Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ийн 7 дахь өдрийн мэндийг хүргэе. Уг хурал дээр ТэнГэр телевизийн хамтаар ажиллаж буй манай редакц цэнхэр бүсийн нэгэн чухал хэсгийг онцлохоор бэлдлээ. Энэ бол улс орнууд, олон улсын байгууллагууд өөрсдийн санал санаачилга, соёл, технологийн дэвшлээ танилцуулдаг гол талбар болох delegation pavilion буюу оролцогч улс орнуудын павильон.
Нийт 5400 метр квадрат талбайг хамарсан уг байгууламжид 14 орны төлөөлөл, 18 олон улсын байгууллага, монголын 12 байгууллага, 10 холбоо зэрэг нийт 55 павильон сүндэрлэжээ. Онцлууштай нь энэхүү олон улсын түвшний стандартыг хангасан байгууламж, павильонуудын угсралт, засал чимэглэл болон цогц үйлчилгээ, харилцаа холбоог Монголын 200 гаруй үндэсний компаниуд, мужаан, барилга, технологи, хэвлэл болон үйлчилгээний байгууллагууд ердөө нэг сар хүрэхгүй хугацаанд хамтран бүтээж, Экспорт Олон Улсын Худалдааны Төв (EITC) үйл ажиллагааг нь амжилттай удирдан зохион байгуулжээ.
Ингээд COP17 дээрх чухал байгууламжийн нэг болох delegation павильоноор уншигч таныг аялуулъя.

Онцлох павильонууд
Онцлох павильонууд
Цэнхэр бүсийн бүртгэлийн хэсгээр ороод хамгийн түрүүнд харах цэнхэр бүсийн нэг хэсэг бол энэ. Ийш ормогц улс орнууд өөрсдийн онцлогийг илэрхийлсэн тус тусын онцлог бүхий хэсгүүд байх бөгөөд бид энэ нийтлэлээрээ тус талбайд онцгойрон бидний анхаарлыг татсан 3 павильоныг танилцуулж байна.
1. Ойрх Дорнод
Павильон доторх хамгийн том, хамгийн сүрлэг байгууламж бол Ойрх Дорнодын хэсэг. Нийт 276 м.кв талбайг эзлэх уг павильон нь илүү футуристик хэв маягийг илтгэсэн өвөрмөц загвартай бөгөөд хүчитгэсэн төмөр хийцэл, орчин үеийн технологийн шийдлүүдийг хослуулан бүтээжээ. Дотроо хэлэлцээр өрнүүлэх тусгай VIP өрөөнүүдтэй бөгөөд тус хэсэг дэх монгол инженерүүдийн гараар бүтсэн хамгийн өвөрмөц хийцлэлтэй бүтээн байгуулалтын нэг байв.

Тус павильон дээр танилцуулагдаж буй хамгийн чухал хөтөлбөр нь "Middle East Green Initiative" (MGI) буюу Ойрх Дорнодын ногоон санаачилга аж. Энэхүү бүс нутгийн санаачилга нь:
- 50 тэрбум мод тарих болон нөхөн сэргээх зорилтот хөтөлбөртэй.
- 200 сая га доройтсон газрыг нөхөн сэргээх зорилготой.
- Төв Ази, Баруун Ази, Өмнөд Ази, Хойд Африк болон Сахарын цөлөөс урагших Африкийн орнуудыг хамарсан газарзүйн өргөн цар хүрээтэй
- Олон улсын засгийн газар, санхүүгийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэн 20 гаруй төрлийн түншлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж, байгальд түшиглэсэн шийдлүүдийг санал болгож байгаа ажээ.
2. Бразил
Бразил улс нь Цөлжилттэй тэмцэх талуудын хуралд хоёр дахь удаагаа павильоноо танилцуулж байгаа бөгөөд энэ удаад 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй маш өргөн цар хүрээтэй оролцож байна. Тус павильон нь Каатинга бүс нутгийн нүүрстөрөгчийн ялгарлыг тооцох платформ тэргүүтэй онцлох төслүүдээ танилцуулж байгаагаас гадна архитектурын хувьд нээлттэй буюу ирэх зочдод маш тухтай орчныг бүрдүүлжээ. Павильон нь олон улсын төлөөлөгчид уулзаж ярилцах хоёр ч уулзалтын өрөөтэйгөөс гадна үүдэндээ кофе шоптой бөгөөд Ангол, Мозамбик зэрэг улсуудын төлөөлөгчидтэй шууд хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой дэлгэц бүхий ярилцлага, хурал, сургалтын хэсэгтэй.

