрэг хөтөлбөрүүдэд хамруулсан байна. Мөн 24 ИНБ-ын 49 ажилтныг цахим шилжилттэй холбоотой хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хэлэлцүүлэг, хамтын нөлөөлөл хийх чадавх бэхжүүлэх хөтөлбөрт хамруулжээ.

Түүнчлэн ИНБ-уудын санаачилсан үйл ажиллагаануудыг дэмжих зорилгоор бичил санхүүжилт олгосон гэнэ. Энэ хүрээнд 29 ИНБ санхүүжилт хүртэж, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд, Өмнөговь, Булган, Ховд зэрэг нийтдээ 16 аймагт бичил төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн аж.

ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД  

Арга хэмжээг нээж, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Адриен Мург DICE төсөл нь иргэдийг цахим шилжилтэд идэвхтэй хамруулаад зогсохгүй, иргэний нийгмийн байгууллагуудыг (ИНБ) бодитойгоор чадавхжуулж буй нь хамгийн чухал ололт гэдгийг онцлон дурдаж байлаа. Мөн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн хүртэл нийт 29 ИНБ-ууд сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бичил төслөө амжилттай хэрэгжүүлсэн тухай цохон тэмдэглэв.


Монгол Улс “Цахим Үндэстэн” болох зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хэнийг ч орхигдуулах ёсгүй.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Адриен Мург

Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ 2011 онд Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулсан бөгөөд иргэний нийгмийг дэмжих замаар сайн засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах, гамшгийн эсрэг хүмүүнлэгийн тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг нь DICE төсөл бөгөөд цаашдаа ч энэ төрлийн төслийг тогтмол хэрэгжүүлэх тухай Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ-ын Суурин төлөөлөгч Тришиа Төрболд дурдлаа.


Цахим шилжилт бол сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж, хүн бүхний ярьж буй шинэ чиглэл. Энэ хүрээнд олон байгууллага төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эдгээрээс DICE төсөл нь ИНБ-уудад цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалтууд орж, менторшип хөтөлбөрт хамруулахын зэрэгцээ шаардлагатай зорилтот бүлгийн иргэдэд бодит дэмжлэг, цахим хүртээмжийг хүргэж буйгаараа онцлог.

Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ-ын Суурин төлөөлөгч Тришиа Төрболд

ТӨСЛИЙН ОНЦЛОХ ҮР ДҮНГ ТООН ҮЗҮҮЛЭЛТЭЭР 


870 цагийн сургалт, чадавхжуулалт

Төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор нийт 870 цагийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Уг сургалтын хөтөлбөрийг “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-ний дагуу боловсруулсан бөгөөд оролцогчдод дараах үндсэн 6 модулийн хүрээнд цогц мэдлэг олгосон байна. Үүнд:

- Цахим шилжилт болон суурь ур чадвар
- Хүний эрх, өгөгдөл, мэдээ, мэдээлэлтэй ажиллах арга зүй
- Цахим боломж, төрийн цахим үйлчилгээний хэрэглээ
- Кибер аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалт
- Байгууллагын цахим өнгө төрх ба хамтын ажиллагаа
- Бүтээмж нэмэгдүүлэх цахим технологийн шийдлүүд гэх сэдвүүд багтжээ.

87.8 хувиар нэмэгдсэн нь

Төслийн үр дүнгийн үнэлгээгээр нийт оролцогчдын 87.8 хувь нь өөрсдийн цахим ур чадвар мэдэгдэхүйц сайжирсан хэмээн үнэлсэн байна.

Тодруулбал, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан хамтран ажиллах ур чадвар 43 хувиар өссөн бол бүтээлч сэтгэлгээ болон цахим контент хөгжүүлэх чадвар 40 хувиар нэмэгджээ. Мөн хувийн мэдээллээ хамгаалах, цахим орчинд аюулгүй хэрэглээ хийх мэдлэг 39 хувиар сайжирсан байна. Үүнээс гадна өгөгдөл, мэдээлэл хайх, боловсруулах ур чадвар 37 хувиар өссөн нь оролцогчдын өдөр тутмын цахим хэрэглээнд бодит ахиц гарсныг харуулж байна.

1,800 гаруй хүн

DICE төслийн хүрээнд нийт 1,800 гаруй иргэн хамрагдаж, цахим ур чадвар болон мэдээллийн хүртээмжээ нэмэгдүүлэх боломжтой болсон байна. Төслийн үйл ажиллагаанд өндөр настан, залуучууд, алслагдсан орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид болон нийгмийн зорилтот бүлгийн хүмүүсийг түлхүү хамруулжээ.



