Өнөөгөөс 72 жилийн өмнөх энэ өдөр буюу 1953 оны 4-р сарын 25-нд Англи, Америкийн эрдэмтэд болох Фрэнсис Крик болон Жеймс Уотсон нар Кембрижийн Их Сургуульд хийсэн “ДНХ-ийн молекулын бүтэц”-ийн талаарх судалгаагаа “Nature” сэтгүүлд нийтэлжээ. Тэдний ДНХ-ийн бүтцэд шинээр оруулж ирсэн давхар мушгиа бүтэц нь зөвхөн шинжлэх ухааны ертөнцийн төдийгүй, хүн төрөлхтний амьдралыг үндсээр нь өөрчилсөн түүхэн мөч болсон юм. Энэхүү нээлтийг амжилттай болоход Английн эрдэмтэд болох Розалинд Франклин болон Морис Уилкинс нарын хийсэн рентген дифракцийн судалгаа гол түлхэц болсон гэдэг. 

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан, энэ удаагийнхаа нийтлэлээрээ хүн бүрийн бие дотор орших, бидний хэн болохыг тодорхойлдог ДНХ-ийн тухай таны мэдэх ёстой 10 баримтыг хүргэхээр бэлтгэлээ. 

ДНХ гэж юу вэ? 

ДНХ бол хамгийн энгийндээ амьдралын код гэж хэлж болох юм. ДНХ буюу дезоксирибонуклейн хүчил нь бүх амьд организмын генетик мэдээллийг хадгалж, удамшлыг дамжуулдаг биомолекул. Өөрөөр хэлбэл, хүний биеийн бүх эд хэсгийг дахин бүтээх гарын авлага билээ.

Энэ молекул нь дөрвөн төрлийн нуклеотид (эсийн бөөмд байрлах өндөр молекулт органик нэгдэл)-оос (аденин - A, тимин - T, гуанин - G, цитозин - C) бүрддэг бөгөөд A-T, G-C гэсэн хослолын дагуу холбогддог. Мөн хоёр гинжин хэлхээ мушгиралдан байрлаж, давхар мушгиа хэлбэрийг үүсгэдэг онцлогтой.

Хүний биеийн бараг бүх эс ДНХ агуулдаг бөгөөд ДНХ нь тухайн эсийнхээ гүйцэтгэх үүргийг тодорхойлдог. Хүний ген нь ойролцоогоор 3 тэрбум хос нуклеотид агуулдаг бөгөөд тус мэдээлэл нь таны гадаад төрх, өвчлөмтгий байдал, бүр зан аашийг хүртэл тодорхойлох боломжтой гэж хэлж болно.



1. ДНХ нь мэдээллийг агуулах хамгийн нарийн хэлбэр 

ДНХ нь мэдээллийг маш нягт хадгалах чадвартай. Судалгаагаар нэг грамм ДНХ-д 215 петабайт буюу 215 сая гигабайт мэдээлэл хадгалах боломжтой нь тогтоогдсон байдаг. Энэ нь хүн төрөлхтний бүтээсэн бүхий л мэдээллийг нэг жижиг капсулд шингээж болно гэсэн үг. Чухам тус гайхамшигтай боломжийг ашиглан, орчин үеийн технологид "DNA storage" буюу ДНХ-д мэдээлэл хадгалах шинэ технологи хөгжиж эхлээд буй.



Тодруулбал, Харвардын Их сургуулийн химич Жорж Чөрч тэргүүтэй судлаачид ДНХ-ийг мэдээлэл хадгалах систем болгон ашиглах аргыг боловсруулж, бодит туршилт хийжээ. Тэд нийтдээ зургаан файлыг ДНХ рүү хөрвүүлж хадгалж чадсан байна. Үүний тулд тэд хоёртын систем (0, 1) болон ДНХ-ийн дөрвөн суурь (A, T, G, C) руу хөрвүүлж, дараа нь тэрхүү кодоо синтетик ДНХ хэлбэрээр лабораторид үүсгэж хадгалсан байна.

ДНХ нь температур, чийгшил, гэрлээс хамгаалагдсан нөхцөлд мянга мянган жилийн турш хадгалагдах, мөн маш бага зайд асар их мэдээлэл багтаах боломжтой. Хэдийгээр тус технологи нь өнөөдөр үнэ өртөг өндөртэй байгаа ч алсдаа мэдээллийн урт хугацааны хадгалалт, архивын шинэ эрин үеийг эхлүүлж магадгүйг эрдэмтэд онцлоод буй.



2. Хүний бүх ДНХ-г сунгавал... 