3. IUCN павильон
Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны павильоны архитектур нь тэр чигтээ байгаль эхийн бүтээлийг илтгэх зорилготой бөгөөд нэг ч шулуун шугам, дөрвөлжин өнцөг байхгүй, дандаа нугарсан, муруй хэлбэр, өндөр нам хэмнэлээс бүрдсэнээрээ онцлог аж. Монголын биологийн олон янз байдлаас сэдэвлэсэн график дүрслэлтэй энэхүү өвөрмөц павильоныг зөвхөн Монголын орон нутгийн урчууд өөрсдийн гараар урлан босгосон гэдгээрээ онцлог. Энд ихэвчлэн бэлчээр, хөрсний эрүүл мэнд, байгальд түшиглэсэн шийдлүүдийн талаарх хэлэлцүүлгүүд өрнөдөг гэнэ. Уг павильон дээр сүүлийн өнөөдрийг хүртэл болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

Хэлэлцүүлгийн сэдвүүд: Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн амьжиргаа, ган гачигт тэсвэртэй байдал, элсний нүүдэл болон шороон шуурга зэрэг цөлжилттэй холбоотой чухал сэдвүүдийг хөндөж буй.
Онцлох үйл явдал: Дэлхий даяар 124.3 сая га газар нөхөн сэргээгдэж байгааг онцолсон дэлхийн газар нутгийн нөхөн сэргээлтийн ололт амжилтын тайлангаа тус павильон дээрээс танилцуулжээ.
Түншлэл: Дэлхийн хөдөө аж ахуйн инновацын хамгийн том сүлжээ болох CGIAR байгууллага тус павильоны гол ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа гэнэ.
Монгол бизнесүүд дэлхийд юу санал болгож чадах вэ?
"Монголын хувьд түүхий эдийн асар их нөөц боломжтой ч эцсийн бүтээгдэхүүнээрээ, үнэ цэн шингэсэн зүйлээрээ дэлхийд төдийлөн гарч чадахгүй байгаа нь эргээд байгаль орчин, цөлжилтөд сөргөөр нөлөөлж байна. Ноос, ноолуур, арьс шир зэрэг гол түүхий эддээ үнэ цэн шингээж чадахгүйгээс санхүүжилт дутагдаж, малчид байгаль орчноо хамгаалах боломжгүй болоод буй"
Экспорт Олон Улсын Худалдааны Төв (EITC) компанийн захирал Д.Оюунбилэг

Тэгвэл бид цөлжилт, бэлчээрийн доройтлын эсрэг хэрхэн тэмцэж, уламжлалт хөдөө аж ахуйн салбартаа хэрхэн үнэ цэн шингээх вэ?
Энэхүү асуултад хариулах, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Экспорт Олон Улсын Худалдааны Төв болон салбарын тэргүүлэгч бизнесүүд хамтран 8-р сарын 24-ний өдрийн 13:00 - 17:00 цагийн хооронд "Blue Zone"-ийн Met-21 танхимд "Let's talk" буюу бизнес, хөрөнгө оруулагчдын нетворкинг эвентийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээгээр малчид, эрдэмтэд, судлаачид, технологийн салбарынхан, боловсруулах үйлдвэр болон бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнийхэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ, худалдаа болон төр засгийн байгууллагууд хамтран олон улсын төлөөлөгчидтэй уулзаж дараах сэдвүүдээр хэлэлцэнэ:
- Монголын хөдөө аж ахуй, ноос ноолуур, арьс ширний салбарт нэмүү өртөг шингээх боломжууд,
- Байгальд ээлтэй ногоон бизнес, технологийн дэвшил,
- Олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ гарц гэх мэт
Цэнхэр бүсэд нэвтрэх эрхтэй зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид та бүхнийг хүрэлцэн ирж, Монголын ногоон ирээдүйд хамтран хөрөнгө оруулахыг урьж байна!
Эвентэд бүртгүүлэхийг хүсвэл доорх линкийг уншуулна уу.
Сэтгэгдэл бичих