ИНБ-УУДЫН БОДИТ ҮР ДҮН 

Нарны Хүүхдүүд Мөрөөдөл ТББ-ы хувьд Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдардаг иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бичил төсөл хэрэгжүүлжээ. Улаанчулуутын хогийн цэгийг түшиглэж амьдардаг иргэдийн хувьд цахим хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг харьцангуй сул байдаг гэнэ. Тухайлбал, нэг цахим хаягийг гэр бүлээрээ хамт ашиглах, цахим платформ ашиглаж чадахгүй байгаагаас үүдэн шаардлагатай үйлчилгээгээ тэр бүр авч чадахгүй байх, интернэт банкаа ашиглаж мэдэхгүй зэрэг асуудлууд бишгүй тохиолддог аж. Тиймээс уг төслөө дөрвөн сарын хугацаанд тун амжилттай хэрэгжүүлсэн байна.


Вэлүү сан, Нарны Хүүхдүүд Мөрөөдөл ТББ-ын Үйл ажиллагааны ахлах менежер Б.Ариунгэрэл

Эхэндээ бид 18-аас дээш насны буюу насанд хүрсэн иргэдийг хамруулахаар зорьж байсан юм. Гэвч зорилтот бүлгийн хувьд өдөр тутмын амьжиргаагаа залгуулахын тулд тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг тул сургалтад байнга хамрагдах боломж хязгаарлагдмал байсан. Мөн зарим оролцогчдын цахим ур чадварын суурь мэдлэг дутмаг байснаас сургалтын агуулгыг бүрэн ойлгоход хүндрэл үүсэж, улмаар хүүхдүүдээ дагуулан ирж хамтдаа сонсох тохиолдол ч гарч байв. Тиймээс бид үүнийг нь харгалзан үзэж тэдний хүүхдүүдийг нь сургалтдаа хамруулсан юм. Хүүхдүүд өөрсдийн сурч мэдсэн зүйлээ гэр бүлдээ болон ойр дотны найзууддаа зааж өгч, нөлөөлөх нь илүү үр дүнтэй байдаг юм билээ.

Ингээд төслийн үр дүнд зорилтот иргэд маань E-mongolia платформыг ашиглан эмнэлгийн цаг авах, төрийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай лавлагаа, мэдээллийг цахимаар авах зэрэг өдөр тутмын үйлчилгээг бие даан ашиглах бүрэн чадамжтай болсныг онцлууштай. Төсөл маань өнгөрсөн оны 4-р сараас 8-р сар хүртэл хэрэгжсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 400 гаруй иргэнийг хамруулаад байна.



Харин Хөгжлийн туслалцаа Төв НҮТББ-ын хувьд харааны бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллан, цахим ур чадварыг нь нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэн ажиллажээ. Тэд уг төслөөр дамжуулан олон улсын харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Be my eyes” аппыг ашиглах заавар зөвлөмжийг өгчээ. Мөн сүүлийн үед хүмүүсийн хамгийн их ашиглаж буй Google Gemini AI, ChatGPT зэрэг хиймэл оюуныг ч ашиглах боломжтой тухай сургалт орсон байна. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд гадуур ганцаараа явж чаддаг хэдий ч төлбөр төлөх, зарим үйлчилгээг авахад заавал бусдын тусламжаас хамааралтай байдаг байжээ. Гэвч сургалтын ачаар гар утасны дуу хоолой таних технологи болон хиймэл оюуны тусламжтайгаар олон үйлдлийг бие даан хийх боломж бүрдсэн аж.


Хөгжлийн туслалцаа Төв НҮТББ, Гүйцэтгэх захирал, зөвлөх Ч.Дэлгэрмаа

Дэлхийд 180 сая харааны бэрхшээлтэй иргэн бий. Үүнээс нь 39 сая нь бүрэн харааны бэрхшээлтэй байдаг. Гэвч эдгээрийн ердөө нэгхэн сая нь л энэ аппыг ашигладаг юм билээ. Манай улсын иргэд ч гэсэн төдийлөн энэ аппыг ашиглаад байдаггүй. Ашиглах гэсэн ч хэрхэн ажиллуулахаа мэддэггүй. Тиймээс би харааны бэрхшээлтэй иргэдээ хэн нэгний туслалцаагүйгээр өөрсдөө бие даан амьдрахад нь туслах зорилгоор төслөө хэрэгжүүллээ.

