Намар цаг иржээ. “Намар бол улирал бус урлаг” гэх үг бий. Үнэхээр л энэ улирлыг даган урлагийн хөшиг нээгдэн бидэнд үзэж харах олон үзвэр, тоглолтууд нээгддэг. Энэ намар ч мөн олон бүтээлүүд биднийг угтаж байна. Италийн нэрт хөгжмийн зохиолч, орчин үеийн итали дуурийн эцэг гэгддэг Ж.Вердигийн “Риголетто” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, В.Хюгон бүтээлээс сэдэвлэсэн “Инээмтгий хүн” визуал драм, Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн романаас сэдэвлэсэн “Амьдрахуй” жүжиг, Монгол Улсын Филармонийн үзвэрийн 52 дах жилийн нээлтийн тоглолт гээд бидний сонорыг мялааж, сэтгэл баясгах олон уран бүтээл ар араасаа эгнэжээ.
Манай улс театрын соёлыг нэвтрүүлсэн анхны нүүдэлчид. Тэртээ 19-р зуунд л “Саран хөхөө” бүтээлээс эхэлсэн манай ард түмний тайзны урлагийн соёл тийм ч саяхны, бага балчир биш. Гэхдээ Өрнийн театрын соёл манайд нэвтрээд зуу орчим жилийн л нүүрийг үзэх гэж буй. Тиймээс Өрнийн театраас улбаатай соёл одоо ч бидний дунд шинэхэн, мэдэхгүй зүйлс мэр сэр байгаа гэж хэлж болно. Иймээс энэ удаагийн нийтлэлдээ урлагт хайртай уншигч танд үзвэр, тэр дундаа театрын үзвэр үзэхдээ зайлшгүй анхаарах 10 соёл буюу “Etiquette”-ийг хүргэж байна. Урлаг мандан бадраг.


Энэ соёл нэлээд саяхан дэлгэрсэн буюу өнгөрсөн зууны эхэнд л төрсөн гэж хэлж болно. Австрийн нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Г. Малер Венийн Филармонийн удирдаач, найруулагчаар ажиллаж эхэлснээр л энэ соёл төрсөн гэнэ. Өмнө нь буюу сонгодог урлаг ид эрчээ авч байсан 16-19-р зууны үед концерт, симфони, тэр байтугай жүжгийн дундуур ч хүмүүс хоорондоо буу халж л суудаг байсан аж.
Алдарт У.Шекспирийн үед бол энэ үзэгдэл бүр ч гаарсан байсан гэдэг. Харин муухай ааштайгаараа зартай хөгжмийн зохиолч Г.Малер тоглолтын дундуур яриа хөөрөөгөө үргэлжлүүлэн суух үзэгчид рүү ширүүн харц шидсээр энэ соёлыг тогтоосон ч гэх хошин яриа байдаг. Үнэхээр л уламжлалт театрын дуу авиа дамжуулах систем нь цэвэр акустик буюу цуурайнд тулгуурласан байдаг тул театрт хоорондоо яриа үүсгэх нь тун зохимжгүй үйлдэл билээ.


Өдрийн ихэнх хугацаагаа хамтдаа өнгөрөөдөг сайн найз болох ухаалаг утаснаасаа нэгхэн үдэш хагацаарай. Учир нь театрын хамгийн чухал, амин сүнс нь уур амьсгал буюу атмосфер. Энгийнээр хэлбэл, тайзан дээр буй уран бүтээлч, үзэгч та хоёрыг холбож, тэс өөр ертөнцөд хөтөлж буй тэрхүү үл үзэгдэх урлагийн гайхамшиг нь. Түүнийг үзэгчдийн дотор бүтээх нь кино театрт кино үзэх шиг амархан, энгийн зүйл бус тул ганцхан сонордуулга (notification) л бүхнийг сүйрүүлж дөнгөнө.
Ташрамд хөгтэй басхүү сургамжтай түүх сонирхуулахад, суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховен нэгэн удаа төгөлдөр хуур тоглохоор тайзан дээр гарсан хойно үзэгчид чимээгүй болж өгөлгүй нэлээд уджээ. Тэсвэр нь алдагдсан хөгжмийн зохиолч маань “Би ийм гахай шиг хүмүүст хөгжим тоглох ёсгүй” гэж хэлээд гарч одсон гэдэг.


