Бидний харж дассан дэлхийн газрын зураг дээр Монгол Улс өмнөхөөсөө 1.5-2 дахин жижиг харагддаг болсон шалтгаан юу вэ? 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 500 жил орчим ашиглагдсан уламжлалт Меркаторын зургийг халж, дэлхий дахинд “Equal Earth Projection”-ийг баталлаа. Ингэснээр сурах бичгийн агуулгаас эхлээд Google Maps зэрэг бидний өдөр тутамдаа харж дассан дижитал газрын зургууд шинэчлэгдэх эхлэл тавигдаж байна.

Монгол Улсын газар нутгийн хэмжээ бодитоор яаж харагдах вэ? 

Энэхүү олон улсын шийдвэр нь манай улсын хувьд ч мөн багагүй өөрчлөлтийг авчраад байгаа юм. Монгол Улс экватороос хол, хойд хагас бөмбөрцгийн дунд өргөрөгт (хойд өргөргийн 41°52°) оршдог тул Меркаторын хуучин зураглал дээр бодит хэмжээнээсээ даруй 1.5–2 дахин том харагддаг байжээ. Харин тивүүдийн талбайг бодит харьцаагаар нь хадгалдаг "Equal Earth" тусгалд шилжсэнээр манай нутаг дэвсгэр өмнөх харагдах байдлаасаа харьцангуй жижиг харагдах аж. Гэвч энэ нь манай газар нутаг багассан хэрэг биш бөгөөд дэлхийд нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр 19 дүгээрт эрэмбэлэгддэг, 1.56 сая кв.км хэмжээ маань олон улсын шинэ газрын зурагт зохих масштабдаа бууж буй хэрэг билээ.

Газрын зургийн алдаа ба учир шалтгаан

1569 онд Фламанд гаралтай газрын зураач (картограф) Жерардус Меркаторын зохиосон газрын зураг нь далайн их нээлтийн эрин үед усан замын худалдаачид, шинэ газар нутаг нээхээр аялж байсан ахмад, навигатор буюу залуурчид, далайчдад зориулан бүтээгдэж байжээ. Газрын зураг дээр татсан шулуун шугам нь далайчид луужингийн чиглэл, заалтаа өөрчлөлгүй тасралтгүй урагшлах боломжийг олгодог байв.

Гэвч бөмбөрцөг хэлбэртэй дэлхийг хавтгай цаасан дээр буулгахад тусгалын алдаа үүсэж, Меркаторын газрын зурагт чиглэлийг зөв хадгалахын тулд газар нутгуудын талбайн харьцаа бодит хэмжээнээсээ өөр харагдах үндсэн шалтгаан болсон аж. Үүний улмаас туйлын бүстэй ойр орших Европын орнууд, Хойд Америк, Орос гэх мэт улсууд бодит хэмжээнээсээ хэд дахин том хэмжээтэй харагдаж, экватор орчмын Африк болон Өмнөд Америк тивүүд харьцангуй жижиг газар нутагтай болж харагдсаар ирсэн байна.

Тэгэхээр бидний дунд дэлхийн газрын зураг хэмээн дасал болсон дүрслэл нь угтаа 500 жилийн настай математик алдаатай байсаар ирсэн гэсэн үг.

Газрын зургийн бодит хэмжээ 

Хуучин Меркаторын газрын зураг дээр Европын орнуудын хэмжээ асар том, харин Африк тив (30.3 сая кв.км) нь Дани улсын эзэмшил (2.16 сая кв.км) Гринланд аралтай ижил хэмжээтэй харагддаг байв. Гэтэл бодит байдал дээр Африк тив нь Гринландаас даруй 14 дахин том бөгөөд нутаг дэвсгэрт нь АНУ, Хятад, Энэтхэг, Япон болон Европын ихэнх улс орнуудыг хамтад нь багтаах хэмжээний уудам орон зайтай билээ. Газрын зураг дээр аль нэг тив улсын нутаг дэвсгэрийн хэмжээ том харагдах тусам хүмүүсийн дунд тухайн бүс нутгийг илүү хүчирхэг, олон улсын харилцаанд нөлөөтэй хэмээн хүлээж авах хандлага бий болдог аж. Уг асуудлыг газар зүй болон нийгмийн ухааны салбарын судлаачид зураг зүйн колоничлол буюу (Cartographic Colonialism) хэмээн тодорхойлж, Европын улс орнуудыг давуу байдлаар харуулсан нөлөөлөл гэж шүүмжилсэн байдаг.

Улс орнуудын байр суурь

Тэр бүх хуучны алдаагаа засаж, шинэ газрын зурагтай болох шийдвэр тийм ч амар гарсангүй. Африкийн Холбооны дэмжлэгтэйгээр Того улсын санаачлан эхлүүлсэн #CorrectTheMap аян НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтаар 164 орны дэмжлэгийг авснаар батлагдсан юм. Африкийн орнууд үүнийг "колоничлолын үеийн сэтгэлгээний үлдэгдлийг халсан, газар зүйн шударга ёсны түүхэн алхам" хэмээн сайшаасан бөгөөд Франц улс ч уг санаачилгыг идэвхтэй дэмжин, гадаад харилцаа болон сургалтын системдээ шинэ газрын зургийг ашиглаж эхлэхээ мэдэгдсэн юм.

