Юм чинь ирчихсэн юм уу? гэх “хошигнолыг” амьдралдаа эмэгтэй хүн дор хаяж нэг удаа сонсдог нь лавтай. Үнэхээр эмэгтэйчүүд даавартаа захирагдаж ааш авир нь янз янз болоод байдаг юм уу, эсвэл бид нийтээрээ дааврын тухай ташаа ойлголттой яваад байна уу?

Амьдралынхаа талаас илүү хувийг дааврын өөрчлөлт дунд өнгөрөөдгийн хувьд эмэгтэйчүүдэд энэ сэдэв маш чухал. Гэтэл сүүлийн үед эстроген даавар их байвал хөхний хорт хавдартай болно гэхээс авхуулаад дааврын тухай ташаа ойлголтууд зах замбараагүй их гарч ирж байгаа нь харамсалтай. Тиймээс эмэгтэйчүүд бид эрүүл мэндээ хамгаалахын тулд өөрсдийн биеийн онцлогийг ойлгож, энэ талаар үргэлж судалж байх нь чухал. Уг нийтлэлээрээ бидний хамгийн их сонсдог эмэгтэй хүн бүртэй хамаатай гурван дааврыг нэг бүрчлэн тайлбарлахаар бэлдлээ. 

Жич: Хүний биед 50 гаруй төрлийн даавар бий. Харин энэхүү нийтлэлд сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт гээд бидний амьдралын бүхий л үед нөлөөлдөг, хамгийн олон дурдагддаг гурван дааврыг сонгосон юм шүү. Мөн нарийн мэргэжлийн эмчээс заавал дааврын тухай тодруулж асуусны дараа шинжилгээ, эмчилгээ хийлгэх ёстой гэдгийг санаарай.

Эстроген даавар  

Зарим өдөр арьс яасан юм гэмээр чийглэг, гялалзсан байдаг даа? Үүний цаана эстроген даавар ажиллаж байдаг хэрэг. Эстроген нь эстрадиол (E2), эстриол (E3), эстрон (E1) гэх үндсэн гурван төрлөөр биед оршдог. Харин эстетрол (E4) даавар нь зөвхөн жирэмсэн үед ялгардаг аж. Энэ даавар нь голчлон өндгөвчинд үйлдвэрлэгддэг ч бөөрний дээд булчирхай, өөхний эд, тархинд ч мөн нийлэгждэг. Тэгэхээр эстроген нь зөвхөн нөхөн үржихүйн даавар биш байгаа биз? Эстрогений түвшин сарын тэмдгийн үед өсөж буурч, хэлбэлздэг бол жирэмсэн үед хамгийн дээд цэгтээ хүрч, цэвэршилтээс хойш аажмаар багасдаг аж.

Гол үйл ажиллагаа 

Зүрх: Эрэгтэйчүүд зүрх судасны өвчнөөр өвчлөх нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад их байдгийг анзаарсан уу? Энд ч мөн эстроген дааврын оролцоо чухал. Учир нь эстроген нь цусны судасны уян хатан байдлыг хадгалж, "муу" холестериныг хянаж, "сайн" холестериныг дэмждэг. Ялангуяа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд ижил насны эрчүүдтэй харьцуулахад зүрхний өвчлөл мэдэгдэхүйц бага байдаг нь үүнтэй холбоотой.

Яс: Нас явахын хэрээр хүний биеийн яс хоорондоо барьцалдан тогтох нь багасаж, сийрэгжиж эхэлдэг гэдгийг мэдэх байх. Үүний шалтгаан нь ясны бат бөх чанарыг хадгалдаг эсүүдийг энэ даавар дэмждэгтэй холбоотой. Харин цэвэршилтийн дараа эстроген буурч, ясны нягтрал огцом буурдаг.

Ингэхдээ ясны дотоод тулгуур болох трабекуляр яс хамгийн түрүүнд, хамгийн хурдан задардаг. Эмэгтэйчүүд амьдралынхаа туршид энэ ясны 50 хувийг алддаг бөгөөд үүний тал хувь нь цэвэршилтээс хойших ердөө эхний 10 жилд явагддаг гэнэ. Түүнчлэн цэвэршилтийн үед эмэгтэйчүүд ясны нягтралынхаа 20 хүртэл хувийг алдаж болох бөгөөд 60-аас дээш насны 10 эмэгтэйчүүдийн нэг нь ясны сийрэгжилттэй гэх судалгаа бий.

