Jurassic Park (1993) кинонд устсан үлэг гүрвэлүүдийг амилуулж буй талаар зөгнөн харуулсан нь ердөө гуч гаруйхан жилийн өмнө. Үлэг гүрвэлийн цусыг сорсон нэгэн шумуул азтай байдлаар хув чулуу дотор хадгалагдсан нь орчин цагт үлэг гүрвэл амилах учиг болж, ДНХ-ийн дутуу хэсгүүдийг мэлхий зэрэг амьтнаас нөхөн, бүтэн генетик кодыг нь бүтээснээр лабораторийн нөхцөлд бойжуулж чаддаг. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөл бөгөөд тухайн үед эрдэмтэд үүнийг боломжгүй хэмээн үзэж байсан юм. 

Гэтэл үүнийг уран зөгнөл төдийхөн бус бодитоор биелэх боломжтой гэдгийг батлах нэгэн үйл явдал тохиосон нь та бидний сайн мэдэх Game of Thrones цувралаар алдаршсан Старкын гэр бүлийн аймшигт чоныг (dire wolf) амилуулсан явдал байв. Тодруулбал, АНУ-ын Colossal Biosciences компани өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр энэ талаар мэдээлсэн юм. Зөвхөн киноноос үздэг байсан төсөөлөл, уран зөгнөлт зохиолд гардаг байсан сэтгэмжүүд бодит болж, өдгөө бид үүний гэрч болж яваа нь юутай аз вэ.

“Аймшигт чоно бол арван мянга орчим жилийн өмнө устаж үгүй болсон одоогийн ноходтой төстэй боловч арай том биетэй, хүчтэй араатан байв.”

ЭГНЭГТ УСТСАН АМЬТДЫГ ЭРГЭН АМИЛУУЛАХ ТУХАЙ

Мөхсөн амьтдыг эргэн амилуулах технологи нь сүүлийн жилүүдэд ихээхэн хөгжиж, шинжлэх ухаан, биотехнологийн салбарт шинэ боломжуудыг нээсээр байгаа. Гэхдээ товч бөгөөд цэгцтэй ойлголт өгөх үүднээс цаг хугацаагаар багцлан, тус бүрийн онцлох үйл явдалтай нь авч үзье.

1990-2000 он: Энэ үеэс амьтдыг клонинг хийх туршилт хийгдэж эхэлсэн ба хамгийн алдартай нь 1996 онд гарган авсан Dolly хонь юм. Генетикийн хувьд адилхан амьтан үүсгэх боломжтойг энэ үйл явдал практикт баталжээ.


Гэрэл зургийг: National Museums Scotland

2000-2010 он: Европын Пиренейн уулсад 2000 оны үед устаж үгүй болсон ямааг 2003 онд клонинг хийх аргаар амилуулах оролдлого хийв. Энэ бол мөхсөн амьтдыг амилуулах чиглэлээр хийсэн анхны албан ёсны оролдлого байсан боловч харамсалтай нь энэ хөврөл 10 минутын дараа нас барсан аж.


Гэрэл зургийг: Tumblr

2010-2020 он: 2012 оноос CRISPR-Cas9 хэмээх геном засварлах технологийг Францын микробиологич Emmanuelle Charpentier, АНУ-ын биохимич Jennifer Doudna нар хөгжүүлж эхэлжээ. Энэ технологи нь ДНХ-г засаж, өөрчлөх боломжийг олгосон бөгөөд устсан амьтдыг сэргээх чиглэлд шинэ боломжуудыг нээсэн юм. Товчхондоо, мөхсөн амьтдын ДНХ-ийн үлдэгдлээс генетик мэдээллийг нь аваад CRISPR-Cas технологиор бүтэн болгох эсвэл зарим өөрчлөлтийг хийн засварлах боломжтой гэсэн үг.

Сонирхуулахад, генийн тодорхой хэсгийг хайчилж, засварлах боломжийг олгодог энэхүү CRISPR-Cas технологийг хөгжүүлсэнд нь зориулж анх удаа хоёр эмэгтэй эрдэмтэн Химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ.


Гэрэл зургийг: Euronews.com

ТЭГВЭЛ аймшигт ЧОНЫГ ХЭРХЭН АМИЛУУЛСАН БЭ?

Арван мянган жилийн өмнө амьдарч байсан аймшигт чоныг амилуулагч Colossal Bioscience компани бол 2023 оны хоёрдугаар сард 2027 он гэхэд арслан зааныг амилуулна гэдгээ зарлаж, 150 сая гаруй долларын хөрөнгө оруулалт авч чадсан хамт олон юм. Тухайн үед тэд арслан заанаас гадна Додо шувуу, Тасманий бар тэргүүтэй амьтдыг Сибирийн хөрсөнд эргэн амьдруулна гэж байсан ч бусдаасаа урьтан аймшигт чоно маань ийнхүү амжилт олжээ.