Гэхдээ санал хураалтад АНУ ганцаараа эсрэг байр суурьтай байв. АНУ-ын төлөөлөгчид уг тогтоолыг "шинжлэх ухааны бус, үзэл сурталжсан, НҮБ-ын анхаарлыг олон улсын аюулгүй байдлын амин чухал асуудлаас холдуулсан хэрэгцээгүй санаачилга" хэмээн шүүмжилсэн нь дипломат хүрээнд багагүй маргаан дагуулжээ. Мөн зарим мэргэжилтнүүд бөмбөрцөг хэлбэртэй дэлхийг хавтгай гадаргуу дээр 100% алдаагүй буулгах боломжгүйг сануулж, "Equal Earth" тусгал нь талбайн хэмжээг нарийн харуулдаг ч тивийн хэлбэр дүрсийг тодорхой хэмжээгээр сунгаж харуулдаг гэх үндэслэлийг сөргүүлэн тавьж байв.
Мөн Украин, Серби, Молдав, Эстони, Литва, Гүрж гэсэн 6 улс санал өгөхөөс татгалзжээ. Эдгээр орнуудын хувьд геополитикийн эмзэг нөхцөл байдал өрнөж буй энэ үед НҮБ-ын анхаарал, нөөц бололцоог газрын зургийн маргаан гэх мэт бэлгэдлийн шинж чанартай асуудалд зарцуулахаас зайлсхийж, төвийг сахих байр суурьтай байсан аж.

Дэлхийг хамгийн бодитой харуулах "Equal Earth" тусгал

Газрын зургийг өөрчлөх тухай энэхүү асуудал нь олон арван жилийн турш үргэлжилсэн юм. 1970-аад онд олны анхаарлыг татаж байсан Галл-Петерсийн зураглал нь улс орнуудын нутаг дэвсгэрийн талбайн харьцааг бодит хэмжээгээр буулгадаг ч тивүүдийн хэлбэр дүрсийг босоо чиглэлд хэт сунгаж харуулдаг дутагдалтай байв.

Харин 2018 онд картографч Боян Шаврич, Том Паттерсон, Бернхард Женни нар "Equal Earth" хэмээх математикийн шинэ тусгалыг зохион бүтээжээ. Энэхүү зураглал нь тивүүдийн бодит талбайн харьцааг хадгалахын зэрэгцээ тэдгээрийн хэлбэр дүрсийн алдагдлыг хамгийн бага түвшинд барьж, бөмбөрцөг дээрх бодит хэлбэртэй хамгийн ойр харуулдгаараа онцлог юм. Ийнхүү шинжлэх ухааны түвшинд зохион бүтээгдсэнээс хойш зургаан жилийн дараа буюу одоо "Equal Earth" зураглал нь НҮБ-ын шийдвэрээр дэлхийн олон улсын шинэ стандарт болж албан ёсоор нэвтэрч эхэлж байна.

Шинэчлэлт хийгдэж эхлэв

Дэлхийн газрын зургийн алдааг засах алхам дижитал орчинд аль хэдийн эхэлсэн байна. Тухайлбал Google Maps платформын веб хувилбарыг холдуулан (zoom out) харахад хавтгай меркатороор биш, 3D Бөмбөрцөг (Globe Mode) буюу глобус хэлбэрээр харуулдаг болсон. Энэ нь туйл орчмын болон хойд хагасын орнуудын нутаг дэвсгэр хэт том харагддаг алдааг дижитал орчинд зассан чухал шийдэл байв.

Харин саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн газрын зургийг шинэчлэх шийдвэр гаргаснаар Африкийн Холбооны санаачилгыг түүчээлсэн Того улсаас эхлэн сурах бичгээ шинэчилж, Европын орнууд сургалтын хөтөлбөртөө тэнцүү талбайт тусгалуудыг ашиглах чиглэл рүү шилжиж байна. Мөн олон улсын хэвлэлийн газрууд сургуулийн танхимуудад зориулсан ханын зураг, атласуудыг "Equal Earth" стандартын дагуу шинэчлэн хэвлэж эхэлжээ.

Түүнчлэн НҮБ-ын бүтэц болон ЮНЕСКО албан ёсны тайлан, статистик мэдээлэл, дэлхийн газрын зурагтаа тивүүдийн бодит хэмжээг хадгалдаг тэнцүү талбайт "Equal Earth" тусгалыг ашиглахаар журамласан юм.
Газрын зургийн энэ шинэчлэлт дэлхийг өөрчлөөгүй, харин бидний ашиглаж ирсэн зураглалын алдааг засаж байгаа хэрэг юм. Шинэ стандарт бүрэн нэвтрэхэд тодорхой цаг хугацаа шаардагдах тул цаашид сурах бичиг, атлас болон олон улсын мэдээллээс улс орнуудын газар нутгийн бодит харьцааг зөвөөр харах ажээ.