Эх сурвалж: Behance

Ташаа ойлголтуудыг тайлбарлах нь 

"Эстроген зөвхөн эмэгтэй хүнд байдаг даавар"

Эрэгтэй хүний биед эр бэлгийн даавар болох тестостероны зарим хэсгийг нь эстроген болгож хувиргадаг ароматаз гэх бодис бий. Учир нь эстроген дааваргүйгээр эрэгтэй хүний бие зарим чухал үйл ажиллагааг хэвийн явуулж чаддаггүй. Ясны нягтралыг бат бөх байлгах, тархины нейрон холбоосыг хамгаалах, серотонин дааврын үйлдвэрлэл гэх мэт. Хэрвээ уг фермент дутагдвал ясны сийрэгжилт үүсэх, бэлгийн дур хүсэл буурах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр нэг ёсондоо эрчүүд ч гэсэн эстроген дааврыг бага хэмжээгээр ялгаруулдаг гэсэн үг юм.

"Эстроген даавар хөхний хорт хавдар үүсгэдэг"

Хүний биед хорт хавдар үүсэхийн тулд эсийн ДНХ-д мутаци орж, тэр эс хяналтгүй хуваагдаж эхлэх ёстой. Харин эстроген даавар ямар нэг байдлаар ДНХ-д мутаци үүсгэдэггүй. Харин зарим хөхний хавдрын эс гадна талдаа эстрогений рецептортой (эстроген даавар очиж холбогдох хэсэг) байдаг. Эстроген тэр рецептортой холбогдвол хавдрын эсийн хуваагдлыг өдөөж болдог бөгөөд энэ нь эстроген хавдар үүсгэнэ гэсэн үг биш, харин хавдар аль хэдийн үүссэн байхад эстроген түүний өсөлтийг нь дэмжиж болно гэсэн үг юм.

Эх сурвалж: The New York Times

“Ихэнх эмэгтэйчүүдийн өвчний шалтгаан нь эстроген даавар ихэссэнтэй холбоотой байдаг”

Цэвэршилтийн шинж тэмдэг илэрч эхлэх үед эсвэл ядарч, сэтгэл санаагаар унаад ирэхээр хамгийн түрүүнд хүн интернэттэй найзална даа? Яагаад ингээд байна вэ гэж ойлгох гэж хичээнэ. Харин маш товч бөгөөд тодорхой хариултыг интернэт гаргаж өгөхдөө тэдгээр шинж тэмдгүүдийн гол шалтгаан бол эстроген даавар буурсан явдал юм хэмээн тайлбарлах нь бий. Гэтэл асуудал үүнээс илүү нарийн механизмтай.

Юун түрүүнд эстроген даавар умайн салст давхаргын эсийн өсөлтийг идэвхжүүлдэг. Сарын тэмдгийн мөчлөгийн эхний хагаст энэ даавар умайн дотоод бүрхүүлийг “зузаатгаж” жирэмслэлтэд бэлдэнэ.

Гэхдээ энэ зузаатгаж буй үйл явц тодорхой хяналт дор явагдах ёстой. Үүнийг нь прогестерон гэх даавар гүйцэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр хоёр даавар үргэлж бие биеэсээ харилцан хамааралтай ажиллана гэсэн үг.

Биед прогестерон хангалтгүй үед эстрогений хяналтаа алдаж, улмаар умайн салст давхарга хэвийн хэмжээнээс илүү зузаарч эхэлдэг бөгөөд үүнийг эндометриоз гэдэг. Үүнийг эмчлэхгүй удвал умайн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Харин үүний шалтгаан нь эстроген даавар муу ажиллаад байгаа учраас биш дааврын тэнцвэр алдагдсанаас үүсдэг хэрэг.

Сарын тэмдэг ирэхдээ хэт өвдөлттэй ирэх, умайн миом, эндометриоз, хэвлийн доод хэсгээр жин нэмэх зэрэг шинж тэмдгүүд нь эстрогений давамгайллын илрэл байж болно. Гэхдээ зөвхөн энэ шинж тэмдгээс эстроген дутаж байна гэж дүгнэж болохгүй. Прогестрон болон эстрогений харьцааг үнэлэх нь илүү чухал. Тэгэхээр дараагийн удаа дааврын шинжилгээ өгөхдөө даавруудын харьцааг нь мэргэжлийн эмчээр уншуулж, тайлбарлуулаарай.