Тэд Romulus, Remus нэртэй зургаан сартай хоёр эр, Khaleesi хэмээх гурван сартай эм бэлтрэгийг өсгөж буй. Хэрхэн гарган авсан тухайд,

1. Аймшигт чонын 13 мянган жилийн настай шүд, 72 мянган жилийн настай гавлын яснаас гарган авсан ДНХ буюу удамшлын мэдээллийг сайтар судлав.
2. ДНХ-ийн дарааллыг өнөөгийн чоно, нохдынхтой харьцуулж, ялгааг тогтоосон төдийгүй ямар генүүд нь түүнийг өвөрмөц болгож байсныг тодорхойлжээ.
3. Аймшигт чонын хамгийн ойрын хамаатан болох саарал чоноос эсийг нь авч, 20 өөр локуст (генийн байрлал) генетикийн өөрчлөлтийг CRISPR-Cas технологийн аргаар хийсэн.
4. Хоёр зүйл чонын хооронд маш чухал 20 ялгаа гарсан бөгөөд эдгээр ялгаа нь 14 генээр тодорхойлогддог. Тиймээс судлаачид CRISPR-Cas технологийг ашиглан саарал чонын эсэд дээрх 14 генийг өөрчлөх замаар аймшигт чонын өвөрмөц шинжүүдийг илүү тодотгон, дараа нь генетик инженерчлэл хийсэн эсийг саарал чонын өндгөн эсэд суулгасан. Улмаар гэрийн тэжээвэр нохойд шилжүүлэн бойжуулжээ.

Ингэж л Romulus, Remus, Khaleesi нар амьдарсан ба одоогоор АНУ-ын хойд хэсэгт 2000 акр (8 сая гаруй м.кв) талбай бүхий экологийн нөөц газар болох Альфа бүсэд аж төрж байгаа гэнэ.


Гэрэл зургийг: The Hollywood Reporter

МӨХСӨН АМЬТДЫГ ЭРГЭН АМИЛУУЛАХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?

Эрдэмтдийн үзэж буйгаар урьд өмнө манай дэлхий дээр амьдарч байсан бүх төрлийн ургамал, амьтдын дор хаяж 99.9 хувь нь устаж үгүй ​​болжээ. Түүнчлэн Дэлхий даяар 71 мянган амьтны төрөл зүйлийн судалгаагаар 48 хувь нь цөөрч байгааг тогтоосон аж. Мэдээж үүнд олон шалтгаан нөлөөлсөн болон нөлөөлж байгаа ч биологийн олон янз байдлыг нэмэгдүүлж, мөхсөн амьтдыг амилуулах нь том зургаараа экологийн тэнцвэрийг хадгалахад туслах боломжтой.

Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлж болно. Мөхсөн амьтдын зарим нь экологийн тэнцвэрийг хадгалж, хүлэмжийн хийн ялгарлыг хянах үүрэгтэй байж л дээ. Жишээ нь, арслан заанууд тухайн амьдарч буй орчныхоо ургамлын төрөл зүйлийн өсөлт, тархалтыг зохицуулахад онцгой үүрэгтэй байсан гэнэ. Үүний зэрэгцээ шинжлэх ухаанд цоо шинэ мэдлэг, аргачлалыг авчрах төдийгүй генетик инженерчлэл, ДНХ судалгаа, үүн дээр суурилах бусад төрлийн эмчилгээний хөгжилд үлэмж эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй болов уу.


Хөдөлгөөнт зургийг: WiffleGif

ЕР НЬ ГЕНЕТИК ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР ЦААШИД ЯАХ ВЭ?

Мөхсөн амьтдын генийн мэдээллийг ашиглан тэднийг дахин амилуулах тухайд ийм бол ерөнхий генетик инженерчлэлийн салбар хаа хүрснийг цухас дурдах нь зүйтэй болов уу.

2018 онд Хятадын судлаач He Jiankui CRISPR-Cas технологийг ашиглан Lulu, Nana нэрт ихэр охидыг ХДХВ-ийн халдварт тэсвэртэй болгох зорилгоор генийн түвшинд засварласан тухайгаа зарласан нь дэлхий нийтийг шуугиулсан юм. Товчхондоо тэрээр CCR5 нэртэй генийг зориудаар устгах замаар ХДХВ-ийн халдвараас хамгаалах чадварыг бий болгохыг зорьсон ч энэ үйлдэл нь шинжлэх ухааны ёс зүйн болон аюулгүй байдлын шалгуурыг зөрчсөнд тооцогджээ. Улмаар Хятадын эрх баригчид түүний үйлдлийг хууль бус гэж үзэн гурван жилийн хорих ял оноож, 2022 онд суллагдсан төдийгүй түүний хувьд одоог хүртэл мэргэжлээрээ ажилласаар буй.

Энэ үйл явдлыг дагасан эерэг болоод сөрөг олон тал гарч ирж болзошгүй. Үнэхээр ирээдүйд CRISPR-Cas технологийг ашиглан хүнийг клонинг хийх, хүссэнээрээ генийн мэдээллийг нь өөрчилж хүссэн хүнээ бүтээх дээрээ тулбал яах вэ? Удамшлын өвчин, оюуны болон бие махбодын гажиг, хөгжлийн бэрхшээлүүдийг эрт засаж, зарим вирусийн халдварт тэсвэртэй хүүхдүүдийг бий болгох боломжтой гэвэл юу болох вэ? Эсрэгээрээ генийг засварлах явцдаа алдаа гаргаж, хүсээгүй мутац үүсгэн урт хугацаандаа энэ асуудлаас үүдэлтэй хүний эрхийн асуудал, нийгмийн тэгш бус байдал үүсвэл яах бол? Хариултыг уншигч танд үлдээе.


Хөдөлгөөнт зургийг: SciTech Daily