Хүний биеийн бүх эсүүдэд агуулагдах ДНХ-г нэгтгэн, шулуун шугам болгож сунгаваас 34 тэрбум километр урттай байх бөгөөд энэ нь Нарнаас Дэлхийн ван гараг хүрээд, эргэж ирснээ дахин очихтой тэнцэх хэмжээний зай юм.

Өөрөөр хэлбэл хүний биеийн нэг ширхэг эс дэх ДНХ-ийг ар араас нь залгавал ойролцоогоор нийтдээ 2 метр орчим урттай болно. Гэтэл насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 30 их наяд (3×10-ын 13 зэрэг) эс агуулагддаг.


зургийг:BioRender.com

3. Бүх хүмүүсийн ДНХ 99.9% ижил 

Хүн төрөлхтний генийн 99.9 хувь нь ижил байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн найман тэрбум гаруй хүн ижил генетик "суурь зураглал"-тай. Гэхдээ үлдсэн ердөө 0.1 хувь нь биднийг нэгнээс маань ялгаатай болгодог гол хүчин зүйл юм.

Энэхүү өчүүхэн ялгаа нь бидний гадаад төрхөөс гадна эрүүл мэнд, сэтгэлзүй, дасан зохицох чадварт хүртэл нөлөөлдөг аж.

Судалгаанд дурдсанаар, арьсны өнгө, нүүрний хэлбэр, өндөр намын ялгаа, өвчний мэдрэг байдал, дархлааны хариу урвал зэрэг шинж чанарууд нь энэ 0.1 хувийн дотор багтдаг гэнэ.



4. ДНХ нь орчны нөлөөнд хариу үйлдэл үзүүлдэг 

Хүний ДНХ нь орчны нөлөөнд мэдрэмтгий бөгөөд бидний амьдралын хэв маяг, хооллолт, стресс болон бусад хүчин зүйлсээс хамааран “ДНХ-ийн илэрхийлэл” (хүний биеийн эсүүд ДНХ-ийн зааврыг уураг зэрэг функциональ бүтээгдэхүүн болгон хөрвүүлэх үйл явц) өөрчлөгддөг аж. Энэ үзэгдлийг эпигенетик гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ДНХ-ийн өөрчлөлт эсвэл илэрхийлэл нь генийг өөрчлөхгүйгээр, орчны нөлөөний дагуу цаг хугацааны явцад өөрчлөгддөг гэсэн үг юм.

Түүнчлэн, стресс, хорт бодис, хэт их согтууруулах ундааны хэрэглээ зэрэг орчны хүчин зүйлс нь генийн илэрхийллийг өөрчилж, амьдралын чанарт болон өвчний эрсдэлд нөлөөлөх боломжтой. Нярай хүүхдийн хувьд, амьдралын эхэн үед үүссэн эпигенетик өөрчлөлт нь тэдний эрүүл мэндэд нөлөөлж, түүнээс хойших насан туршийн хөгжлийн явцад нь нөлөөлж болдог байна.


5. ДНХ нь өөрийгөө засварлах чадвартай 

Өдөр бүр хүний биеийн эс бүрд ойролцоогоор 10,000–1,000,000 ДНХ гэмтэл үүсдэг гэж үздэг. Эдгээр гэмтэл нь хэт ягаан туяа, химийн хорт бодис, чөлөөт радикалуудын исэлдэлт, тэр ч бүү хэл эсийн дотоод үйл ажиллагааны үр дүнд ч үүсэж болдог.

Харин бидний бие махбод ДНХ-ийг өөрөө засварлах төрөл бүрийн механизмтай бөгөөд тэдгээрт жижиг гэмтлийг засах “Base excision repair” (BER), илүү том, бүтэц алдагдсан хэсгийг таньж, арилгах “Nucleotide excision repair (NER)”, болон ДНХ хуулбарлах үед гарсан алдааг засах “Mismatch repair (MMR)”, хоёр салаа тасарсан үед ч нөхөн сэргээх “Double-strand break repair (DSBR)” зэрэг багтдаг.

Эдгээр систем нь генетикийн тогтвортой байдлыг хадгалах үндэс бөгөөд энэ хамгаалалт алдагдах үед мутаци хуримтлагдаж, улмаар хорт хавдар, мэдрэлийн эмгэг, наснаас хамаарах өвчин үүсэх эрсдэл нэмэгддэгийг онцлууштай.



6. ДНХ зөвхөн уураг кодолдоггүй 

Хүний гений ердөө 1.5–2 хувь нь уураг кодолдог генийг агуулдаг бөгөөд үлдсэн 98 гаруй хувь нь уураг кодолдоггүй тул саяхныг хүртэл “Хогийн ДНХ” (junk DNA) гэж нэрлэгддэг байв. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар тэдгээр уураг кодолдоггүй хэсгүүд нь гений илэрхийллийг зохицуулах, эсийн хөгжлийг удирдах зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ.