Прогестрон даавар
 

Эх сурвалж: Pinterest

Дээр дурдсанчлан эстрогенийг хянаж өгдөг “тоормоз” бол прогестрон. Прогестерон нь овуляцийн дараа өндгөвчинд үүсдэг corpus luteum буюу шар бие гэх түр зуурын дотоод шүүрлийн эдэд үйлдвэрлэгддэг. Үр тогтоогүй буюу сарын тэмдгийн өмнөх долоо хоногт нойргүйдэх, шалтгаангүй уйлах, стресстэх гутрах зэрэг шинж тэмдгийг энэ даавартай холбож ойлгож болно. Учир нь өнөөх шар бие овуляцаас хойшхи 10-14 хоногт үр тогтох нь уу хэмээн тэвчээртэйгээр хүлээж байдаг аж. Үр тогтвол эхэс прогестроныг үйлдвэрлэх ажил үүргийг нь хүлээж авдаг учраас тэр. Харин үр тогтохгүй бол шар бие маань задарч алга болсноор прогестрон огцом буурна. Ингэж буурах үед тархинд шууд дохио нь очдог. Сонин байгаа биз? Өндгөвчинд явагдаж буй энэ процесс яаж яваад тархинд оччихдог байна гэмээр. Үүний шалтгаан нь прогестерон тосонд уусдаг молекул учраас цус-тархины барьерыг чөлөөтэй нэвтэрч тархины эсүүдтэй шууд “харилцаж” чаддаг ажээ.

Ингээд тархинд орсон прогестерон маань GABA-A гэх рецептортой холбогддог. GABA-A рецептор бол тархины нейронуудын хооронд хлорын ион дамжуулдаг суваг. Хлорын ион тархинд яагаад чухал билээ гэж үү? Тархины нейрон дохио дамжуулахын тулд идэвхжих буюу “асах” шаардлагатай. Харин хлорын ион сөрөг цэнэгтэй тул нейрон дотор их хэмжээгээр орж ирэхээр тухайн эсийн идэвхжил буурч, дохио илгээх чадвар нь саардаг гэсэн үг. Прогестерон өндөр байх үед энэ суваг байнга нээлттэй байдаг тул тархи тайван, амгалан байдалтай байдаг хэрэг л дээ. Гэтэл шар бие задарч прогестероны хэмжээ огцом унаад ирэхээр энэ сувгийн идэвх нь буурч, хлорын ион нейронд орох нь багасна. Үүний улмаас нейронууд илүү амархан идэвхжиж, тархи хэт сэргэлэн байдалд орж эхэлдэг.

Эх сурвалж: The New Scientist

Ташаа ойлголтуудыг тайлбарлах нь 

"Прогестерон зөвхөн жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд хамаатай"

Прогестерон зөвхөн үр тогтолтод нөлөөлөөд зогсохгүй тархины зохистой үйл ажиллагаанд ч чухал. Юуны өмнө прогестерон серотонины рецепторын мэдрэмтгий чанарыг нэмэгдүүлж байдгийг дурдах хэрэгтэй. Хаа нэгтээгээс серотонин бол биднийг тайвшруулдаг даавар гэж сонссоноос биш прогестеронтой харилцан хамааралтай болохыг нь тийм ч их сонсоогүй болов уу. Прогестерон буурахад серотонины рецепторуудын мэдрэмтгий чанар сулардаг. Серотонин хэвийн хэмжээнд байсан ч тархи ямар нэг юм буруу байгаа юм шиг мэдрэгдэхэд хүргэдэг гэсэн үг. Дуртай хоолоо идэж байгаа ч таашаал мэдрэгдэхгүй. Найзтайгаа уулзаж байгаа ч сэтгэл хөдлөхгүй, хоосон мэдрэмж төрөх, амжилтдаа баярлаж чадахгүй байх зэрэг мэдрэмж нь үүнтэй холбоотой.

“Прогестрон дутвал үр зулбах магадлал ихэснэ”

Прогестероны дутагдал нь үргүйдэлд нөлөөлж болох ч ихэнх тохиолдолд зөвхөн гол шалтгаан биш заримдаа өөр асуудлын үр дагавар байх нь бий.

Хэрэв прогестерон хангалтгүй хэмжээнд байвал хэд хэдэн асуудал нэгэн зэрэг үүсдэг. Нэгдүгээрт, умайн салст давхарга бүрэн бэлтгэгдэхгүй. Прогестерон нь умайн дотоод бүрхүүлийг үр тогтоход тохиромжтой орчин болгон бэлддэг. Хэрэв прогестерон хангалтгүй хэмжээнд байвал энэ орчин бүрэн бэлтгэгдэлгүй үр тогтсон ч умайн хананд бэхлэгдэхгүй байх магадлал нэмэгддэг.

Эх сурвалж: Pinterest

Тестостерон даавар 

Тестостерон гэхээр шууд төсөөлөгддөг дүр зураг бол булчинлаг, фитнессд явдаг эрчүүд байдаг шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүнд ч гэсэн энэ даавар бий. Эмэгтэйчүүдийн хувьд тестостероныг өндгөвч болон бөөрний дээд булчирхайдаа үйлдвэрлэдэг. Эмэгтэйн цусан дахь тестостероны хэмжээ эрчүүдийнхтэй харьцуулахад 15-20 дахин бага байдаг. Тэгэхээр тестостерон эрэгтэй хүний даавар, эстроген эмэгтэй хүний даавар гэж ойлгох нь өрөөсгөл байгаа биз?