Таны утас зураг дарахдаа гэрэл асаадаг ч бай, үгүй ч бай, чимээ гаргадаг ч бай, үгүй ч бай зураг дарах нь тун бүдүүлэг үйлдэл. Энэ нь оюуны өмчид халдаж буй үйлдэл мөнөөр зогсохгүй, уран бүтээлч нарыг сатааруулах эрсдэлтэй. Дээр дурдсанчлан, театрын амин сүнс нь үзэгч, уран бүтээлч хоёр нэгэн цаг хугацаанд, нэг газарт, нэгэн зэрэг оюун санаа, дотоодоороо холбогдож буй тэрхүү “атмосфер” тул та суудалдаа тухлан сууж агшин бүрийг л таашаан мэдрэх учиртай. Үзвэрийн өмнө болон дараа нь цахим хаягтаа стори хийх боломж гарах бол харин тэрхүү “атмосфер” дахиж ирэхгүй.


Театр бол рок, поп хөгжмийн наадам биш билээ. Тиймээс хамгийн энгийн асуудал бол танд гаднаас авч орсон хоол, ундаа тухтай идэх орчин олдохгүй.
Цаашлаад элдэв зүйлс идэх нь өөрийн болон бусдын “гоёмсог” хувцсыг ч баллаж мэдэх тул аль болох хоол, идэх зүйл театрт авч очихгүй байхыг эрхэмлээрэй. Ихэнх тохиолдолд үзэгдэл хоорондын завсарлагаагаар театрын зүгээс хөнгөн амттан, “snack” санал болгодог тул тэдгээрээс авахыг санал болгож байна.

Сонгодог урлаг бол нийгмийн давхаргын ялгарал дээр тулгуурлаж хөгжсөн урлаг. “Classic” гэх үгийн язгуур нь “class” буюу анги давхаргыг илтгэх утгатай. Эртний Грект анх театр үүссэнээс хойш сонгодог утгаа олох үестээ язгууртан, ихэс дээдсийн урлаг болон хувирсан байдаг. Үүнээс дээрх соёл үүджээ. Өдгөө театр нь хүн бүхний таашаах урлаг болсон ч язгууртан мэт хувцаслах соёл нь хадгалагдан үлдсэн билээ. Зарим театрт энэ нь бүр хатуу дүрэм болж тогтсон байдаг тул пүүз, кет, годон гутал өмссөн бол театрт оруулахгүй ч байж мэднэ. Иймд театрыг зорихдоо энэ соёлыг ч мөн анхаарууштай.


Энэ нь мөн л дээр дурдсан театрын амин сүнсийг хадгалах зорилготой. Түүнээс гадна алга таших нь бидэнд “дууссан, өндөрлөсөн” гэх мэдрэмжийг үүсгэдэг тул энэхүү соёл түгжээ. Уран бүтээлчид маань дүрдээ хувилчихсан, үзэгчид ч урлагийн ертөнцөд нэвтэрчихсэн байх “торгон мөч”-өө алга ташилтаар үргээчихвэл харамсалтай. Бид сайхан ном уншиж байх үедээ тэг дунд нь эсвэл оргил үед нь хүрээд номоо хаагаад үнсээд, тэврээд унадаггүйтэй адил аль болох бүхий л мэдрэгдэж буй мэдрэмжээ амьд хадгалсаар дуусгавал урлаг танд “жинхэнэ амт”-аа мэдрүүлэх болно.


Дуурь, балет үзээд “уйдсан, унтсан”, бүр заримдаа цугтаа үзсэн найз нь “Таалагдав уу? Дараа дахиж үзэх үү?” гэж асуухад “Ярья, найз аа” хэмээдэг хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол тухайн бүтээлийнхээ цомнол зохиол (кино зохиол хэмээн дүйцүүлж болно)-ыг уншдаггүй явдал юм. Кино урлагаас ялгаатай нь дуурь, балетын урлаг нь заавал өмнө нь эх зохиолоо уншчихсан байхыг үзэгчээсээ шаарддаг.
Өөрөөр хэлбэл, та тухайн бүтээлийг үзэхээсээ өмнө нь ямар үйл явдал өрнөх талаар мэдчихсэн ирэх учиртай. “Ханхүү Зигфрид ойд явж байгаад хун болж хувирдаг үзэсгэлэнт бүсгүйтэй учирчээ” гээд уншаагүй л бол та “Хунт нуур”-ыг ойлгоход бэрх. Учир нь театрын бүтээлийн гол учиг нь үйл явдал, өгүүлж буй түүхэндээ бус хөгжим, хоолой, бүжиг, жүжиглэлтдээ байдаг. “Ламбугайн нулимс” дуурийг үзэх бол урьдаар их зохиолч Д.Нацагдоржийн өгүүллэгийг, мөн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн цомнол зохиолыг уншсан байх шаардлагатай. Гэвч харамсалтай нь манай үндэсний дуурийн цомнол зохиолууд нийтэд хүртээмжгүй байдаг билээ.
Хамгийн алдартай дуурь, балетын цомнол зохиолыг унших холбоосыг орууллаа:

Сонирхуулахад, театрын бүтээлийн цомнол зохиолыг италиар “Libretto” хэмээдэг бөгөөд дэлхий нийтээр хэрэглэдэг албан ёсны нэршил тул уншихыг хүссэн дуурь, балетынхаа нэрийн араас энэхүү үгийг бичиж хайснаар дурын цомнол зохиолоо олох боломжтой.

Дуурь, балет, жүжгийн ерөнхий бүтцийг мэдэх нь та үзэх гэж буй бүтээлээсээ юу хүлээх хэрэгтэйгээ мэдэхэд тусална. Жишээлбэл, ихэнх жүжиг, дуурь, балет 3-5 үзэгдэлтэй. Тухай бүрд нь завсарлагатай гэсэн үг. Мөн урьдчилан цомнол зохиолоо уншсан байх нь бүр ч илүү өргөн хүрээний ойлголтыг танд өгнө.
Дуурь, балетыг судлахад бас театрын дотоод бүтцийг судлах багтана. Аль суудал нь хамгийн сайн хараацтай, аль нь зөвхөн хөгжим сонсоход л зориулалттай вэ гэдгийг та мэдсэн байх нь өөрт таалагдах суудлаа сонгоход юу юунаас илүү хэрэг болно.

Товчхон танилцуулахад, “Партер” хэсэг бол тайзтай хамгийн ойрхон, хамгийн сайн хараацтай, дуугаралттай, тиймдээ ч хамгийн үнэтэй суудал юм. “Ложа” нь түүний араас дагах үнэтэй суудал бол “Бельэтаж” нь хамгийн тааруу үзэгдэцтэй, хямд суудал. Бельэтажийн захын суудлуудад тайз бараг л харагдахгүй буюу 20 хувийн л хараацтай.
Театрын суудлын үнэ харилцан адилгүй байдаг нь тайзны бүтээл нь кино урлаг шиг олон театраар нэгэн зэрэг толиулагдах боломжгүй. Мөн удаан хугацаагаар тасралтгүй тоглогдоод байх ч нөхцөл байхгүй. Тиймээс бүтээлийн зардлаа нөхөхийн тулд болон театрын үндсэн байгууламж нь ийн тогтохоос өөр аргагүй байдаг тул суудал бүр өөр өөр үнэтэй байдаг.

Ямар ч тоглолт, кино, үзвэрээс хоцрох шиг “эвгүй” нөхцөл байдал байдаггүйг та мэднэ биз ээ. Иймд цагаа баримтлан, 10-20 минутын өмнө ирэх нь зохистой.

Та дуурь, балет, жүжгийн дундуур уйдахгүйн тулд дээрх бүх дүрмийг эхнээс нь дахиад уншаарай. Эдгээр дүрэм, соёлыг мөрдсөн л бол танд театрт уйдах боломж гарахгүйн зэрэгцээ урлагийн гайхалтай ертөнцөөр аялах нь лавтай.
Ингээд уншигч таны урлагийн далайгаар аялах намрын улирлын аянд амжилт хүсье. Урлаг улам дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл бичих (4)


З Зочин 103.212.117.26
Сонгодог урлаг үзэх соёл даанч дутагдалтай үзвэрт биш утсаараа дахин дахин бичлэг хийж буй хүмүүс үнэрээр бүдүүлэг ,соёлгүй бусдыг хүндлэхгүй ,бусдад саад болж буйгаа ч ойлгодоггүй
S Su 103.212.119.175
Тэгээд тэр гоё дуурь ,бүжгийн жүжгийн зохиолыг уншиж танилцах хувьгүй юм бна.манайд орчуулагдаж гардаггүй маш харамсалтай.
Б Байгал 66.181.183.152
Театрын соёлыг заавал мэдэж байхад илүүдэхгүй. Хааяа ч болов очих л бно.Массын үзмэрээс арай өөр тул.
J Just a citizen in UB 202.131.247.2
Соёлыг түгээж нийтлэл бичсэнд маш их талархаж байна. Энэ нийтлэлтэй төстэй байдлаар наад захын хотын соёлыг бас нийтэлвэл... (замын баруун талаа барьж алхах, цэр нусаа хаяхгүй байх г.м)