Жишээлбэл, MedlinePlus Genetics-ийн мэдээлснээр, уураг кодолдоггүй ДНХ нь гений идэвхжилийг хэзээ, хаана эхлүүлэхийг тодорхойлдог зохицуулагч элементүүдийг агуулдаг байна. Түүнчлэн, Stanford Medicine-ийн судалгаагаар уураг кодолдоггүй ДНХ-ийн богино, давтагдсан дарааллууд нь аутизм, шизофрени зэрэг өвчнүүдтэй холбоотой байж болохыг харуулжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь бидний огт хэрэггүй гэж үздэг байсан ДНХ-ийн хэсгүүд нь үнэндээ тархи, сэтгэл зүйтэй холбоотой чухал үүрэгтэй байж магадгүй аж.


7. ДНХ-ийг унших технологи 

Сүүлийн 20 жилийн хугацаанд ДНХ-ийг унших технологи асар хурдацтай хөгжөөд байна. Хүний анхны генийг бүрэн тайлж уншихад нийт 13 жил, 3 тэрбум доллар зарцуулж байсан бол өнөөдөр энэ үйл явцыг хэдхэн өдрийн дотор, хэдхэн зуун доллароор гүйцэтгэх боломжтой болсон билээ. Энэ нь хувь хүний гений мэдээлэлд тулгуурлан эмчилгээ, оношилгоог илүү хурдан, илүү бага зардлаар хийх боломжийг нээгээд буй.



8. ДНХ зөвхөн хүмүүсийн онцлог биш 

Хүний ДНХ нь зөвхөн бидний онцлог шинжийг тодорхойлдоггүй. Нохой, муур, мод, бактери, вирус зэрэг бүх амьд биет нь ДНХ-ээр мэдээллээ хадгалдаг. Энэ нь бүх амьд организмын генетикийн үндсэн нэгдмэл хэлбэрийг харуулдаг.

Тухайлбал, хүний ДНХ болон шимпанзе сармагчин (Pan troglodytes)-ы ДНХ-ийн хооронд 98.8 хувийн ижил байдал байдаг нь бидний хамгийн ойрын төрөл зүйлтэйгээ генетикийн хувьд маш өндөр ижил төстэй байгааг харуулдаг боловч, энэ нь бидний бие махбод, зан ааш, тархи, хэл ярианы чадвар зэрэг олон онцлог ялгааг бүрэн тайлбарлахгүй юм. Учир нь тэдгээрийг тайлбарлахын тулд хүний гений илэрхийлэл, зохицуулалт, хромосомын бүтэц зэрэг олон хүчин зүйлсийг хамаатуулж үзэх шаардлага гарна.

Мөн, хүний ДНХ болон гадил жимсний ДНХ-ийн хооронд 50 хувийн ижил байдал байдаг гэж зарим эх сурвалжид дурдсан байдаг. Гэвч энэ тоо нь бүх хүний гений 50 хувь нь гадил жимсний гений хамааралтай гэсэн үг биш гэдгийг онцлууштай.


зургийг: Stanford Medicine

9. ДНХ шүүхийн нотлох баримт болдог 

ДНХ-ийн өвөрмөц байдал нь эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд цоо шинэ хуудас нээсэн нээлт гэдгийг орхиж болохгүй. Өнөө үед сэжигтний үсний ширхэг, арьсны эс, цус, шүлс зэргээс ДНХ-ийг ялган авч, гэмт хэргийн газарт үлдсэн ДНХ-тэй харьцуулан таних боломжтой. Энэ нь хэргийн жинхэнэ гэм буруутныг илрүүлэхээс гадна гэмгүй хүмүүсийг цагаатгахад ч чухал нөлөөтэй билээ.



10. ДНХ-ийн тухай судалгаа дуусах болоогүй

Орчин үед ДНХ-тэй холбоотой гений засвар (CRISPR), хувийн генетик оношилгоо, ДНХ хадгалах технологи, клонинг, эсийн инженерчлэл зэрэг олон шинэ салбар эрчимтэй хөгжиж байна. Эдгээр дэвшилтэт технологиуд нь бидний ДНХ-ийн бүтэц, үйл ажиллагаа, өвчлөл, эмчилгээний боломжуудыг илүү өргөн хүрээнд тэлэх боломжийг олгож буй юм.

Тухайлбал, CRISPR технологи нь зөвхөн хүссэн хэсгийн ДНХ-ийг засах, өөрчлөх боломжийг бий болгодог бөгөөд түүнчлэн гений өөрчлөлт хийх, өвчний эмчилгээ, судалгаа хийх зэрэг олон салбарт дэвшил авч ирээд буй ажээ.