Нэмж хэлэхэд тестостерон болон андроген дааврыг нэг гэж ойлгож болохгүй. Учир нь андроген бүлэг дотроо нийт таван төрөлтэй бөгөөд тестостерон нь үүний зөвхөн нэг төрөл нь.

Гол үйл ажиллагаа

Эрч хүч: Зарим өдөр өглөө сэрэхэд бие хөнгөн, өдөрт хийх зүйлс маань тийм ч хэцүү биш юм шиг санагддаг. Гэтэл зарим өдөр орноосоо босох хүртэл хэцүү хүнд юм шиг санагдах нь бий. Үүнд тестостерон даавар тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Тестостерон дутагдвал бэлгийн дур хүсэл буурах, байнга ядрах, эрч хүчгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Бэлгийн дур хүсэл: Эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг зөвхөн эстроген даавар зохицуулахгүй. Үүнтэй холбоотой нийт 36 судалгааг хамарсан 8,480 оролцогчтой мета-анализ дүгнэлтээр тестостероны эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл болон өөртөө итгэх итгэл статистикийн хувьд мэдэгдэхүйц нэмэгдсэн болохыг тогтоосон байдаг.

Булчин ба яс: Нийтлэлийн эхэнд дурдсанчлан эстроген бол бидний ясны нягтралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин тестостерон нь булчингийн эдийн нөхөн төлжилт, хадгалалтад оролцдог. Ингэхдээ булчингийн эдэд байдаг тестостероны рецептортой холбогдож, булчингийн уургийн нийлэгжилтийг өдөөдөг байна. Хэрэв дасгал хийсэн ч булчингийн масс нэмэгдэхгүй байвал тестостероны түвшин нөлөөлж байж болзошгүй юм.

Эх сурвалж: The New York Times

Ташаа ойлголтуудыг тайлбарлах нь 

“Эр даавар ихэсвэл эрүүгээр батга гардаг”

Юун түрүүнд тестостерон даавар дангаараа батга үүсгэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тестостерон нь биед 5-альфа редуктаз гэх ферментийн тусламжтайгаар DHT буюу дигидротестостерон болж хувирдаг. DHT нь тестостероноос хамаагүй хүчтэй андроген бөгөөд арьсны тосны булчирхайн рецептортой холбогдож тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг аж. Үр дүнд нь тос хэт их үйлдвэрлэгдээд арьсны нүх бөглөрч, Cutibacterium acnes бактери үржиж үрэвсэл үүсэж батга гардаг.

Тухайлбал, 1,609 оролцогч дээр хийсэн судалгаанаас харахад батгатай өсвөр насны охид, хөвгүүдэд батгагүй хүмүүстэй харьцуулахад DHT-ийн хэмжээ мэдэгдэхүйц өндөр байжээ. Мөн судалгаанаас харахад DHT нь зөвхөн тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна арьсны эсүүдэд үрэвслийн бодисуудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, DHT нь нэгдүгээрт тослогийн хэмжээг нэмэгдүүлж, хоёрдугаарт үрэвслийг нь өдөөх хоёр төрлийн замаар батгашилтыг нэмэгдүүлдэг аж.

Эх сурвалж: The New York Times

Тестостерон өндөр байсан ч 5-альфа редуктаз ферментийн идэвх нь бага байвал DHT бага үүсэж улмаар батга гарахгүй. Харин тестостерон хэвийн хэмжээнд байсан ч 5-альфа редуктаз хэт идэвхтэй байвал DHT ихээр үүсэж батга гарах магадлал нэмэгдэнэ. Хэрвээ батгатайгаа тэмцээд ямар ч амжилт олохгүй, дааврын шинжилгээ хийлгэхээр шийдсэн бол тестостероноос гадна DHT даавраа ч мөн шалгуулаарай.

Сонирхуулахад, хүний нүүрний T-zone буюу дух, хамар, эрүү орчим хэсэг нь биеийн бусад хэсгийнхтэй харьцуулахад андрогений рецептор илүү ихтэй байдаг. Тийм ч учраас яг тэр хэсгүүдэд батга илүүтэй гардаг аж.

Энэ удаа хүмүүсийн хамгийн их сонсдог гурван дааврыг дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлээ. Харин бамбайн булчирхайн даавар, стрессийн даавар кортизол гэх зэрэг мөн л янз бүрийн өвчлөлтэй холбоотой бусад дааврын тухай дараагийн нийтлэлдээ тайлбарлах болно.