Харааны бэрхшээлтэй иргэд интернэт банк ашиглаж чаддаггүй тул такси бариад төлбөрөө шилжүүлэхдээ утсаа жолоочдоо өгчихдөг талтай. Тэгээд л жолооч нар нь хүссэн дүнгээ бичээд л данснаас нь шилжүүлээд авчихна. Энэ мэт фейсбүүк, и-мэйл, E-mongolia-ийнхоо хувийн мэдээллийг бусдад өгөх тохиолдол их бий. Үүнээс болж бие, сэтгэл зүйгээрээ хохирох ч боломжтой. Мөн дэлгүүр орлоо гэхэд сүү, ундаагаа ч ялгаж чаддаггүй. Харин уг сургалтад маань сууснаар хэн нэгний туслалцаагүйгээр өөрсдөө бие даан хийх боломжийг нь бүрдүүлж өгч байгаа нь чухал.

Үүнээс гадна хиймэл оюуныг ашиглаж сурч байгаа нь хамгийн онцлох давуу тал. Хэрвээ би гадуур явж байгаад төөрчихлөө гэж бодоход дуу хоолой таних технологиороо дамжуулан хиймэл оюунтайгаа яриад, хаана явж байгаагаа дүрслүүлэн хэлүүлэх боломжтой. Эргэн тойронд юу байна, ямар саад байна, хаашаа алхах зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй өгчихдөг учир заавал хүнээс асууж, зам заалгах хэрэггүй болсон.

Анх төсөлдөө 30 орчим хүн л бүртгэе хэмээн тооцоолж байсан ч жилийн хугацаанд 70 гаруй хүн бүртгүүлж, суралцсан байна.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 


Арга хэмжээний хэлэлцүүлэгт хэсэгт Хөгжлийн Бүс НҮТББ-ын Төслийн менежер П.Алтанцэцэг, Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг НҮТББ-ын Үүсгэн байгуулагч Ч.Балжинням, Манлайлал Хөгжлийн Хүрээлэн НҮТББ-ын Үүсгэн байгуулагч Ц.Сайнбаяр нар оролцож, төслийн үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Тэд DICE төслийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлага нь цахим ур чадварын чиглэлээр байгууллагууд өөрсдийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан, зорилтот бүлгүүдтэй хэрхэн ажиллах, ямар арга зүйгээр үр дүнтэй хүрч ажиллах талаар илүү тодорхой арга барилтай болох боломж олгосон гэдгийг дурдаж байлаа. Мөн DICE төсөл нь зөвхөн цахим ур чадвар нэмэгдүүлэх тухай ойлголтоор хязгаарлагдахгүй, харин иргэний нийгмийн байгууллагуудын нөөц чадавх, хамтын ажиллагаа, цахим ур чадварын чиглэлээр сургалтын арга зүйг зэрэгцүүлэн хөгжүүлж буй олон талт ач холбогдолтой төсөл болохыг онцолсон юм.

Цаашлаад цахим ур чадвар дан ганц технологийн мэдлэг биш, харин иргэдийн өдөр тутмын амьдралд бие даан оролцох, мэдээлэлд тэгш хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлж буй чухал ур чадвар гэдгийг онцоллоо.


ХААЛТ 

Төслийн хаалтыг хийж, ПИН ОУТББ-ын Төслийн менежер М.Чимэгсайхан санхүүжүүлэгч, хамтран ажилласан байгууллагууд болон оролцогч ИНБ-ууд болон төсөлд оролцсон бүхий л хүмүүстээ талархал илэрхийллээ. Мөн DICE төсөл нь Монгол Улсыг “Цахим үндэстэн” болгох зорилтыг дэмжиж, цахим боловсрол, хүртээмж болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний хэмжээний үйл ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан чухал төсөл болсныг онцолж байв.



Өнөөдөр бид зөвхөн нэг төслийн хаалтыг хийж байгаа биш, харин хамтын хүчээр бий болгосон өөрчлөлт, суралцсан туршлага, ирээдүйн шинэ боломжуудыг хамтдаа тэмдэглэж байна. DICE төсөл нь нийт 30 сарын хугацаанд иргэний нийгмийн байгууллагуудыг илүү чадавхтай, илүү холбоотой, илүү нөлөөтэй болгох зорилгоор хэрэгжсэн. Тавдугаар сарын 31-ний өдөр албан ёсоор төслийн үйл ажиллагаа дуусаж байгаа ч энэ хамтын ажиллагаа үүгээр зогсохгүй, цаашид байгууллагуудын уулзалт, хамтын арга хэмжээг зохион байгуулна.